sonin.mn

Тод манлай уяач С.Ганхуяг АНУ-аас «Quarter» үүлдрийн 29 адуу оруулж иржээ. Тэрбээр сүүлийн хэдэн жил «Макс» группийн захирал Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарын Америк дахь морьдыг уяж сойн, ирэн очин байсан юм.

Энэхүү хурдан тууртнууд агаараар тээвэрлэгдэж, дөрөв хоногийн өмнө Улаанбаатар хотод буусан ч өнөө хэр нь эздийнхээ гар дээр очиж амжаагүй байгаа гэнэ. Учир нь, манай мэргэжлийн хяналтынхан АНУ-аас ирсэн шинжилгээний бичигт найдалгүй өөрсдөө шинжилж үзэхээр шийджээ. Эдгээр хурдан хүлэг одоо Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, «Уулс трейд» компанийн захирал Д.Галбадрах нарын Өлзийт хороололд байх жүчээнд байгаа аж.

Цаг агаарын байдлаас болоод ОХУ-д түр буудаллаж, Монголд ирсэн хойноо мөн л хүлээлтийн байдалтай байгаа эдгээр хурдан ажнайг манай нэр бүхий бизнесмэнүүд нэг бүрийг нь 40-50 сая төгрөгөөр захиалан авч ирүүлжээ. Дэлхийд зартай үүлдрээс гаралтай, өндөр үнэтэй эдгээр хүлгийн хурд, хүчийг энэ жилийн наадмаар үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд уяа сойлгыг нь эртнээс тохируулахаар төлөвлөжээ. Гэвч эрүүл мэндийн үзлэгээс болж ийнхүү хоног алдаж байгаад тод манлай уяач ихэд бухимдаж байгаа сурагтай.

Дашрамд сонирхуулахад, «Quarter» үүлдрийн адуу харьцангуй бие жижигтэй ч тэсвэр хатуужилтай, цагт 80 км/цаг хүртэл хурдалдаг аж.

Эх сурвалж: " Өглөөний сонин"