sonin.mn

Аймгийн морин спорт уяачдын холбооноос “Эрдэнэ мандал хайрханы хурд - 2012” хаврын морин уралдааныг дуурсахын цэнхэр хөндийд зохион явуулав. Хаа сайгүй нялх ногооны үнэр хамар цоргиж эрдэнэт мал сүрэг ногоотой залгасан энэ үеийн уралдаанд газар газрын олон сайхан шилэгдмэл хурдан хүлгүүд тоосоо өргөсөн юм. Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн уяачдын сойсон өхөөрдөм хөөрхөн даага, шүдпэн, хязаалан насны 200 гаруй шандаст хурдан хүлгүүд энэхүү уралдаанд оролцож торгон жолоо өргүүлэн уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныхоо баярын магнайг тэнийлгэснээс хязаалан насны уралдаанд Галуут сумын Сүмбэрийн багийн малчин, сумын шилдэг уяач Б.Отгондалайн уяж хурдлуулсан тус сумын уугуул Улаанбаатар хотын Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга П.Нүрзэдийн “хондон” түрүүлж, ХХААЖДҮГ-ын дарга Э.Ганзоригийн “буурал” аман хүзүүлж, Баян-Овоо сумын уяач Шаравсамбуугийн “бор" гурвалж, Баянцагааны Энхбаатарын “толин хүрэн” удаалж, Баацагаан сумын уяач Мөнх-Эрдэнийн сартай хонгор айргийн тавд хурдалсан байна.



Шүдлэн насны морьдын уралдаанд Баацагааны Наянтайн “шуурхай халтар” түрүүлж, мөн сумын уяач, аймгийн алдарт уяач Саранбаатарын “хонгор” аман хүзүүнд хурдалж, мөн түүний “сүмбэн хээр” гурвалж, Богд сумын Маагийн хээр дөрвөөр давхиж, Баянбулаг сумын уугуул Ж.Мөнхсоёмбын бор айрагдсан бол дааган насны уралдаанд Баацагааны Энхтөрийн “дэгдээхэй хээр” түрүүлж, Баян-Овоогийн Цэдэвсүрэнгийн “бор” аман хүзүүлж, Баацагааны Батжаргалын “зээрд”, мөн сумын Энхтөрийн “нуман хонгор” удаалж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, улсын алдарт уяач Д.Отгоннасангийн “хонгор” айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулжээ.

Энэ удаагийн наадамд аймгийн наадмын хэмжээний олон тооны морьд уралдсан нь онцлог байв. Мөн Баянхонгор аймгийн 14 сум, Улаанбаатар, Төв аймгийн Сэргэлэн, Өвөрхангай аймгийн найман сум, Сэлэнгэ аймгийн уяачид өргөн дэлгэр оролцсон хэдий ч алс холосс ирсэн уяачид машинаар байлна гэж уяачдыг хошгоруулсан  зохисгүй үйлдэл боллоо хэмээн гомдоллож байсан юм.
 

Эх сурвалж: "Нийгмийн толь"

П.Санаадагва (Баян хонгор)