sonin.mn

Их зохиолч Д.Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” гэж шүлэглэсэн байдаг. Бид саяхан гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа. Монголчууд олуулаа болж байна. Олуулаа болно гэдэг хүчтэй болно гэсэн үг. Тийм болохоор баярлахаас яахав. Баярлаад бэлэг өгөх нь ч зүйтэй. Ганцханыг биш бүгдийг нь баярлуулсан ч болно. Гэхдээ хэдий олуулаа болсон ч тархай бутархай сэтгэхүй байгаа нь харамсалтай.

Учир нь аймаг, дүүрэг бүр довныхоо гурван сая дахь иргэнд шагнал өгөх эрх авчихлаа. Бүгдээрээ л дор бүрнээ 70 сая төгрөг өгөх аж. Ерөнхийлөгчийг дууриагаад аймгийн засгууд хүүхдэд нэр өгөх гэх байх даа. Энэ нь л онцгүй байна.

Эсээний төрлийг бий болгосон их сэтгэгч Монтень нэгэн бүтээлдээ “Манай хязгаар нутгийн вангууд орон газартаа хаан шиг л мэдэлтэй байдаг. Тэд бараг энэ насандаа дээрээ эзэнтэй гэдгээ хэдхэн удаа мэдэрдэг" гэж бичиж үлдээсэн нь бий. Түүн лугаа манай аймаг, дүүргүүд бараг л салан тусгаарлах бодлого явуулах нь уу даа гэж бодмоор үйлдэл хийх боллоо.

Наадам хийсэн ч бүгдээрээ л есөн хөлт цагаан туг цэнгүүлнэ. Бүгд л автомашинаар байлна. Аймаг тэр байтугай сумын төврүү ороход ч хүндэтгэлийн хаалга тосч байх. Дүүрэг, аймаг, сумууд байгуулагдсан ойгоо нижгэр тэмдэглэж телевиз аваачиж улс даяар цацдаг болсон. Налайх, Багануур хот болно гээд л хөөрцөглөөд эхэллээ. Энгийн иргэд нь тийм ч их баярлаад байгаа юм алга.

Харин хотын дарга болох гэсэн хэдэн хурган дарга нар бол амаа цууртал ярьж байна. Ер нь тэгээд хотын статусгүй байсан ч Багануур орох замд байдаг хүндэтгэлийн багана дээр 1992 оноос хойш “Багануур хот” гэсэн том бичиг байсаар ирсэн шүү дээ. Энэ бол хотын дарга болж харагдах гэсэн хэдэн хүний хийсэн ажил юм. За тэгээд казахууд яахав гэхэд Увс аймгийнхан гэхэд өөр улсынхан шиг л тусдаа юм яриад байдаг даа. Увс хүн хөтөлбөр ч билүү дээ.

Ер нь тэгээд тархай бутархай овог аймгууд шиг л сэтгэхүй гаргах юм. Их эзэн хаан билиг сургаалдаа “Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул” гэсэн байдаг юм шүү.

Ж.Баяр
Эх сурвалж: "Нийслэл таймс"