“Хүүхэд бол цагаан цаас. Түүн дээр юуг ч бичиж болно” гэсэн үг байдаг. Тийм болохоор л хүүхдийн дэргэд үйлээ анхаарах хэрэгтэй байгаа юм. Өчигдөр нэг жаахан халамцуу нөхөр хоёр гартаа балчир хүүхэд хөтөлчихөөд гарцгүй газраар автозам хөндлөн гарч байна. Хөөрхий хүүхдүүд гараас нь байдгаараа атгачихаад тав тув хийгээстэй. 
 
Манай нутагт нэг балчирыг “пида” гэж хэлд орсон гээд л өхөөрдөцгөөж байсан нь санаанд орж байна. Ойр орчмынх нь хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг үгээр л хорвоог өөртөө нээж байгаа юм шүү дээ. Ийм үйлдэл зөндөө. Гэхдээ хүнд зөвхөн гэр бүлийн орчин байдаггүй. Тиймээс нийгмээрээ, нийтээрээ зөв үйл хийж байвал хүүхдүүд аяндаа төлөвшинө.
 
Үүний тулд хаа нэг газраас хүүхэд харж байж магадгүй тул гарцаар, гэрлээр нь гарч байя. Мөн хогоо ил хаялгүй авч яваад хогийн сав руу хийчихэж байвал хүүхдүүд дууриана даа. Бидэнд телевизүүдийн хүчээр үзүүлдэг Солонгос кинонуудад бас авах юм бий. Адаглаад шүдээ угаахдаа стаканд усаа тосдог. Хүүхдүүдээ байнга халамжилдаг зэрэг хэсгүүд ихтэй болохоор нь зөвтгөж боддог.
 
Бидний хүрэхийг тэгтлээ хүсдэг хөгжсөн орнуудын илүү нь яг юу юм бэ. Адилхан л гар утас барьж, ижилхэн машин унаж, шилэн байшингуудад ажлаа хийж байна. Харин тэд энгийн, амгалан амьдрах орчноо соёлоороо бүрдүүлсэн. 
 
Яг нэг үеийн хүүхдүүдээ тийм зам руу явуулчихад л хэдэн жилийн хойно амар тайван, соёлтой орчин бүрдэх биш үү. Попын хаан гэгддэг Майкл Жексон хүүхдүүдийнхээ дэргэд согтууруулах ундаа хэрэглэх болбол ундааны саванд хийлгэдэг байсан юм гэнэ билээ. Бас л их ухаан юм шүү.
 
Ж.Энх
Эх сурвалж: