“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.
Жанрайсигийн номын аймгийг номлосон ёс
-Энэтхэгийн газар нутагт орших Янбаажингийн орон (Вайшили), Магадын орны Тас цогцолсон уул тэргүүтэнд үйлийн дандарын гурван язгуурын лянхуан дандарт багтах Их нигүүлсэхүйн дандаруудыг номложээ.
Боталын ууланд их нигүүлсэхүй Донёд шагбагийн дандар, Энэтхэгийн очирт сууринд Их нигүүлсэхүй Сэнгэда Жанрайсигийн бага тогтоол, Боталын ууланд их тогтоолыг номложээ.
Бурхан багшийн айлдсан Хутагт Жанрайсигийн номын аймгаас ихэнхийг нь Төвөд хэлээр орчуулаагүй. Ийнхүү бидний багш ялгуугсан Шагжаа хаан бээр их бага хөлгөний номын хүрдийг эргүүлж тоолшгүй тэнгэр хүмүүнийг боловсруулан, гэтэлгэн зохиогоод нирваан дүрийг үзүүлэхийн өмнөхөн их хөлгөний шашнаа хутагт Манзушри, Майдар, Жанрайсиг тэргүүтэй найман бодисадва шавьдаа даатгаад, тэргүүнээ хойд зүгт хандуулан нирваанд орсон нь хожим их хөлгөний шашин тэдгээр бодисадвын хувилгаадаар дамжин Төвөд, Монгол, Хятад, Солонгос, Япон тэргүүтэй Азийн орнуудад дэлгэрэхийн дохио, лүндэн бошго болсон ажээ. Бурхан багш нирваан дүрийг үзүүлсний дараа Хутагт Энэтхэгийн оронд Итгэлт Нагаржунай, Ловон Зандрагоми, Гэлэнмаа Балмо, Ловон Гунгаанямбуу, Ловон Санжайсанва, Ловон Шагжашинэн нар хутагт Жанрайсигийн номын аймгийг дэлгэрүүлэн зохиосон бөгөөд Хутагт Нагаржунай бээр мянган мутарт, мянган мэлмийт Жанрайсигийн бүтээлийн аргыг зохиожээ. Ловон Зандрагоми Хутагт Жанрайсигийг бүтээн илтэд уулзаж, Жанрайсигийн номын аймгийг олонтоо зохиосон. Гэлэнмаа Балму нь хутагт Жанрайсигийг бодитой бүтээсэн бөгөөд түүний дамжлага Энэтхэг, Төвөд, Монголд машид их дэлгэрсэн билээ.
“Гэрэл бүхнээс үлэмж цог давхарласан хаан хэмээх алдартай бурханы хутгийг олсон түүх”
-Жанрайсиг хэмээх нь “Мэлмийгээр дурайн болгоогч” гэсэн утгатай үг бөгөөд амьтан бүгдийг асрал энэрэлийн болгоолтоор байнга тольдон болгоож ивээж байдаг, түргэн аврагч Аръяабал бурханы алдар юм. Бурхан бүгдийн энэрэн нигүүлсэхүйн их гуу сан болсон Жанрайсиг бодьсадвагийн авралд багтан, орчлонгийн зовлонгоос гэтлэх нь үтэр түргэн хэмээн бурханы шашинт олон оронд Хутагт Аръяабалыг (Жанрайсиг) тахих шүтэх зан үйл өргөн дэлгэрсэн байдаг.
Хутагт Жанрайсиг нь тоолшгүй олон галавын өмнө Барихуй хэмээх галавт Дажонгийн оронд эцэг Яруу дуу хэнгэрэгийн дууны хаан, эх Хиргүй хэмээх хоёрын хөвгүүн Ертөнцийн эрх баялаг хэмээхийн төрлийг таалах үед бурхан Гэрлийг зохиогч бэлгэ билгүүний охийн өмнө анх бодийн сэтгэлийг үүсгэсэн юм.
Мөн бурхан Эрдэнийн зүрхийн өмнө бодийн сэтгэлийг үүсгэх үед Бурхан тэрээр Мэлмийгээр болгоогч ертөнцийн эрх баялагт хэмээгч (Пагба Жанрайсиг ванчүг) нэр хайрлаж ирээдүйд Бүхнээс үлэмж гэрэлт цог давхарласан хаан хэмээх бурхан болно хэмээн бошго үзүүлсэн. Бас бус олон бурханы мэлмийн өмнө амьтан бүгдийг орчлонгоос гэтэлгэн бурханы хутгийг олох хүртэл өөрөө бурханы хутгийг ололгүйгээр орчлонд амьтны тусыг үйлдэе хэмээн тангараглаж, энэ тангарагаа орхивоос миний тэргүүн мянган хэсэг хагарах болтугай хэмээн ам аваад олон галавын турш орчлонгийн амьтдыг боловсруулан гэтэлгэсэн боловч амьтан нугуудын тоо огт үл дундарч, сэтгэл нь улам догшин болсонд таалал нь уйсаж тангарагаа орхиё хэмээн таалсан даруйд тэргүүн нь мянган хэсэг болон хагарчээ. Тэр үед Итгэлт цаглашгүй гэрэлт Авид бурхан заларч мянган хэсэг хагарсан тэргүүнийг арван нэгэн тэргүүнт, мянган мутарт, мянган мэлмийт болгон адислаад тангарагаасаа няцалгүй амьтны тусыг урьдхаасаа ч агуу ихээр үйлдэгтүн хэмээн дурдатган сануулжээ. Улмаар хоёр чуулганыг огоот төгсөж, эдүгээсээ 99 галавын өмнө Гэрэл бүхнээс үлэмж цог давхарласан хаан хэмээх алдартай бурханы хутгийг олсон түүхтэй.
Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүхэн тойм
-Монгол оронд Бурханы шашин 2000 жилийн өмнөөс дэлгэрэн хөгжиж ирсэн түүхтэй. Нэн эртний үед Энэтхэгийн Бандида нар ном номлон бурханы сургаалийг түгээн дэлгэрүүлж байв. Монголын нэрт эрдэмтэн Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн Зава Дамдин гавж “Монголчууд Хүннү гүрний үеэс эхлэн бурханы шашинтай учирсан” хэмээн шашны түүхийн зохиолдоо бичиж тэмдэглэсэн байдаг. Сяньби улсын үед ч бурханы шашин дэлгэрч, сүм хийд байгуулсан тухай мэдээ бий.
Сяньби улсын дараа түүхийн тавцанаа алдаршсан өвөг монгол угсаатан нь Тоба улс юм. Тоба улсад буддын шашин төрийн шашин болсон байжээ. Тоба Гүй хаан өөрийн улсад бурханы шашныг дэлгэрүүлэн суварга босгуулах зарлиг буулгаж байжээ.
Тэрбээр буддын шашны захиргаа байгуулж тэргүүнээр нь их алдартай нэгэн ламыг томилсон байна. Тоба нар Хятадын Вэй улсыг эзэлсэнээр газар нутаг нь тэлж бурханы шашинд Согд, Тахар, Хатан, Күшаны буюу Энэтхэгийн буддын шашны нөлөө аажмаар өсөн нэмэгдэж байв. Тоба Хуан хааны үед Энэтхэгээс нэгэн их алдартай лам Пинчэн хотод хүрэлцэн ирж, түүнд бараалхаж тусгайлан уулзаж байжээ. Сюаньди хааны (499-515) үед Согд зэрэг Баруун хязгаарын орнуудаас бурханы ном залахаар Тоба Вэй улсаас хоёр ч лам замд гарсан байв хэмээн тэмдэглэсэнээс үзэхэд Монголчууд бурханы шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч байсныг харуулж байна. Тоба Вэй улсын үед сийлбэрлэн бүтээсэн, цутгасан, зурсан буддын шашны бурхадын хөрөг дүрийн зарим нь Хятад маягтай боловч дийлэнх ихэнх нь Энэтхэг, Күшан, Хатан, Тахар, Согд зүгийн орнуудад өргөн дэлгэрсэн эртний Энэтхэг орны загвар хийц зонхилж байжээ. Тоба Вэй улсын үед үйлдсэн Майдар бурханы шармал хүрэл хөрөг Гандхарын хийцтэй тун төстэй байдаг байна. Алдарт Дуньхуань уулын олон тооны том жижиг бурхад ч Тоба Вэй улсын үед хамаардаг.Жужан улсын (IV-V зуун) үед ч Бурханы шашинтай байсан. Сурвалжийн мэдээгээр, Жужаны хаан буддын шашны судар, их бага ухааныг тайлж эзэмшсэн Дармаприяаг төрийн багшаар өргөмжлөн, 3000 өрх соёрхон олгож байжээ. Жужан нарын үед бурханы шашин дэлгэрч байх үед өрнө, дорно зүг зорчих эрдэмтэн лам нар Жужаны нутгаар дайран өнгөрөхдөө ном судар түгээдэг байжээ. Тухайлбал, Өмнөд Ци улсын лам Фа Сянь (337-422) Жужаны нутгийг дамжин Хатан хүрээд буцахдаа өөрийн аялсан баруун зүгийн Уми орноос тэрбээр Бурхан багшийн нэг шүд, шарилын зүйл, ном судар, алтаар давтан хийсэн бурханы хөрөг зэргийг олж авчээ.
511 оны үед Жужаны хаан Хун сюнь хэмээгч ламыг Тоба улсад томилон илгээж, сувдаар хэлхэн бүтээсэн бурханы хөргийг өргөн барьжээ. Энэтхэгийн Удьяана улсын алдарт лам Нарандраяшас (459-589) таван нөхдийн хамт Жужан улсад 550 оны орчим ирж байжээ.
Түрэгийн хаант улсын үед 572 онд Тоба хаан бурханы шашны сүм хийд бариулж, Хятадаас шашны ном судар авчран хурал мөргөлийн ёслол үйлддэг байжээ. Гандхарын лам Жинагупта Хятадаас Энэтхэг орох замдаа Түрэг улсад очиход нь Тоба хаан ихэд хүндэтгэн хүлээж авчээ. Жинагупта лам Ци улсын 11 нөхөдтэй хамт Түрэг улсад хэсэг зуур байж судар ном орчуулж байжээ. 746 онд Уйгар язгуурын Багучир Монгол оронд Ли орноос Согтаг хэмээгч Дээд Монгол эрдэмтэн багш нарыг залж Уйгар, Монголчуудад бурханы ном уншиж судлах, өөрийн хэлэнд орчуулах, шүтээн босгож дуган сүм барих, эргэл мөргөл, тахилын ажил үйлдэж, сахил санваар хүртээлгэж шашныг үлэмжхэн дэлгэрүүлж байжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Эрдэнэ зуу хийдийг Уйгар язгуурын хаан Багучир үүсгэн байгуулж, мөн түүний хатан нь Булган аймгийн Хутаг-өндөр сумын нутагт орших Бий- булагын зууг үүтгэн байгуулжээ. VII зууны үед Энэтхэг орсон хятадын эрдэмтэн Тансан лам Монголын их говийг туулж гарах замдаа тэр цагийн Монгол аймгуудын нутагт буддын шашны сүм олны үзэж, олон мянган лам нар хурал хурахыг сонсож Энэтхэг хэл суралцаж Энэтхэгээр ном уншиж байхыг харав гэж замын тэмдэглэлдээ бичсэн байдаг. Мөн VI-VII зууны үед Энэтхэгийн эрдэмтэн бандида Нарендараяша Магад балгасны сургуулийн багш Барагавара мидара нар Монголд ирж байсан мэдээ бий. Энэтхэгийн соёл гол төлөв буддын шашнаар дамжин дэлгэрч байжээ. Энэ бүхнээс үзэхэд бидний өвөг дээдэс нэн эртний үед Хутагт Жагарын орны номын мэргэд, Согд, Уйгарын бандида нараас бурханы ном сонсон судлаж байсан байна. 2014 онд Булган аймгийн Баяннуур сумын нутгаас шинээр олдсон Уйгарын язгуурын булшнаас Бурхан багшийн шавар хөрөг дүр олдсон нь бурханы шашин дэлгэрч байсны баталгаа болж байна. Кидан гүрний үед (IX-XI) байгуулсан бурханы шашны сүм хийдийн дурсгалаас өнөөг хүртэл үлдсэн суварга Дорнод аймгийн Цагаан-овоо сумын нутагт байна. XIII зууны үеэс эхлэн Монголын хаад Цаст Төвөдийн мэргэдийг залан Хааны багш, Улсын багш хэмээх албанд тохоон томилж ард олныг бурханы зарлиг сургаалиар тэтгэн боловсруулж байв.
Эзэн Богд Чингис хааны үед шашин, сүм хийдийг татвараас чөлөөлсөн зарлиг шийдвэр гаргаж, Өгөөдэй хааны Монголын эзэнт нийслэлд Бурханы шашны сүм хийд байгуулж, Гүюг, Гадун, Мөнх, Хубилай тэргүүтэй хаадын үед өрнөн хөгжиж, Хайсан хүлэг, Буянт хааны үед Банзрагч судар, Цагаан лянхуа судар, Манзуширын алдарыг өгүүлэхүй, Бодисадвын явдалд орохуй зэрэг судрууд орчуулагдан хэвлэгдэж, алтан үсгээр Ганжуур судрыг бичүүлж байсан байна.
Энэ мэт Чингис хаанаас Тогоонтөмөр хүртэл 16 их хаад бүгд номын багштай байв. Ялангуяа Их Юань улсын үед Хубилай хааны зарлигаар байгуулсан сүм хийд, бурхан шүтээнийг тоолж баршгүй. Хубилай хааны хүү Чингисийн хүсэлтээр 1278 онд Улсын их багш Пагва ламын зохиосон “Шэйжа равсал” хэмээх ном Юань улсын дөрвөлжин бичгээр барлагдаж хэвлэгдэж байсан нь Төвөд Монголын түүх, соёл, бурханы шашныг судалдаг эрдэмтэн судлаачдын сонирхон судалдаг ном болсон байна. Тэр үед Монголчууд Төвөд хэлнээс ном орчуулахдаа уйгаржин бичигт хэрэглэж байсан бурханы шашны нэр томъёог бүхэлд нь авч хэрэглэжээ. Юань улсын үед Хубилай хааны зарлигаар бүтээсэн их цагаан суварга өнөө ч Бээжин хотод түүх, соёлын үнэт дурсгал болон үлджээ. Цахарын Лигдэн хутагт хааны шүтээний эрхэм болсон гурван нандин шүтээн нь Алтан Махгал сахиус, Есөн эрдэнийн Ганжуур, Чингис хааны хасбуу тамга гурав байсан. Лигдэн хааны үед Монголчууд Ганжуур судрыг Монгол хэлнээ анх удаа бүрэн орчуулсан юм.
Монгол оронд Жанрайсигийн номлол бүтээл дэлгэрсэн нь
-XV зууны үеэс Монголын ихэс дээдэсүүд бурханы шашныг дахин дэлгэрүүлж Түмэдийн Алтан хаан 1575 онд Жанрайсиг бурханы хувилгаан Содномжамц ламыг урин залж Сэнгэ да Жанрайсиг бурханы үүднээс засал хийлгэн лам шавийн барилдлагыг бататган тогтоож Алтан хаанаас Содномжамц ламд “Далай лам” хэмээх алдарын соёрхож түүнээс хойш Хонсим бодтсадвагийн хувилгааны төрөл үе бүхнийг Далай лам, Далай багш хэмээн хүндэтгэн залбирч, өргөмжлөн дуудах болсон.
Алтан хаан зарлиг гаргаж онгод тахихыг бүрмөсөн хориглож, амьтны амь таслахыг цээрлэн, маани мигзэм унших ёс журмыг гаргаж, Бурханы дүйцэн өдрүүдэд мацаг барих, Жанрайсиг бурханы тарнийг урин тоолох тэргүүтэн цагаан зүгийн номын ёсыг дэлгэрүүлсэн нь цагийн эгээрэлд нийцэж түмэн олныг хамран түгжээ.
1578 онд Халхын Автай сайн хаан III Далай ламд бараалхан Төв Монгол нутагт бурханы шашныг дэлгэрүүлэх тухай айлтгаж нутагтаа буцаж ирсэн хойно Юань улсын үед байгуулсан хуучин сүм хийдийн ор туурин дээр 1585 онд Эрдэнэ зуу хийдийг байгуулсан нь хожмоо Монгол орны Бурханы шашны гол төвийн нэг болжээ. Жанрайсигийн хувилгаан IV Далай лам Ёндонжамцын гэгээн (1589-1616) Монгол оронд лагшин мэндэлж Бурханы шашныг дэлгэрүүлэв. XVI зууны үед Монгол оронд гурван их эрдэмтэн лам бурханы шашныг тэтгэн дэлгэрүүлж байв. Өвөр Монголд Нэйж тойн (Авид), Халхад Өндөр гэгээн Занабазар, Ойрдадад Зая бандида Намхайжамц нарын ачаар Монгол оронд Гэлүгвагийн ёсны шашин нарны гэрэл мэт түгэн, хиргүй тунгалаг оршсон. Тэр үеэс бурханы шашины их хөлгөний ном зохиолууд бүрнээ орчуулагдаж байсны дотор Мани габум тэргүүтэй Жанрайсиг бурханы холбогдол бүхий ном судрууд ч орчуулагдсан байна. Тэдгээрийн дотроос Анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Өндөр гэгээн Занабазар (1635-1724) нь Монголын шашин соёлын төв болсон Их хүрээг (Ривогэжайганданшадүвлин) үүсгэн байгуулж Богд Жэзүндамба хутагт нарын үе улиран залран суух номын их өргөө болсон юм. Өндөр гэгээн Занабазар нь Жанрайсиг бурханыг бүтээх гүн нарийн увдас бүхий “Мани дүвтав савмо” хэмээх номыг туурвисан ба тэрхүү зохиолд Төвөд Монголын олон эрдэмтэд мэргэд тайлбар хийж хэдэн арван зохиол бичсэн байдаг. Мөн Өндөр гэгээн өөрийн ах, дүү нарын хамтаар ээж Ханджамц хатны хойтын буянд зориулж Эрдэнэ зуу хийдийн хэрмэн дотор Хонсимбодисадвагийн (Жанрайсигийн сүм) сүм барьж, хэрмийн гадна талд ээжийнхээ шарилаас оршоож суварга босгосон байна. Хожмоо Эрдэнэ зуугийн хэрмэн дотор номч цорж Дагвадаржаа бээр мөн адил Жанрайсигийн сүм бариулан тусгай уншлагатай болгожээ.
Анхдугаар Богд тэргүүтэй Монголын хутагтууд, Жэдорын хамба лам Авгаанхайдав, Брагри лам Дамцагдорж тэргүүтэй монголын сор болсон мэргэдүүд, V Далай лам Агваанлувсанжамц (1617-1682),VII Далай лам Лувсангалсанжамц (1708-1757) тэргүүтэй үе үеийн Далай лам нартай нийт бусын номын барилдлагатай байсан юм.
Тийм ч учраас дээдийн номын ариун рашаан юүлсэн мэт Монгол оронд түгэж хувь төгс шавь нарын хүссэн хэрэг бүхэн номын ёсоор бүтжээ. Анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын шавь Зая бандида Лувсанпринлайгаас дамжсан авшиг, эрх, дамжлага увдисын дотор Жанрайсиг бурханыг бүтээх увдис номлол маш арвин тархсан байна. Түүний дараа үед Брагри ёнзин Дамцагдоржийн гэгээнээс дамжсан увдис дамжлага дотор ч Жанрайсиг бурханыг бүтээх увдис, дамжлага уламжлагдаж, XVIII зууны сүүл үед увдис номлолын сан болсон Түшээ гүний Найдан лам Цэмбэлдоржийн гэгээний дамжлага, дээдийн номын увдис бүтээх гүн аргууд тасралтгүй дамжин дэлгэрсэн юм. Ялангуяа Монгол лам нарын зохиол бүтээл дотор Лхавзүн Ишдондүвдамбийжанцан ламын “Жанрайсигийн чойгор” ном нь Монгол Төвөдийн номын мэргэдийн гарын авлага болон алдаршсан юм. Монгол оны хүрээ хийдүүдэд Маанийн бүтээл, Жанрайсигийн чог, Гэлэнмаа Балму ёсны нүгнэй зэрэг хурлууд мөнхөд тасралтгүй хурж иржээ. Монголын эрдэмтэн лам нар Жанрайсигийг бүтээх арга, нүгнэй, даган соёрхол, нүдний өвчнийг эдгээх увдис, бясалгал хийх арга зэрэг маш олон зохиол бичсэн байна.
Богдын хүрээний 12 дацангийн нэг нь Жанрайсигийн дацан юм. Энэхүү Жанрайсиг дацанг VIII Богд Жэвзүндамба хутагт Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр түмний мэлмий гийсний бэлгэдэлд зориулан бүтээн залсан.
Монгол орон даяар алдаршсан олон алдартай Нандин Жанрайсигийн шүтээн дүрүүд байсан бөгөөд тэдгээр нандин шүтээнүүдийн ихэнх нь Их хэлмэгдүүлэлтийн үед устан сүйдсэн юм. Хошуу нутаг даяар Эрдэнэ зуу хийдийн Жанрайсиг, Заяын хүрээний Логишүра, Дамбадаржаа хийдийн Логишүра, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Тогтохтөр вангийн чулуугаар бүтээсэн 90 тохой хэмжээтэй Жигважаджов Жанрайсиг, Дорноговь аймгийн Мандах сумын Өлгий хийдийн Арьяабал, Баруун Чойрын Басо Жанрайсиг, VIII Богд Жэвзүндамба хутагтын бүтээлгэсэн Мигжэд Жанрайсиг тэргүүтэй алдартай шүтээн олон байжээ. 1937 онд сүм хийдүүдийг хааж, лам хуврагуудыг буудан хороож, бурхан шүтээн, ном судрыг галдан шатааж ихэд хэлмэгдүүлсэн хүнд хэцүү он жилүүдийн дараа 1944 онд Гандантэгчэнлин хийдийг “Мөргөлийн дуган” нэртэйгээр нээснээс хойш хийдийн өвгөн буурал лам нарын ачаар хөдөө хээр хаягдсан, хувь хүмүүс дээр хадгалагдаж байсан газар газрын нандин шүтээнүүдийг Гандантэгчэнлин хийдэд залж устан үрэгдэхээс хамгаалсан юм.
Жанрайсигийн шүтлэг нь Монгол оронд зөвхөн шашны зан үйлээр биш төр, түмний эв нэгдэл, тусгаар тогтнолоор холбогдож ирсэн байна
-Дээрх эх сурвалжуудаас харахад Хутагт Жанрайсигийн номлол бүтээл, түүнийг шүтэх ёс нь анх Энэтхэгт үүсэн бий болж, улмаар Төвөд, Монгол оронд шашин, соёлын өргөн хүрээтэй уламжлал болон нутагшжээ. Энэтхэгийн Нагаржунай, Зандрагоми, Гэлэнмаа Балму зэрэг мэргэдийн номын аймаг, бүтээлийн аргын дамжлага, Төвөдийн орчуулагч бандида нарын үйлс, Соронзонгамбу хааны үеэс эхтэй номлол бүтээлийн уламжлал Монголд мөн уламжлагдан ирж үе үеийн хаад, хутагт хувилгаад, эрдэмтэн лам нарын бүтээл туурвил, хийд дацангийн хурал номоор түгэн дэлгэрсэн байна.
Их монгол орноо дэлгэрсэн Бурханы шашин нь монголчууд бидний соёл уламжлалтай сүлэлдэн хөгжиж улмаар Монголын бурхан шашин хэмээн тодорхойлогдох өвөрмөц шинж байдлыг бий болгож чадсан юм.
Жанрайсигийн шүтлэг нь Монгол оронд зөвхөн шашны зан үйлээр хязгаарлагдалгүй төр, түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, соёлын агуулгатай холбогдож ирсэн байна. Эрдэнэ зуу, Заяын хүрээ, Өлгий хийд, Баруун Чойр болон бусад хийдэд залж байсан Логишүра, Аръяабал, Жүжигшал зэрэг нандин шүтээнүүд нь орон нутгийн шашны хөгжил, лам нарын хадгалан хамгаалж дамжуулан авч ирсэн бодит түүхийн баримт болдог. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед олон шүтээн, ном судар сүйдсэн боловч хувь хүн болон, орон нутгийн сүм хийдүүд хадгалан хамгаалж авч ирсэн зарим шүтээн болон судар номыг хожим Гандантэгчэнлин хийдэд залсан түүхтэй. Мэгжид Жанрайсиг бурханыг 1990 онд нийт Монголчуудын оролцоотой дахин бүтээн залсан нь эртний уламжлалаа сэргээн, залгамжлан хойч үедээ өвлүүлж буй түүхэн ач холбогдолтой. Хутагт Жанрайсигийн номлол бүтээлийн түүх нь буддын шашны сургаалын уламжлал төдийгүй дүрслэх урлаг, орчуулга, ном хэвлэл, хийд дацангийн соёл, ард олны сүсэг бишрэлийн зэрэг өргөн хүрээнд хамаарах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл0