sonin.mn


Стрессийг хуримтлуулалгүйгээр тайлж, бие сэтгэлийг амраах бясалгал, гүйлт, бодибилдинг гэх мэт олон арга байдаг. Эдгээрийн нэгийг хүргэж байна. Доорхи ерөнхий дасгалуудыг ажлынхаа заваар долоо хоногт 2-3 удаа хийнэ. Эхний үед үүнд 25 минут орчим зарцуулдаг ч    дадлагжихын хэрээр энэ хугацаа багасдаг. Дуу, чимээ багатай, бүдэг гэрэлтэй өрөөнд тухтай сууж, эсвэл хэвтэнэ. Гутлын үдээс, цахилгааныг тайлах, зангиа, тэлээг суллах зэргээр бие барихгүй болгох хэрэгтэй.



Дасгал 1. Нүдээ аниад хэсэг хугацаанд удаан, гүнзгий амьсгална. Дараа нь гүнзгий амьсгаа аваад 10 секунд орчим амьсгаагаа барьна. Амьсгаагаа яаралгүйгээр удаан гаргахдаа биеэ хэрхэн суларч байгааг ажиглан дотроо “Амьсгаа авах гаргах нь далайн татлага, түрлэгэтэй адил” гэж хэлээд амьсгаа авахад эрэг рүү түрэн гарч ирээд гаргахад буцаж байгаа далайн давалгааг төсөөлнө. Энэ хэсгийг 5-6 удаа давтаад 20 секунд орчим амарна.



Дасгал 2. Биеэ хөдөлгөхгүйгээр биеийнхээ бүх булчинг ээлж дараалан чангалж суллана. Ингэхдээ солгой хүн солгой гар, баруун хүн баруун гарын бүх булчинг чангалж 10 секунд бариад суллана. Дараа нь эсрэг талын гар, баруун, зүүн хөл, цээж, нуруу, гэдэс, хүзүү, нүүр г.м. явсаар бүх биеийн булчинг нийтэд нь чангалж суллана. Чангалалтыг 10 секунд орчим барих хэрэгтэй. Ингэж гурвантаа бүх биеийнхээ булчинг чангалж суллана.



Дасгал 3. Дотроо “Би тайван байна. Надад юу ч саад болохгүй байна. Надад сайхан байна” гэсэн утгатай өгүүлбэрийг олон удаа давтан хэлнэ. Ингэхдээ хөлийн хуруунаас эхлээд толгой хүртэл бүх биеийн чинь булчин хэрхэн сулран, тайвширч эхэлж байгааг мэдэр


.
Дасгал 4. Биеийн бүх булчин сулран мэнэрч байгааг төсөөлөн мэдэр. Ялангуяа мөр, хүзүү, нүүрний булчин чинь хэрхэн суларч байгааг мэдэр. Нүүрний булчин бүрэн суларсан үед ам хагас ангайсан байдалтай болдог. Энэ бүх таатай зүйлсийг мэдрэн 30 секунд орчим тайван, чөлөөтэй суу, хэвт.



Дасгал 5. Дотроо арав хүртэл тоол. Ингэхдээ тоо ахих тоолонд бие чинь улам бүр сулран, сэтгэл санаа чинь тайван болж байна гэж дотроо хэлнэ. Өөр зүйлд сатааралгүйгээр зөвхен тайван, суларсан байдалд байх үед төрж байгаа мэдрэмж дээр анхаарлаа төвлөрүүл.



Дасгал 6. Сэрж сэргэх үе шат. Дотроо хорь хүртэл тоолно. Ингэхдээ “Хорь хүртэл тоолоод нүдээ нээхэд бүх бие сэргэж, ухаан бодол саруул болсон байна” гэж хэлнэ. Ингээд хорь хүртэл тоолоод нүдээ нээн босоход стрессийг дагалдаж байдаг булчингийн зангиралууд алга болж, өөдрөг сэргэлэн болсон байгааг аяндаа мэдэрнэ.


Эх сурвалж:”Хөдөлмөр”