Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2025 оны 11 дүгээр сарын 07-14-нд дэлгэгдэх гэж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, "Говийн байгаль" түүхийн музей хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд түүний байгалийн сэдэвт 60 гаруй бүтээл үзэгч олны нүд, сэтгэлийг хужирлах ажээ.

Ө.РАГЧААСҮРЭН
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
...Алсын уулын сэрүүн салхи хүүгэж жиндүүллээ. Гэтэл өнөөх цангинасан жавар гэнэт хаачив аа. Энүүхэн манхнаас мандсан нарны алтан цацраг зулай дээрээс төөнөж, халуун илч нь дорхноо л хамаг биеийг бүлээцүүлэв. Ийм гайхалтай сонин юм гэж ер байх уу, ид шид юм болов уу. Тийм ээ, энэ гайхамшгийг Цээнзэнгийн Галбадрах урлаачийн цаасан барын урлан бидэнд олгож байгаа нь энэ.
Үзэгчид минь, говь нутгаараа хөндлөн гулд явж байгалийн гоо үзэсгэлэнг тольдох аялал ийнхүү эхэлж байна. Та бүхэн өөрийн төрсөн нутаг, угаасан усандаа очиж, эцгийн гэрийн буурь, гал голомтоо эргээрэй. Мориндоо мордолгүй нүд, сэтгэлээ бэлчээн баясгаарай. Аяа, үлгэрийн сайхан эх орны минь өнгө төрх ийм л билээ.
...Цаасан бар буюу хайчилбар нь "хасч бүтээдэг урлаг" юм. Байгаль ертөнцийн юмс үзэгдэл, уул ус, ан амьтан, адуу мал, хүн зоны хөргийг хайч, хутга зэрэг зэмсэг ашиглан цаасыг хайчилж, зүсч, "ухаж" дүр гаргадгаараа дүрслэх урлагийн бусад төрлөөс онцлог ялгаатай.

Урин хаврын Гурвансайхан. /50х50см/
Монголчуудын хувьд хайчлах үйл өнө эртнээс уламжлалтай. Аав болсон монгол эр хүн болгон бяцхан үрдээ зориулан "эсгий үнэг хайчилж" дэргэд нь зүүж өгдөг. Эсгийгээр үнэг хайчилдаг зан үйл яван явсаар эдүгээ цагт цаасаар дүр бүтээдэг урлаг болтлоо хөгжжээ. Урлаач Галбадрахын эх орны байгалийн сэдэвт цаасан барууд нь хэнд ч танигдахаар бодит реалист дүрслэгджээ. Байгалийн гэрэл сүүдэр давхацсан тэр ховор агшинг ямар гярхай олж харж дүрслэн буулгаа вэ.
Цаасан барыг зөвхөн гэрэл сүүдрээр, хар цагаан гэсэн туйлын хоёр хүчирхэг өнгөөр дүрслэн урлан бүтээдэг. Галбадрах тэгвэл байгаль ертөнцийн ямар л өнгө байна, тэр олон өнгийг гэрэл сүүдрийн хоёрхон өнгөөр төлөөлүүлэн чадварлагаар харуулсан нь гайхалтай.
Зургийн өнгө болон зураас нь тод хүчтэй учраас оргилсон тэмүүлэлтэй харагдаж байна. Уул ус, ургамал цэцэгс, амьтан жигүүртний дүрсийг тун нарийн тодорхой тоочиж гаргахдаа их гоё өгүүлэмж хүүрнэдэг. Энэ өгүүлэмжээрээ өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, дэврүүн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлжээ. Зургуудаас нь ая эгшгийн уянга сонсогдох нь тэр чигээрээ шидэт реализмийн өнгө төрхийг бүрнээ илтгэнэм.

Жинчид. /40х50см/
Цаасан барын бас нэг онцлог нь цаана томоор харагдах уул усны наана заавал нэг буюу хэд хэдэн амьтан, ургамлын дүрслэлийг жижгээр маш нарийн хийж өгч байгаа арга юм. Наадах энэ тод дүрслэл нь уг байгалиа дээд зэргээр тодруулж байна. Нисч яваа ёлын нүдэнд гэрэлтэх оч, нууранд хөвж яваа хос хунгийн хошуун дээрх нарны тусгалын хугарал, тайгын алтан хундага цэцгийн дэлбээ... энэ бүхэн ямар тод өнгөлөг харагдана вэ.
Өмнийн говийн нэг гол усанд төрж өссөн нутгийн дүү Галбадрах цаасан барын урлагт нэгэнт байраа эзэлснийг, эх байгалийн сэдэвт цуврал хайчилбарууд нь энэ удаа бүр батлан харуулж байна.
Урьд нь тэрбээр цаасан хөрөг хайчилбараараа өөрийгөө үзэгчдэдээ таниулсан билээ. Түүний авьяас говь нутагтай нь амин холбоотой. Говь өөрөө Галбадрахын урладаг тэрхүү өвөрмөц уран зураг юм. Говь наранд ойрхон болохоор уул ус, хүн амьтан, ургамлын сүүдэр бусад газрынхаас илүү уртсаж, илүү хурц тод харагддаг. Тэрхүү зөвхөн гэрэл сүүдрээр бүтсэн өөр хаана ч байхгүй уран зургийг Галбадрах бүтээж яваа нь энэ буюу. Энэ урлаач өөрийн төрсөн говь шигээ ертөнцийг мэдэрч түүнийг хайрладаг. Тэрбээр говийн бүйлсний бяцхан хөөрхөн шувуу хулан жороотой ярьж, хавар эрт бүйлс цэцэглэх цагаар нутаг руугаа яардаг. Цөөхөн хоног дэлгэрдэг бүйлсний ягаан цэцэг урлаачийн сэтгэлийн утсыг хөндөж аялгуу эгшиг ундаруулдаг л юм даа.

Монгол өглөө. /30х30/
...Бид одоо түүний "Урин хаврын Говь Гурвансайхан" цаасан барыг харж байна. Нутагтаа ирэх замд алсын газраас бараа нь цэнхэртээд л угтана, лавтай гучин бээрийн холоос орой нь цухуйж эхэлнэ. Харагдаад л байна, мөддөө хүрэхгүй, давхисаар яваад сая нэг ирнэ дээ, Гурван сайхан уул минь. Энэ наана цэлэлзэх Балга усны улаан нууранд шувууд ирчихэж, өө бүр, хэдэн хун далавчаараа ус балбаж үсэргээд намайг норгочихлоо гэм.
Ай даа, говьд минь хавар иржээ, нутгаа саначихлаа, гараад давхичхая даа, хоёулаа. Цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрах дүрслэх урлагийн энэ өвөрмөц нандин төрлөөр 1995 оноос сонирхон хичээллэжээ. Түүнд урлахуйн анхны "а"-г заасан багш нь дунд сургуулийн шугам зургийн багш Лхачингийн Батчулуун гэж эрхэм бий.
Гучин жилийн хугацаанд Галбадрах 10 мянга гаруй хүний "цаасан хөрөг", 200 шахам байгалийн сэдэвт ийм бүтээл урлаад байна. Цаасан бар хөргүүд нь дэлхийн 80 гаруй оронд очжээ. Эрхэм үзэгч та олныг угалз мэтгэх мэт үзэсгэлэнг туурвигч, "Эх байгалийн дууч"-ийн урланд тухлан саатахыг урья. Нүд баясан, сэтгэлийн цэнгэл эдлэх болтугай! Хурай, хурай, хурай!
Хурдан морьт
Цээнзэнгийн ГАЛБАДРАХ
Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 1973 онд төрсөн. Бага, дунд сургууль, УБИС-ийг дүүргэсэн.
Спортын сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжилтэй.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.
Уран бүтээл:
Яруу найраг, сэтгүүл зүй, цаасан хайчилбарын:
“Задгай тэнгэр” (2001 он),
“Бадрангуй” (2008 он),
“Далд уул” (2017 он),
“Би багадаа” төгсөшгүй цуврал (2002, 2003, 2005, 2010, 2016 он),
“Монголын цуут” (2014 он),
“Нартай хамт” (2014 он),
“Цаасан хөрөг” (2015 он),
“Moning of Mongolia” (2018 он),
"Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид" (2019 он),
"Мэргэдийн алтан ном" (2022, 2025 он) номтой.
2014 онд "Монголын цуут" номоороо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шагнал, 2019 онд "Далд уул" номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн. 2025 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0