“Асар их боломжууд бидний дээрээс хүрхрээ шиг урсан орж ирсээр байдаг. Бид тэднээс зөвхөн аяганыхаа хэмжээгээр л тосч авч чадна. Тиймээс боломж ирэхгүй байгаад биш, аяга чинь хангалттай том биш байгаад л гомдоллох эрх бидэнд бий”. Хорвоо ертөнц боломжуудыг бидний аяганы хэмжээнд л тааруулж өгдөг. Хэрэв түүнээс илүү боломжийг өгчихвөл, хайран боломжууд тэртэй тэргүй аяганаас нь халиад асгарна гэдгийг “тэр” мэддэг хэрэг.


Аяга гэж юу вэ? Аяга бол ямарваа сайхан зүйлийг шингээж чадах сэтгэл санааны болон оюун ухааны нөөц бололцоог хэлнэ. Чиний оюун ухааны “аяга” хэдий том байна, чи том мэдлэгийг өөртөө хураана. Чиний сэтгэл санааны буюу алсын хараа, мөрөөдөл, зорилгын “аяга” хэдий чинээ өргөн байна, төдий чинээ их боломж чам дээр ирнэ.

 

Өөрөөр хэлбэл чиний сэтгэлзүйд том боломжийг даах “чадамж”, түүнийг талархалтайгаар хүлээж авах бэлтгэл байгаа эсэхээс хамаарч хүсэл мөрөөдөл чинь биелнэ. Ямар нэг зүйл бүтэхгүй удаад байвал чи түүнд хараахан бэлтгэгдээгүй гэсэн үг. Аяга чинь хараахан түүнийг шингээж чадахаар өргөн биш байна. Тиймээс харин ч бэлтгэгдээгүй байхад бөөн боломж орж ирээд, дэмий асгарчихаагүйд нь баярлаж аяганыхаа хэмжээг цаг мөч тутамд томсгохыг эрмэлзэж байх хэрэгтэй.

 

Бидэнд бүгдэд нь л хийхийг хүсдэг хирнээ одоо хүртэл чадаагүй, эсвэл бүтээгүй нэг зорилго байдаг. Энэ бол тэр боломжийг дагаж ирэх их шан харамж, мөн их эрсдэлийг даах “аяга” чамд хараахан байхгүй байгаагийн шинж. Аягаа жаахан л тэлчихвэл, өөрийгөө жаахан л бэлтгэчихвэл чам дээр асгараад ирэхэд юу юугүй бэлэн байгаа. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй, одор бүр аягаа хэрхэн томсгох талаар бод.

Ялсан хойно ялагч болдоггүй. Ялагчийн дайтай сэтгэл санаа, оюун ухаан, тэсвэр тэвчээртэй байгаа хүн Ялагч гэдэг нэрийг авдаг юм.


Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”