АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал Л.БАТТҮВШИНТЭЙ ярилцлаа. Тэрбээр тархи судлалын салбарт оюун ухаанаа зарцуулж яваа залуу эрдэмтдийн нэг юм. Л.Баттүвшин нь Японд психосоматикийн анагаах ухааны чиглэлээр, тэр дундаа тархи судлал буюу нейросайнсын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
 
-Та өмнө нь Тархи судлалын хүрээлэн байгуулах хүсэлтэй байгаагаа дурдаж байсан. Энэ хүсэл тань биелээд удаагүй байна. Тархи судлалын хүрээлэнтэй болсноор Монголчуудад ямар давуу талтай вэ?
 
-Тархи судлал нь дэлхийд тэргүүлж буй гол шинжлэх ухааны гурван салбарын нэг. Монголын нейросайнсын нийгэмлэг нь тархи судлалын хүрээлэн үүсгэн байгуулах анхны эхлэл байсан. Ийм хүрээлэн бий болсноор олон төрлийн судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах, мэргэшсэн эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, олон улстай хамтарсан судалгаа явуулах зэрэг давуу талтай. Дэлхийд тайлагдаагүй хоёр том нууц байна. Эхнийх нь сансар огторгуй буюу амьдрал хэрхэн бий болсон, хар нүх гэж вэ гэдэг асуултад хариулахаар эрэлхийлдэг. Нөгөө талаас хүн хэрхэн бодож сэтгэдэг, хүн өөрийгөө яаж танин мэдэх боломжтой эсэх зэрэг асуултад хариулт эрдэг. Энэ асуултад хариулахын тулд хүний гар, хөл, элгийг судлахгүй. Эдгээр эрхтнүүдийг аль хэдийнэ судалчихсан. Тиймээс хүний биеийн хар нүх гэж хэлж болох уураг  тархийг судлах хэрэгтэй байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ салбарт асар их хөрөнгө мөнгө зарцуулж судалгаа хийдэг. Жишээлбэл, тархи судлалын шинжлэх ухаанд суурилсан хиймэл оюун ухааныг ихээр хөгжүүлж байна. Хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр хүний оролцоогүйгээр тоног төхөөрөмжийг удирдах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, 2060 онд хиймэл оюун ухааны тусламжтайгаар америкчууд Ангараг гарагт анх хөл тавихаар төлөвлөж байна. Монгол Улсад ч гэсэн энэ салбарыг хөгжүүлэх боломжтой. 
 
-Танай хүрээлэн стрессийг шинжлэх ухааны түвшинд судалж байгаа гэсэн. Стресс Монголын нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг судална гэсэн үг үү?
 
-Стресс бол гадаад нөлөөнөөс хамгаалж байгаа хариу урвал юм. Тархи судлалын хүрээлэнг байгуулснаар Монгол Улсад стрессийн түвшин хэр хэмжээнд байна, бие мах бодид гарч буй эмгэг, үр нөлөөг лабораторийн нөхцөлд судлах боломж бий болно. Жишээ нь, зүрхний цохилт хэмжих аргаар стресст орж байгаа эсэхийг судлах юм. Энэ нь дэлхийн олон оронд нэвтэрсэн арга. Саяхныг хүртэл Монголд хараахан нэвтрээгүй байсан. Манай хүрээлэнд энэ бүх технологийг оруулж ирсэн бөгөөд сонирхсон бүхэнд манай хүрээлэнгийн хаалга нээлттэй. 
 
-Стрессийг хэрхэн хэмжиж, тодорхойлох боломжтой вэ? 
 
-Стрессийг тодорхойлох олон шинэ арга дэлхий дахинд нэвтэрч байна. Асуумжийн болон багажийн шинжилгээний аргаар тодорхойлж болдог.
 
Өөрөөр хэлбэл, таны зүрхний хэмнэл ямар түвшинд байна, амьсгалын хэмнэл, булчингийн чангарал ямар байна гэдгийг үзэж тухайн хүнийг стресст хэр өртсөнийг тодорхой болгодог.
 
Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга юм. Зүрхний хэмнэлийн өөрчлөлтийг судалдаг тусгай аппаратууд бий. Хүн өөрийгөө стресст өртсөнөө мэдэхгүй байх тохиолдол ч бий. Гэтэл би стресстсэн байх магадлалтай гээд энэхүү шинжилгээг өгтөл стресст өртөөгүи хэвийн байна гэсэн хариу гарч бас болно.
 
-Энэхүү багажаар стрессээ тодорхойлуулах бол хаана очих вэ?
 
-Судалгааны зорилгоор ашиглаж байгаа болохоор тухайн хүн мэдээллээ ил тод судалгаанд ашиглуулахыг зөвшөөрсөн тохиолдолд үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин өөрийн мэдээллийг бидэнд ашиглуулахгүй тохиолдолд тодорхой хэмжээний үнэ төлбөр авах байх. Сувилахуйн сургуулийн хашаанд манай Тархи судлалын хүрээлэн байрлаж, үйл ажиллагаа явуулж байна.
 
-Хүний тархи хамгийн их нууцыг агуулдаг гэдэг. Тэгвэл Монгол хүний тархийг хэр хэмжээнд судалсан байдаг вэ?
 
-Бид хараахан судалж эхлээгүй байна. Энэ ажилд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай. Жишээ нь, европчууд “Human brain project” хэмээх тархи судлалын төсөлдөө нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж байна. Ийм их хөрөнгө зарж байж олон тодорхойгүй асуултад хариулт өгнө. Тухайлбал, төрөлхийн хараагүй хүнийг хараатай болгож болох уу гэх асуултад хариулт гарч ирж байна. Хүний нүдний гэрэл мэдэрдэг эс байхгүй бол хүн төрөлхийн сохор төрнө. Тэр эсүүдийг байгаа болгож ургуулж, нүдэнд суулгаснаар хараатай болох боломж байгааг тархи судлалын шинжлэх ухаан харуулж байна. Хүнд 21 төрлийн мэдрэхүйн систем ажиллаж байна гэж үздэг. Тархи судлалын шинжлэх ухаан хөгжих тусам бид илүү олон мэдрэхүйн системийг нээж үзэх болно. Жишээлбэл, уншигчдад сонин байж болох юм. Сарьсан багваахай, зарим нэг могой инфро улаан гэрлийг биеэрээ мэдэрч хардаг бол бид чадахгүй шүү дээ. Тэгэхээр могойноос зугтах арга байхгүй. Харанхуйд нуугдсан ч гэсэн могой хардаг учраас дулаан ялгарч буй бүхнийг олж чадна. Гэтэл энэ чадварыг хүнд суулгаж болдог. Яаж гэвэл, хүний тархины мэдрэхүйг хариуцсан хэсэгт инфро улаан гэрлийг мэдэрдэг диод суулгана. Гурван сарын дараагаас тухайн хүний тархи дулаан мэдэрч эхэлдэг.
 
-Тархи дулаан мэдэрдэг эсэх нь яагаад таны сонирхлыг татах болов?
 
-Би ажлын гараагаа хүмүүсийн хэлдгээр СЭМҮТ-ийн “хурц”-ын тасгаас эхлүүлсэн. Сэтгэцийн эмчээр ажиллаж байхад хүнд тохиолдолтой олон таарсан. Бидний хамгийн их болгоомжилдог өвчин бол төвийн гаралтай халууралт. Удамшлын гаралтай болон янз бүрийн шалтгаанаар халуурч  байгаа өвчтөнд халуун бууруулах эм өгсөн ч халуун нь буурахгүй байсаар нас бардаг. Нөгөөтэйгүүр, стрессээс болж нойргүйдэн, зүрхний цохилт  түргэсдэгтэй адил нүүр царай улайгаад халуурах тохиолдол элбэг, байдаг. Ялангуяа, 50-аас дээш насны эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний дунд их тохиолддог. Үүнийг эсийн түвшинд судалъя гэсэн ч Монголд боломжгүй байсан тул Японд очиж, шилдэг эрдэмтнийх нь удирдлагад докюрантурт суралцсан. 
 
Хүний биед халуун үүсгэдэг зам буюу хоёр эсийн хоорондох холбоос тархинд бий. Тархи үгүй бол хүний биед халуун байхгүй гэсэн үг.
 
-Тархи судлалын тухай сонирхолтой мэдлэг, мэдээлэл өгнө үү. Хүн төрөлхтөн тархи судлалыг хөгжүүлснээр ямар дэвшилд хүрэх боломжтой гэж харж байна вэ?
 
Тархи судлалыг ихэвчлэн сэтгэл судлалтай андуурдаг. Гэтэл сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроимежинг зэрэг олон салбарын суурь шинжлэх ухаан нь тархи судлал юм. Дэлхий дахинд үүнийг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан. Ерөөс бүх шинжлэх ухааны уулзах цэг нь хүн байдаг. Сансар судлал хүртэл шүү. Учир нь, АНУ, БНХАУ, ОХУ зэрэг том гүрэн хамгийн түрүүнд Ангараг гарагг хүрч, колоничлохын төлөө өрсөлдөж байна. Ангараг гараг дээр хүн амьдарч чадах уу. Энэ асуултын хариултыг олохын тулд дэлхийн хамгийн нэр хүндтэй эрдэмтэд өдөр шөнөгүй ажиллаж, толгойгоо гашилгаж сууна. Тархи судлалын эрдэмтдийн хэлж буйгаар ангараг гараг дээр технологийн дэвшлийг ашиглан гурван сарын дотор хүрч очиж болно. Гагцхүү тэнд очоод хүний сэтгэн бодох, ажил хөдөлмөр эрхлэх чадвар эх дэлхий дээр байдаг шиг хөгжиж, хадгалагдаж чадах уу гэсэн асуултын хариулт оньсого хэвээр байгаа юм. Тиймээс энэ салбарт олон туршилт хийж байгаа. Тухайлбал, тархины эд эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготойгоор сансрын тойрог замд орсон хүний бие организм ямар байна, хүчилтөрөгчийн бага даралтат орчинд ичдэггүй амьтныг ичээнд оруулж болох уу, тусгаарлагдсан нөхцөлд хэдэн хүнийг бүлэг болгон амьдруулах вэ, тэдэнд сэтгэлзүйн дарамт үүсгэхгүйгээр хэрхэн амжилттай колонийн загвар үүсгэх вэ зэрэг судалгааг хийсэн. Энэ бүхний учрыг олоход тархи судлал хамгийн чухал үүрэгтэй. Суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхгүйгээр ямар ч улс орон хөгжих боломжгүй гэдгийг онцолж хэлмээр байна. 
 
-Хүрээлэнгийн үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ. Мэдээж энэ салбарт судалгаа шинжилгээ явуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах байх?
 
-Шинжлэх ухаанд хэдий чинээ мөнгө зарна, төдий хэрээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байдаг. Манай улсад шинжлэх ухааны салбар хэцүү нөхцөлд байгаа. Эрдэм шинжилгээ, шинжлэх ухааныг бизнес гэж ойлгож болохгүй. Үр тариагаа тарьчихаад дараа нь ургацаа хурааж авдаг. Тиймээс эхлээд шинжлэх ухааны салбарт санхүүжилтийг сайн өгөх ёстой. Бид Засгийн газрын санхүүжилттэй болохын тулд нэлээд олон шалгуур үзүүлэлтийг давах хэрэгтэй болно. Тэднийг гүйцээж, өргөдөл гаргахын тулд нэг, хоёр жилийн хугацаа шаардлагатай болоод байна. Одоогоор бид Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Мөн Солонгос, Японтой хамтарсан. Саяхан БНХАУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үйл ажиллагааны хувьд тархи судлалтай холбоотой нийгмийн суурь судалгаануудыг эхлүүлээд байна. Олон улсын тархи судлалын эмч мэргэжилтнүүдийг урилгаар авчирч, сургалт зохион байгуулж байна. Бид саяхан Японы тархи судлаач профессор Тэцүяа Хиромотог урьж стрессээс хэрхэн ангижрах боломжтой тухай эмч мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт, сургалт зохион байгуулсан.
 
 -Хүрээлэнгийнхээ бүтэц зохион байгуулалтын талаар товч танилцуулна уу?
 
-Хүрээлэнг миний бие удирдаж байгаагаас гадна эрдэмтэн нарийн бичгийн даргаар манай Эрдмийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Дамдиндорж ажиллаж байна. Хүрээлэн нийт найман ажилтантай. Хүрээлэнгийнхээ ажилтнуудыг тус бүрт нь танилцуулах боломжгүй. Ямартай ч манай хүрээлэнд Япон, Солонгос, Хятадад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эрдэмтэд ажиллаж байна. Тэд маань гурван лабораторид хуваагдсан. Суурь судалгаа буюу системийн нейросайнс, молекулын болон эсийн нейросайнс, эмнэл зүйн буюу клиник нейросайнсын лабораторитой. Манай хүрээлэн үндэстний мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуусыг энэ чиглэлд сургахад олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр болтол хүн төрөлхтөн нарийн сайн судалж чадахгүй байгаа ганц эрхтэн бол тархи юм. Технологи хөгжих тусам тархийг өндөр түвшинд судалж байна.
 
Монголчууд ч гэсэн хүн төрөлхтөнтэй эн зэрэгцэн энэ шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой. Бид хэдий цөөн хүн амтай ч тархи судлалын сайн эрдэмтэн төрөн гарахыг үгүйсгэхгүй. Бидний одоо үед биш юм гэхэд дараа, дараагийн үеэс дэлхийд өрсөлдөх хэмжээний эрдэмтэд гарч ирэх ёстой. Үүний эхлэлийг одоо тавих юм.
 
-Олон улсын дундажтай харьцуулахад Монголд тархи судлалын хөгжил ямар түвшинд байгаа вэ?
 
-Дэлхий дээр хамгийн өндөр оюун ухаантай нь хүн, тайлагдашгүй нууцыг агуулсан хамгийн чухал эрхтэн нь тархи юм. Хувьслын явцад хүн хөгжиж, өөрөө өөрийгөө судлах чадвартай болсноор тархи судлалын шинжлэх ухааны эхлэлийг тавьсан. Би хэн бэ гэдэг асуултад хариулт өгөхийн тулд тархийг судалж байгаа хэрэг. Нэг ёсондоо тархи өөрөө өөрийгөө судалж байна гэсэн үг юм уу даа. Тархийг одоогоос 4000 жилийн өмнөөс судалж, маргаж эхэлсэн. Эртний соёл иргэншилт Мисир, Шумер улсын эрдэмтэд тархийг дүрслэн төсөөлж, хүний оюун ухааны талаар бичдэг байсан. Тэр үед хүний оюун ухаан зүрхэнд байдаг гэж үздэг байсан тухай олон эх сурвалжид бий. Зарим бичиг дурсгалд оюун ухааныг тархитай холбоотой гэж үзсэн. Яагаад гэвэл тархиндаа гэмтэл авсан хүмүүсийн ааш зан нь өөрчлөгддөг байж л дээ. Харин орчин үеийн тархи судлалын шинжлэх ухааны үүсэл бол мэдрэлийн эсийн бүтцийг анх микроскопын тусламжтай харснаар эхэлсэн, 100 гаруй жилийн настай. Мэдрэлийн эсүүд бол удирдагч эс бөгөөд хоорондоо нарийн зохион байгуулалттай холбогддог юм байна гэдгийг ухаж ойлгох амаргүй даваа эхэлсэн байдаг. Монголд сэтгэц мэдрэлийн эмнэлгийг 1926 онд байгуулсан ч тархийг судалж байгаагүй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хэвтүүлж эмчилдэг хэдэн лам нар л байж. Дараа нь Зөвлөлтийн эмч нар ирж анагаах ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Удалгүй 1942 онд МУИС-ийг байгуулан, энэ чиглэлийн эмч нарыг бэлтгэж байлаа. Харин 1990-ээд онд нийгмийн өөрчлөлтийн дараа Монголд тархи судлалыг хөгжүүлэх буюу ядаж л нэг лаборатори байгуулах талаар ярьж байна шүү дээ. Гэтэл АНУ-ын Нейросайнсын нийгэмлэгийн хуралд гэхэд 30 мянган хүн оролцдог байх жишээтэй.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин