sonin.mn
Тэр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутагт 1906 онд төрсөн. 1928 онд цэрэгт явж тавдугаар морьт дивизэд цэргийн алба хааж, 1930-1933 онд Цэргийн ерөнхий сургуульд сурагч, курсын дарга, 1933 онд офицер болжээ. 1933-1939 оны зургадугаар сар хүртэл Цэргийн ерөнхий сургуулийн морин дивизоны дарга, ангийн даргаар ажиллаж байв.
 
Тухайн цаг үе 1939 оны тавдугаар сард Халхын голд байлдаан эхэлж, Япончуудын халдлага байнгын шинжтэй болж дайсны эсрэг удаа дараагийн тулаанд МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз, харьяа ангиуд хатуу цохилт өгч байсан бөгөөд түүхэнд тавдугаар сарын 28-ны өдрийн тулаан гэж тэмдэглэгдсэн энэ өдрийн ширүүн байлдаанд дивизийн дарга хошууч Чимэдийн Шаарийбуу харамсалтайгаар амь үрэгдсэн байдаг.
 
Дивизийн ангиудын дотроос Л.Дандарын командалсан 17 дугаар морьт хороо гарамгай байлдсан бөгөөд хороогоо чадамгай удирдаж үүргээ сайн гүйцэтгэсэн тул ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн тушаалаар Л Дандарыг зургадугаар морьт дивизийн даргаар дэвшүүлж, түүний оронд 1932 оны баруун аймагт гарсан эсэргүү бослогыг дарахад оролцож явсан туршлагатай офицерийн нэг Цэргийн ерөнхий сургуулийн ажил, ангийн дарга С.Чойндонгавааг 17 дугаар морьт хорооны даргаар томилсон байна.
Х.Чойбалсан Халх голын байлдааны ажиллагааны тухай С.Чойндонгаваад танилцуулж байлдааны талбарт яаралтай очих үүрэг өгсний дагуу долдугаар сарын 20 ны өдөр Зөвлөлийн хэдэн сурагчийн хамт хоёр өдөр, нэг шөнө явж  Хамар даваанд байртай Армийн фронтын штабт очиж орлогч жанжин Лхагвасүрэнд илтгэл хийж дайсны байдал, байлдааны ажиллагаатай танилцсаны дараа зургадугаар дивиз орохоор 17 дугаар хорооны зөвлөхөөр очих Холодов, штабын зөвлөх Солодовников, улс төрийн зөвлөх Ванкевичя нарын хамт явж Халх голын баруун эрэгт байрлаж байсан зургадугаар дивизийн командын байранд очиж дивизийн дарга Л.Дандар түүний зөвлөх нарт илтгэл хийж үүрэг даалгавар авч байхад 1932 оны баруун аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослого "хөдөлгөөн"-ийг дарахад Цэргийн ерөнхий сургуулийн захирал Содномын удирдсан отряадад хамт явж жаргал, зовлонгоо хуваалцаж байсан урьдын танил Шагжийн Дарамжав ” 14мх-ын дарга" Мятавын Цэдэн-Иш " 6мд-ийн штабын дарга" нартайгаа уулзаж цагийн байдал, зөвлөгөө авсан байна....
 
Наймдугаар сарын 19-нд дивизийн командын байранд анги, нэгтгэлийн дарга нарыг дивизийн дарга  Дандар дуудаж хориглолтоос давшилтад орох үүрэг тушаалыг 17 дугаар морьт хорооны дарга С.Чойндонгаваад өгчээ. Энэ үед дивизийн комиссар Пэлжээ удирдах дарга нарт хандан эх орон ард түмнээ дайснаас чөлөөлөхөд анги салбараа чадамгай удирдаж ялалт байгуулахыг сануулж байв. Наймдугаар сарын 20-ны өглөө хорооны давшилт эхлэхэд агаараар онгоцны дайралт, газраар танкийн дайралт, төрөл бүрийн их бууны галын тусламжтайгаар 17 дугаар хорооны цэргүүд давшиж дайсанд сэхээ самбаа өгөлгүй довтлон дайсныг сандралд оруулан хөөж тэдний байрлаж байсан "ГӨЛӨГТ" манхныг чөлөөлж улмаар "ЯНЬКУ" нуурын районд 17 дугаар морьт хороо хүрч эзэлсэн байна.
МУГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа "Ерэн жилийн дурсамж номондоо: ...наймдугаар сарын 20-ны өглөө санаанд тодхон...тэр их олон онгоцны бөмбөгдөлт, их бууны галалт ид явагдаж байгаа үед би 17 дугаар хороонд "БҮРЭЭЧИН"-гээр томилогдон очиж байгаадаа ихэд баярлан хорооны штабт очиход хорооны дарга ахмад цолтой үд хэвийж яваа болов уу гэмээр насны Чойндонгаваа, бараг хүүхдээрээ шахуу ахмад цолтой штабын дарга Шагдарсүрэн, комиссар Батмөнх нар байв. Чойндонгаваа дарга миний унаж ирсэн морийг харангуутаа "Овоо сайн морьтой цэрэг байна, шархтан зөөх ажил их гарна. Эмнэлэгт оч" гэсэн ёсоор эмнэлэгт очив гэжээ.
17 дугаар морьт хорооны штабын дарга асан хожим 2014 онд Монгол Улсын баатар болсон.
 
Пунцагийн Шагдарсүрэн: 1969 онд Халх гол ын 30 жилийн ойгоор бичсэн "Халхын голын байлдааны өдрүүдэд" номондоо: Наймдугаар сарын аравдаар миний бие шархдаж Тамсаг дахь Зөвлөлтийн цэргийн госпитальд эмчлүүлээд ангидаа эргэж ирэхэд манай хорооны даргаар нөхөр Чойндонгаваа томилогдон ирсэн байв. Хорооны дарга ахмад н.Чойндонгавааг урьд нь сайн мэдэх юм. Намайг Цэргийн ерөнхий сургуулийг төгсөхөд манайд сурч байсан морин дивизоны дарга байсан юм. Нөхөр С.Чойндонгаваа бол олон жил цэргийн алба хаасан туршлагатай, шаардлагатай, зүтгэлтэй дарга нарын нэг бөгөөд түүнийг бүх дарга, цэрэг их хүндэтгэдэг байлаа. Түүнийг 1939 оны есдүгээр сард Халхын голын байлдаанд ангиа сайн удирдан зохион байгуулж амжилттай байлдсан учир "Байлдааны гавьяаны улаан тугийн одон" болон Хошууч цолоор шагнасан юм. Мөн 17 морьт хорооны байлдааны амжилтыг өндрөөр үнэлж "Байлдааны гавьяаны улаан тугийн одон"- гоор шагнаж мөнхийн дурсгал болсон хадгалуулсан юм.
 
...Байлдааны талбарт бидний дарга цэргүүд цус, хөлс асгаруулсан энэ өдрүүдэд "Дайн" гэдэг ямар их аюултайг бие сэтгэлээрээ мэдэрч эцэж цуцахыг мэдэхгүй зориг тэвчээр гарган хамт зүтгэж явсан нөхөд" тухайлбал, Хорооны дарга С.Чойндонгаваа хорооны комиссор Бадамсүрэн, намын товчооны дарга З.Жамсран, штабын туслах Дугаржав, Сумангийн дарга Б.Шарав, байлдагч Бадам, Цэнд, Пүрэв, Равдан, Сандаг, Лундаажанцан нарын олон эрэлхэг цэрэг даргаа дурсан санаж байна гэж бичсэн байдаг.
 
Халх голд идэвхи зүтгэлтэй байлдаж явсан МАХЦ-ийн 17 дугаар морьт хорооны дарга Чойндонгаваа тэргүүтэй дарга нарыг 1940 онд Москвад урьж Октябрийн хувьсгалын баярт оролцуулан Маршил Ворошилов одон гардуулж хоёр орны эрэлхэг дайчдын гавьяаг зүй ёсоор үнэлж байв.С.Чойндонгаваа 1939 оны зургадугаар сараас 1943 оныг хүртэл 17 дугаар морьт хороог, 1943-1945 онд Баянтүмэнд 6 дугаар дивизийн нэгдүгээр морьт хороог тус тус командалж хоёр дайнд оролцож нэр алдар нь түүхэнд мөнхөрсөн, Байлдааны гавьяаны улаан тугийн одон хоёр, байлдааны гавъяаны одон хоёр, ЗХУ-ын байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон хоёроор шагнуулсан, дайчин хороон дарга нарын нэг билээ. 
 
Эх орон ард түмнийхээ төлөө эр зориг тэвчээр гарган амь бие хайргүй тэмцэж ялалт авчирсан ахмад дайчдынхаа дурсгалд зориулан сум байгуулагдсаны 90 жилийн ойгоор сумандаа ГЭРЭЛТ ХӨШӨӨ босгон мөнхжүүлсэн бөгөөд хоёр дайны гал мэсэн дундуур туулсан дайчин хороон дарга Чойндонгаваагаараа Гучин-Усчууд бахархдаг юм.
 
 
Улаанбаатар хот дахь Гучин-Ус сумын нутгийн зөвлөлийн гишүүн, чөлөөнд байгаа дэд хурандаа С.ГЯМНАНСҮРЭН