sonin.mn
Олон улс судлалаар 30 гаруй жил ажиллаж байгаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.УЛАМБАЯРТАЙ ярилцлаа.
 
Тэрбээр 1994 онд БНСУ-ын Танкүг хотын олон улсын харилцааны их сургууль, 1995 онд Нидерландын дипломатын академи, 1998 онд Сөүлийн үндэсний их сургуулийн Олон улсын харилцаа, дипломатын сургуулиудад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан Монгол Улсын тэргүүний олон улс судлаач эрдэмтэн юм.
 
Өнөөдрийн байдлаар олон улсын геополитик хэрхэн өөрчлөгдөж, хувьсаад байна вэ?
 
-Хүн төрөлхтөн XXI зууны эхнээс өөрсдийн амьдрах геополитикийн орон зайгаа хязгааргүй тэлсэн. Үүнийг кибер орон зай гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн дэлхий тэр чигээрээ дижиталчиллын (digitalization) эрин үед эргэлт буцалтгүй шилжээд байна гэсэн үг. Энэ нь хүн төрөлхтөнд хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн IV хувьсгалыг авчирч, бидний амьдралын хөгжлийн хэв маягийг орвонгоор нь өөрчилж эхлэв. Энэ их хөгжлийн хурдыг дагаад мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын асуудал ч хурцаар тавигдаж байна. Олон улсад хүчний төвийн шилжилт хөдөлгөөн түргэсч, 1990-ээд онд дэлхийн асуудлыг ганцаараа шийдэж байсан АНУ-ын ноёрхол аажимдаа сааран, ОХУ, БНХАУ, БНЭУ, Европын холбоо руу шилжиж, олон туйлт дэлхийн хүчний харилцаа бүрэлдэх үйл явц ажиглагдаж эхэллээ. Тэр дундаа Ази-Номхон далай, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг руу хүчний харьцаа алгуур шилжих хандлагатай болжээ. Ийм л цаг үед бид амьдарч байна даа. Нөгөөтэйгүүр БНХАУ “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх-2030” хөтөлбөрийг, ОХУ “Хиймэл оюун ухааны үндэсний стратегийн хөтөлбөр-2030”-ийг тус тус батлаад байна. Хоёр хөрш маань дижиталчиллын шинэ эрин үетэй ийнхүү хөл нийлүүлэн алхан орлоо. Дэлхийн топ сургуулиуд хиймэл оюун ухаан судлалтай холбогдсон мэргэжлийн хөтөлбөрүүдийг баталж, энэ талын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж эхэллээ. Тэгэхээр боловсролын түвшинд ч дижиталчиллын эрин үеийн оюутан, багш, доктор, профессоруудын төрх гэж шинээр үүслээ. Бидний үеийн слайд хэлбэрийн тайлан, самбар ашиглаж сургалт явуулдаг арга, хэлбэр хоцрогдсон. Өөрөөр хэлбэл, танхимын хичээлүүд үндсэндээ 3D технологид суурилсан сургалтын шинэ арга барилыг ашиглаж эхлээд байна гэсэн үг.
 
Монгол Улсын хувьд хүн төрөлхтний уг хөгжлийн эрин үетэй хэрхэн хөл нийлүүлэн алхаж байна вэ?
 
-Сүүлийн хоёр жилээс манай улсад дижитал шилжилт хөдөлгөөн маш эрчимтэй өрнөж эхлээд байна. Ялангуяа манай банк, харилцаа холбооны салбар, хиймэл оюун ухаанд суурилсан төрөл бүрийн технологиудыг амжилттай нэвтрүүлж, хэрэглээнд ашиглаж эхэллээ. Гэвч тус хөгжлийг дагаад кибер аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна. Тийм ч учраас саяхан БНХАУ-ын 800 гаруй иргэнийг манай ТЕГ-ын тусгай албадууд баривчилж нутагт руу нь буцаалаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Филиппинд яг ийм тохиолдол гарч 300 гаруй иргэнийг баривчиллаа. Энэ бол цахим технологийн хил хязгааргүй хөгжил нь нэг талдаа мөнгө угаах гэмт хэргийг идэвхжүүлж байгаагийн тод жишээ. Тиймээс манай улсын хувьд энэ талын эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг эрх баригчид ойлгох цаг нь ирсэн гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын халдашгүй дархан байдал, язгуур эрх ашигтай зайлшгүй хамааралтай зүйл юм.
 
Манай улсын гадаад бодлогын онцлог юу вэ?
 
-Монгол Улс хоёр их гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдсан, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй жижиг улс байсан бол эдүгээ хоёр их гүрний дундах “Азийн шандаст хүлэг” гэж дэлхийн хэвлэлүүд бичих болжээ. Хоёр хөрштэйгөө эн тэнцүү харилцах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Тийм учраас 2014 онд бид урд хөрштэйгөө “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баталсан бол энэ онд Халхын голын байлдааны ялалтын түүхт ойгоор хойд хөрштэйгөө “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн суурь гэрээг байгууллаа. Мөн Орос, Монгол, Хятад улсын гурван талт дээд хэмжээний уулзалтыг хамгийн сүүлд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулсан. Уг уулзалтын хүрээнд гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах мега төслийг хэлэлцсэн. Нийт 32 төслөөс төмөр зам, авто зам, эрчим хүчний коридорыг байгуулахаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд Монголын нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой дамжуулах төсөл яригдаж байна.
 
 
Манай улсын гадаад бодлогын бас нэгэн чухал чиглэл нь гуравдагч хөршийн бодлого юм. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж, “Стратегийн түншлэл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр ОХУ, БНХАУ, Япон, БНЭУ-ын дараа АНУ нь Монгол Улсын хувьд стратегийн тав дахь түнш орон болж байгаа юм. Ирэх онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд “Стратегийн түншлэл” байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Гуравдагч хөрш гэдэг нь бүлэг орнуудыг хэлж байгаа бөгөөд үүнд ардчилсан, аж үйлдвэржсэн, олон улсын харилцаанд нөлөө бүхий орнууд багтдаг онцлогтой.
 
 
Гадаад бодлогын өөр нэгэн онцлог чиглэл нь 1990 онд Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй орон гэж дэлхий дахинд зарласантай холбоотой. 1998 онд НҮБ Монгол Улсын уг гадаад бодлогыг хүндэтгэж, 2000 онд Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид байх тухай тогтоолыг батлан соёрхсон. Ингээд 2002 онд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүн орон Монгол Улсын цөмийн зэвсгийн статусыг хүндэтгэн нэгдсэн тунхаглал гаргасан. Энэ бол манай эх орны тусгаар тогтнолд маш чухал зүйл бөгөөд ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи улс Монгол Улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн тунхаг бичиг гэж ойлгож болно. Мөн “Хоёрдугаар сувгийн дипломат ажиллагаа”-ны бодлого гэж бий. Үүнийг энгийнээр тайлбарлавал Монгол Улсын гадаад бодлогыг төрийн бус байгууллагуудын шугамаар хэрэгжүүлэх гэж ойлгож болно. Тус бодлогоо бид зөрчилтэй улсуудын хооронд энхийн зууч хийх байдлаар хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал юм. 2014 оноос амжилттай хэрэгжиж эхэлсэн бүс нутгийг хамарсан тус хурал 2017 оноос албан ёсоор 1,5 дугаар сувгийн түвшинд буюу төрийн болон эрдэмтэн, судлаачдын хосолсон түвшинд зохион байгуулагдаж эхэлсэн. Нэгдүгээр суваг гэдэг нь дан Засгийн газрын түвшний уулзалт хэлэлцээ гэж ойлгож болно. Цаашдаа тус хурал хоёрдугаар түвшинд хүртлээ дэвших бүрэн боломжтой.
 
Олон улсын харилцааны чиглэлээр оюутан залуус хэр сонирхон сонгож, хичээллэж байна вэ, тус мэргэжлийн эрэлт өнөөгийн нийгэмд хэр их байна вэ?
 
-Залуусын дунд тус чиглэлээр суралцах сонирхол их байна. Гадаад харилцаанд оролцдоггүй хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн гэж байхгүй болсон. Олон улсын харилцааны мэргэжлээр залуус төгсөөд үндэсний аюулгүй байдлын салбарт, төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байна. Янз бүрийн мэргэжилтэй хүмүүс энэ чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцах сонирхолтой болсон.
 
Цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгааг Та судлаач хүнийхээ хувьд юу гэж боддог вэ?
 
-Манай улсын Батлан хамгаалах салбарын гадаад бодлогын чухал чиглэл нь энхийг сахиулах ажиллагаа юм. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж чадаж байна. Үүнийг бид цаашид үргэлжлүүлэх ёстой.
 
 
Зарим улс төрчид “Монгол Улсын гадаад бодлогод ямар нэгэн эвсэл, холбоодод нэгдэхгүй гэж заасан байдаг. Гэтэл бид Ирак улс дахь цэргийн ажиллагаанд шууд оролцсон шүү дээ” гэж шүүмжилдэг. 2003 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин "Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцсон. Энэ нь манай улс АНУ-ын холбоотон болж, тус ажиллагаанд оролцсон юм огтоос биш. Харин дэлхий нийтийн өмнө хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байсан Саддам Хусейний дэглэмийг нураан унагаахын тулд нэгдэн орсон гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
 
 
Улсынхаа эдийн засагт энхийг сахиулагчдын гавьяа их. Үүний тод жишээ нь 2007 онд АНУ-ын “Мянганы хөгжлийн сорилтын сан”-гаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хүлээн авсан. Өнгөрсөн онд “Мянганы хөгжлийн сорилтын сан”-гийн хоёрдугаар гэрээнд гарын үсэг зурж, 350 сая ам.долларын тусламжийг Улаанбаатар хотын хүн амын цэвэр усны хангамжийг сайжруулахад зориулж авлаа шүү дээ. Эдгээр тусламжийн гол шалгуур нь ардчиллын бодлогыг идэвхтэй дэмждэг, олон улсын терроризм, хүний эрхийн зөрчилтэй тэмцдэг ардчилсан засаглалтай улс байх явдал юм. Нөгөөтэйгүүр АНУ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны арга, туршлагыг нэмэгдүүлэхэд нэлээд эрчимтэй бодлого баримталж байна. Мөн инженерийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхээр зохих хэмжээний техникийн туслалцаа ч үзүүлж байгаа. Гэхдээ бид АНУ-тай цэргийн холбоотон биш гэдгийг санах хэрэгтэй. АНУ-аас зэвсэг худалдаалах орны тоонд манай улс ордоггүй. Мөн Америкийн Батлан хамгаалах салбарын удирдлага “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийг батлахад энэ бүс нутгийн хамгийн найдвартай түншээр Монгол Улс удаа дараа нэрлэгдсэн юм. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэхэд цэргийн алба хаагчид та бүхэн хамгийн их хувь нэмрийг оруулж байгаа юм шүү.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин