sonin.mn
Олон улс оронд коронавирусын халдвар буюу “COVID-19” гэж нэрлэгдэж байгаа халдвар тархаж 2020 оны гуравдугаар сарын 2-ны байдлаар 89.000 гаруй хүн коронавирусын халдвар авч, 3000 гаруй хүн нас барж, 45.000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. БНХАУ-д коронавирусын халдвар авсан болон нас барсан хүний тоо хамгийн өндөр түвшинд хүрч байна. Ер нь шинэ коронавирусын халдвар цаашид энэ байдлаар үргэлжилбэл бүр олон улс орныг хамарч номд бичсэнээр “Эпидем” буюу халдвар тархалт биш “Пандем” буюу цар тахлын халдвар тархалтад ч хүрч болзошгүй юм.
Манай улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч, эрсдэл өндөр хэвээр байна. Харин сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д шинжилж сөрөг хариу гарсныг тухай бүр мэдээлж байна. Мөн сэжигтэй тохиолдлоор зарим аймагт түр хорио цээр тавьж, Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөнийг хязгарласан зэрэг шинэ коронавирусын халдвараас сэргийлэх олон арга хэмжээ авч байна. Манай улсын бүх эмнэлгийн байгууллагууд ч бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, манай ХӨСҮТ-ийн эмч сувилагчид өндөр ачаалалтай ажиллаж байна.
 
 
 
Өнөөдрийн олон улсад халдварлан тархаж байгаа шинэ коронавирусын халдвар нь 2003 онд олон улс оронд гарч халдварлан тархаж “SARS” гэж нэрлэгдэж бүртгэгдсэн амьсгалын цочмог халтай хам шинжтэй нэгэн адил гэж үзэж байна. Сингапур зэрэг улс шинэ коронавирусын халдвар тархалтыг 2003 онд олон улс оронд гарсан амьсгалын цочмог халтай хам шинж буюу ”SARS”-тай тэмцэж байсантай нэгэн адил тэмцэнэ гэж үзэж байна.
 
 
 
Тэр үед амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS”-аар 20 гаруй улс оронд 8437 тохиолдол бүртгэгдэж, 813 хүн нас барж байсан. Тэр үед БНХАУ-ын ӨМӨЗО-оос амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS”-ийн халдвар авсан Монгол Улсын 18 иргэнийг бид хүлээн авч шууд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээ сэхээний тасагт тусгаарлан хэвгүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлж, бүрэн эмчилж, эдгэрүүлж Улаанбаатар хотын эрүүл мэндийн төвийн дарга нарт харьяаллын хүмүүсийг нь хүлээлгэн өгч байсан юм.
Ингээд 2003 оны зургадугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS”-ийн халдвартай тэмцэж амжилт гаргасан олон улсын эрүүл мэндийн сайд нар болон халдварт өвчинтэй тэмцэх салбаруудын төлөөллүүд оролцсон гурав хоногийн симпозиум болж, бидний гурван хүн улсаа төлөөлж оролцсон юм. Хоёр дахь өдрийн хуралд тэр үеийн Эрүүл мэндийн сайд академич П.Нямдаваа “SARS”-тай тэмцсэн нь гэсэн илтгэл тавьж үнэлэлт авч байсан. Ер нь “SARS”- аас урьдчилан сэргийлж хэрхэн тэмцсэн тухай судалгааны томоохон хэмжээний хоёр хавтас материал ХӨСҮТ-ийн архивт бий. Өнөөдөр коронавирусын халдварын тохиолдолтой тэмцэж урьдчилан сэргийлж, өөрийн улсад халдварын тохиолдлыг оруулахгүй байх талаар манай улсын Засгийн газар олон шийдвэртэй арга хэмжээ авч байна. Гэхдээ бид тайвширч болохгүй бөгөөд коронавирусын халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх тэмцлийг бүх нийтийн үйл хэрэг болгох шаардлагатай.
2003 онд олон улсад мөн манай улсад орж ирсэн амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS”-ийн халдварын тохиолддоос урьдчилан сэргийлж тэмцсэн тэмцэлтэй өнөөдрийн олон улсад тархаж байгаа шинэ коронавирусын халдварын тохиолдолтой хийх тэмцэлтэй нэгэн адил улам бүр эрчимжүүлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр манай улс шинэ коронавирусын халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгааг ч анхаарах ёстой. Иймийн тул коронавирусын халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлж, иргэдийн заавал мэдэж анхаарч хэвших арга сэрэмжлэлээс заримыг дурдвал:
-Олон нийтийн газар явахдаа амны хаалт, бээлийтэй байх
-Онц шаардлагагүй бол зах зээлийн газраар явахгүй байх
-Ханиад томуугаас сэргийлж, хувцасаа тохируулж өмсөх, даарч болохгүй, сайн чанарын хоол хүнс ногоо, жимс хэрэглэх
-Хүнсний бүтээгдэхүүнийг сайн боловсруулж хэрэглэх 
-Хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх 
-Бие эвгүйрхэх, ханиах, халуурах шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх халуунаа үзэх
-Коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ах дүү, садан төрөл, найз нөхдөө хамгаалах
-Гэр орны ариун цэврийг сахих, агаар салхи оруулах 
-Ил задгай газар нус цэрээ хаяхгүй, бие засахгүй байх
-Ханиад хүндэрч уушгины хатгалгаа болохоос сэргийлж эмчид хандах
-Хэрэглэсэн амны хаалтаа ил газар тавихгүй, хогийн саванд зөв байх 
-Коронавирусын халдварын шинж тэмдэг ихэвчлэн 2-өөс дээш хоногт илэрдгийг анхаарах
-Гар утсаа ариутгах, дусал шүлс ч халдвар тараана
-Халдвар гарсан бүс нутгаар аялахгүй байх 
-Короновирусын халдвар хүнээс хүнд халддаг гэдгийг анхаарах
-Хамар, амны хаалтыг хоёр цаг тутамд сольж байх 
-Гараа байнга савандаж угаах, аяга, таваг, халбагаа байнга угааж ариутгах 
-Ханиадтай болон ханиаж найтаж байгаа хүнтэй ойртож харьцахгүй байх
-Хамар, амаа арчиж хэрэглэсэн цаас, арчдасаа хогийн саванд хийх
-Нусны алчуураа сольж угааж ариутгах
-Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төвүүдийн эмч нар гэр хорооллын сэжигтэй хүмүүсийг хяналтандаа авч, сэргийлэх 
-Гар барилцаж мэндлэхгүй, гэртээ зочин урихгүй байх
-Айж сандрахгүй тайван байх
-Ханиад томуу туссан бол, эрсдэлтэй орноор зорчсон бол өөрийгөө тусгаарлах
ДЭМБ-аас манай улсыг шинэ коронавирусын халдварын тохиолдлоос сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байхыг анхааруулсан.
Иймд төр засгийн тогтоол шийдвэрийг биелүүлж, коронавирусын халдварын тохиолдлоос сэргийлэх энэхүү зөвлөмжийг иргэн бүр анхаарч, иргэний үүргээ биелүүлэх нь чухал гэж үзэж байна. Ингэж сэргийлж чадвал бид шинэ коронавирусын халдварын аюулыг давж гарч чадна.
 
 
ХӨСҮТ-ийн анхны ерөнхий захирал, Монгол Улсын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат Ажилтан, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Бат-Очир