sonin.mn
Сургууль, цэцэрлэг ороод сар гаруйн дараагаас бөгс нь загтнасан хүүхдүүд олширдог. 9 сарын эхээр цэцэрлэг, сургуульдаа халдвар авсан бол шинж тэмдэг нь 10-р сар гарахаар илэрч, загатнаж эхэлдэг. Ялангуяа хүйтний улиралд тохиолдол нь нэмэгддэг тул өвлийн дундуур бүр элбэгших нь дамжиггүй юм. Тиймээс бид цагаан хорхойтох өвчний талаар хүргэж байна.
 
Үндсэн шинж тэмдэг нь хошногоны амсар загатнах.Загатналтын хүч нь зөөлөн эрвэгнэхээс авахуулаад тэсэхийн аргагүй хүчтэй, зарим тохиолдолд өвдөлттэй байж болно.Загатналт унтахын өмнө, шөнө орой болсон хойно нэмэгддэг.Учир нь энэ үед эм хорхой идэвхжиж, өндгөө гаргахаар хошногоны амсар орчмоор хөдөлдөг. Хөдөлж буй хорхой, өндөг болон түүнтэй хамт ялгарсан шингэн хошногоны амсрыг цочроож загатнуулна.Маажсанаас болоод хошногоны амсрын арьс шалбарч урагдах, хорсох, улмаар халдвар орж үрэвсэж болно.
Хүүхэд нойрондоо муудах, ядрах шинжүүд дагалдан илэрдэг.Түүнчлэн хоолондоо дургүй болох, бөөлжих, тайван бус, уур уцаартай болох, орондоо шээх нь түгээмэл тохиолдоно.Хялгасан хорхойг удаан хугацаагаар тээвэл хоол тэжээл, эрдэс бодисын шимэгдэлт алдагдаж, турж болно.Хялгасан хорхой хошногоны амсраар гарч, идэвхтэй хөдөлж, ойр орчимд өндөгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруул, үтрээнд орж үрэвсэл үүсгэх нь бий. Үүний улмаас бэлгийн уруул загатнах, маажих, доош юм гарах шинж илэрнэ. Мөн шээсний сувагт орж үрэвсүүлснээс шээхэд хорсож өвдөх тохиолдол ховор боловч тохиолдоно.
Энэ халдварын 30% -д нь шинж тэмдэг огт илэрдэггүйг анхаарна уу.
 
Хэрхэн оношлох вэ?
 
Хүүхдийн хошного загатнах, бөгсөө маажих болон дээр дурдагдсан бусад шинжүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.Хошногоны амсраас наалдуулагч туузаар шинжилгээ авч микроскопоор өндөг илрүүлж болдог. Гэрийн нөхцөлд ч хялгасан хорхойг илрүүлэх боломжтой. Үүний тулд:
Хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгах. Унтаж, бие тайвшрахад хорхой гарч ирж өндөглөх нь нэмэгддэг тул энэ үед амьд хорхой илрүүлэх боломжтой. Хялгасан хорхой бичгийн үдээсний хэмжээтэй (1см орчим), тахиралдсан, цайвар шаргал өнгөтэй.
Бие зассаны дараа баасны гадаргууг шалгах. Хорхой ихээр халдварласан үед баасанд олонтаа илэрдэг.
Бараан өнгийн дотуур хувцас өмсүүлээд, өглөө шалгавал цагаан өнгийн хорхойг олж харж болно.
Урьдчилан сэргийлэх доорх зөвлөгөөг сайтар мөрдөөрэй.
Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх (ялангуяа бие зассаны дараа, тоглосны дараа, хоол идэхийн өмнө)
Боломжтой бол өдөр бүр усанд оруулах
Дотуур болон унтлагын хувцсыг ойр ойрхон солих
Хумсыг богино авч байх, завсрыг нь сайтар цэвэрлэх
Хуруугаа хөхөх, хумсаа мэрэхийг болиулах хэрэгтэй
 
Яаж урьдчилан сэргийлэх вэ?
 
Өндөг хатуу бүрхүүлтэй учир тэсвэртэй, гадаад орчинд 20 хоног хүртэл халдварлах чадвараа хадгалдаг.Өндөгний гадаргуу наалдамхай тул хуруу, хумсны завсар, дотуур хувцас, цагаан хэрэглэлд тархдаг.Түүнчлэн ор дэр, тавилга, хивс шаланд ихээр наалдана. Бохирдсон эд зүйлс, гар хуруу, хоол хүнс, аяга таваг, тоглоомоор дамжин өндөг залгигдаж, халдварладаг.Тиймээс цагаан хэрэглэл, алчуур, хувцас, аяга таваг, халбага сэрээ, тоглоомыг нь ойр ойрхон цэвэрлэх, ширээ, ванн, ариун цэврийн болон унтлагын өрөө тасалгаа, хивс шалаа сайтар соруулж, угааж байх шаардлагатай. Саван, угаалгын нунтаг өндгийг үхүүлж устгахгүй ч, хөөстэй угаалга цэвэрлэгээ нь наалдсан өндгийг салгаж, цэвэрлэж чадна. Индүүдвэл илүү үр дүнтэй.
Цагаан хорхойтох өвчний эмчилгээнд хорхойн эсрэг бэлдмэл хэрэглэх бөгөөд хэрэв таны хүүхдэд эмч цагаан хорхойн эсрэг эм зөвлөвөл гэр бүлийн бүх гишүүд мөн адил эмчилгээнд хамрагдах ёстой.
Өргөн хэрэглэдэг цагаан хорхойн эмэнд альбендазол, мебендазол ордог. Эдгээр эмийг та эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэйг санаарай.
 
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин