sonin.mn
Хүүхдүүдийнхээ урилгаар АНУ-д амарч байтал дэлхий нийтийг хамарсан коронавирус гэдэг дийлдэшгүй өвчин гарч тэр оронд найман сар гацан байж өнгөрсөн есдүгээр сарын 1-нд Монголынхоо тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ. Гадаад оронд аюултай өвчнөөс болж эх орондоо ирж чадахгүй гацсан ард иргэдээ өөрийн онгоцоор татан авч байгаа төрдөө талархал илэрхийлэх нь илүүц биш. 12 цаг цэнхэр тэнгэрт дүүлэн ниссээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад зорчигчид “Эх орондоо эсэн мэнд газардлаа” хэмээн хашгирч, алга нижигнүүлэн ташиж байлаа. Хүний төрсөн эх орон гэдэг яасан үнэтэй юм бэ. Онгоцноос буугаад л эх орныхоо цэнгэг агаараар чээж дүүрэн амьсгалж мэлмийд нулимс мэлтрэв. Журмын дагуу ариутгал хийлгээд Улаанбаатар хотын арын ой хөвчийн хойхно “Ивээл” хүүхдийн сувиллын газар 21 хоног тусгаарлалтад амарлаа. Байр тав тухтай, хоолны амт чанар сайн, үйлчилсэн хүмүүс эелдэг зөөлөн байсан юм.
 
 СҮҮН СЭТГЭЛТЭЙ СҮРХИЙ ЗАЛУУ
 
Гадаадад гацаж ядарсан, амьдрал нь хүндэрсэн элэг нэгт монголчуудаа ямар ч үнэ төлбөргүй байрандаа амрааж хооллож байгаад МИАТ-. ийн тусгай онгоцонд суулгадаг нэгэн тусч сүүн сэтгэлтэй сүрхий сэргэлэн залуу байна гэж би хүүхдүүдээсээ олонтаа сонссон. Би гацаанаас гарч эх орондоо буцах сонголтод хамрагдаж манай хоёр хүүхэд 12 цаг хурдны замаар довтолж намайг бидний нисэх Сиатл хотод хүргэж өгөв. Хүний нутагт монголчуудынхаа тухай зүрх нь лугшиж байдаг тэр тэнгэрлэг залууг сураглаж хаягаар нь хөөж очиж уулзлаа. Олон жилийн настай, хөгшин саглагар ногоон модны чөлөөнд шинэхэн засвар хийсэн болов уу гэмээр шаргал өнгийн хаус өглөөний тунгалаг наранд өнгө юугаа гайхуулан Монголын төрийн далбаа цэнхэр тэнгэрт намиран харагдах агаад зорьсон газартаа бид дөрөө мултлав. Залуугаараа санчиганд нь цайвар сор гэрэлтсэн сэргэлэн залуу биднийг угтан авч мэндлээд ариутгал хийж хаустаа орохыг урилаа.
 
Засварлан тохижуулсан гурван давхар хаусаа бүрэн танилцуулав. Удаалаад өөрийгөө танилцуулахдаа “Намайг Самбуугийн Мөнхмөр гэдэг.Увс аймгийн харьяат, одоо АНУ-ын Сиатл хотод амьдардаг” гэж инээмсэглэв.  
 
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн тэр өдгөө Америкийн цахилгаан станцын газарт цахилгааны инженерээр ажилладаг. Авдаг цалингаасаа илүүчилж хуучин хаус хямд үнээр худалдан авсан. Засвар хийгээд Монголоос гэргий хүүхдээ авчирч тав тухтай сайхан амьдрах зорилготой байсан ч дэлхий нийтийг хамарсан коронавирус гэж аюултай өвчин гарч орон орны хилийн зурвас хаагдаж, ажиллаж, амьдарч, жуулчилсан газартаа гацсан яах ч учраа олохгүй олон зуун монголчууд байгааг тэр олж харжээ. Тиймээс хүний нутагт ганцаараа тансаглаж амьдраад яахав. Гацаанд байгаа монголчуудаа ганц өдөр ч тав тухтай байлгаж байгаад буцаая гэж шийдээд хаусаа нийтийн байрны загвараар засварласан байна. Хуучин байрыг засахад манай энэ хотод ажиллаж амьдарч байгаа эрчүүд засвар, гэргий нар нь угаалга цэвэрлэгээ хийж сайхан тохижуулж ашиглалтад оруулсан. Америкт ажиллаж амьдарч байгаа үр хүүхдийнхээ урилгаар ирээд буцах гэсэн, ажлын шугамаар түр ирээд гацсан монголчууд С.Мөнхмөртэй утсаар холбогдож ирж байлаа. “Америкийн өнцөг булан бүрээс гацаанаас гарч ирж байгаа элэг нэгт монголчуудаа аль болох тохилог байрандаа ганц хоног ч гэсэн тухтай амраагаад эх орныхоо тусгай үүргийн онгоцоор ямар нэгэн эрсдэлгүй эх нутагтаа очоороо л гэж ерөөгөөд байрандаа байлгадаг. Намайг зориод ирж байгаа монголчуудаасаа би юу ч авдаггүй. Монголдоо яван явтлаа үр хүүхэд, аав ээж, ах, дүүстэйгээ хамт амьдарч байгаа юм шиг л байлгах юмсан гэсэн зорилготой. Миний энэ өчүүхэн ажлыг сэтгэл санааны болон эд материалаар дэмждэг монгол олон бий. Бидэнд Америкийн өнцөг булан бүрд ажиллаж амьдардаг монгодчууд юу байгаагаараа тусалдаг. Зарим хүн хонь, үхрийн мах, ус ундаа, банш, бууз гээд монголчуудын амтархан идэх дуртай идээ будаагаа барьсаар биднийг зорин ирдэг. Би ч гэсэн хүүхдүүдтэйгээ ундаа, нарийн боов, ус гээд хүнс бэлэглэсэн” хэмээн С.Мөнхмөр ярьсан юм. Монголын тусгай үүргийн онгоц нисэх өдөр 2-3 цагийн өмнө С.Мөнхмөр банштай халуун цайгаа онгоцны хүлээлгийн өрөөнд авчран монголчуудаа цайлж дайлж байсан. Би ч гэсэн хүүхдүүдтэйгээ банштай халуун цайнаас ууж, идэж тэр аагаараа Монголдоо дөрөө мулталсан. Хүний нутагт хүн чанараа алдахгүй монголчуудын төлөө зүрх сэтгэл гарган ажилладаг Увс аймгийн уугуул АНУ-д суугуул С.Мөнхмөр гэдэг тэнгэрлэг залууд монголчууд урт насалж удаан жаргаж, эрхэлж байгаа буяны болон өдөр тутмын ажилдаа өндөр амжилт гаргаараа гэж ерөөж зарим настан буурлууд нулимс унагаж байсныг миний бие нүдээр үзсэний хувьд энэхүү материалыг бичив.
 
АНУ-Д АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН СОНГУУЛИЙН ДАРААХ БОДОЛ
 
Бид УИХ-ын 2020 оны сонгуулийг ихээхэн өөрчлөлтийг авчрах сонгууль болно гэж хүлээж зурагтаа улайстал асааж өдөр шөнөгүй үзсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болоод л “Төрөө цэвэрлэнэ. Намаа цэвэрлэнэ, УИХ-ын гишүүд та нар аятайхан шиг л байгаарай, эрхэлсэн ажпаа сайн хийхгүй бол ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж санахын ч хэрэггүй шүү” гэж хэлж байсныг бид сонсоод 2020 оны сонгуульд эрс өөрчлөлт болох нь гэж өөр хоорондоо ярилцаж байсан цаг тун саяхан. Сонгуульд нэр дэвшүүлэхдээ олон жил зөөлөн суудалд тухлан заларч суусан хэдэн буурлаа дэвшүүлсэнгүй. Энэ ч зөв. Бас л цэвэрлэгээг дутуу хийлээ гэж бид бага зэрэг чамлалттай байна. Дараагийн УИХ-ын сонгуульд бүрэн цэвэрлэгдэж шинэчлэгдэнэ биз.
 
За сонгууль иймэрхүү болж өнгөрч бид ажилгүй нь унтаж, ажилтай нь ажилдаа явсан юм. Удаах өдөр ялагдсан намын дарга нар ялагдсандаа гэмшиж даргынхаа зөөлөн суудлыг орхиж байгаа харагдав. 
 
Зарим нам, эвсэл “Хир буртагтай сонгууль боллоо. Дахин сонгууль явуул. Дахин тооллого хийж сайн нягтал” гэж жагсаал цуглаан хийж, Сонгуулийн ерөнхий хороонд болон Ерөнхийлөгчид өргөх бичгээ өргөөд амжлаа гэж бид харж л байлаа. Ерөнхийлөгч өргөх бичгийг хүлээж аваад Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Монголчууд МАН-д хоёр дахь удаагаа итгэл хүлээлгэсэн нь нэгдүгээрт, ахмад настны тэтгэвэрийн зээлийг тэглэсэн. Аав ээж нь тэтгэврийн зээл авч хүү, охин, ач, зээдээ сургуулийн төлбөр төлж дээд мэргэжилтэй болгож, машин авч өгч хөл дүүжлэх унаатай болгосон гээд тоочоод байвал их л тус нэмэр болж. Гадаад оронд гарч ажиллаж амьдрах, сурч боловсроход ихээхэн тус болсон. Хоёрдугаарт, хүүхэд бүрд сар бүр авч байсан мөнгийг 100.000 төгрөг болголоо. Гуравдугаарт, малчдын ямаа бүрд 30.000 төгрөг өгч байна. Дөрөвдүгээрт, 2019 оны өвөл нэлээд хэдэн хүний амь насаар дэнчин тавин байж олон жил бугшсан хар утаанаас нийслэлчүүдийг салгасан нь МАН сонгуульд санал авахад ихээхэн тус нэмэр боллоо гэж монголчууд бид алсын Америк орноос ажиглаж байлаа.
 
Ахмад сэтгүүлч Б.Лхагваа