1924 он хүртэл У Пэйфү нь бүх Хятадыг нэгтгэх бодлогынхоо хүрээнд Сүнь Ятсэний хамсаатан байсан юм. Гэтэл генерал Фэн Юйсян бослого гарган Бээжинг эзэлж шинэ Засгийн газар байгуулжээ. Фэн тогтвортой Засгийн газартай байхын тулд хойшоо Монголтой, урагшаа Сүнь Ятсэнтэй холбоо тогтоохоор оролдов. Иймээс Монголын Засгийн газраас Москвад суух төлөөлөгч А.Данзангаар дамжуулан байр сууриа илэрхийлэв:
СССР юуны өмнө Сүнь Ятсэний “Бээжингийн нэгдэл” гэх үзлээсээ татгалзахыг ятгах нь зүйтэй... Гадаад хэргийн ардын комиссариатаас Бээжинд нөлөөлж төлөөлөгчөө Улаанбаатарт суулгахыг ятгах нь зүйтэй байна. СССР-ийн Засгийн газар ойрын хугацаанд Бээжинд өөрийн төлөөлөгчийг илгээж Монголын ард түмний үндэсний эрх ашгийг хамгаалсан баталгаа гаргуулмаар байна. Баргын автономийг сэргээх, Шиньжааны монголчуудад автономи эрх олгох, Жэхэ гол, Цахар, Сюань мужийг түр хугацаагаар Монгол улсын захиргаанд оруулах...[i]
 
 
 
 
Монгол овогтныг эргүүлж нэгтгэх Ринчиногийн санаа Монголын удирдлагад ихэд таалагджээ. Ринчиног зайлуулснаар энэ асуудал үгүй болох битгий хэл улам газар авлаа. Шиньжаантай хиллэдэг хэсгээр байдал түгшүүртэй боллоо. Баруун Монголоос хэсэг хүмүүс Төв Засгийн эрх мэдэлтний бодлогод дургүйцэн Хятадын нутагт байдаг Шар сүм орчимд дүрвэн нүүжээ. Засгийн газар дүрвэгсдийг буцаах зорилгоор Хятадтай сөргөлдөж эхлэв. Монгол, Хятадын хилийн орчимд хилийн цэргийн хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарчээ.
 
 
 
 
 
Үүнтэй давхцаад Гадаад Монголын зүгээс Шиньжааны удирдлагад хандан Алтайн хязгаарыг Монголд эргүүлж өгөхийг шаардав. Алтайн тойргийг 1907 оны “Шинэ засгийн бодлого”-ын үеэр Ховдын тойргоос салгаж шинээр байгуулсан юм. Тойргийн амбанаар Палт[ii] ванг тавьсан, харин тэр нь Хүрээнийхэнтэй түнжин муу нэгэн байлаа. 1913 оны Орос-Хятадын тунхаглал, 1915 оны Гурван улсын гэрээгээр Алтайн тойргийг Ховдоос гадуур байхаар шийдсэн юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Шар Сүмийн захирагч Ли Чунси-д Монголын Засгийн газар явуулсан албан захидалдаа: “Манай Монгол Алтайн урианхайчуудад тусгай аймаг байгуулсан байхад танай Хятадын Засгийн газар Алтай мужид суух монголчуудын эрх ашгийг хөсөрдүүлж Шиньжаанд дур мэдэн нийлүүлсэн... Алтайн тойргийг булаан авч өөрийн болгох нь Хятадын аугаа их хувьсгалын үзэл санаанд тохирохгүй” гээд Ли Чунси-г Алтайгаас гарч явахыг сануулсан байна[iii].
Зөвлөлтийн зүгээс Хятад дахь үйл хэрэгт монголчууд идэвхийлэн оролцох нь зохисгүй гэж үзэж байлаа. Гэтэл 1924 оны аравдугаар сард Баргын Ардын хувьсгалт намын төлөөлөгчид айлчлав. Нарийн бичгийн дарга Мэрсээ[iv] тэргүүтэй төлөөлөгчид МАХН-д хандан монголчуудтай хамтран Баргад бослого зохион байгуулах хүсэлтээ ярив. Нийт монгол угсаатгыг нэгтгэх нь бослогын зорилго гэж тайлбарлав. МАХН баргуудтай нууц хэлэлцээ байгуулсныг Коминтерний төлөөлөгч Рыскулов олж үзээд энэ саналыг хүлээж авах ямар ч бололцоогүй хэмээн мэдэгдлээ. Ингээд ТХ хуралдаж “Өвөр Монголд үйл явц тодорхой бус байгаа учир Өвөр Монгол, Баргад ямар нэг ажиллагаа ил явуулах боломжгүй. Гэхдээ Өвөр Монгол, Баргад намын нууц ажиллагаа явуулах нь зүйтэй” гэсэн тогтоол баталжээ[v]. Ингээд Ажвагийн Данзанг Кантон явуулж Сунь Ятсэнтэй холбоо тогтоов. Мөн намын төлөөлөгч С.Буяннэмэхийг Бээжинд томилж Монгол-Төвд сургуулийн сурагчдын дунд суртлын үйл ажиллагаа явуулах болов.[vi]
Өвөр Монголд суурьшчихаад байсан маршал Фэний армид буй монгол цэргийн дотор ухуулга сурталчилгааг идэвхижүүллээ. Үүний хариуд Фэн заль гаргаж нэгдсэн Монгол улс байгуулах бодлогыг дэмжинэ гэсэн байна. Тэрээр 1926 оны хоёрдугаар сард Монголын Засгийн газарт хандан 30 мянган морьт цэрэг гаргаж өгөхийг хүсэв. Энэ гуйлт монголчуудын цөсийг хөөргөж, Фэн Юйсяныг шинэ холбоотноо гэж үзэн “Дорнод Монголын үндэсний цагдаа” хэмээх тус болгондоо 5 мянган морьт цэрэг бүхий гурван суман зохион байгуулахаар шийджээ.
 
Ингэж давран бие даах гэсэн ажиллагаа нь мэдээж зөвлөлтүүдийн уурыг хүргэлээ. Бүрэн эрхт төлөөлөгч Ф.М.Никофоров, Коминтерний төлөөлөгч И.Амагаев нар Монголын Засгийн газарт хандан “бүх монголчуудыг нэгтгэх” үзлийг дахин гаргаж болохгүй хэмээн хатуу анхааруулав.
 
1925 оны аравдугаар сард Хаалган хотноо Өвөр Монголын Ардын хувьсгалт нам үүсгэн байгуулах хурал болж, зохион байгуулалтыг нь Коминтерний Хятадад суух төлөөлөгч Г.Войтинскийн ажилтан гэх Очиров хэмээх буриад хариуцсан ажээ[vii]. Тухайн үед Гоминьдан нам ба Хятадын коммунист нам аль алин нь Коминтерний гишүүнчлэлтэй, тус нэгдэл нь фракцийн шинжтэй байжээ. Иймээс ӨМАХН-ыг хамтран байгуулсан хэрэг. ХКН-ын талаас оролцогчид нь тухайн үедээ Бээжин дахь Монгол-Төвдийн хороон дарга хийж байсан харчин жүн ван Гүнсэнноровын байгуулсан “монгол-төвдийн сургуулийн” оюутан сурагч асан залуучууд байлаа. Тэдний дунд хожим Өвөр Монголын өөртөө засах орны дарга асан Улаанхүү[viii], мөн Цэрэндонров, Буянгэрэл, Мэрсээ нар байв. Намын нэрийг ХКН-ын төлөөлөгчид Монголыг дуурайж Өвөр Монголын ардын хувьсгалт нам гэж нэрлэж байсан боловч албан ёсоор Гоминьдан намын саналаар Өвөр Монголын иргэний хувьсгалт нам гэнэ. Хоёр тал маргаж монгол хэлний “ард” гэсэн үг нь “иргэн” гэсэн утгыг бас агуулдаг гэж тохиролцжээ.[ix]
Тус намын энэхүү анхдугаар их хуралд Гоминьдан намын төлөөлөгч болон ХКН-ын төлөөлөгч Зян Хао нараас гадна МАХН-ыг төлөөлж Дамбадорж, Фэн Юйсяны Иргэний цэргийн төлөөлөгч нар оролцон баяр хүргэсэн байна.[x] Намын даргаар Гоминьдан намаас нэр дэвшигч Цэрэндонров[xi] сонгогдов. ӨМАХН нь санхүүгийн хувьд Фэн маршалаас бүрэн хамааралтай. Харин өвгөн маршал намын нэр хүндийг ашиглан Өвөр Монголын тайж сурвалжтан нарыг өөрийн армийн зүг татах сонирхолтой.
Удалгүй ӨМАХН нь Гоминьданыг баримталсан Цэрэндонровын, МАХН-ыг баримталсан Мэрсээгийн бүлэг хэмээн талцан хуваагдлаа. Хоёр бүлэг нийт Өвөр Монголд нөлөөгөө тогтоохоор өрсөлдөж. Баргын бүлэг нь Улаанцав, Ордосын бага хурлыг эрхэндээ оруулав. 1926 оны есдүгээр сард тэд дээрх аймгуудын хүн амыг цэрэгт татаж эхлэх нь тэрээ. Энэ сайн дурынханд МАХН Фэн Юйсяны нүднээс далдуур зэвсэг нийлүүлэх болов. Харин Фэн болохоор Цэрэндонровын бүлэгт зэвсэг нийлүүлж эхлэв.
 
 
 
 
1927 онд Гоминьдан ба Хятадын коммунистууд муудалцсан нь ӨМАХН-д том цохилт боллоо. 1927 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо ӨМАХН-ын онц хурал болж Буянгэрэл[xii] тэргүүтэй болон Өвөр Монголын Аймаг хошуудын төлөөлөгчид гэх Мөнх-Өлзий нарын 40 орчим хүн, Москвагийн КУТВ ба Улаанбаатарын намын сургуулийн өвөр монгол оюутнууд оролцов. Хурлыг Коминтерний төлөөлөгч Амгаев упирдав. МАХН-ыг төлөөлж тус намын дарга Дамбадорж бас байлцсан.[xiii]
 
 
 
 
Мэрсээгийн ба Цэрэндонровын талууд нэг мөсөн саллаа. Улаанбаатар/Москвагийн тал баримтлагч Мэрсээгийн бүлэг зэвсэгт бослого гаргахаар шийджээ. 1928 оны долдугаар сард Мэрсээ, Буянгэрэл нарын удирдлагаар түүхэнд “Хөлөнбуйрын бослого” гэж нэрлэгддэг зэвсэгт тэмцэл болж, тэд Хайлаарын ойролцоох төмөр замын өртөө рүү довтлов. Гол шаардлага нь Жан Золиний хүчингүй болгосон Баргын автономыг дахин сэргээх.[xiv] Коминтерний төлөөлөгч Иван Степанов[xv] тэдэнд туслана гэж мөнгө, зэвсэг амалжээ.[xvi] Босогчид мөн БНМАУ-ын дэмжлэгт найдаж байв. Ингээд тэд Хайлаар руу довтолсон. Гэвч бараг тэр дороо ялагдсан байна. Степановын амлалтыг ч, Монголын тусламжийг ч Коминтерн болон МАХН даруй үгүйсгэлээ. Мэрсээ, Буянгэрэл нар баривчлагдлаа. Босогчдыг далдаас удирдсан хэргээр Дорнод Хятадын төмөр замын орлогч дарга Михаил Лашевичийг[xvii] бас баривчилсан аж.[xviii]
Бослого дарагдсаны дараа Мэрсээ залуу маршал Жан Сюэлинд бууж өгөн Мүгдэн хотод багшлах болсон байна. Тэрээр 1931 онд Оросын хил даван СССР улсаас орогнол гуйсан боловч Японы тагнуул гэсэн хэргээр шууд баривчлагджээ. 1934 онд түүнд цаазын ял өгсөн боловч тэрийг нь 10 жилийн хорих ялаар сольсон гэдэг. Түүнээс хойш Мэрсээгийн тухай хэн ч юу ч сонсоогүй.[xix]Харин Буянгэрэл Хайлаарын ойролцоо Солон хошуунд өөрийн цэргийг дагуулан очиж “Солоны бүгд найрамдах улс” гэдгийг байгуулжээ. Хэдхэн сарын дараа “шинэ улс” тарж, Буянгэрэл нууц байдалд хэсэг байгаад 1932 онд Москвад оргон очин КУТВ-т багшлах болсон байна. Түүнийг 1937 онд баривчлан СССР-ийн Дээд шүүхээс Японы тагнуул хэмээн яллаж буудан хороожээ.[xx]
 
 
Баабар