sonin.mn

 Монгол Улсын УИХ-ын Сонгууль эхлэхэд 46 хоног үлдэв.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зарласан хуурай өлсгөлөнгөө зогсоолоо. Одоогоос хэд хоногийн өмнөх өдрүүд түүх  болон үлдэх нь тэрээ. Өчигдөрхөн тэрбээр  хуучнаар Сайд нарын эмнэлэг гэдэг байсан  Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт цагдаагийн хамгаалалттай хэвтэж байж билээ. Гэтэл тэрбээр өнөөдөр жирийн нэгэн, тэрбайтугай ялсан баатар гэдгээ харуулах гэсэн шиг цонхоор бараг даллан зогсох зураг нь сонинд гарчээ. Эргэн санахад  Ерөнхийлөгч асан нэг л өдөр бөөн бужигнаан  дор гуталгүй гэрээсээ чирэгдэн гарч , Төв аймаг руу  ачигдаж, олныг шуугиулж байлаа. Тэр явдлыг хэн хүнгүй зурагтаар харж, хөөрхийдөө гэцгээн үлдэж билээ. Асуудал үүгээр дуусаагүй. Гуравдахь  Ерөнхийлөгч асан Төв аймгийн нэлээд чангад тооцогдох цагдаад хоригдон, хуурай  өлсгөлөн зарласан тул  бие нь муудаж, яг л цагдаад өргүүлэн гарсан шигээ олон харгалзагчид өргүүлэн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт ачигдаж ирэх нь тэрээ.

Энэ зуур монголд юу эс өрнөв дөө. Ерөнхийлөгчийг Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт өлсгөлөнгөө үргэлжлүүлснийг дуулмагц хэсэг нөхөр Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлах нь тэр.Тэдний тоо эхлээд 5 байснаа 10 боллоо.Эмнэлэгт ерөнхийлөгч асан өлсгөлөн зарласаар... Нэгэнтээ УИХ-ын  чуулган дээр томоохон тэмцэл болов.УИХ-ын гишүүн, улсын  баатар Э.Бат-Үүл, МАН-аас гарч, МАХН-ын дэд даргын тушаалд  дэвшсэн Т.Тэрбишдагва нарын хооронд  халуухан маргаан гарах нь тэр.Э.Бат-Үүлийн хэлсэн үгэнд Т.Тэрбишдагва үрчийтлээ уурлаж ,бараг л зодоон болох шахав. Тэрхэн зуур УИХ-ын чуулганд намын бүлгүүдийг тус тусад нь суулгадаг  цаанаа  учиртай юм байна шүү гэж бодогдоход хүрсэн. Энэ хооронд монголчууд хөөрхий Энхбаяр өлсгөлөн зарлаад бүр хэцүүдэх нь ээ гэж суулаа. Монгол хүн л болсон хойно хөгшид нь тэр муу хүүг яах нь вэ гэцгээнэ. Гудамжинд өлсгөлөн үргэлжилж,талбайгаар холхигчид тэднийг яах гэж өлсөж байгааг нь мэдэх гэж чармайвч ганц нэг зохион байгуулагчаас өөр  хэн ч үл дуугарна.

 

Харин тэднийг зохион байгуулагчид манай хүмүүс байтугай Монгол Улсын  Ерөнхийлөгч асан хүртэл  өлсгөлөн зарлаж байгаа гэж сүр бадруулна. Сонсгол муутай зарим нь “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг чангалж ирээд л сонсоно.Тэгээд л “хөөрхий муу Энхбаяр гэцгээнэ.Сүүлдээ нөгөө муу Намбарын хүүгийн  дуу гарахаа болих нээ. Яана, ямар сайндаа л түүний үгийг  хуурцгаар дуулгав гэж” гээд л үглэнэ. Монголд нууж хаах юм байхгүй болж дээ гэмээр. Тэрхэн дуулиант өдрүүдийн нэгэнд мөн л телевизээр  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баттулга Н.Энхбаяртай уулзаж байгаа дүрс гарлаа. Чухам юу ярьж байгаа нь эс сонсогдоно. Нэг ийм л суртал зурагтаар гарч, Н.Энхбаярын бие муудлаа гэцгээсээр хэд хоног өнгөрөв. Тэр зуур Ц.Элбэгдоржийн хэлсэн үг сонин хэвлэлүүдээр цацагдана.Мань эр монголд хүний эрхийн асуудал нэг мөр болсон.Тэр нь хууль ёсных. Дарга ,цэрэг хэн ч  бай нэг л хуульд захирагдах учиртай хэмээн  сүрлэг, цоглог өгүүлнэ. Энэхүү хоёр дүр төрхийг харуулсан мэдээлэл монголыг үймүүлсээр хэд хонов. Хаа сайгүй хэнийх нь зөв бэ гэж шүүн ярилцана. Гэтэл энэ дүр зураг ганцхан өдрийн дотор өнгөө хувиргав.Нэгдсэн тусгай хоёрдугаар эмнэлгийн үүдэнд цагдаа, жагсагчид үгүй болов. Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоолоо гээд эмч нар урт, урт зүрхний бичлэг ялган эвхэж сууна.Тэд одоо л нэг санаа амарлаа гэцгээх шиг дор бүрдээ мишээж сууна.Нөгөө сүр дуулиан тарьсан өдрүүдийн үйл явдал юу болов гэлтэй нэгэнт алга болжээ Өглөөний сонин авч дэлгэн харахад Н.Энхбаяр цонхоор харан  бага зэрэг инээмсэглэн ялж дийлсэн зураг илт харагдана.Юу болсныг сонирхвоос НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Ц.Элбэгдорж руу утсаар ярьжээ. Тэрбээр ”Та бид хоёр найзууд. Таны өмнөх Монгол Улсын  Ерөнхийлөгчийг би мэднэ “ гэхчлэн цөөхөн үг ярьсан юм байх. Түүнийг сонсонгуут манай ардчилсан Ерөнхийлөгч түүнд мэхийн ёсолсон  юм байх. Түүнийг нь уншаад  хэн буруутай хүн шүүхийн өмнө ял эдлэх ёстой. Хэрэг хийсэн хэнийг ч шүүх өршөөх ёсгүй хэмээн цамнаж байсан өнөөдрийн Ерөнхийлөгч маань арай Бан Ги Мүүнд ингэтлээ нам дарагдсан  юм байх даа гэж бодогдлоо.Түүний нөгөө талд ийм явдал болно гэдгийг битүүхэн горьдож суусан Н.Энхбаяр босоод ирэв. Монголын шүүх түүний өмнө сөхөрч, Сүхбаатар дүүргийн шүүх навсайтлаа бөхөлзөв.

Тэд бусдын амаар бөхөлзөн байж Н.Энхбаярыг шууд  батлан даалтанд гаргасан юм байх. Ай хөөрхий, шорон дотор хавтас дэлгээд ял ногдуулан зогсох шүүгч, түүний үгийг сонсохгүй гэж чих даран холхих Ерөнхийлөгч асан хоёрын хооронд ямар их ялгаа байна. Тэд өнөөдөр ирээдүйн талаар юу бодож суугаа бол. Магадгүй тэдний зарим нь Ерөнхийлөгч агсны өмнө хүзүү нугалан ”Ах аа муу дүүгээ өршөөгөөрэй. Залуу насны болчимгүй зангаасаа болоод ...” гэж ирээд л толгой бөхийцгөөх байх даа. Ер тэгээд ”Зангийг нь мэдэхгүй бууны замагаар бүү оролд“ гэсэн үг үнэн  бололтойдог шүү. За тэгээд НҮБ-ын байрнаас нэг “чулуу” үсэргэхэд л саарал ордон бөхөсхийх юм даа.

Ж.Галмандах