sonin.mn


Өдрийн 12. 40 цаг. Дашчойлон хийдийн зүүн талд буюу 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны хажуугаар өнгөрч явахдаа харамсмаар зүйл харснаа энд бичихгүй өнгөрч чадсангүй. Тоглоомын талбай дээр дөнгөж л долдугаар ангийн бололтой нэг банди, 5 охин бөөр бөөрөөрөө нийлж суугаад тамхи татаж байх нь тэр. Бүгд тамхи зуугаад, сурмаг гэгч нь хамраараа гаргаж “тоглоно”. Хүн амьтнаас санаа зовж байгаа ч шинж алга. Нялх хүүхдээ салхилуулж байгаа залуухан эмэгтэй зэвүүцсэн бололтой тэднээс бушуухан холдов.

Би хүн хүлээж байгаа дүр үзүүлж тэрхүү үнэгүй эмгэнэлт инээдмийн “драмыг” сонирхохоор шийдэв. Өмссөн хувцас, үс толгой зэргээс нь харвал зарим нь боломжийн. Ганц хоёр нь нэлээд халтардаж хир болсон куртка өмсчээ. Энэ хавьд сургуульд явдаг хүүхдүүд байх нь гэж дотроо таамаглаад ажиглалтаа үргэлжлүүлэв.

Ярьж хэлж, хоорондоо тоглож байгаагаас нь хүүхдийн гэнэн цайлган, хонгор ааль энэ удаад л лав харагдсангүй. Чанга чанга ярилцаж, муу л...минь гэж ирээд л таагүй үг хэлж сэтгэл тавгүйтүүлэв. Өсвөр насны жаахан охид шүү дээ гэж бодохоос босч очоод хэдэн үг хэлчихмээр санагдаж, хэл ам загатнаад ирэв. Удалгүй 6 нь босч явлаа. Нэг нь “Би тамхиа татаж дуусчихаад оръё” гээд үлдэв. Би тэсэлгүй яваад очлоо.

-За сайн уу? Охин гайхсан янзтай дүрлийтэл харснаа хариу дуугарсангүй. Насанд хүрсэн хүнээс санаа зовох байх горьдож байтал хээв нэг тамхиа үргэлжүүлэн татсаар...

-Миний дүү аль сургуульд сурдаг вэ?

-Ойрхон. Та яах гэсэн юм.

-Зүгээрээ. Чи хэддүгээр анги вэ?

-Яах гэсэн юм. Үл тоосон шинжтэй энэ асуултыг сонсоод түрүүнээс хойш дургүй хүрээд байсан би тэсэлгүй “Ийм багаасаа тамхи татаж болж байгаа юм уу” гээд нэлээд ширүүхэн хэлчихэв. Өнөөх маань харин “Би ганцаараа татаагүй л байгаа биз дээ” гэж “учирлаж” байна.

-Би багш хүн. Яагаад ийм багаасаа тамхи татаж байгаа юм бэ?

-Зүгээр сонирхсон юм аа. За би явлаа. Манай ангийнхан холдчихлоо. Охин ингэж хэлээд ууртай нь аргагүй цүнхээ шүүрч аваад гүйчихлээ. “Хэлэлцээр” бүтэлгүйтэв.

Амьдралдаа анх удаа насанд хүрээгүй балчир охидыг бөөнөөрөө тамхидахыг харсан болохоор хэлэх үг олдсонгүй. Ядаж сургуулиа хэлсэн бол багш нарт хэлж, хүүхдүүддээ анхаарал тавихыг шаардах байлаа.

Энэ бол ерөөсөө өнөөгийн нийгэм, эцэгэхчүүд, сургуулийн байж байгаа царай нь. Хотын төвийн шахуу сургуулийн сурагчдын хүмүүжил ийм байгаа юм чинь захын сургуулийн хувьд бүр эх захаа алдсан нь ойлгомжтой биз ээ. Ханын материалд амьдардаг найз маань нэг удаа “Манай энэ хавийн сургуулийн сурагчид нь тамхи татах энэхүүхэнд. Ахлах ангийн сурагчид нь аль хэзээ архи уугаад эхэлчихсэн л гэж мэд” гэж ярьж байсан нь санаанд орж бүр бухимдуулав.

Хүмүүжил нь ийм хэмжээнд байгаа хүүхдүүдийн сурлага ямар байх нь тов тодорхой шүү дээ. Социализмын үед сургуулийн зүгээс хүүхдийн хүмүүжилд маш их анхаардаг байж билээ. Сургууль болгонд хүмүүжлийн эрхлэгч гэдэг хариуцлагатай алба байлаа. Ёс суртахууны доголдол гаргасан хүүхэд болгонтой тулж харилцан, яаралтай арга хэмжээ авдаг байсан юм. Нэг ёсондоо хүнийг хүн болгож төлевшүүлэхэд боловсролын байгууллага онцгой анхаарч ажилладаг байсан гэсэн үг.

Гэтэл зах зээлд орсноос хойш сургалт хүмүүжлийн ажил “хувьчлагдсан" гэхэд хатуудсан болохгүй болов уу. Хүүхэд болгонтой ойртож ажилладаг, үзэл бодлыг нь сонсдог, нээлттэй ярилцдаг багш хэр олон байгаа бол доо?

Хүүхдийн сургалт, хүмүүжил зөвхөн багшаас хамаарахгүй, эцэг эхчүүдээс ч хамаарна гэдэг “онол” гаргаж ирчихээд аливаа асуудал болбол үүнийгээ хэлж, эцэг эхчүүдийн амыг тагладаг багш олширсон гэж захын эцэг эх гомдоллоно. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалт хүмүүжпийг хариуцах нь зөв л дөө. Гэхдээ үүнийг зарим багш аливаа асуудлыг эцэг эхчүүд рүү чихэх, хариуцлагаас бултах далим болгож ашиглаж байгаа нь нууц биш болжээ.

Ном эрдэм заахаас гадна хүмүүжүүлэх талаар олон төрлийн санаачлагатай ажил зохиох нь багш хүний онцгой үүргийн нэг биш болсон юм гэж үү? Заах арга муутай, сэтгэлгүй, хөндий хүйтэн багшийн буруугаас сургалтын чанар дээшлэхгүй нь тодорхой. Иймэрхүү гомдолд гаргавал “Одоо тэгж хүүхэд болгонтой тулж харилцдаг багш байхгүй" болсон. Бидэнд буруубайхгүй гэж хээв нэг хэлэх “багш" энд байдагл дуулдана. Сургуулийн захиргаа, багш нарын хариуцлагыг дээшлүүлэх цаг болжээ. Тэгсэн цагт нь цалингийнх нь асуудлыг ярья.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"