Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Тус шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд болсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр хуралдаанд ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу шүүх хурлыг өчигдрийг хүртэл хойшлуулаад байв. Ингээд шүүх хурал хаалттай болсон бөгөөд эрүүдэн шүүх ажиллагааг гардан гүйцэтгэсэн Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг байлцуулсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандангаас шүүх хуралд ажиглагчаар оролцохоор хүсэлт гаргасан. Гэвч энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль зөрчих үндэслэл болох тул хүлээн авах боломжгүй хэмээн тус шүүх шийдвэрлэсэн байна. 
 
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх газар нь ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн хорих 401 дүгээр анги тул нийслэлийн Прокурорын газраас харьяаллын дагуу тус шүүхэд эл хэргийг шилжүүлжээ. Хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг