sonin.mn
ХАНОЙ. /VNA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоосоо буцахгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, БНАСАУ-ын удирдагчтай хийж буй хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоо умартахгүй гэдгээ онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайн дууссаныг зарлах албан ёсны тунхаг бичиг батлах эсэх талаар Д.Трампаас асуухад тэрбээр, "хариулт удахгүй мэдэгдэнэ" гэж хариулав.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мэдэгдэлдээ, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагийн уулзалтыг хийхийн тулд олон тооны саад тотгорыг даван туулсан гэж дурдаад, Сингапурт болсон анхны уулзалтаас хойших хугацаанд аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирснээ илэрхийлсэн байна. Мөн тэрбээр энэ удаагийн уулзалт нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал юм. Үүнээс гадна уг уулзалт БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлж, тус улсын эдийн засгийг дэмжих шинэ боломж бололцоог нээж магадгүй юм.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг