Засаглалын шилдэг хэлбэрийн тухай маргаан нэн эртнийх юм. Платон гэж “болдоггүй нөхөр” НТӨ 360 онд “төгс төр”-ийн асуудлыг анх сөхөж: аристократ, тимократ, олигарх, демократ, тиран гэж ангилсан “Төр” гэдэг ном бичээд л “үймүүлээд” хаячихгүй юу ?! Уг нь хүн төрөлхтөн “үнэн сайхан” амьдарч байсан юм ш дээ. Платоны энэ номноос хойш хүн төрөлхтөн уулгамч юм шиг “төгс төр” хайгаад даруй 2000 гаруй жил өнгөрсөн боловч одоо болтол олсонгүй, хэрэлдсээр л…Энэ маргаан Монголд яг одоо, “цоо шинэ”-ээр эхэлж, Монголд Платоны номын барааг ч хараагүй хар мянган “платончууд”, түүнээс хол давсан “суутнууд” үй түмээрээ төрөн гарсныг радио, телевизээр бэлхнээ харж болно. Энэ тухай товч өгүүлэх гэсэн юм…
 
Нэг намдаж, нэг дүрэлдэх мөнхийн маргаан
 
Хүн төрөлхтөн олон мянганы турш “төгс төр”-ийг хайхдаа “ард түмний сайн сайхан байдал”, “бүх нийтийн ашиг сонирхол г.м тодорхой шалгуур тавьж, түүнийг нь хангаж чадах засаглалын хэлбэрийг хайж байжээ.
Эрт үеийн улс төрийн сэтгэгчид түүхэн янз бүрийн үеүдэд эхлээд хаант засаг, дараа нь эсвэл язгууртан, эсвэл ардчилал, эсвэл хэмжээт цаазат хаант засаг, эсвэл бүгд найрамдах улсын янз бүрийн хэлбэрүүдийн давуу талын тухай “хоороороо” магтан дуулсаар иржээ. Цаг үеэсээ л шалтгаалдаг байж..
ХХ зууны сүүлч XXI зууны эхээр авторитар дэглэмд байсан улс орнууд ардчиллын гурав, дөрөвдүгээр “давалгаа”-гаар засаглалын аль нэг хэлбэрийг гарцаагүй сонгох практик асуудалтай тулгарав. Ингээд бараг дэлхий даяараа засаглалын хамгийн сайн институт, хүлээн авч болохуйц хамгийн сайн засаглалын хэлбэрийн талаар өргөн хэлэлцүүлэг, маргаан дахин өрнөх болжээ. Энд геополитикийн өрсөлдөөн тэмцэл ихээхэн нөлөөлжээ…
Одоо бол хаант засаг буюу монархийг бараг хэн ч ярихаа байсан. Харин хүлээн авч даган дуурайж болох үндсэн хэв маягаар ерөнхийлөгчийн, парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалыг зарлаж байгаа.
Ерөнхийлөгчийн системийн талынхан: хүчтэй гүйцэтгэх засаглал, мандатаа ард түмнээс шууд авдаг, тэнцвэржүүлэн тогтворжуулах систем, тогтвортой байдал г.м. үндэслэлүүдийг урдаа барьдаг.
Парламентын системийн талынхан: чадвартай хариуцлагатай засгийн газар, парламент дахь сөрөг хүчний өргөн боломж, засаглал солигдон ээлжлэх г.м. үндэслэлийг урдаа барьдаг.
Ингээд л маргаж, мэтгэлцэж, хэрэлдэж гарна даа.
 
Дэлхийн маргаан
 
Ерөнхийлөгчийн болон парламентын талынхны аль нь аль нь:” манай систем бол зөвхөн онол, философи биш, үүнийг олон улс орны практик дээр шилдэг экспертүүд нотолсон” гэж зүтгэдэг боловч нөгөөгөө ялах баттай судалгаа, үндэслэл энэ хэр гаргаж чадаагүй байгаа. Наад зах нь тэдний иш татаад буй “экспертүүд” гэдэг нь ямагт “өөрийнх нь талын” хүмүүс байдаг аж…
Харин сүүлийн хэдэн жилд ерөнхийлөгчийн болон парламентын системийн альтернатив болгож засаглалын холимог загварыг санал болгох болсон нь их сонирхолтой.
Энийг ярих юм бол хоёр талаасаа дайруулж “алуулна” гэдгээ би нэг муу мэдэхтэйгээ…
Засаглалын шилдэг хэлбэрийн тухай маргаан эсвэл бүх улс орон, ард түмэнд тохирох шилдэг хэлбэр хайх руу хальтран орох бөгөөд энэ тохиолдолд ихээхэн хийсвэр байдалд ордог. Эсвэл тодорхой улс орны харилцаанд хамаарах бөгөөд одоогийн байгаатай нь харьцуулахад илүү үр дүнтэй хэлбэр хайх руу ордог.
Засаглалын зохион байгуулалтын ямар нэг түгээмэл систем хайх нь угаасаа үл гүйцэлдэх явдал мөн. Орчин үеийн дэлхий асар олон талтай болсон учир бүхэнд тохирох засаглалын хэлбэр гэж байхгүй бөгөөд байх ч боломжгүй.
“Ард түмэн бүрт өөрт нь тохирсон, зөвхөн түүнд таарах өөрийн гэсэн, онцгой, давтагдашгүй төрийн хэлбэр, Үндсэн хууль гэж байдаг. Адилхан ард түмэн гэж байхгүй учраас адилхан төрийн хэлбэр, Үндсэн хууль гэж байх ёсгүй. Мухар сохроор хуулбарлаж дуурайх нь тэнэглэл, бас аюултай, мөхөлд хүргэж ч мэднэ” гэж нэрт философч А.И.Ильин хэлсэн нь хөдөлшгүй үнэн болой.
Засаглалын аль ч хэлбэрийг сонгох, ажиллуулахад: улс орны түүх, соёл, уламжлал, шашин, менталитет, гадаад хүрээлэл, бусад орны, юуны өмнө хөрш улсуудын туршлага, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм дэх зөрчил зэрэг хүчин зүйлс голлох, шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Ийм учраас аль нэг оронд тохирсон систем нөгөө оронд тэр бүр тохирдоггүй.
 
Маргаанаас практикт
 
“Латинамерикчуудад парламентын системийг сонгон авахыг зөвлөдөг, гэтэл францчууд үүнийг хүчтэй эсэргүүцдэг. Британийн олон иргэн өөрийн хоёр танхимтай “номхруулах цамц”-д итгэл алдарсан байдаг бол ихэнхи италичууд Английн системийг “дур булаам” гэж үздэг. (Sartori.G. “Comprative Constitutional Engineering. London, 1997.)
Засаглалын шилдэг хэлбэрийн тухай маргаан явж явж, тодорхой улс оронд засаглалын тодорхой хэлбэрийг “нэвтрүүлэх” эрмэлзэлд оршиж байдаг. Энэ үйл явц хоёр замаар явж болно:
1. Илүү үр дүнтэй мэт санагдсан хэлбэр загварыг зээлдэн авах, эсвэл Үндсэн хуулийн плагиат (зохиогчийн хулгай) хийх замаар хийж болно. Жи: Латин Америкийн орнууд Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын америк загварыг хуулан авсан;
2. Үндсэн хуулийг инженерчлэл, засаглалын хэлбэр буюу тэдгээрийн элементүүд дээр “туршилт явуулах”, эсвэл шинэ хэлбэр бүтээх замаар явж болно. Жи: Израиль парламентын бүгд найрамдах улс атлаа 1996-2001 оны Ерөнхий сайдаа шууд сонгуулиар сонгосон. Энэ бол ихээхэн сонирхол татах асуудал байгаа юм.
Засаглалын хэлбэрийг солих нь хамгийн хэцүү, халширмаар хүнд ажил байдаг. Нэг бол хувьсгал руу орчих гээд, нэг бол үймээн самуун руу орчих гээд тун зовлонтой…
Европын нэлээд олон орон Засгийн Газраа тогтворгүй байлгалаа гэж парламентын засаглалаа “шүүмжлэлийн галаар” бут ниргэдэг. Жи: Итали гэхэд л хагас Ерөнхийлөгчийн буюу өөр холимог систем рүү орно гэж олон жил ярьж маргасан боловч эцсийн шийдвэрийг одоо болтол гаргаж чадаагүй. Үүний урвуугаар Латин Америкт Ерөнхийлөгчийн засаглалдаа жигтэйхэн дургүй, гэхдээ засаглалын хэлбэрээ сольж чадсан нь бараг үгүй. Бразиль ганцаараа Ерөнхийлөгчийн засаглалаа парламентын засаглалаар солих гэж зүтгээд амжилтгүй болсон…
Эндээс: хүн төрөлхтөн гэдэг “учраа олохгүй тэнэг амьтад” парламентын засаглалтай нь ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлдэг, ерөнхийлөгчийн засаглалтай нь парламентын засаглал руу тэмүүлдэг зуршилтай гэсэн баттай дүгнэлт хийж болно.
 
Сонголтод гардаг гажуудал
 
Хөгжиж буй, шилжиж буй орнууд засаглалын хэлбэрийг сонгохдоо хамгийн зохистой (оптималь) системийг “зөв” сонгож чаддаггүй. Шинэ Үндсэн хууль, шинэ институцональ бүтцийн араг ясны тулгуур нь “нийтийн сайн сайхан байдлыг хангах”, “ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэх” зэрэг рациональ, бодит үндэслэлүүд баймаар санагдана. Яг энд л гажуудал ёс мэт үүсдэг байна. “Засаглалын хэлбэрийг сонгоход улс төрийн тоглогчдын (актор) ашиг сонирхол заавал орж ирдэг ба тэрхүү тоглогчид засаглалын хэлбэрийг сонгохдоо төрийн институтуудыг улс төрийн талаар амьдрах тэмцэлдээ ашиглах зэвсэг гэж үзээд хамаг юмыг үймүүлж хаядаг.” (Geddes.B. Initiations of New Democratic Institutions in Eastern Europe and Latin America. Oxford. 1996.)
Засаглалын хэлбэрийг сонгон авах үед Үндсэн хуулийг “бүтээгчид” буюу “дугуй ширээ”-ний ярилцлагад оролцогсод, элдэв маргаан мэтгэлцээн зохион байгуулагчид, зохион байгуулах хурал болон парламентын гишүүд “бүхнээс давсан” хувийн ашиг сонирхлоо түлхэн оруулдаг. Яг ийм хувийн ашиг сонирхлыг үүднээс ард түмэн биш, цөөн тооны “идэвхтнүүд” засаглалын хэлбэрийг “сонгох” нь нэн түгээмэл.
Эрх баригчид эсвэл институциональ ашиг сонирхол, эсвэл хувийн ашиг сонирхол, эсвэл аль алинийг нь нэгэн зэрэг удирдлага болгодог.
Засаглалын ерөнхийлөгчийн болон парламентын хэлбэрийн аль алинд эерэг болон сөрөг талууд байдаг учраас аль нэгийг нь магтан мандуулж, нөгөөг нь газар дор хийх нь хэт туйлширсан үйлдэл юм.
Эдгээр системийн сайн мууг мэдье гэвэл тэдгээрийн үүсэн бүрэлдэж, ажиллаж ирсэн институциональ, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон бусад нөхцлүүдийг маш тулхтай судалж, харьцуулан үзэх ёстой.
Системийн аль нэг шинж чанар янз бүрийн нөхцөл байдалд янз бүрээр илрэн гардаг, иймээс тухайн системийг нэг бол эерэг ангилалд, нэг бол сөрөг ангилалд оруулж болдоггүй.
“Ерөнхийлөгчийн, парламентын, хагас ерөнхийлөгчийн гэсэн гурван хэлбэр тус бүр “сайн” засаглалд хэсэгчлэн ойртож байдаг.” (Fabbrini.S. Presidents, Parlaments & Good Government. Democracy. 1995)
 
Галд хийсэн тос
 
Хорин жилийн өмнө буюу 1990 онд Х.Линц гэгч нөхөр “Ерөнхийлөгчийн системийн аюулууд” гэсэн лаг сүртэй гарчигтай өгүүлэл бичиж: “парламентын систем ардчилалд илүү дөхөмтэй, харин ерөнхийлөгчийн засаглал бол үгүй” гэсэн дүгнэлт хийснээр “сайн” засаглалын маргааны галд тос хийж орхижээ. (Linz.J. The Presidentialism. J. Democracy. 1990, V.1, N 1.)
Х.Линц энэ шуугиант өгүүлэлдээ хоёр гол үндэслэл хэлсэн юм: Нэг. Парламентын систем нь голдуу тогтвортой ардчилал тогтоход хүргэдэг бөгөөд ялангуяа улс төрийн гүн гүнзгий санал зөрөлдөөнтэй, улс төрийн олон нам байдаг орнуудад илүүтэй тохирно, Хоёр. Парламентын систем нь ардчиллыг хадгалан үлдэх баталгаа болно гэж дүгнэсэн юм. Манай мэргэн цэцэн нь хэтэрсэн сэхээтэн нэртүүдийн олонхи энэ хүнийг мэдэхгүй, дуулаагүй, харин мэддэг цөөн зарим нь хорвоо ертөнц дээр ганцхан Х.Линц гэдэг эрдэмтэн байдаг мэт орилдог болохоор зориуд иш татаж байна.
Ингээд тэр дорхноо л хэрүүлийн эсрэг тэсрэг 4 бүлэглэл үүсэв.
1. Х.Линцийн буюу парламентын засаглалын талынхан: Эдний үндэслэл ойлгомжтой. Харин сүүлийн үед тэдний дундаас “ерөнхийлөгчийн засаглал угсаасаа муу зүйл биш, харин бусад таагүй хүчин зүйл, тухайлбал, хэсэг бусаг болсон намын системээс болж мууддаг” гэсэн дүгнэлт хийх болсон. Энэ их эвгүй дүгнэлт л дээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглал улс төрийн намын хэсэг бусаг болсон систем болон бусад хүчин зүйлээс хамаардаг аж. Энэ нь лавширвал Х.Линцийн “онол” өөрийгөө устгах юм.
2. Ерөнхийлөгчийн засаглалын талынхан: Х.Линцийн эсрэг бүх үндэслэл гаргадаг учраас бас л ойлгомжтой.
3. Хагас ерөнхийлөгчийн буюу холимог системийн талынхан: Хагас ерөнхийлөгчийн буюу “шинэ”,“холимог системийг зүтгүүлэхийн хамт Х.Линцийг шүүмжилдэг.
4. Үл зөвшөөрөгсөд буюу нийгмийн хүчин зүйлийн талынхан: Энэ бол шинэ үзэл юм. Тэд улс төрийн дэглэмийн хэв маяг нь институциональ биш, харин эдийн засаг, соёл, нийгмийн хүчин зүйлээр тодорхойлогдоно гэж үздэг. (Lipset.S.M. The Centrality of Political Culture. J. Democracy. 1990)
Нийгмийн хүчин зүйлийн талынхан: “залуу ардчиллууд сүйрээд байгаа нь тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгосондоо биш, харин эдгээр оронд ардчилсан хөгжилд саад болох хүчин зүйлүүд байна” гэж үздэг нь ихээхэн үндэслэлтэй.
Бараг 20 гаруй жилийн өмнө Ф. Шмитер гээч нөхөр “Авторитар дэглэмээс ангижрахуй” ном бичиж парламентын засаглал “илүү мундаг” гэсэн дүгнэлт хийж алдаршиж байлаа. Гэтэл одоо Ф.Штимер: “Бүхэнд тохирсон, ардчилсан байдлаар амжилттай нэгтгэх “шидэт жор” байхгүй. Янз бүрийн институтыг сонгох нь янз бүрийн үр дүнд хүргэнэ, гэхдээ бүх тохиолдолд биш…” гэж дүгнэх болж алдаагаа хүлээн зөвшөөрчээ. (Schmitter. P.C. Twenty-Five Years, Fifteen Findings. J. Democraty.2010.)
Ийнхүү засаглалын шилдэг хэлбэрийн талаарх маргаан мэтгэлцээн хорь гаруй жил үргэлжилсэн хэдий ч эдүгээ дуусаагүйгээр үл барам нэгдсэн үзэл бодолд хүрч чадаагүй байна.
“Гүйцэтгэх засаглалын хэв маягийн Үндсэн хуулийн хувилбарууд хийгээд ардчилсан буюу дарангуй үр дүнгийн хооронд нягт холбоо байгаа эсэх нь тодорхойгүй байна.” (Lipset.S.M. The Centrality of Political Culture. J. Democracy. 1990)
Улс төрийн шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн түвшинд засаглалын нэг хэлбэр нь ардчилал руу, нөгөө хэлбэр нь дарангуйлал руу хөтөлдөг гэсэн сэдвийг хэн ч батлаагүй. (Мөн тэнд)
 
Монгол маргаан
 
Дээр хангалттай дурдсанаар дэлхий дахинаа засаглалын “шилдэг” хэлбэрийн асуудлыг шийдэж чадаагүй, ийм боломж байхгүй гээд байхад Монголд аль хэдийн “шийдчихсэн”, “онол ном”-ыг нь аль хэдийн “баталчихсан” баагийнууд хар мянгаараа байгаа нь “монгол тэнэглэл”-ийн сонгодог жишээ болно. Үүнийг мэдэмхийрэх солио өвчин гэдэг…
 
Монголд юу болсон гэхээр: “парламентын засаглал” хамгийн ардчилсан, харин ерөнхийлөгчийн засаглал хамгийн дарангуйлагч, чингэхдээ нэг хүний “адгийн” дарангуйлал мөн гэдгийг лавтайяа 3 жил гаруй сурталдан номлов. Чингэхдээ тэд Х.Линц мэтийн “парламентын талын” ганц нэг эрдэмтний нэрийг дурдаж, асуудал нэгэнт шийдэгдчихсэн мэт сурталдаж байгаа нь наад зах нь олон түмнийг төөрөгдүүлж байна, цаад зах нь шинжлэх ухаанд харшилж байна.
 
Хэн ч гэсэн парламентын засаглалын таашааж, түүнийгээ “магтан дуулах” буюу сурталчлах эрхтэй. Харин чингэхдээ түүнтэй эн зэрэгцэх, түүнтэй адил буюу давуу тал олонтой ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг адгийн муухай, жигшмээр, хэзээ ч авч болохгүй дарангуйллын адгийн хэлбэр гэж “нотлох” нь хүлцэж болшгүй оюун ухааны түрэмгийлэл мөн.
Парламентын талынхан хэд хэдэн янз: Парламентын засаглалын давуу талын тухай янз бүрийн үндэслэл гарган нотлох хэсэг хүн байх. Энэ бол болж л байна, үүнийг хэн ч буруу гэхгүй. Харин ингэж нотлохдоо ерөнхийлөгчийн засаглал бол хамгийн адгийн “хог новш”, байж болшгүй “гажуудал” гэж нотолдог түрэмгий хэсэг байна. Би энэ лаларын тэнэгүүдийг шүүмжилж байна.
Сүүлдээ түрэмгийлэл нь сүрдүүлэг болон хувирч “ерөнхийлөгчийн засаглал” гэж дуугарсан хүнийг “дарангуйллыг шүтэгч” гэж загнахдаа тулав. Ерөнхийлөгчийн засаглалын талын арчаагүй шаарууд галзуутай суртал нэврүүлэг, занал сүрдүүлгээс айн амаа хамхив. Үүнд урамшсан парламентын талынхан улам галзуурч, дураараа дургих болов…
Хэдхэн “солиотой баагий” зориудын системтэйгээр энэхүү бусармаг суртал нэвтрүүлэг, сүрдүүлгийг хийж байгаа нь тодорхой…
Хуцваа л байна, Ижил тэнцүү, сайн муутайгаа зэрэгцэн оршиж байгаа бүхэл дилеммийн нэг талыг нь газар дор ортол муулж, нөгөөг нь тэнгэрт гартал магтаж байгаа чинь шинжлэх ухаан юм уу ?! Дэлхийн эрдэмтдийг “ялган ангилж”, зөвхөн “өөрийн эрдэмтнээс”-ээс иш татаж, бусдыг нь орхин “тас мартдаг” чинь шинжлэх ухаан юм уу ?!
Оюун санааны түрэмгийчүүд, сүрдүүлэгчдээс айж явдаг хүмүүжил, ёс суртахуун надад байхгүй…
Ямар ч гэсэн Монголчууд парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын хоёр хэлбэрийг эн тэнцүү, ав адилхан ярих эрхтэй, бас түүнээс сонголт хийх эрхтэй. Ингэж жишин харьцуулж, дэнсэлж, тунгааж ярих цаг нэгэнт болсон.
Ингэмэгц над руу “Х.Баттулгын “ганц хүний” дарангуйллыг дэмжлээ” гэж дайрах нь гарцаагүй. Энд Х.Баттулга Ерөнхийлөгч огт хамаагүй. Учир нь би олон жилийн турш Монгол улсын ирээдүйн үйл явцыг 5-8 жилээс цааш харан дүгнэж, үүнийхээ зөвийг нотолж ирсэн мэргэжлийн монгол судлаач…
Би энд дилеммийн (ацан сонголт) нэгийг нь “хасчихаад” үлдсэн ганцыг нь “сонгох” гэж зүтгэх нь эсвэл адгийн тэнэглэл, эсвэл бузар хүчиндэлт болно гэдгийг л хэлж байна.
Засаглалын аль хэлбэр “мундаг” тухай ярих болон сонгохдоо засаглалын хэлбэрүүдээ монголын түүх, соёл, уламжлал, шашин, менталитет, гадаад хүрээлэл, бусад орны, юуны өмнө хөрш улсуудын туршлага, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм дэх зөрчил зэрэг хүчин зүйлстэй холбон үзэх зайлшгүй шаардлагатай. Дутаад байгаа юм энэ байна…
Зарим “онолч” бүр галзуурч: “Орос, Хятад хоёр ерөнхийлөгчийн засаглалтай учраас манайх эсрэгээр нь парламентын засаглалтай байх ёстой” гэж хуцаж байна. Эдгээр “онолчид” орчин үеийн ном зохиол уншдаггүй юмаа гэхэд ядаж 2500 жилийн өмнө бүтээсэн “Логик” унших хэрэгтэй л дээ…
Улс төрийн дэглэмд үзүүлэх засаглалын хэлбэрийн нөлөөг “нэмэлт хувьсагч”-ууд оруулан тооцохгүй бол маргаан хэзээ ч дуусахгүй, сонголт хэзээ ч хийж чадахгүй. Засаглалын хэлбэр, ардчилал хоёрын холбоо харилцаа бол “арифметик” биш, харин “дээд алгебр” юм. Ийм түвшний судалгаа, мэдлэг манай “мэргэн цэцний туйл”, “цээжний бан”-гуудад үзээд өгье гэсэн ч байхгүй гэдгийг би сайн мэднэ…
Нөгөө талаас засаглалын “сайн” хэлбэрийг сонгон авснаар төрийн институт автоматаар сайжирна гэж үзэх нь үлэмж эндүүрэл. Тэрхүү “сайн” хэлбэртээ тохирон ажиллах практик механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ийм механизмгүй бол засаглалын ямар ч “сайн” хэлбэр ажиллахгүй, нурж унадаг.
Саяхны жишээ: Киргиз Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг хязгаарлаж, түүний нэлээд хэсгийг парламент болон засгийн газартаа шилжүүлээд бүр дордуулсан. Киргизийн парламентад олонхийн бүлэг бүрэлдэх ажил гацаж, улмаар Засгийн Газраа бүрдүүлж чадахаа больж, төрийн институтууд зөрчилдөж эхэлсэн. Алдаа хаана байсан бэ ?!
Киргиз Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлээс танаж парламент болон засгийн газарт шилжүүлсэн нь гол алдаа биш байх. Харин ингэж шилжүүлэхдээ төрийн институтуудын ажиллах механизмыг хийж өгөөгүй учраас маш олон “цоорхой” гаргасан нь хамгийн ноцтой алдаа байжээ. Одоо бид ийм юмыг л бодох хэрэгтэй ш дээ…
Би парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын “талынхан” эн чацуу, тэгш эрхтэй маргаан мэтгэлцээн өрнүүлж, сонголт хийхийг уриалж байна.
Түрэмгийчүүд сүрдүүлсээр байгаа тохиолдолд манайд эрүүл саруул маргаан явагдах боломж туйлын хомс. Энэ тохиолдолд ард түмнээсээ асуухаас өөр яах билээ ?! Үүнээс илүү хамгийн эцсийн бөгөөд найдвартай арга хүн төрөлхтөн олоогүй юм чинь…
Жич: Хэрэв сонирхвол засаглалын хэлбэрийн талаар цуврал өгүүлэл бичихэд би бэлэн байна. Чингэхдээ би парламентын засаглал бол “новш”, ерөнхийлөгчийн засаглал бол “тэнгэрийн умдаг” гэсэн лаларын тэнэг нотолгоо гаргахгүй нь мэдээж хэрэг…
 
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?