Орон нутгийн сонгуулийн дүн гарч, нутгийн өөрөө удирдах байгууллагууд удирдлагаа сонгож, эхэллээ. Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар томилогдон  ажилдаа орсон бол одоо дүүрэг, аймгийн хэмжээнд Засаг дарга, ИТХ-ын дарга хэн байх вэ гэсэн “сунгаа” ид явагдаж байна.  Өчигдрийн байдлаар таван дүүрэг, долоон аймгийн  Засаг даргын нэрс тодорхой болж, зарим нь ажлаа хүлээн аваад байна.
Нийслэлээс АН ганцхан дүүрэгт ялалт байгуулсан.  Энэ нь Сүхбаатар дүүрэг юм.  Тэгвэл  дүүргийн Засаг даргад Х.Болормааг улираан томилохоор яригдаж байна.  Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засаг даргаар ажиллаж, Сүхбаатар дүүрэгт нам нь үнэмлэхүй олонхийн санал авсан юм.
Сонгинохайрхан дүүргийн тухайд  Хотын дарга Д.Сумъяабазар хүнээ томилохоор болжээ.  Засаг даргаар Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагайг  дэмжсэн байна.
 
Баянгол дүүргийн МАН-ынхан Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг томилох бол Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Багахангай дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаяр нарыг  томилох асуудал яригдаж байгаа юм.
Харин Чингэлтэй дүүргийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “авах”-аар бужигнуулж  байна.  Дүүргийн Засаг даргад Н.Батсүмбэрэлийг томилж магадгүй. 
МАН 12 аймагт, Ардчилсан нам найман аймагт засаглана
 
Архангай:
 
Тус аймгийн Засаг даргаар АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалыг томилох мэдээлэл байна.   Аймгийн ИТХ одоогоор хуралдаагүй. Д.Золжаргалын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө аймгийн АН-ын даргаар томилогдож байсан юм. 
 
Баян-Өлгий:
 
Засаг дарга А.Гылымханыг улираана.
 
Баянхонгор: 
 
Засаг даргаар Д.Мөнхсайхан томилогдон ажлаа хүлээн аваад байна.
 
Булган: 
 
АН ялалт байгуулсан. Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилохоор болжээ.
 
Говь-Алтай:  
 
АН ялалт байгуулсан бөгөөд  Засаг даргад О.Амгаланбаатарын нэр яригдаж байна. О.Амгаланбаатар өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан билээ.
 
Говьсүмбэр:
 
Засаг даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Билэггүмбэрэл, Г.Батзам нарын нэрс яригдаж байна. МАН  олонх болсон.
 
Дархан: 
 
Б.Азжаргал Засаг даргаар томилогдон ажилдаа ороод байна. Тэрээр өмнө нь Дархан сумын Засаг дарга, аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.
 
Дорноговь:
 
МАН ялалт байгуулсан бөгөөд О.Батжаргалыг Засаг даргаар томилохоор болжээ.
 
Дорнод:
 
Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Бадамсүрэнг улираан томилох шийдвэрийг  МАН-ын удирдах зөвлөл гаргаад байна.
 
Дундговь:
 
Ардчилсан нам олонхи болсон.  Ц.Мөнхбат, О.Эрдэнэбүрэн нарын нэрс яригдаж байна.
 
Завхан:
 
МАН аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргалыг Засаг даргаар томилохоор болжээ.
 
Орхон:
 
Засаг даргын орлогч байсан С.Батжаргалыг дэвшүүлэн томилохоор болсон байна.
 
Өвөрхангай:
 
МАН ялалт байгуулсан бөгөөд Засаг даргаар А.Ишдоржийн нэр яригдаж байгаа гэнэ.  Намын хорооных нь хурал болж, түүний заалнаас Сумъяасүрэн өрсөлдөн ялагджээ. 
 
Өмнөговь:
 
АН ялалт байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргаар Р.Сэддоржийг томилохоор болжээ. Тэрээр “Тавантолгой” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
 
Сүхбаатар:
 
АН олонх болсон бөгөөд М.Идэрбатыг аймгийн Засаг даргаар томилоод байна.
 
Сэлэнгэ:
 
Засаг даргаар Ш.Оргилыг улираахаар болсон. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж, намаа ялуулсан юм.
 
Төв:
 
МАН ялалт байгуулсан бөгөөд Засаг дарга нь тодорхой болоогүй байна. Д.Амгалан,  А.Идэрпүрэв нарын нэрс яригдаж байна.
 
Увс:
 
АН ялалт байгуулсан.  Одоогоор Засаг даргаар хэнийг томилох нь эцэслэгдээгүй байна.
 
Ховд: 
 
МАН ялалт байгуулсан учраас аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг улираан томилохоор болжээ.
 
Хөвсгөл: 
 
АН Ш.Идэрбаясгаланг Засаг даргаар томилохоор ярилцаж байгаа гэнэ.
 
Хэнтий:
 
Тус аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томилогдон ажилдаа ороод байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин