sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-д “COVID-19” халдвар 2019 оны 12 дугаар сарын дундуур тархсан байж магадгүй гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн шинэ судалгаанд тэмдэглэжээ. Энэ нь БНХАУ-д халдвар анх илрэхээс хэдэн долоо хоногийн өмнө, АНУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдэхээс нэг сар орчмын өмнө гэсэн үг юм.
 
 
 
“Clinical Infectious Diseases” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн судлаачид Америкийн Улаан загалмай нийгэмлэгийн 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны нэгдүгээр сарын 17-ны хооронд цуглуулсан 7389 цусны сорьцод коронавирусний эсрэг биетийг шинжилжээ.
 
 
 
Энэхүү судалгааг АНУ-д халдварын анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 19-нд бүртгэгдэхээс өмнө “SARS-CoV-2” коронавирусний эсрэг биет хүний биед байсан эсэхийг тогтоох зорилготойгоор хийсэн байна. Судлаачдын тогтоосноор, есөн муж улсын оршин суугчдын хандивласан 7389 сорьцын 106-д коронавирусээр халдварласан байдал ажиглагджээ.
Тодруулбал, Калифорни, Орегон, Вашингтоноос 12 дугаар сарын 13-16-нд цуглуулсан 39 сорьцоос, Массачусетс, Мичиган, Висконсин юм уу Айова, Коннектикут юм уу Род-Айлендаас 12 дугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 17-нд цуглуулсан 67 сорьцоос эсрэг биет илэрсэн байна.
“Үүнээс үзэхэд АНУ-д халдвар 12 дугаар сард дэгдсэн байж магадгүй байна” гэж судлаачид бичжээ. Мөн хүн амын дундах халдварын тархалтыг тогтооход тогтмол цуглуулдаг цусны сорьцыг шинжлэх нь ихээхэн ач холбогдолтой болохыг уг судалгаа харуулжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв хандивласан цусанд үргэлжлүүлэн судалгаа хийж байна гэж уг тайланд дурджээ.
Эдгээр үр дүн нь “COVID-19” Хятадаас өөр улсад, одоогийн тогтоогоод байгаагаас эрт дэгдсэн байж болзошгүй гэх сүүлийн үед гараад буй мэдээллийг улам баяжуулсан байна. АНУ-д халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн нь Хятадаас ирсэн аялагч байсан юм. Үүнээс гадна нэгдүгээр сарын дундуур шинж тэмдэг илэрсэн өөр хоёр хүнд “COVID-19” илэрсэн юм. Мөн “SARS-CoV-2” АНУ-д анх тогтоогдсон гэж үзэж байгаа хугацаанаас өмнө тархсан байж магадгүй болохыг зарим тайланд тэмдэглэснийг судлаачид дурдсан байна. 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг