sonin.mn

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж, байгалийн баялагт тулгуурлан хөгжиж ирсэн боловч хүн амын 38 орчим хувь нь ядуу, гурав орчим нь баян чинээлэг гэсэн орлогын ялгаа ихтэй улс орон болон хувирсан. Мөн хүн амын 40 орчим хувь нь нийслэлдээ төвлөрсөнөөс хөрс, ус, агаарын бохирдол ноцтой байдалд хүрлээ.

 

Бид цаашид хэрхэн хөгжих вэ? Цаг үе Монгол Улсын хөгжлийг шинээр томъёолохыг шаардаж байна. Иймд миний бие санаачлан геологийн мэргэжлийн багийнхны хамт боловсруулсан Монгол Улсын хөгжлийн загвар, шинэ бодлогыг Та бүхэнд танилцуулъя.



Бүсчилсэн хөгжлийн бодлогын товч түүх, өнөөгийн байдал

1961 онд Монгол, Зөвлөлтийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Монгол Улсыг төв, дорнод, өрнөд гэсэн гурван бүсэд хуваан авч үзсэн нь бүсчилсэн бодлогын эх үндсийг тавьсан бөгөөд 1990-ээд он хүртэл энэ нь төлөвлөлтөд голлон хэрэгжиж ирсэн. 2001 онд УИХ-аас "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг батлан гаргаснаар баримт бичгүүд шил дараалан гарч, бүсчилсэн хөгжлийн эрх зүй бодлогын орчин бүрдсэн.

 

Гэвч эдгээр багц бодлого нь дан ганц уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйд суурилсан, өнөөдрийн засаг захиргааны нэгжийн бүтцийн дагуу механик аргаар нэгтгэж бүс тогтоосон, хөрөнгө оруулалтыг тэгшитгэсэн байдлаар хуваарилсан, популист шинжтэй эдийн засаг, ашигт малтмал уул уурхай аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэржилтийн хэтийн төлөвтэй уялдаагүйгээс амжилттай хэрэгжиж чадахгүй байна.



Хөгжлийн загварын тухай шинэ үзэл баримтлал (Концепц)

Бид шинээр хөгжлийн бүсүүдийг тогтоохдоо дараахь үндсэн зарчмуудыг баримталсан болно.


1.Хавтгайрсан, нэлэнхүйдээ тэгш хөгжих үрэлгэн бодлогоос татгалзаж өнөөдрийн байгаа үндэсний хязгаарлагдмал хүн хүчний нөөц, эдийн засаг, санхүүгийн бололцоогоо хөгжлийн бүсүүддээ төвлөрүүлж, чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд ашиглах


2.Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн нөөцөө дагаж хөгжих боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах "Аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжлийн бүс", "экологийн мал аж ахуй", газар тариалан, жуулчлал болон бусад хөгжлийн чиглэлийг тодорхойлсон "экологийн тэргүүлэх хөгжлийн бүс"-ийг тогтоох


3."Зам дагасан хөгжил"-ийн уламжлалт бодлогоос "Хөгжлийн бүсүүд"-ийг дэд бүтэцжүүлэх замаар дэд бүтцийн, түүний дотор төмөр зам, авто зам, эрчим хүчний сүлжээний хөгжлийн хэтийн төлөвийг шинээр тодорхойлох. Эрдэс баялаг болон экологийн хүчин зүйлүүдийг судалсны үр дүнд бид Монгол Улс маань хэвтээ хоёр бүсээр хөгжих нь зүйтэй юм гэдэг шийдэлд хүрсэн.



1. Аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжлийн бүс

"Аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжлийн бүс"-ийг тогтооход нийт 28 эрдсийн тархалтын хэтийн төлөвийн судалгаа хийгдсэн бөгөөд тэдгээрээс дараахь ашигт малтмалуудыг суурь болгож авсан. Үүнд:

1.    Газрын тос

2.    Уран

3.    Зэс

4.    Хар металл

5.    Нүүрс

Эдгээр таван эрдэс баялаг бол нэгдүгээрт овор хэмжээ ихтэй, хоёрдугаарт аж үйлдвэрийн цогцолбор түүний хөгжлийн суурь болсон түүхий эдүүд юм. Тэгэхээр эдгээр таван элементийг сонгож, зургуудийг дараахь байдлаар тус тусад нь гаргасан.



2. Экологийн тэргүүлэх хөгжлийн бүс

Бидэнд өвөг дээдэс маань маш их баялаг өвлүүлсэн. Үүний дотор газар доорх байгалийн баялаг мөн газар дээр байгаа экологийн мал аж ахуй, газар тариалан. Өнөөдөр дэлхий дээр онгон байгалиа хадгалж үлдсэн цөөхөн улсуудын нэг нь Монгол Улс.

 

Уул уурхайгаа хөгжүүлэх давхар экологио хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх гээд хөгжлийн олон талын концепцийг яаж хослуулах вэ? гэдэг асуудал Монголын төрийн шийдвэр гаргагчдын, Монгол Улсын том бодлого болоод байна.

 

"Экологийн тэргүүлэх хөгжлийн бүс"-ийг тогтооход гадаргын ил усны нөөц, ойн тархалт, хөдөө аж аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний судалгааг гаргаж дараахь байдлаар тогтоосон болно.



Хөгжлийн загварын үр дүн

Бид аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжих бүс, экологийн тэргүүлэх хөгжлийн бүс гэж хоёр хувааж байгаа. Энэ хоёр бүс яаж оршин тогтнох вэ? Тухайн бүсэд бидний суурь
болгосон элемемтүүд байгаа бол тухайн үйлдвэрийн бүсдээ л идвэхтэй хайгуулын болон олборлох, боловсруулах үйп ажиллагааг явуулна.

 

Харин нөгөө хэсгээ хадгалж гэсэн концепциор явна. Хойд бүсэд тэгээд аж үйлдвэр хөгжихгүй юм уу гэсэн асуулт гарна. Хэд хэдэн тулгуур хотуудаар хөгжинө. Жишээ нь: Эрдэнэт шиг төвлөрсөн, бүсийн тулгуур xотуудаар хөгжинө. Ерөнхий нутаг нь экологи /мал ахуй, газар тариалан, аялал жуулчлал чиглэлээр хөгжинө.

 

Энэ нь өөрөө асар том хөгжлийн концепц юм. Хойд бүсдээ орга хүнс бий болгох, аялап жуулчлал хөгжүүлэх замаар тэргүүлэх бүс бий болгох, урд бүсийг аж үйлдвэрийн бүс бий болгоно Тэгэхдээ экологийн асуудлыг давхас хэрэгтэй. Өмнөд бүсэд бий болох хотуу дагаад ногоон бүс бий болно.

 

Ингэснээр нутаг дэвсгэрийн хойд хэсэг рүү нүүж байгаа цөлжилтийг зогсоох боломжтой. Аяндаа хөгжлийн бүсээ дагаад Тамсагийн бүсэд нефть химийн үйлдвэр түүнийг дагасан хот, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор, Өмнөговь аймагт Таван толгой, Оюутолгойг түшиглэсэн хотууд,

 

Ховдын Хөшөөтийг түшиглэсэн хот бий болох нь ойлгомжтой. Үүнийг дагаад усны асуудал гарна. Нөөц ямар байгаа вэ гэж. Хоёр төрлийн усны тухай ярьж байгаа. Мэдээж үйлдвэрийн зориулалттай ашиглагдах ус, нөгөөх нь ундны ус буюу тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн, ирээдүйд бий болох хотуудын хүн амын хэрэгцээний ус.

 

Бидний төсөөлж байгаа аж үйлдвэрийн хөгжлийн бүсэд нийт 360 гаруй гүний усны ордууд өнөөдрийн байдлаар тогтоогдсон байгаа. Тэндээс харахад хангалттай ус байна.



Үр дүн. Үндсэн дэд бүтэц /магистраль/-ийн бодлого

Ер нь төмөр зам яаж тавигдах ёстой вэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн үр өгөөж. Өөрөөр хэлбэл хамгийн бага газар шороо, уулын ажил хийгдэх зам бол эдийн засгийн хувьд үр ашигтай зам байна. Үүнд cyypилаад бид агаар болон сансрын зургийн тайлал хийсэн.

 

Хоёр хэмийн налуутай, хамгийн хэлбэлзэл багатай газруудыг тогтоож, зураглал гаргав. Тэндээс хараад бидний төлөвлөж байгаа аж үйлдвэрийн бүсийн дундуур явж байгаа хоёр градусаас илүүгүй уналттай хэсгүүдийг хооронд нь холбохоор аяндаа хамгийн эдийн засгийн үр ашигтай төмөр зам, замын бүтэц гарч ирсэн.

 

Дэд бүтцийн тойм зургийг өнөөдрийн олдсон байгаа ордуудыг холбох замаар бус ирээдүйд олдож болох ордууд болон шинээр үүсэх хотуудыг холбох замаар гаргасан. Мөн хэт их улсын хил рүү ойртуулахгүй байх зарчим барив.

 

"Аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжлийн бүс"-ийг дэд бүтэцжүүлсэнээр овор ихтэй баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хоёр хөршийн зах зээлээс гадна гуравдагч зах зээл рүү гарах боломж нээгдэнэ.

 

Харин "Экологийн тэргүүлэх хөгжлийн бүс"-ийг дэд бүтэцжүүлсэнээр Ховдоос Дорнод хүртэл тус бүс дэх тулгуур хотууд (Мөрөн, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Багануур, Өндөрхаан) холбогдож аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих суурь тавигдана.



Үр дүн. Төвлөрлийг сааруулах, хот байгуулалтын бодлого

Одоогоор зохицуулалтгүйгээр явж байгаа хүн амын нүүдэл их байна. Зарим алслагдсан сумд хүнгүй болж байхад нийслэл Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болж байна. Сүүлийн жилүүдэд зуд болж малчид амьжиргаа болсон малаасаа салсанаар ажил хийж амьдрахын тулд төв суурин бараадах, нийгмийн үйлчилгээнд ойртохын тулд нүүдэл ихсэж байна.

 

Мэдээж тэд хот суурин тэр дотроо Улаанбаатарт ихэнх нь шилжин ирж байгаа. Хаана өндөр цалинтай ажлын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ, тохилог амьдрал байна тэнд хүмүүс нүүж очин ажиллаж, амьдарч, суурьшиж байдаг.

 

Тиймээс зохиомол, албадлагын хэлбэртэй төвлөрөл, нүүлгэн шилжүүлэлтээс татгалзаж Улаанбаатар хот, томоохон төв суурин газрууд руу ирж байгаа их нүүдлийг эдийн засаг, амьжиргаа, ажлын байр, нийгмийн үйлчилгээний сонголтод тулгуурласан ашиг сонирхол бүхий сайн дурын, эрүүл шилжилт хөдөлгөөний тогтолцоонд шилжүүлэх ёстой.

 

Бидний дэвшүүлж буй санал эрүүл шилжилт хөдөлгөөнийг бий болгож, хэт төвлөрлийг сааруулах ач холбогдолтой. "Экологийн тэргүүлэх хөгжлийн бүс"-д байгаа Улаанбаатараас бусад таван хот, "Аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжлийн бүс"-д шинээр таван том хот бий боллоо гэж төсөөлөхөд 100-200 гаруй мянган хүн амтай хотууд үүснэ.

 

Ингээд бодоход бид нийт хүн амынхаа 50 орчим хувийг "Аж үйлдвэрийн тэргүүлэх хөгжлийн бүс"-дээ байршуулж чадна. Ингэснээр Улаанбаатар хотын ачаалал багасч, сая гаруй хүнтэй хотын бүх зовлон /утаа, түгжирэл/ нимгэрнэ.



УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү

Эх сурвалж: “Бизнес таймс”