sonin.mn
Манайхан XIX-ХХ зууны зааг үеийн Монголын байдлыг сайн төсөөлөхгүй байна. Ялангуяа Нийслэл Хүрээний байдлыг. Үүнийг зөв төсөөлбөл Монголын түүхийг бүрэн бөгөөд зөв ойлгох түлхүүр олдож ч юуны магад. Ингээд Нийслэл Хүрээнд түүхэн социологийн “аялал” хийгээд үзье.
 
Нийслэл Хүрээний төрх
 
Жүгдэр зураачийн зурсан “Монголын нийслэл хүрээ” бүтээлд (зүүн) хүрээг баруун өмнөд, зүүн, зүүн өмнөд, их шавийн хороо харчууд гэсэн 4 хэсэгт хуваан зурж тэмдэглээд “баруун өмнөд хороо харчууд”, “зүүн өмнөд хороо харчууд” гэх мэтээр хороо харчуудын нэрийг тэмдэглэсэн байдаг.
 
Хүрээний “баруун өмнөд хороо” харчууд гэдэг хэсэгт Түшээт хан, Сайн ноён хан, Засагт хан аймгийн суурин жасаанууд байрлаж байжээ. Эдгээр суурин жасаануудын орчимд харъяат аймгийн олон хошууны нэрээр нэрлэгдсэн жижиг хороод байжээ. Нийтдээ 16 хороо байсан ба түүний 11 нь баруун өмнөд хороо харчууд хэмээх хэсэгт оршиж байжээ. Хүрээний хороо харчуудын олонхи нь Түшээ хан аймгийн харъяат байсан гэсэн дүгнэлтийг түүхч О.Пүрэв хийсэн байдаг.
 
Эдгээр хороо нь дотроо зэрэг дэвтэй байсан ба хамгийн нөлөө бүхий нь Дархан чин вангийн хороо байжээ. Голдуу ноёдын өргөө байсан учраас “элит” хэсэг нь байж. Ер нь бол Дархан чин ван Пунцагцэрэн 4 уулын дундах газар нутгийн эзэн нь байж Хүрээн дотор хашаа хатгах зөвшөөрлийг олгодог байжээ.
 
Энэхүү баруун өмнөд хорооны зэргэлдээ Түшээт хан, Сэцэн ван, Дайчин ван, Баатар ван, Дайчин бэйсийн хороод байсан боловч яг “элит” хэсэгтээ арай ордоггүй байжээ. Харин нөгөө талын “зүүн өмнөд хороо” харчуул хэсэгт Амбан хан, Сэцэн хан, Зоригт ван, Эрдэнэ вангийн хороод байжээ.
 
Эдгээр дотроос төрийн яамд, албан газрууд голлон байрласан Амбан ханы хороо хамгийн нэр хүндтэй “элит” нь байжээ. Яагаад гэвэл төрийн албан хаагчид нь яамдаа тойроод хашаа бариад буучихдаг байсан бололтой. Ингэхээр чинь Амбан ханы хороо бол яах аргагүй “сэхээтний” хороо болж таарч байгаа юм. Энд “муухай” хороо бас байжээ. Жишээлбэл, хөдөө гадаанаас ирсэн элдэв хэрмэл, явуулын нөхдүүд бөөгнөрсөн “Бадарчны дов” гэдэг хороо байжээ.
 
1911 болон 1921 оны хувьсгалчид хийгээд дэвшилтэт үзэлтэй хүмүүсийн дийлэнхи олонхи нь “зүүн өмнөд хороо”, “амбан ханы хороо”-оос гаралтай байгаа нь санамсаргүй явдал биш гэж санана. Эдгээр хороодоос салаалан Түвдийн Буриадын, Дарьгангийн, Сангийн яамны гэсэн тусгай хороод бүрэлдэж байжээ.
 
Үлэмж цөөхөн хүн амтай атлаа ихээхэн олон хэсэгт хуваагдсан Хүрээ шиг хот бусад оронд байгаагүй байх. Хүрээний энэ олон хороодыг засаг захиргааны нэгж гэж үзэж болохгүй юм. Зүгээр л монгол сэтгэл зүйгээр ялган нэрлэсэн тусгай хэсгүүд юм. Бас хоорондоо өрсөлдөж, хүүхэд банди нар нь монгол заншлаар зодолддог байсан гэж байгаа.
 
Монголын хүн амыг бараг тоолж байгаагүй болохоор нарийн тоог тэр болгон хэлдэггүй. Гэхдээ Оросын олон экспедицийн тоог харьцуулсан түүхч О.Пүрэв Хүрээнд 1910 онд 60 мянган хүн байсан бол 1918 онд 100.000 болсон гэсэн тооцоо хийсэн нь их үндэстэй. 
 
Нийслэл Хүрээний лам нарын гол хэсэг Зүүн хүрээ, Гандан хийд ба тэнд 20.000 лам суудаг гэж И.М.Майский тооцжээ. Мөн академич Майскийн тооцоогоор монголын хотын хүн амын 62% нь хятадууд байжээ. Баруун зүүн дамнуурчин нэртэй хятадын хоёр том хороолол Хүрээний баруун зүүн талд оршин байжээ. Мөн Маймаачин хэмээх Хүрээний зүүн талд хятад хороолол байжээ. Баруун дамнуурчинд алдарт есөн гудамж байсан ба энэ нь одоогийн “бөмбөгөр зах” хавьцаа болно.
 
1915 оны байдлаар Хүрээнд 445 дэлгүүр, мухлаг, гуанз, үйлчилгээний газар байснаас баруун дамнуурчинд 217, баруун өмнөд хороо харчуудын хэсэгт 122, зүүн өмнөд хороо харчуудын хэсэгт 4, зүүн дамнуурчинд 5, Амбан ханы хороо, Сангийн яамны хороонд 26, Маймаа хотод 71 байжээ. Одооны Улаанбаатартай их төстэй, дандаа “гадаад үйлчилгээний” газрууд байна.
 
Мөн Майскийн тоолсноор 1919 онд Хүрээнд 3000 орос байжээ. Хүрээний оросуудыг Консулын дэнжийн оросууд, Хүрээний оросууд гэж 2 хуваадаг байжээ.
 
Нийгмийн амьдрал
 
Дээр би эрдэмтдийн судалгаанд үндэслэн Хүрээний ерөнхий байдал, хүн амын тоог харуулахыг хичээв. Одоо нийгмийн амьдралыг төсөөлөөд үзье. Их сонин л доо. Учир нь Хүрээний амьдралыг түүхэн социологийн үүднээс хэн ч сонирхож байгаагүй юм.
 
Нийслэл Хүрээ маань хоёр зууны заагт 100.000 мянган хүнтэй байж. Энэ бол өнөөгийн ойлголтоор аймгийн төвийн дайтай юм. “Хэн нь ямар юмаа хийгээд яваад байгааг өдөртөө мэддэг” гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэрэв тэр үеийн монголчуудын амаар дамжуулан мэдээлэл тараах уламжлалыг харгалзвал Хүрээнд ямар ч нууц байгаагүй гэж бараг бүрэн итгэлтэйгээр хэлж болно.
 
Нийт хүн амын 62% нь хятад гэж байна. Хүрээнд “хөх өнгө” илт давамгайлсан байдгийг олон хүн тэмдэглэсэн байдаг. Яахав, орос болон бусад гадаадынхан нийлээд 60% гээд бүдүүвчилье. Ингэвэл 60 мянгыг хасаад 40 мянган монгол үлдэнэ. 
 
Энэ нь Хүрээ, Хиагт, Ховд, Улиастайн монгол хүн ам 40.800 гэсэн Майскийн өөр нэг тоонд дөхөж байна. Бүдүүн багцаагаар ойролцоо байна. Энэхүү 40 мянган хүний 20 мянга нь лам нар. 
 
Лам нар эхнэр авдаггүй. Тэр үеийн хуулиар хятад хүн монгол эхнэр авч болохгүй. Монгол эхнэр авсан хятадууд цөөнгүй байсан ч энэ нь нэлээд хожмын явдлаас гадна их түгээмэл үзэгдэл байгаагүй. Эндээс хүн төрөлхтөнд түгээмэл “хүүхэн булаацалдах” үзэгдэл Хүрээнд их байжээ гэж дүгнэж болно.
 
Эмэгтэйчүүдийг лам нарын хороололд хонуулдаггүй учраас залуу лам нар шөнийн цагаар харчуудын хороолол руу гүйлдэх нь мэдээжийн хэрэг. Түүнчлэн Хүрээний цөөнгүй хүүхнүүд “гадаадууд” буюу хятадуудтай чамгүй “өргөн” харилцаатай байж. Тэр үеийн шөнийн Хүрээ одоогийн Улаанбаатараас “нийгмийн идэвхээрээ” нэг их дутахааргүй “ихээхэн адал явдалтай” байсан гэсэн удаах дүгнэлт хийж болно.
 
Хүний тоо бодохуй 
 
Цаашаа түүхэн социологийн энгийн аргуудыг ашиглан зарим дүгнэлт хийе. Үүний тулд зарим нэг хялбаршуулал хийе. 40 мянган монгол хүнээс 20 мянга нь эмэгтэйчүүд гэж саная. Тэр үед хүүхэд цөөн байсан гээд 5 мянга гэж бодъё. Ингэвэл XIX-XX зууны зааг үед Нийслэл Хүрээнд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой 15 мянга орчим монгол эр хүн байсан гэж багцаалж болно. 
 
Түүнчлэн энэ 15 мянгаас хэд нь “улс төрөөр” оролдох боломжтойг багцаалах гээд үзье. Ийм боломжийг түүхэн социологийн аргууд бидэнд олгох юм. Би энд 15 мянгаасаа “хасах” арга хэрэглэх гэж байна. Гэхдээ нэмэх хүн ч бас бий. Ухаандаа хөдөө амьдардаг атлаа улс төрд нөлөөлдөг хүмүүсийг нэмж тооцох ёстой. Эдгээрийн тоог гаргах тийм хэцүү юу ? Үгүй л дээ.
 
Ингэж тооцоо хийж үзвэл Их Хүрээнд улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хувьсгал хийх боломжтой хүмүүсийг бараг нэр нэрээр нь гаргаж болно. Манай түүхчид их олон судалгаа хийж, арвин их баримт судалгааны эргэлтэд оруулсан боловч асуудлыг ингэж түүхэн социологийн үүднээс үзэж байгаагүй юм.
 
Нийслэл Хүрээний 15 мянган монгол эр хүн бүгдээрээ “улс төрөөр” оролдоно гэж байхгүй. Тэр үеийн Монголд улс төрөөр хэн хэн оролдох вэ ? гэж асуувал мэдээж хэрэг эрх мэдэл бүхий феодалууд буюу том дунд ноёд, том дунд лам нар, бичиг цэргийн түшмэдүүд зэрэг сэхээтэн, албан хаагчид байх ёстой. Ийм хүмүүсийг 1000 гэж үзье. Ингээд 15 мянгаас 1000 хүн нь “улс төрд” ойрхон гэж багцааллаа.
 
Одоо бид ойролцоогоор 1000-аад хүнтэй үлдэж байна. Бид дэс дараалан ойртох аргаар “хувьсгал” хийх боломжтой хүмүүсийн хүрээ заагийг багцаалахад тун дөхөж байна. Энэ 1000 бүгдээрээ дугуйлан байгуулаад хувьсгал хийнэ гэж байхгүй. Тэдний дотроос хувийн шинж чанар, нийгмийн идэвхи, албан тушаал, бусдад нөлөөлөх, оройлон манлайлах чадвар зэрэг шинжүүдээрээ ялгарсан цөөн хүмүүс л бусдыгаа дагуулж их үйлсийг санаачлах учиртай.
 
Тухайн үеийн Нийслэл Хүрээнд тусгаар тогтнолын төлөө “хувьсгал” эхлэх хүмүүс миний тооцоогоор 100-аас нэг их хэтрэхгүй. Түүхэн баримт ил болсон одоо үед тэднийг бараг нэр нэрээр нь гаргасан ч болно. 
 
Нам бүлэг хийгээд хувьсгалчид 
 
Түүх бичлэгээс үзвэл Хүрээг Сүй Шү Жан эзэлсэн 1919 оны сүүлчээр улс төрийн хэд хэдэн нам үүссэн гэж үздэг. Энэ бол яг европ утгаар нам биш байсан нь ойлгомжтой.
Алдагдсан тусгаар тогтнолоо олж авах, хятадын дарлалаас гарах, автономит эрхийг олж авах арга замыг эрэлхийлсэн нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хар аяндаа үүссэн зохион байгуулалтын хэлбэр буюу монгол уламжлалаар дугуйлан маягийн зүйл байжээ.
 
Сүй Шү жангийн үйлдэл нийт монголчуудын жигшил зэвүүцлийг төрүүлж, тусгаар тогтнолоо олж, хятадын дарлалаас гарах явдал тэдний сэтгэлийн чин хүсэл байсанд эргэлзэх зүйл үгүй. Үүнд нийгмийн анги бүлгийн ялгаа огт байгаагүй. Үүнийг бүх төрлийн түүхэн сурвалж нотолдог. Нууцаар уулзалдаж, санал бодлоо хэлэлцдэг дугуйлан маягийн зүйлээ монголчууд нам гэж нэрлэж ирсэн. Ингээд Хүрээнд хэд хэдэн “нам” байгуулагджээ.
 
40 мянган хүнтэй нүүдэлчдийн хотод нууц гэж байх уу ? Энэ бол бараг боломжгүй гэж би бодож байна. Манай түүх бичлэгт Нийслэл Хүрээнд “Угсаатны нам” (Ноёдын нам), “Түшмэдийн нам”, “Ардын нам” гэсэн улс төрийн тусгай тусгай бүлгүүд үүссэн тухай ярьж бичдэг. Эдгээрийн дотроос “Ардын нам”-ын тухай онцгойлдог.
 
Олон нам дотроос их үйл хэргийг Ардын Нам гүйцэлдүүлж чадсан учраас энэ нь ч зүй ёсны хэрэг. “Хүрээний бүлэг”, “Консулын бүлэг” хоёроос “Ардын Нам” анхлан үүссэн байдаг. Саяхан болтол Ардын Намыг хаад ноёдоос тусдаа харц ядуучууд байгуулж амжилтад хүрсэн гэж түүх бичлэгт өгүүлж байв. Марксист онолын дагуу ангийн тэмцлийн үүднээс тайлбарлах гэж тэр шүү дээ.
 
Гэтэл “Ардын Нам”-ыг судлах явцад нэрт түүхч С.Ичинноров тухайн үеийн улс төрийн хүчнүүдэд хамааруулж болох 52 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан нь ихээхэн шуугиан дэгдээж одоо болтол маргаан дэгдээж байгаа юм. Энэ жагсаалтын тэн хагасад нь ван, гүн, бэйс, тайж, түшмэл зэрэг хэргэм зэрэг бүхий 26 хүн орсон байдаг. Яг “марксист онолоор” бол хувьсгалыг язгуур угсаатнууд бус, харин ядуу зүдүү, үгүй ядаж дарлагдсан хүмүүс хийх ёстой. Гэтэл энэ жагсаалтад хувьсгалчдын хамт “дарлагч феодалууд” тэн хагас нь байх нь тэр.
 
Энд түүх судлал, бичлэгийн уламжлалт арга мухардалд орж байгаа юм. 
 
Монголын нийгмийн үзэгдлийг заавал европ “онол”, тухайлбал ангийн тэмцлийн үүднээс тайлбарлах албагүй л дээ. Эндээс орчин үеийн онолын социологийн дараах гаргалгааг нэлээд итгэлтэйгээр хийж болно:
 
1.1919 оны сүүлч 1920 он эхээр Монголын тусгаар тогтнолыг сэргээх, хятадын дарлалаас гарах эрмэлзэл монгол эх оронч болгоны мөрөөдөл болжээ.
 
2. Тэд өөр хоорондоо эл асуудлыг хэлэлцэж, арга замыг ярилцаж монгол заншлаар дугуйлан маягийн зүйл байгуулжээ. Үүнийг түүхчид “хувьсгалт бүлэг”, “нам” гэж нэрлэжээ. Мэдээж тэд эхэн үедээ нийгмийн зэрэг зиндаагаараа уулзаж учирдаг байжээ.
 
3. Асар удалгүй жижиг Нийслэл Хүрээнд энэ нь харилцан мэдэгдэж, бүлгүүд санал солилцон зарим нь нэгдэн нийлж, үйл ажиллагаагаа зохицуулан ажиллах болжээ.
 
4. Нэн ялангуяа Богд хааны ил далд дэмжлэг, зөвшөөрлийг бүх бүлэг авч байжээ. Энэ нь ч харьцангуй амархан ажил байжээ.
 
5. Монголын ноёдын бүлэг буюу түүний тэргүүн Богд хаан хятадын дарлалаас гарах арга арга зам хайж Англи, Америк, Япон, Орос зэрэг улсуудад зэрэг зэрэг ханджээ.
 
6. Олон арга замын зөвхөн нэг нь болох Оросын шугамыг баримталсан хувьсгалчдыг ноёдын бүлэг эхэндээ нөөц байдалтай байлгаж байжээ.
 
7. Ингээд бусад арга зам нь бүтэлгүйдмэгц бүх бүлэг хувьсгалчидтай нягт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болжээ.
 
8. Ийнхүү тусгаар тогтнолоо олох, Зөвлөлт Оросоос тусламж авах үйлст монголын нийгмийн дэвшилтэт бүх хүчин ямар нэг байдлаар оролцжээ. 1921 оны хувьсгалд гэсэн үг.
 
9. Чингэхдээ хаант төрөө унагадаг, үгээгүйчүүдийг тэтгэдэг Зөвлөлт засгаас ихэд болгоомжилж байжээ. Гэсэн ч Монголын “феодалуудад” гамингийн гараас гарах өөр арга байгаагүй.
 
10. Энэ бүхнийг Нийслэл Хүрээ даяараа гамингуудаас бусад нь “мэдэж” байжээ. Гамингууд ч гэсэн асар удалгүй “мэдэж” хувьсгалчдыг хайж эхэлсэн нь бас л ойлгомжтой юм.
 
Түүхэн гүн ухааны зарим асуудал 
 
Дээр дурдсан дүгнэлт болгонд монголын нийгмийн харилцааны онцлог, Нийслэл Хүрээний онцлог ихээхэн хэмжээгээр тусч байгаа нь ойлгомжтой юм. Монголын нийгмийн онцлогтой холбоотой эл үзэгдлийг аль нэг ангийн тэмцлийн үүднээс буюу гадаад онолоор тайлбарлах оролдлого утгагүй. 
 
1921 оны 7 дугаар сарын 8-нд Ардын Түр Засгийн Газрын төлөөлөгчид Богдод бараалхахад Д.Бодоо: “Бидний ардын төлөөлөгчдөөс Богд хаан болон олон лам ноёд Та бүхний сануулсан ёсоор Их Орос улсын тусламжийг олж, гадаадын харгисийг сөнөөж, газар орноо бүрэн бүтэн болгон авав” гэж хэлснийг Магсар хурц тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн “үндэсний үзэлт ноёд, Түшмэдийн ба Ардын нам харилцан тохиролцсоны дүнд Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг Зөвлөлт Засгийн газарт томилон илгээсэн” гэж Д.Бодоо, Д.Чагдаржав нар Д.И.Макстеникт өгсөн бичигтээ дурдсан юм. Энэ нь “ноёд”, “түшмэл”, “ард”-ын намууд хамтран ажилласныг хөдөлбөргүй нотолж байгаа юм.
 
Харин “Ардын Нам”-ынхан нийгмийн хувьсгал хийх итгэл үнэмшил зорилго чиглэлтэй болж, европ утгаар нам болон төлөвшсөн нь арай хожмын буюу дараагийн асуудал юм.
Энд гадаад нөлөөлөл нь мэдээж хэрэг Коминтерн, Оросын Коммунист большевикуудын намын идэвхитэй нөлөөлөл, хувьсгалыг экспортлох үйл ажиллагаа байсан нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ аль ч хувьсгалд гадаад хүчин зүйл ямар ч их нөлөөтэй байсан дотоод хүчин зүйл түүнээс ямагт дутахгүй нөлөөлөл үзүүлдэг нь нэгэнт батлагдсан үнэн юм. 
 
Тэгвэл манай хувьсгалчдад юу нөлөөлсөн бэ ? Юуны өмнө Монголд зах зээл нэвтэрч, эдийн засаг асар хурдан тэлж, уламжлалт нийгмийн бүтэц задарч байлаа. “Шинэ” үүсч байсан нийгмийг хуучны угсаа залгамжлах шашинт төр яагаад ч удирдаж чадахгүй байв. Энэ бол нийгмийн шинэ хувьсгал зайлшгүй болохын улс төр, нийгэм-эдийн засгийн суурь нөхцөл мөн.
 
Түүнчлэн Монголын уламжлалт нийгмийн бодит зөрчил, нэн ялангуяа “феодал ангийн” арчаагүй байдал энэ зөрчил дээр нэмэгдсэн юм. Монголын “феодал анги” нийгмийг удирдах өчүүхэн ч чадваргүйгээ автономит засгийн үед хангалттай харуулсан юм. Монголын феодалууд эрх мэдлийн төлөө бие биенээ хөнөөх хүртэл дайсагнаж, эгзэгтэй үед тусгаар тогтнолоо худалдаж, гуйвж дайвж, урваж шарвадаг, мөн үхээнц дорой байдлаа алхам тутамдаа нотолж байв. 
Ийм нөхцөлд нийгмийн хувьсгал хийж олон зуун жил тогтсон, үлэмж хоцрогдсон, угсаа залгамжлах “феодалын байгууллыг” халж, орчин үеийн, үйлдвэржсэн, соёлжсон, шинэ нийгэмд дэвшин орох нь жам ёсны бөгөөд дэвшилтэт үйлс байсан юм.
 
Ганцхан Монголд төдийгүй дэлхий дахинд, ялангуяа Дорно дахинд “феодалын” байгууллыг халсан нийгмийн асар том дэвшил явагдсан юм. Үүнийг үгүйсгэх, баллах ямар ч боломж байхгүй. Гэтэл сүүлийн үеийн монголын нэн шинэ түүхчид 1921 оны хувьсгалын болон нийгмийн дэвшлийн түүхийг үгүйсгэдэг ганцхан ажилтай болов. Тодруулбал 1911 оноор 1921 он хийгээд тусгаар тогтнолыг гутаан доромжилж, түүхийн хачин тэнэг “байлдааныг” өдөөн турхирч, энэ хэрээрээ Монголчуудыг оюун санааны хувьд хордуулах болов. 
 
Социализмын түүх Сүхбаатар, Чойбалсан гэж эхэлдэг байсан бол ардчиллын түүх Богд, Барон гэж эхлэх болов. Ийм утгагүй юм тэнэг юм гэж байхгүй ш дээ…
 
Өнөөгийн түүх бичлэгийг мухардмал байдлаас гаргах гэж онолын социологичийн сайн санаа гарган би түүхэн гүн ухааны олон өгүүлэл бичсэн. Би хийх ажилгүйдээ үүнийг хийгээгүй. Манай өнөөгийн нийгмийн хөгжлийн онол-практикийн асуудлыг боловсруулах явцад түүхэн гүн ухааны буурь суурьтай дүгнэлт алхам тутамд хэрэг болж байна. Гэтэл манай түүхчдийн сүүлийн үеийн бүтээлүүдэд энэ талын юм үзээд өгье гэсэн ч алга, дандаа улс төрийн хэрүүл, арчаагүй үзэл суртал, явган хов жив л байна. Гэхдээ түүхч Н.Хишигт нарын тулхтай, суурь бүтээл туурвидаг бүтээлч хүмүүсийн ажлыг огт үгүйсгээгүй байна. Ингээд ажлаа хийдэггүй, хийж чаддаггүй хүмүүсийн өмнөөс арга буюу түүх рүү орох хэрэг гардаг юм. 
 
Гэтэл өөдөөс судлаач Ганаа мэргэжлийн түүхч биш гэж муулж давхиад бас л олон жил болж байна. Ингэж новшрох хэнд хэрэгтэй юм ?!
Хэрэв монголын нэн шинэ үеийн түүхчид ажлаа хийхгүй улс төрийн түүх бичиж улс орон үндэстнээ үймүүлж давхиад байвал тэр түүхийг чинь би бичсэн ч яадаг юм. Та нараас дутна гэж л лав байхгүй…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?