
Дэлхийн алдарт реппер Fat Joe есдүгээр сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ. АНУ-аас Монгол Улсад хүрэлцэн ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлчийг эх орондоо урьсан “Blink Soft” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Баяраатай ярилцлаа.
-Та бүхнийг дэлхийн алдарт реппер Fat Joe-д Монгол Улсад хүрэлцэн ирж, тоглолт хийх хүсэлт тавихад яаж хүлээж авсан бэ. Түүний сэтгэгдлээс хувцаалцъя?
-Реппер маань бидний саналыг таатай хүлээн авч, Монгол Улсад тоглолтоо хийх болсондоо баяртай буйгаа илэрхийлсэн. Хүсэлтийг маань хүлээн авч, зөвшөөрсөнд бид ч мөн талархаж байгаа. Түүнийг зөвшөөрөхөд Монгол Улсын үүх түүх, өв соёл тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. Энэ тухайгаа өөрөө ч бас дурдаж байсан. Гаднын улс орнуудын уран бүтээлчийг эх орондоо урихад заавал агентлагаар дамжуулж хүсэлт тавих ёстой байдаг. Бид энэхүү жишгээр агентлагт хандаж, хүсэлтээ дамжуулж, өдгөө амжилттай бүтлээ.
Бид “Zone X” төслөө хоёр жилийн өмнө эхлүүлж, улмаар гаднын алдартай уран бүтээлчдийг эх орондоо урих ажлыг тууштай хөөцөлдсөн. Гэсэн хэдий ч анх төлөвлөж байсан хүмүүс маань татгалзсан хариу өгсөн.
Ер нь бол гаднын нэр хүндтэй уран бүтээлчид зөвхөн Монгол Улсад ирж тоглолтоо хийх боломж тэр бүх олдохгүй юм билээ. Үнэ ханш тохирохгүй эсвэл цөөхөн хүн амтай учраас үзэгчдийн тоо бага байх болов уу гэх мэт шалтгаанаар татгалздаг. Харин энэ удаад биднийг холбож буй агентлаг маань Fat Joe-д Хятад, Япон ч юм уу ойролцоох улс оронд мөн тоглолт хийх эрх авч өгч байж манай улсад ирэх боломжийг бүрдүүлсэн.
-Репперийн зүгээс та бүхэнд ямар шаардлагуудыг тавьсан бэ?
-Реппер Fat Joe “Миний дууг сонсдог, миний фенүүд байгаа юу” гэж хамгийн түрүүнд асуусан байсан. Бид тооцоолол, төлөвлөгөөгөө тодорхой танилцуулсан. Түүний менежерийн багийнхан хэдэн ширхэг тасалбарыг хэдэн төгрөгөөр борлуулах, тоглолт гадна талбайд уу эсвэл дотор зааланд болох уу, тайз, өсгөгч нь ямар байх вэ, тухайн өдрийн цаг агаар гээд бүх зүйлийг нарийн лавлаж асууж байсан. Бид цаад талаас тавьж буй бүх шаардлагад нийцүүлэх үүрэгтэй.
-Тоглолтод Монголын талаас ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Хип хоп чиглэлээр уран бүтээл хийдэг Цэцэ, Vanquish, Гинжин нар оролцоно. Монгол дуучдаа дэлхий дахинд таниулах хүсэл зорилготойгоор зочин артистаар урьж оролцуулж байгаа. Энэхүү тоглолтыг “Zone X” төслийн хүрээнд зохион байгуулж буй учраас реппер Fat Joe маань ч гэсэн өөрөө зочин артист гэж хэлж болно.
Бас нэг онцлох зүйл нь, бид реппер Fat Joe-той монгол нэг дуучнаа хамтарч уран бүтээл хийлгэх мөрөөдөл тээж яваа. Хэрэв, хамтарч уран бүтээл хийж чадвал репперийн зүгээс бидэнд өгч буй хамгийн үр өгөөжтэй, том бэлэг байх болно. Энэ хүн маань өөрөө дуучидтай хамтарч, уран бүтээл хийж тухайн хүнийг гаргаж ирж, дэлхийн дахинд таниулж чаддаг мэргэшсэн продюсер.
-Та бүхэн хамтарч уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа Fat Joe-д илэрхийлсэн үү?
-Хамтын уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, саналаа уламжилсан. Гэхдээ төлбөр мөнгөний хувьд нэлээд өндөр юм билээ. Ер нь бол мөнгө төлж байж дэлхийн алдартай, том уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийдэг.
-Нууц биш бол хамтарч уран бүтээл хийх Монгол дуучны нэрийг нь хэлж болох уу?
-Бид Гинжинг сонгож, түүнд санал тавихад дуртай хүлээж авсан. Fat Joe болон Гинжин хоёрын урсгал чиглэл тохирох учраас гоё хоршил бий болж, сайн бүтээл гарах боломжтой гэж харж байгаа. Гинжин хэлний хувьд ч мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, хамтарч уран бүтээл хийх хэмжээний чадвартай гэж сонгосон.
-Мэдээж дууг нь сонсдог фенүүд нь Fat Joe-ийг сайн мэдэх байх. Харин тоглолтыг нь үзэхээр сонирхож буй уншигчдад хандаж, репперээс гадна тэр хэн бэ, ямар хүн бэ гэдэг талаас нь онцлон танилцуулъя?
-Реппер Fat Joe хип хоп хөгжмийн салбарт тасралтгүй 30 жил уран бүтээл туурвиж байгаа. Өдгөө ч уран бүтээлээ хийсээр л явна. Түүний дуулсан дуу бүр тухайн цаг үедээ Billboard-ыг тэргүүлдэг домогт хүн шүү дээ. Реппер маань энэ жил 55 нас хүрч байгаа ч энэ бол хөгшин гэсэн үг биш. Тэр тайзнаасаа буугаагүй, уран бүтээлээ хийсээр байгаа, асаж яваа уран бүтээлч.
Fat Joe чадварлаг, чадалтай репперээс гадна тэр продюсер, хүндэт доктор, уран илтгэгч, зохиолч, хөтлөгч гээд тал бүрийн авьяастай.
Fat Joe “Хүн нас барахад түүнийг ямар хүн, ямар уран бүтээлч байсан бэ гэдгийг бус харин нийгэмд ямар үр тарьж, юу хийсэн бэ гэдгийг л ярина” гэж хэлсэн байдаг. Тиймээс тэр үргэлж сайн үйлс, хүмүүнлэгийн ажил хийдэг. Мөн бусдад урам зориг өгөх илтгэл лекц тавьдаг гээд энэ бүхэн нь түүнийг хэн бэ, ямар хүн бэ гэдгийг нь илүү тодотгож харуулдаг.
-Та сонсогчийн хувиар түүний ямар дууг онцлон нэрлэх вэ?
-“Lean Back”, “What’s Luv”, “All the Way up”, “Yes” гэх мэт олон дуу бий. Тоглолт 4-5 цагийн хугацаанд үргэлжилж, Fat Joe тайзан дээр 75 минутын турш дуулж, бүжиглэн үзэгчидтэйгээ хамт байх болно. Энэ бол тоглолтын бас нэгэн онцлог.
-Тоглолтын бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ. Онцлох хэсэг нь юу байх бол?
-Нөгөө талаас бүх зүйл дээр шаардлага тавьж байгаа. Тайз, дэлгэц, гэрэл, монитор ийм, тийм байх ёстой гэхээс гадна тайзны хойно байрлуулах зүйлсийг ч мөн адил нарийн зааж ирүүлсэн. Бид энэхүү шаардлагын хүрээнд буюу олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Бидний зүгээс дуугаралт болон тайзанд нэлээд ач холбогдол өгч байгаа. Дуугаралт чанга байхаас илүүтэй цэвэрхэн тод байх нь чухал. Тайзны хувьд өнгө үзэмжээс илүүтэй бүх хэсгийнхээ үзэгчдэд харагдахуйц хүртээмжтэй буюу зөв байрлалтай байх ёстой гэсэн зарчим барьж байгаа.
-Тоглолтын тасалбарын үнийг ямар байдлаар тогтоосон бэ?
-Одоогоор энгийн тасалбар хямдралтай 99.000 төгрөгийн үнэтэй. Тоглолт дөхөх тусам тасалбарын үнэ нэмэгдэнэ. Харин VIP тасалбарын үнэ 800.000 төгрөг бөгөөд үүнд уух, идэх зүйлс багтсан. Shoppy-гоос хувааж төлөх нөхцөлөөр авах боломжтой. Шүтэн биширдэг, хүндэлдэг дуучнаа илүү ойроос харах хэсэг буюу “Fen zone” тасалбарын үнэ 199.000 төгрөг. Гол нь тасалбарын тоо хязгаартай тул хип хоп сонирхогч үнэнч фенүүд нь яараарай гэж зөвлөе.
-Та бүхний эхлүүлсэн “Zone X” төслийн талаар тодруулъя?
-Бид маш том зорилго өвөртөлж, “Zone X” төслийг санаачлан улмаар эхний алхмаа амжилттай тавилаа. Гол нь одоо тоглолт сайхан болж, реппер маань сэтгэл хангалуун, итгэл дүүрэн буцах нь л хамгийн чухал. Ингэж чадвал дараа дараагийн удаад бид монголчуудын хүсэн хүлээж буй Eminem, 50 Cent зэрэг алдарт уран бүтээлчдийг урих боломж нээгдэнэ гэсэн үг. Реппер Fat Joe-ийн хөтөлдөг подкастын зочид нь дэлхий дахинд алдартай, нэр хүндтэй том уран бүтээлчид байдаг. Энэ өнцгөөс харвал, түүгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлан таниулах боломж, суваг нээгдэж байна гэж хэлж болно.
-Сүүлийн асуултаараа “Blink Soft” компанийн үйл ажиллагааны чиглэл, баримталдаг зарчим, зорилго зорилтоос хуваалцъя?
-Манайх 2017 оноос хойш маркетинг пиар, брендинг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид төлөвлөгөө бас дахин төлөвлөгөө гэсэн зарчмаар ажилладаг. Хэрэв, төлөвлөгөө тодорхой байвал эцсийн үр дүн сайн гарна. Ер нь бол бидний хувьд ажлын цаг бус гүйцэтгэл л хамгийн чухал байдаг. Бид одоогоор салбар харгалзахгүйгээр дотоодын болон олон улсын 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Онцолбол, 2023 онд Монголын Залуучуудын холбоо, Хятадын Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан “SIS23” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаас эхлээд дуусах хүртэлх бүх шатыг бид хариуцан ажилласан. Тухайн үед БНХАУ-ын талын 200 орчим хөрөнгө оруулагч Монголын таван секторт хөрөнгө оруулалт хийж байсан юм. Бид энэ салбарт өөрсдийн зам мөр, түүхийг үлдээх зорилго өвөртлөн хөл тавьж, түүнийхээ төлөө ажилласаар байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл1
нохойн баас,мода монголоор дуусдгаа гэж