sonin.mn

Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал БНХАУ-ын Тяньжинь хотын Мэйжян хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, үг хэлэв.



Ши Жиньпин хэлсэн үгэндээ: "Бид хамгийн түрүүнд хил орчмын цэргийн итгэлцлийн механизмыг байгуулж, мянга мянган километр үргэлжлэх хилийг найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гүүр болгон хувиргасан. “Гурван муу хүчин” буюу терроризм, хагалан тусгаарлах үзэл, шашны хэт даврагч хүчинтэй тэмцэх олон талт ажиллагааг анх эхлүүлж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулан, зөрчил маргааныг эвээр зохицуулж, гаднын хөндлөнгийн оролцоог тууштай эсэргүүцэн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалсан.


Бид “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах санаачилгыг хамгийн түрүүнд эхлүүлснээр бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн хөдөлгүүрийг улам бэхжүүлсэн. Миний дэвшүүлсэн Хятад Улс болон ШХАБ-ын гишүүн орнуудын худалдааны нийт хэмжээ 2.3 их наяд ам.долларыг давах зорилго хугацаанаасаа өмнө биелсэн.


Мөн гишүүн орнууд хооронд 14 мянга орчим километр урт олон улсын авто замын тээврийн шугам нээгдэж, давхацсан тоогоор 110 мянга гаруй “Хятад–Европ” чиглэлийн галт тэрэгний цуваа явуулсан байна.


Бид урт хугацааны найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээг хамгийн түрүүнд байгуулж, үеийн үед найрамдлаа үргэлжлүүлж, хэзээ ч бие биедээ дайсагнахгүй гэдгээ зарласан. ШХАБ-ын Найрсаг хөршийн хамтын ажиллагааны хороог байгуулж, түүний үүргийг бүрэн дүүрэн ашиглан иргэдийн найрсаг харилцааны сүлжээг өргөжүүлж, орон нутгийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бодлого судалгааны хүрээлэн, эмэгтэйчүүд, залуусын хамтын ажиллагааг дэмжсэнээр гишүүн орнуудын ард түмэн бие биедээ илүү дотно болж, сэтгэл зүрхээрээ ойртсон.

Бид хамтаар зөвлөлдөж, хамтран бүтээж, хамтдаа хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлалыг хамгийн түрүүнд дэвшүүлж, жинхэнэ олон талт үзлийг тууштай хэрэгжүүлсэн. НҮБ зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт бүтээлчээр оролцон, олон улсын шударга ёсны талд баттай зогсож, соёл иргэншлийн харилцан хүндлэл, уялдаа хийгээд харилцан суралцахыг уриалж, давамгайллын бодлого, хүчний бодлогыг эсэргүүцэн, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан.

ШХАБ нь одоо 26 орны оролцоотой, 50 гаруй салбарт хамтын ажиллагаатай бөгөөд нийт эдийн засгийн хэмжээ нь ойролцоогоор 30 их наяд ам.долларт хүрсэн дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага болж тэллээ. Энэхүү байгууллагын олон улсын тавцанд үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж байна.Харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах зарчмыг тууштай баримтлахын чухлыг тэмдэглэв. Тэрээр хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, “Бүс ба Зам” санаачилгыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхийн зэрэгцээ "хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах" зарчмаар бүс нутгийн хөгжлийн хүчийг нэмэгдүүлж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагата. Өргөн уудам зах зээлийн давуу тал, гишүүн орнуудын эдийн засгийн харилцан нөхөх боломжийг бүрэн ашиглаж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, дэд бүтэц, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн инновац, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалав.



Ши Жиньпин мөн илтгэлдээ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын илүү сайн хөгжилд түлхэц өгөхийн тулд Хятад улс үргэлж “бодит ажил”-ыг эрхэмлэдэг. Энэ хүрээнд:


Шаардлагатай гишүүн орнуудад “жижиг боловч үр өгөөжтэй” ард иргэдэд чиглэсэн 100 төсөл хэрэгжүүлэх; Энэ онд гишүүн орнуудад 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох; Ирэх 3 жилд Банкны нэгдсэн холбооны гишүүн банкнуудад нэмэлтээр 10 тэрбум юанийн зээл гаргах; Ирэх оноос эхлэн ШХАБ-ын тусгай тэтгэлгийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, докторын оюутны инновацийн хөтөлбөр хэрэгжүүлэн, шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин хамтран бэлтгэх; Ирэх 5 жилд гишүүн орнуудад 10 “Лүбань семинар”-ыг байгуулж, 10 мянган хүний нөөцийн сургалт, дадлагажуулалт хийхээр төлөвлөж байна" гэжээ.


Г.Бямба