Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Японы анхны балетын компани болох “Комаки балет”-ынхантай хамт эх орондоо ирэхээр болжээ. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Комаки балет, Д.Алтанхуяг Монголд” тоглолт ирэх зургадугаар сарын 8, 9-нд СТӨ-нд болно.
Японы анхны балетын компани болох “Комаки балет” нь 1946 онд “Токио балет” нэртэйгээр байгуулагдаж, өдгөөг хүртэл 66 жилийн турш Японы ард түмэнд сонгодог урлагийг түгээсээр иржээ. Тус компанийг Япон орны хөгжил, тэр дундаа иргэдийг соён гэгээрүүлэх оюуны боловсролд маш том хувь нэмэр оруулж буйг Япон улсын Засгийн газар болон уран бүтээлчид, урлаг соёлын ажилтнууд, Японы нийт ард түмэн өндрөөр үнэлдэг байна.
“Комаки балет” компанийг зөвхөн Япон гэлтгүй Ази тивдээ хамгийн анх сонгодог урлагийн энэхүү төрлийг оруулж ирсэн гэдэг бөгөөд 1950 онд дэлхий дахинаа улсын хэмжээний бүрэн бүрэлдэхүүнтэй балетын дөрвөн том байгууллага байсан нь Францын Парис Опера театр, Английн Рояал Опера театр, Италийн Ла-Скала театр болон Комаки балетын компаниуд юм. 1946 онд “Комаки балет” байгуулагдсанаас хойш Японы балетын урлаг эрчимтэй хөгжиж, дэлхийд Япон улсыг таниулах нэгэн нүүр царай болсон байдаг. “Комаки балет” мөн үе үеийн бүжигчид, уран бүтээлч нартай хамтран Японы балетын холбоог байгуулж, тив дэлхийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулдгаараа алдартай.
“Комаки балет” компани одоогоор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Компанийн захирал Со Кикучи нь “Комаки балет”-ын гурав дахь үеийн залгамж бөгөөд тэрээр 2011 онд Масахиде Комакигийн төрсөний 100 жилийн ойг Японы Үндэсний театрт ард түмэнтэйгээ тэмдэглэж байжээ. “Комаки балет” –ыг үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяандагвыг Япон улсад зохиосон Олон Улсын балетын тэмцээнд шүүгчээр оролцуулснаар манай хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй гэдэг. 2002 онд тус компанийн гурав дахь үеийн захирал Со Кикучи Монгол улсад айлчилж, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг Япон улсад урьж, тоглуулж байсан бол 2007 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд балетчин Д.Алтанхуяг санаачлан Монгол Улсын Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, Япон улсын Соёлын газрын дэмжлэгтэйгээр “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эх орондоо урьж байсан юм. Харин хоёр улсын хооронд дипломат харилцаа байгуулагдсаны 40 жилийн ой тохиож буй энэ жил “Комаки балет” компани Д.Алтанхуягийн хамт талын Монголд дахин зочлох нь ээ.
Д.Догсмаа
Эх сурвалж: "Монцамэ"
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0