sonin.mn

Манай барилгачид эх орныхоо хөгжил дэвшлийн өнгө төрх болсон Их бүтээн байгуулалтыг гардан бүтээгчид билээ. Энэ салбартаа 10 жил үргэлж дээшлэн дэвшиж байгаа  барилга угсралтын “Н ЭЙ БИ” Групп-ын ерөнхий захирал Б.Амарсанаатай  уулзаж ярилцлаа.


-Эхлээд хоёул барилгын чанарын талаар ярилцья. Барилгын чанар юунаас шалтгаалдаг вэ? Барилгын материалдаа байна уу, эсвэл барьж байгаа хүндээ байна уу? Жишээ нь, одоо өвөл зарим барилгын ажил явагдаж байгаа харагддаг. Хүйтний улиралд барилга барьж байгаагаа барилгын технологитой холбож тайлбарлах нь бий. Үнэхээр ингэж болдог болсон юм уу?


-Барилгын чанар материалдаа, барьж байгаа хүндээ аль алинд нь байдаг өргөн хүрээтэй асуулт. Ганц барилгын гэлтгүй аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар  бол хэрэглэгчдийн шаардлага шүү дээ. Чанаргүй бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах нь төвөгтэй. Чанаргүй барилгыг өнгөлөн далдалж, өнгө будаг наагаад хэрэглэгч, үйлчлүүлэгчээ хуураад борлуулах боломж байдаг л байх. Гэвч ингэлээ гээд хожим  хойно олон хохирол гарна. Барилга өөрийн онцлогтой. Жишээ нь муу барилгыг ашигласнаар нэг хүн хохирох биш, гэр бүл, хамт олноор гээд олон хүн хохирол үр дагаврыг амсдаг, арай өөр. Шууд хэлэхэд барилгын чанар хэрэглэж байгаа багаж, тоног төхөөрөмж, ажиллаж байгаа инженер техникийн ажилчид, ашиглаж байгаа материалаас бүгдээс хамаарна. Тэгэхээр барилгын чанар гэдэг цогц ойлголт юм. Барууны улс орнуудад 4М гэдэг ойлголт бий. Машин, материал, арга барил технологи, хүн гэсэн үг. Нэгэн хошин зураг байдагдаа, нэг хүн эхлээд том дүнз авчраад тэрэг хийх гээд зороод болохгүй болохоор нь цохиур хийх гээд мөн л чадахгүй, сүүлдээ шүдний чигчлүүр болгоод дуусдаг. Сайн материал байлаа ч мэргэжлийн бус эсвэл мэргэшээгүй хүн түүгээр юу ч хийж чадахгүй. Хичнээн сайн мэргэжилтэн байгаад үнэхээр муу материал байвал бас хэцүү. Тухайн хүн хэдий чадвартай байгаад юм хийхэд материал нь муу байвал хичнээн аргалаад болголоо гэсэн яс чанар муу болохоор тухайн барилга чанаргүй нь цаг хугацааны эрхээр гараад л ирнэ. Сайн хүн, сайн материалтай боловч муу багажтай бол бас л чанарт нөлөөлнө. Бас дээр нь арга барил, технологи гэсэн юм байна. Технологийн дэс дараалал алдах юм бол бас л чанарт нөлөөлнө.


-Хүйтэнд барилга барьж байгаагийн хувьд...?


-Өвөл барилга бариад байгаа нь шинэ зүйл биш л дээ. Социализмын үед ч гэсэн өвөл барилга угсралтын ажил явагддаг байсан. Бетон бэхжих хугацаанд хөлдөхгүй байх температур, орчинг бий болгож байж бетоноо цутгадаг. Олон арга бий. Сүүлийн үед давсанд химийн элемент хольж хөлддөггүй, богино хугацаанд үндсэн бэхжилтээ авч чаддаг шинэ технологи нэвтэрсээр байгаа. Тиймээс өвөл цутгасан учраас муу гэж дүгнэж болохгүй. Хийж байгаа арга, шаардагдах технологийн хугацаагаа баримталсан, баталгаатай гэдгээ тухайн барилгын компани өөрсдөө л хэрэглэгчдэдээ батлах ёстой. Өнөөдөр манайд барьж байгаа барилгуудыг чанартай чанаргүй гэж ярих нь харьцангуй ойлголт. Чанартай гэдэг нь мэдээж барилгын стандарт, норм, дүрэмдээ ч байна. Олон улсын жишгээр авч үзээд чанартай гэж тооцох уу, эсвэл хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байгаа байдлаар нь ингэж ойлгох уу гэсэн зөрчил ер нь бий. Заслаа тааруухан хийсэн ч барилгын бүтээц хийц нь тооцооныхоо дагуу хийгдсэн барилга байхыг үгүйсгэхгүй.


-Гэхдээ л үүнийг дагаад шинэ техник, технологи орж ирж байгаа биз дээ....?


-Тэгэлгүй яах вэ, манай монголчуудын хүсэл тэмүүлэл их болж. Шинэ зүйлийг хэрэглэе, хурдан угсарч барьж болдог, өнгө үзэмжийн талаас сайхан харагддаг гэх мэтчилэн. Тэгэхээр одоо энэ дээр төрийн бодлого хэрэгтэй. Бизнесийнхэн бол маш хурдан хөгжиж дэвшихийг хүсдэг болохоор шинэ технологийг авч ирж турших нь зөв. Магадгүй өөр оронд тохирохгүй байгаа барилгын материал, технологи, шийдэл манай улсад сайн үр дүн өгөхийг үгүйсгэж болохгүй. Шинжлэх ухааны оролцоо барилгын бизнест хэрэгтэй байна.     


-Барилгын салбарт гаднаас, хятад ажилчид авч ажиллуулдаг. Монголчуудаа ажлын байраар хангая гэхээр мэргэжлийн бус, бас хөдөлмөрийн сахилга бат сахидаггүй зовлон бий. Үүнийг яаж шийдэх вэ? Хуучны ТМС шиг, одоогийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ) сургуулиудыг олноор бий болгож, мэргэжлийн ажилчдыг бэлтгэж гаргах уу?

 


-Энэ бол зөвхөн манай салбарт тулгарч байгаа асуудал биш. Бизнесийн бусад салбарт ч гарч байгаа асуудал. Зах зээлд шилжсэн өнгөрсөн 20-иод жилд олон амжилт бидэнд байгаа ч түүнээс дутахгүй алдсан зүйл их байна. Үүний нэг жишээ нь мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тогтолцоо юм. Үүнийг хувийн хэвшлийнхэн амьдралаасаа мэдрээд, сүүлийн жилүүдэд төр, засгаасаа аваад ойлгож эхэлж байна. Социализмын он жилүүдэд бэлтгэгдсэн хүмүүс нөөцөө  шавхаж дуустлаа ажиллаж ирлээ. 1990 онд 40 настай мэргэжилтэй ажилчин байсан хүн өнөөдөр тэтгэвэрт гарчихсан, 20 настай байсан хүн 40 нас гарсан туршлагатай хэдий ч ажлынх нь чадвар муудсан байна. Гэтэл өнөөдөр идэр залуу настай, орчин үеийн технологийн мэдлэгтэй ажилчид хэрэгтэй байдаг. Ажиллах хүчнээ бэлтгээгүйн горыг бид одоо амсаж байна. Сүүлийн жилүүдэд МСҮТ-ийг олноор нь байгуулан, урьд өмнө нь байсан сургуулийг шинэчлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр төр, засгаас нэг үеэ бодвол анхаарч байна. Ажлын байран дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх боломжийг ч гаргаж өгсөн. Гэхдээ зарим ажил явагдаж байгаа хэдий ч 20 гаруй жил тасарсан зүйлийг 1-2 жилийн дотор сэргээнэ гэдэг хэцүү л дээ. Үүнд бидэнд дахин их цаг хугацаа шаардах болчихоод байна. Яагаад ийм хугацаа хэрэгтэй гэхээр мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын бааз, суурь устсан. Бүгдийг шинээр байгуулж байна. Сургадаг багш нар нь байхгүй болсон учир тэднийг бэлтгэнэ, тэгээд ажилчдаа сургана, төгсөөд ажил дээр гаргана, дадлагажуулах гэсээр байтал арав гаруй жил болчихож байгаа юм. Гэхдээ үүнийг аль болох урагшлуулахын төлөө хувийн хэвшил, Засгийн газартай хамтраад олон ажлыг хийх хэрэгтэй. Хамгийн гол нь энд тогтвортой бодлого хэрэгтэй байна. Бид өнөөдрийн байдлаараа ажилладаг хэвээрээ байх юм бол хэзээ ч хөгжил дэвшилд хүрэхгүй. Энэ бол үлгэр болно. Тооцоогоор аваад үзэхээр Амарсанаа таван хүний ажил хийж байж, тийм бүтээмж гаргаж байж монголчууд бид сая баян чинээлэг амьдарна. Хэдхэн хүн ажлаад бусад нь суугаад байдаг хөгжлийн тухай ойлголт ерөөсөө хэрэггүй.    


-Одоо хоёулаа үнэ ярья. Орон сууцны үнэ өсөхөд юу нөлөөлөөд байна вэ? Газрын зөвшөөрлөөс аваад барилгын материалын ихэнхийг гаднаас авдаг учир хил, гаалиас эхлээд тээврийн үнэ шингэж үнэ нэмэгдээд байна уу? Өөр ямар хүчин зүйлүүд байна? Яаж үнэ бууруулж, цэвэр өрсөлдөөнийг бий болгох вэ?


-Би үл хөдлөх хөрөнгийн шинжээч хүн биш л дээ. Гэхдээ энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд өөрийн үзэл бодлоо хэлэхэд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурахгүй, цаашдаа улам өснө. Ямар хүмүүс ямар тооцоо хийгээд буурна гэж үзээд байгааг мэдэхгүй. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн үнэ буураад л байдаг тохиолдол байхгүй, ингэлээ гэж огт сонсож байгаагүй. Тодорхой нэг богино хугацаанд эдийн засгийн хямралтай холбоотойгоор түр зуурын бууралтууд ажиглагддаг болохоос биш үл хөдлөх хөрөнгийн үнэ буулгаж өрсөлдөөд байдаг зүйл биш. Үнэд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа. Барилгын бүтээн байгуулалтын ихэнх нь Улаанбаатар хотод явагдаж байна. Хотын гадна барилга барилаа гэхэд ашиглах боломж нь алга. Халаалт дулаан, зам тээвэр, цэвэр, бохир усны систем, цахилгаан очоогүй, нийтийн унаа зохицуулаагүй. Сургууль цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн бүтэц ч алга. Тэр бүхэн хаана байна гэхээр хотын төвд. Гэтэл бүх газар хувийн эзэмшил болон байгууллагын эрх мэдэлд оччихсон. Тиймээс газрын наймаа зах зээлийнхээ хуулийн дагуу үнэ шингээгээд л явна. Бид байгаа ногоон байгууламжаа хүртэл устгаад барилгажуулчихлаа шүү дээ. Манай улс барилгын материалын 70 орчим хувийг импортлож байна. Үүний бараг 90 хувийг Хятадаас авч байгаа. Үлдсэн 30 орчим хувийг элс, хайрга, цемент, арматур, шохойн чулуу гэх мэт барилгын материал эзэлдэг. Дэгсдүүлж хэлэхэд эцсийн барилгын материал, бүтээгдэхүүн нэгийг ч бид эх орондоо үйлдвэрлэхгүй байна. Үнийг буулгахад төр, засгийн зүгээс ямар үүрэг хүлээх вэ гэхээр газар үнэгүй байх, дэд бүтцийг байгуулж өгөх хэрэгтэй.


-Хөдөлмөр хамгаалал гэдэг бол малгай өмсөхийн нэр биш гэдэг. Танайх ажилчдынхаа нийгэм, хөдөлмөр хамгааллын тал дээр хэр анхаарч ажиллаж байна?

 


-Төрөөс барилга угсралтын ажлын жишиг үнэ баталж өгдөг. Тухайн нэр бүхий ажлыг хийхэд хэдий хэмжээний хөдөлмөр зарцуулалт гарах, цалин хэд байх, ямар хэмжээний материал орох, тээврийн зардал, тоног төхөөрөмжийн зардал гэх мэт олон зүйлсийг тооцоод үүнийг баталдаг. Тэр дотор нь тухайн компанийн бичиг хэргээс аваад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зардал, компанийн ашигтай ажиллах хувь хэмжээ бүгдийг нь заачихсан байдаг. Яг өнөөдрийн бизнесийн шаардлагаар энэ жишиг үнэ манайд болохгүй байна. Өнөөдөр үнэндээ ихэнх барилгын компани хөдөлмөр хамгаалалдаа мөнгө зарцуулж чаддаггүй. Тийм боломж байдаггүй. Нэн түрүүнд хэмнэдэг зүйл нь хөдөлмөр хамгааллын байдаг. Ёстой л хамгийн эхлээд цалинг нь олгох ёстой, ажил хийгдэх ёстой гэдэг үүднээс л хандаж байна. Жилээс жилд барилга, уул уурхайн салбарт хүний амь нас үрэгдэх нь нэмэгдсээр байгаа. Энэ нь нэгд тухайн аж ахуйн нэгж үүнд анхаарал хандуулах, сургалт хийх нь дулимаг, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр хагас дутуу хангадаг, хоёрт их, дээд сургуулиудад энэ талаар юу ч заадаггүй. Малгай өмсөхөөр толгой, нүдний шил зүүхээр хамар дарлаа, хувцас өмсөх гэхээр хөлрөөд байна гэх мэтээр тухайн ажилтны өөрөө өөрийгөө хамгаалахын төлөө үйлдэл нь ухамсаргүй хариуцлагагүй үйлдлүүд байдаг. Тиймээс сургалт хийх шаардлага байна. Энэ зардлыг жишиг үнэ дээр нэмэх хэрэгтэй байна. Үүнийг захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагууд харилцан бие биенээсээ шаарддаг байх хэрэгтэй.    


-Манай төв, суурин газруудын барилгын сантехник бүгд хуучных буюу Оросынх. Одоо хэр шинэчлэгдэж байна? Танайх салбартаа олон улсын ISO-9001 стандартыг нэвтрүүлсний үр дүн, ач холбогдол яаж гарах вэ?

 


-Оросынх нь хэвээрээ байгаа юм бий. Тухайн байрны СӨХ болон ОСНАА-н компаниудын үйл ажиллагаатай хамаараад хорооллуудад янз бүр л байгаа. Шинэ технологиуд орж ирж байгаа. Ялангуяа, барилгад халаалтын ялтсан бойлуур, хэрэглээний халуун усыг бэлтгэж өгдөг тоног төхөөрөмжүүд бараг шинэчлэгдэж солигдоод дуусч байгаа. Цэвэр усны тоолууртай болсон гэх мэтээр өөрчлөлтүүд хийгдэж байна. Сантехникийн хувьд төвийн нэгдсэн системээ засгаас халаасныхаа хэмжээгээр засаад явж байгаа. Стандартын хувьд дэлхийн жишигт өрсөлдөнө гэвэл бид дэлхийн стандартыг л ярих хэрэгтэй. Энд нэг буруу ойлголт байдаг нь техникийн стандарт, удирдлагын стандартыг хооронд нь хольж хутгадаг явдал. Плита гэхэд хэдэн мянган төрөл байна. Ганцхан техникийн стандарт тавиад плита яг ийм л байх ёстой гээд байх юм бол утгагүй болно. Удирдлагын стандарт гэж юуг яриад байна гэвэл гарчихсан техникийн стандартыг үйл ажиллагаандаа баталгаажуулах явц юм. Манай улс өнөөдөр 70-аад мянган аж ахуйн нэгжтэй гэх мөртлөө  ISO стандартын гэрчилгээг 50 хүрэхгүй байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. 

 
-Ажил хэрэгч хүмүүс маань Монголын ирээдүйг сайхнаар төсөөлж байгаа  болохоор хийж бүтээхийн төлөө яваа. Ярилцлагынхаа төгсгөлд компанийнхаа цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцана уу?

 


-Монголчууд бид бүгдээрээ эх орныхоо ирээдүйг авч яваа. Бүтээн байгуулагч хүмүүс бол бусдыгаа манлайлж, түүчээ болж явах учиртай. Би Монголын ирээдүйг маш өөдрөгөөр хардаг. Гэхдээ сайхан амьдрахын тулд монголчууд бид ухаалаг, зөв шийдвэрүүдийг л гаргаж байх ёстой. Зөвхөн уул уурхай дээрээ түшиглээд манай улс хөгжихгүй. Шороо ухагчдын улс орон болохгүйгээр баялгаас олж байгаа орлогоо зөв зүйлд зарцуулаад тархиараа амьдардаг ард түмэн болж чадна, бид. Манай компанийн хувьд илүү ихийг хийнэ. Татвараа төлнө, ажилчиддаа сайн цалин өгнө, хийж байгаа ажлаа чанартай хийнэ, түншүүддээ итгэлтэй байх болно.


Ярилцсан Г.МӨНХДЭЛГЭР

 

Эх сурвалж: "Бизнес таймс"