sonin.mn
-Түүний “Black Morgan Inc” хэмээх импортын компани 40 гаруй орноос архи, согтууруулах ундаа оруулж ирдэг гэнэ- 
 
УИХ-ын гишүүн, “женко” хэмээх Х.Баттулгыг архинд “харшилтай” гэдгийг тун олон хүн мэднэ. Тийм ч учраас тэрбээр архины үйлдвэрлэл эрхлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалтыг хуульд оруулахаар улайран зүтгэж, энэ хуулийн төслөө бүр хэд хэдэн удаа өргөн барьсан юм. Анхандаа түүнийг үнэхээр архитай, нийгмийн сөрөг үзэгдэл болсон архидалттай тэмцэж байна гэж хүмүүс бодож байлаа. 
Гэвч нийт олны эрх ашгийн төлөө биш юм байна гэдэг нь удалгүй тодров. Ардчилсан нам доторх бүлэглэлүүдийн сөргөлдөөн гаарсан тухайн үед тэрбээр “Алтан гадас” фракцын гол санхүүжүүлэгчдийн нэг АПУ-гийн Г.Батхүүтэй мөчөөрхөж архины эсрэг бодлого явуулжээ. УИХ-ын ээлжит сонгууль дөхөхийн хэрээр архины бизнестэй хүмүүсийг УИХ-д оруулахгүй байх зарчмаа дахин дахин ярьсаар, хуулийн төсөл өргөн барьсаар, түүний энэ санаа бараг л “брэнд“ болох дөхлөө. 
Нийгмээрээ архин далайд живсэн энэ үед үнэхээр Х.Баттулга шиг шидэт санаа гаргасан хүн байна уу. Хий дэмий л архитай тэмцэх тухай хуурай ярьснаас бус бодит ажил хийж хэрэгжүүлэхээр зүтгэсэн нь үгүй. Түүнийг олон түмэн ингэж бодож, шагшин ярьж байлаа. Гэтэл архитай, архи үйлдвэрлэгчидтэй хийх “женко”-гийн тэмцлийн дараагийн шалтгаан тодорхой болов. Түүний нэр дэвшин ялалт байгуулсан Баянхонгорт “MSC”-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нэр дэвших сураг гарсан нь түүнийг тэмцлийн хэлбэрээ хурцлахад хүргэсэн байна. Л.Элдэв-Очир “MCS” группын охин компани “Спирт бал бурам” ХХК-ийг хариуцаж ажилладаг аж. 
Тийм учраас тэрбээр архитай хийх Х.Баттулгын тэмцлийн дараагийн бай болсон гэсэн үг. УИХ-ын гишүүн Х.Баттулгад архины эсрэг дайн өрнүүлэх бүр ч том шалтгаан бий ажээ. Магадгүй дээрх бүхэн шалтгаан биш, шалтаг төдийхөн, зүгээр л өнгөлөн далдлалт юм байна. Учир нь архи болон архи үйлдвэрлэгчидтэй хайр найргүй тэмцдэг эрхэм хүндэт хүн маань өөрөө архины импортын сүлжээг атгадаг ажээ. Түүний энэ нууц бизнесийг эргэн тойрных нь цөөн хүнээс өөр хэн ч мэддэггүй бололтой. Харин цахим ертөнцийн гайхамшигт ид шидийн ачаар энэ тухай мэдэж болно. 
Уншигч Та www.bmi.mn цахим хаягаар ороод үзээрэй. Тэнд “Black Morgan Inc” хэмээх компанийн танилцуулга байна. 
Уг танилцуулгад “Өнөөдрийн байдлаар “Black Morgan Inc” компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, 40 гаруй нэр төрлийн брэнд согтууруулах ундаа, сэргээгч ундаа, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж байна. 
“BlackMor-ganInc” компани Монголын томоохон худалдааны төвүүдийг брэнд бүтээгдэхүүнээр хангаж, дотоодын хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн оруулж ирдэг шилдэг байгууллага гэдгээр өөрийн түншүүддээ хүлээн зөвшөөрөгдөж байна. “Black Morgan Inc” нь Монголын зүрхэнд буюу Улаанбаатар хотод гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан компани бөгөөд орон нутгийн үйлдвэрлэлд дээд зэрэглэлийн чанартай нэрийн бараа, бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг. 
“Black Morgan Inc”-ийн Монгол дахь хамтрагч “The Black Morgan Group”-ээс “Женко” групп 100 хувийн хувьцаа эзэмшиж эхлэхэд буюу 2009 оны нэгдүгээр сарын 1-нд тус компани байгуулагдсан. 
“Женко” группын охин компани “Black Morgan Inc” нь “Heineken”, “Grey Goose”, “Cuervo”, “1800 Tequila” , “SKYY”, “Campari”, “Bacardi”, “Bombay Sapphire”, “Cinzano”, “Bollinger”, “Martini” зэрэг согтууруулах ундаа, дарс оруулж ирдэг” гэсэн байна. Эндээс харвал мань “женко” архи, дарснаас хол биш, харин ч ойр нэгэн ажээ. 
Тэр тусмаа гаднын үнэтэй архи, дарсыг импортлон оруулж ирж монголчуудынхаа халаасыг сэгсрэх бизнесийг хийдэг юм байна. Тэрбээр архины бизнестэй хүмүүсийг УИХ-д оруулахгүй гээд байдаг нь цаанаа дотоодын үйлдвэрлэгчдийг дампууруулж хаяад, өөрийнхөө импортын бүтээгдэхүүнээр зах зээлийг дүүргэх далдын санаа агуулсан ч байж болох юм.
Ямар ч л байсан эндээс Та УИХ-ын гишүүн Х.Баттулга архитай ил дайн зарлаад, далд нөхөрлөдөг болохыг мэдэж авлаа. Магадгүй түүний энэ хоёр нүүр Х.Баттулга гэх хүний зөвхөн нэгээхэн хэсгийг харуулсан ч байж болох юм.
 Ухаж төнхвөл түүний бизнес, компанитай холбоотой тун ч олон асуудал дэгдэж мэдэх бололтой.
Эх сурвалж: "Unen.mn"
 
Т.ҮЛЭМЖ