sonin.mn

БНХАУ-д "Ми-ми" хэмээх сэтгэцэд нөлөөлөх нунтгийг интернэт ашиглан худалдан борлуулж байсан томоохон сүлжээ бизнес эрхлэгчдийг баривчилжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор 128 мянган иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хятадад хяналтгүй зарж байсан эл нунтаг бодисыг Гашуунсухайтын боомтоор манай улсад оруулж ирж байсныг хууль хяналтынхан илрүүлээд байна.


Өмнөговь аймгийн жолооч нар БНХАУ-аас эргэж ирэхдээ дээрх нунтгийг нууцлан оруулж бусаддаа дамладаг байсан байна. Үүнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас үүрэг чиглэл өгч хяналтын ажлыг эрчимжүүлж. Уг хэргийг өмнө нь Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаад Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.


ЦЕГ-аас томилсон ажлын хэсгийнхэн дээрх хэрэгт холбогдуулан хэд хэдэн жолоочийг байцаасны дүнд тус аймагт "Ми-ми" зарж байсан бүлгийг илрүүлжээ. Тодруулбал, БНХАУ-аас хилээр далдлан оруулж ирсэн бараагаа нутгийн иргэд Сайншанд хотын нэгэн газар нууцаар дамладаг байсан газрыг хаасан байна. Мөн Ханбогд, Цогтцэций сумдад жижиглэнгээр худалддаг байсныг ч илрүүлжээ. Тэд БНХАУ-аас 15 грамм "Ми-ми"-г 40 юаниар худалдаж аваад Монголд нэг кг-ыг нь 5000 юаниар зардаг байжээ.


Өнгөрсөн жилүүдэд манай улсын 55 иргэн хар тамхины хэргээр гадаадад шалгуулж байсан гэх албан ёсны мэдээлэл байдаг. Өдгөө манай улсын 20 гаруй иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр хоригдож байгаа юм. Харин Монголд он гарсаар хар тамхины холбогдолтой 33 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч сүүлийн үед хуулийн байгууллагын хяналт сайжирсантай зэрэгцэн хар тамхи борлуулагчид аргаа нарийсгасан гэдгийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Я.Баяраа