sonin.mn

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц хэлсэн үгэндээ хүрэхээр өөрийн гараар “зохиол”-ыг нь бичсэн “ХУРЦ АЖИЛЛАГАА”-гаа амжилттай гүйцэтгэж буй бололтой. Тийм ч учраас Ардын намынханд “Танай намаас таван хүнийг шоронд хийчихээд ялахыг чинь харна аа” гэж агсарсан нь биеллээ олж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Увс, Орхон-Уул аймгийн Засаг дарга нар “ХУРЦ  АЖИЛЛАГАА”-ны золиос болчихоод байгаа. Тэдний араас Говь-Алтай, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн. Тэгсэн атлаа Ардчилсан намын гишүүнчлэлтэй Засаг дарга нарт халдсан тохиолдол байхгүй. Арга ч үгүй, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид төлөх Б.Хурц даргын өр хангалттай их болохоор тэр байх. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс “Та Б.Хурцыг яагаад Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшүүлсэн юм бэ” гэхэд “Тэр зоригтой” хэмээж байсан. Үнэхээр ч Б.Хурц Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн зоригтой нь үнэн. Түүнээс илүү гол чанар нь давтагдашгүй даалгавар биелүүлэгч. Европын холбооны орнуудыг дамнуулан бүхэл бүтэн хүн хулгайлж чадсан нь дээрх чанарынх нь нотолгоо. Тэгэхээр хаа байсан Герман, Францаас хүн хулгайлж чадсан хүнд хажуудаа байгаа Засаг даргыг шоронд илгээнэ гэдэг чадаж ядаад байх ажил биш байх нь ойлгомжтой.

Уг нь тэр Ц.Элбэгдоржид өр төлөхөөс татгалзаж, нэг талд үйлчлэгч гэдгээ илчлэхээс эмээсэн бол ийм үйлдэл хийхгүй байсан. Ядаж л Ардчилсан намын Засаг дарга нарын гэм булхайг харсан ч хараагүй мэт өнгөрөөхгүй байсан. “Бурууд нүд хурц” гэдгээр тэдэнтэй хатуу ярих ёстой байлаа. Гэвч Б.Хурц тэгсэнгүй. Хэрэв Авлигатай тэмцэх газрын дэд даргынхаа хувьд асуудалд шударгаар хандсан бол хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг барьж хорих байсан гэвэл худлаа болохгүй.

Б.Бадраа:Өдгөө Ашигт малтмалын дарга асан Д.Батхуягийг “Саусгоби Сэндс”компанид лиценз олгосон гэх үндэслэлээр барьж хорьсон байгаа. Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа удаа дараа “Саусгоби Сэндс” компанийн эрх ашгийг хамгаалж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа гишүүдийг загнаж, зандарсан баримт байдаг. Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймгийн нутагт орших Сүмбэр билүүтийн ордын талбайг тэлж, аймгийн тусгай хамгаалалттай газар нутгаас хэсэгчлэн өгөхийн тулд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд шахалт үзүүлсэн аж. Хэрэв түүнийг юуны учир “Саусгоби Сэндс”-ийн эрх ашгийг хамгаалах болсон талаар нь Авлигатай тэмцэх газар шалгаж үзвэл нэгээр тогтохгүй асуудал илрэх учиртай. Ядаж л ямар мөнгөөр жуулчны бааз байгуулж, ямар мөнгөөр дээд зэрэглэлийн ресторан байгуулсан нь тодорхой болж болох л юм. Цаашлаад татвараас нуусан 400 сая төгрөгийн гэм, УИХ-ын дэд дарга Г.Батхүүд Өмнөговийн Бага говийн дархан цаазат газраас 148 га газар юуны учир “огтолж” өгсөн болох, хувийнх нь дансанд тодорхой бус эх үүсвэрээс орсон 831,8 сая төгрөгийн орлогын тайлбар, 3,5 тэрбум төгрөгөөр барих 14 км замаа барьж эхлээгүй байж төсвийг нь гүйцэтгэлээр гаргачихсан гээд олон асуултыг Авлигатай тэмцэх газар баяжсан шалтгаанаа нуудаг Б.Бадраа даргаас асуух учиртай. Гэвч  Б.Хурц дарга энэ бүхний цаад учрыг асууж зүрхлэхгүй л байгаа.

Ж.Батсуурь: Сүхбаатар аймгийн Засаг дарга тэрбээр Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Баруун-Урт суманд байрладаг барилгын материалын модон хийцийн үйлдвэрийн барилга болон 50 хувийг нь эзэмшдэг “Датуком” компаниа нуусан. Хулгай л биш бол энд уг нь нуух шаардлага байхгүй. Тэгэхээр хоёр жил дараалан нуусан нь өөрөө сэжигтэй. Түүнчлэн тэрбээр Сүхбаатар аймагт эзэн суусан гэдгээрээ алдартай. Мөн Төрийн албаны хуулиар тогтоосон Засаг даргын ажлын байрны тодорхойлолтод нийцэх нэгэн ч биш. Хуулинд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан гэсэн заалт бий. Харин Ж.Батсуурь Засаг дарга болохоосоо өмнө нэг өдөр ч ажиллаж үзээгүй нэгэн. Түүнчлэн тэрбээр “Аймгийн хөгжлийн сан”-д төвлөрдөг мөнгөний тэн хагасыг дансанд нь хийлгээд үлдснийг нь өөртөө бэлнээр нь авдаг. Гар дээрээ авсан бэлэн мөнгөө аймагтаа зарцуулав уу, өөртөө зарцуулав уу гэдэг нь тодорхой бус. Ямарч байсан Засаг дарга болсон даруйдаа Эрдэнэцагаан сумын нутагт газар авч жуулчны бааз байгуулахаар шийдсэн гэдэг. Мөн “Цайрт минераль” компаниас хоёр тэрбум төгрөгийн татвар авч, түүгээрээ аймагтаа бүтээн байгуулалт өрнүүлнэ гэх нэрийдлээр хувийнхаа халаас руу чамгүй хэсгийг нь шургуулсан тухай дуулддаг.

П.Ганхуяг:Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн тухайд албаа авсан даруйдаа халаа сэлгээг хийхийн дээдээр хийсэн нэгэн. Шинээр томилсон хүмүүсийн олонхи нь Улаанбаатараас очсон. Аймгийн Засаг даргаар ажиллах дөрвөн жилийнхээ хугацаанд УИХ-ын сонгуульд бэлтгэх зорилгоор сэтгүүлч хүртэл дэргэдээ ажилласан байгаа. Түүн шиг өдөр тутмын сонины сэтгүүлчийг дөрвөн жил хөдөө ажиллуулж, дөрвөн жил сонгуульд бэлдсэн аймгийн Засаг дарга өөр байхгүй. Түүнчлэн шинээр аваачсан хүмүүс нь Дорноговь аймагт Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах Засгийн газрын бодлого зарлагдахтай зэрэгцээд газрын наймааг идэвхжүүлсэн гэдэг. Мөн Замын-Үүд сумын Засаг дарга болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай нийлж газрын наймаа хийсэн гэх хэрэгт сэжиглэгдсэн ч асуудлыг намжааж чадсан. Мөн тэдэнтэйгээ хамтарч хилээр гарахад төлдөг орон нутгийн татварыг нэмэх замаар хувийн бизнесээ дэмжсэн гэх яриа бий. Үүний зэрэгцээ иргэн Д.Баясгалангийн нэр дээр байдаг Эрдэнэцогтын хүрэн нүүрсний орд газрын ашиглалтын лицензийг булааж аван бусдад шилжүүлэхээр дарамталсан. Хатанбулаг суманд хятадуудад хууль бусаар алт олборлох эрх олгосон. Гол нь Засгийн газрын зорилтыг үндэслэн цэцэглүүлж буй газрын бизнесийнх нь хэрээсийг шалгаж, цэгцлэх эрх нь Авлигатай тэмцэх газарт нээлттэй байгаа нь ойлгомжтой. Харсан ч хараагүй мэт царайлах үүрэг аваагүй л бол шүү дээ.

Я.Санжмятав: УИХ-ын гишүүнасан Я.Санжмятавын хувьд гишүүн болж чадаагүй хугацаандаа аймгийн Засаг дарга болчихдог сүйхээтэй эр. Тэрбээр Тэс сумыг цахилгаантай болгоно хэмээн төсвөөс 600 сая төгрөг гаргуулж, Арцсуурийн боомт хүртэл шон татуулсан. Гэвч гэрэл асаагүй. Эцэс сүүлдээ Д.Балдан-Очир гишүүн мөнөөх шонг нь буулгасан. Зүүнхангай руу гэрэл тавихдаа ашиглах гэж тэр. Харин Я.Санжмятав дарга гэрэл тавихаар улсын төсвөөс гаргуулсан 600 сая төгрөгөө хэрхэн тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Үүнийг нь Авлигатай тэмцэх газар мөн л асууж зүрхлэхгүй байгаа. Бүхэл бүтэн 600 сая төгрөгөөр гэрэлгүй шон зоож тоглосных нь төлөө үүрүүлэх хариуцлага тус газарт байдаггүй бололтой. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын “ХУРЦ АЖИЛЛАГАА”-наас бултагчиднэг ийм.Б.Хурцыг “хулгайлж” дөнгөхгүй болохоор ажиллагааг тасалдуулах боломжгүй нь ойлгомжтой. Тэр өөрийнхөө санаснаар л хийхийн хувьд хийнэ. Гэхдээ л ил цагаан Ардчилсан намынхныг өршөөж, Ардын намын батлахтай Засаг дарга нарыг жижиг шалтгаанаар барьж хориод байгааг нь ард түмэн мэдэхгүй биш мэдэж байгаа. Энд тэндээс хүн хулгайлж гаршсандаа итгээд эгэл биднийг үнэнийг олж харах мэлмийгүй гэж бодоогүй л бол мэдэгдэхээр гэм хийгээд байгаагаа тэр ч өөрөө мэдэж буй нь гарцаагүй. Тэгээд ч жинхэнэ утгаараа шударга хүн байсан бол хамгийн түрүүнд өрөөлийг шийтгэхээс илүүтэй өөрийнхөө Зайсангийн газрыг зайдлан эзэмшсэнийхээ нууцыг дэлгэх байсан нь гарцаагүй. 

 

Ч.Явуухүү