sonin.mn
УИХ-ын гишүун Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Сая Засгийн газраас иргэдийн дунд санал авлаа. Мега төслөө явуулах бодолтой байх шиг байна. Энд таны байр суурь ямар байна. Тодорхой хэлэх санал байна уу?
 
-Би хувьдаа Засгийн газрын явуулсан санал асуулгыг хараад “Хүүхдэд улаан, саарал хоёр бөмбөг харуулаад алийг нь авах уу” гэвэл улааныг авъя гэдэгтэй адилхан зүйл хийлээ гэж дүгнэж байгаа. Мөнгөтэй болж жаргах уу, бүсээ чангалж зовох уу гэж асуулаа шүү дээ. Мэдээж бүгд эхнийхийг сонгоно. Одоо ард түмэн үүнийг дэмжиж байна гээд л том төслүүдээ маш хурдтай явуулахаар зэхэж байна. Гэтэл Тавантолгойн төсөл нь маш ойлгомжгүй байгаа. Улстөрчид нь мэдээлэлгүй байхад ард түмэн бүр юу ч ойлгохгүй шүү дээ. 
 
Ухаад байхаар Тавантолгойн 70 хувь нь хятадуудын мэдэлд 30 жилээр очиж байна. Үлдсэн 30 хувь нь монголчууд болон Японы Сумитомо корпорацийн мэдэлд үлдэхээр харагдаж байгаа. Гэтэл 30 жилийн хугацаанд бүх ашиг орлогын 70 хувь буюу ихэнхийг нь Хятадын төрийн мэдлийн компани авахаар харагдаад байна лээ. Харин монголчууд иргэн бүрийн сая төгрөгийн хувьцаагаа дээрх компаниудын төлсөн татвараас л авах нь. Энэ мэтчилэн ойлгомжгүй зүйл их байгаа учраас М.Энхсайхан сайдад асуулга илгээсэн. Ирэх долоо хоногт чуулган дээр хариултаа авна. 
 
-Та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
 
-Харж л байна. Байгуулагдаад удаагүй байгаа болохоор цаг хугацаа харуулах биз дээ.
 
-Нэгэнт АН, МАН хамтраад Засгийн газраа байгуулчихсан. Гэтэл эдийн засаг хүндрэлтэй үед дэд сайдууд байх шаардлагагүй, улс-төрийн томилгоо боллоо гэдгийг олон гишүүд хэлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна?
 
-Урьд нь дэд сайд гэж албан тушаал байгаагүй, бас 12 яамтай байлаа. Төр ингэж л данхайж байна. Бүсээ чангалья гээд хөхүүл, жирэмсэн эхчүүдийн мөнгийг хасна. Тэгсэн мөртлөө дэд сайдуудаа нэмнэ. Чуулган дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, н.Болор бид нийлээд дэд сайдгүй болох санал гаргаад санал хураалтаар дэмжигдсэн. Гэтэл маргааш нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдуулаад өөрсдийн хүмүүсээрээ кнопдуулаад дэд сайдтай байна гээд л эргүүлээд баталсан. Ийм л юм хийж байна. Дэд сайдууд бол улстөрийн томилгоо гэдгийг арт түмэн мэдэж байгаа шүү дээ. Одоо бид асуудлыг арай өөр өнцгөөс харах цаг нь болсон. 
 
-Та бол эрүүл мэндийн салбартай хамгийн ойрхон байдаг хүн. Ирэх жил нийслэлд гурван ч хүүхдийн эмнэлэг баригдах нь. Энэ салбарын тогтолцоо, бодлогыг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?
 
-Сая УИХ-аар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан. Манай энэ салбар даатгалын системээр явах нь чухал. Хувийн болон улсын эмнэлэг ижил эрхтэй болж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаараа улсын эмнэлэгт дугаарлаад байхгүй хүссэн хувийн эмнэлэгтээ даатгалаараа үйлчлүүлж болно. Мөн улсын төсвөөс Эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, зардлыг нэмэгдүүлж ДНБ-ний таван хувьд хүргэх шаардлагатай. Эмч нарын цалинг нэмэх зэрэг олон асуудал шийдэх хэрэгтэй. Бид эмнэлэгт хэвтэх системээсээ татгалзах хэрэгтэй. Одоо бол 10 хоног эмнэлэгт хэвтэж сувилуулдаг систем үйлчлээд байна л даа.
 
-Саяхан УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөп Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан. Үнэхээр эрүүл мэндийн байгууллага согтуу хүмүүст үйлчилнэ гэдэг байж болох асуудал мөн үү?
 
-Бид 2013 оны долдугаар сарын 5-нд өөрсдөө энэ хуулиа баталчихжээ. Согтуу хүнийг эрүүлжүүлэх үүргийг Эрүүл мэндийн байгууллага хариуцна гээд. Ийм алдаа гаргасан болохоор бид хуулиа яаралтай өөрчлөхөөр Засгийн газарт хандсан. Удахгүй буцаад цагдаагийн газартаа шилжинэ. Ер нь нийслэлийн харьяаны нэг эрүүлжүүлэх газартай болох хэрэгтэй. Тэндээ агсам соггуу тавиад байгааг нь нэг хэсэгт нь хорионд байлгах, эмчилгээ шаардлагатай нь 1, 2 тасагт хордлого тайлах эмчилгээгээ хийлгэх, албадан эмчлэхийг нь харьяа газарт шилжүүлж байхаар зохицуулах хэрэгтэй. Энд цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллага хамтран ажилладаг байх ёстой.
 
-Та бол нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийн нэг. Тойргийнхоо иргэдтэй байнгын холбоотой байдаг байх. Энэ хугацаанд дүүрэгтээ ямар ажлууд хийж амжуулав?
 
-Хамгийн сүүлд гэхэд зургаан хороогоор орж ахмадуудтай уулзан сар шинийн хүндэтгэл үзүүлэнгээ санал солилцлоо. Сүүлийн хэд хоног дандаа ийм ажилтай байгаа. Ер нь би хамгийн их иргэдтэй уулздаг гишүүн шүү. Уулзалтаа хашаа гудамжны үзүүрт цуглуулаад л хийдэг. Манай хороод дэндүү том болохоор нэг хороонд 3-4 уулзалт хийдэг. Ингэж байж олон хүн хамарч олон асуудал гаргаж тавьдаг. Гэхдээ хамгийн гол шийдвэрлэх асуудал бол мэдээж утааны асуудал. Тэгээд гэрэлтүүлэг. Сургууль, цэцэрлэг бол миний үндсэн сэдэв шүү дээ. Гэр хороолол дахь зам, замбараагүй олон архи зардаг дэлгуүр, ажилгүйдэл гээд л. 500 төгрөгний жижиглэн нэртэй махны хогоор хоолоо залгуулдаг хүмүүс цөөнгүй л байна. Маш олон ажлууд хийгддэг. Энэ ажилд нийслэл, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтрах маш чухал. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай дүүргийн ихэнх асуудал шийдэгддэг юм шүү дээ. Харин бид нийслэлдээ том төсөв батлуулахаар ажилладаг.
 
-Цаашдаа хийхээр төлөвлөсөн ямар ажил байна. Иргэд танаас юу хийхийг хүсч байна?
 
-Энэ жилийн маань гол зорилго ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байна. Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлнэ, хүүхэдхарах төвүүдийг нээнэ. Хэд хэдэн сургууль барих, сургуулийн автобустай болгох, дүүргийн жишиг эмнэлгийг эхлүүлэх гээд олон ажил бий.
 
-Ардчилсан нам анх удаа нийслэлийн ИТХ-д олонхи болж хотыг удирдаж байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Улаанбаатар хот ямар болсон байна?
 
-Нийслэлийн ажил сайн байгаа. Ялангуяа гэр хороолын дахин төлөвлөлт эрчимтэй явагдвал бүх асуудал шийдэгдэнэ. Утаа, түгжрэл, сургууль, цэцэрлэг зам талбай гээд цогцоороо явчихна. Бас иргэдийн хадгаламж зээлийн хоршоо нэлээд сайн явах магадлалтай байна. Манай дүүрэгт замын ажил сайн хийгдсэн. Нийслэлд би онц дүн тавина.
 
-Хоёр жил гаруй ажилласан Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг эргүүлэн татлаа. Маш их эсэргүүцэлтэй тулгарч байх шиг байна. Одоо ямар гарц байна гэж та харж байна?
 
-Гарц үргэлж олддог. Хаврын чуулганаар Засгийн газраас өргөн барих “Согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж эхэлнэ. 14 хоногийн дараа энэ хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар орох юм. Би хуулиа эргүүлэн татахдаа Засгийн газраас энэ хөтөлбөрийг хэлэлцүүлэх амлалтыг нь авсан л даа. Энэ бол бодлогын бичиг баримт бөгөөд Согтууруулах ундааны хортой хөнөөлийг хүлээн зөвшөөрч, энэхүү хор хөнөөлийг бууруулахын тулд бүх төвшинд үүрэг хүлээж байгаа юм. УИХ өөрөө хууль тогтоомжоо шинэчлэх үүрэг хүлээнэ. Үндэсний хөтөлбөр батлагдахаар Хуулиа дахин өргөн барина. Тэгэхээр намрын чуулганаар хэлэлцэж эхлэнэ гэж тооцоолж байна.
 
-Архи, тамхины бизнесээс их хэмжээний ашиг олдог учраас хуулийг батлуулахгүй байх сонирхол, лобби байх шиг байна. УИХ дотор ч ийм төрлийн бизнестэй холбоотой хүмүүс байгааг ард түмэн мэднэ шүү дээ?
 
-Ер нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш нэг ч өөрчлөлт ороогүй 15 жил болж байна. Энэ хугацаанд хуулийг өөрчлөх гэсэн оролдлогууд дандаа л ийм эсэргүүцэлтэй тулдаг байсан. Тодорхой бүлэг хүмүүсийг мөнгө төлж турхирдаг, улстөрчдийг лоббиддог, хуулийг эсэргүүцээд байгаа хэдхэн хүний ард нь маш их мөнгөтэй хүмүүс бий. Аль ч улс оронд ийм бэрхшээл үргэлж байдаг. Архи, тамхины хууль дээр лоббид автахгүй байх гэсэн улстөрчдийн үндсэн зарчим байна. Гэхдээ дандаа л цөөнх болдог. Олон жилийн хүч хөдөлмөрөөр энэ хууль батлагддаг. 
 
-Тамхины хяналтын тухай хууль гараад үр дүнгээ өгч байгааг олон хүн хэлж байгаа. Ялангуяа дам тамхидалт багассан. Сая өөрчлөлт орсон. Тухайлбал, цэг байгуулах тухай?
 
-Сая тамхи татдаг эрэгтэй гишүүд нэг бүлэг болж ажиллаад Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тамхи татах цэгийг гадаа болон дотор гэж ангилна. Гадаах цэг нь тамхины зурагтай үнсний сав бүхий хогийн сав байна. Байрлуулах байршлуудаа орон нутаг өөрсдөө тогтооно. Олон нийтийн газар бол төсвөөс санхүүжнэ. Гадаах цэг нь битүү байшин шиг бүхээг биш шүү. Баянзүрх дүүрэг дээр хэн ч ордоггүй нэг үнэтэй бүхээг барьсан байна лээ. Энэ бол төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа явдал. Дотоод орчин дахь тамхины цэг нь тухайн байгууллагын үзэмжээр шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, байгуулахгүй ч байж болно. Барилга байшинд 300 мкв талбай бүхий нэгээс илүүгүй тамхины цэг байгуулахаар хуульчилсан байгаа. Манай ихэнх баар, ресторан, хоолны газрууд 300 мкв хүрэхгүй талбайтай учраас тамхины цэг байгуулж болохгүй. Тэгэхээр албан газар, оффисуудад л зориулсан заалт гэж хэлж болно. Мөн Стандартчлал хэмжилзүйн газраас цэгийн стандарт батлан гаргах байх. Тэгээд Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөл олгоно. Стандартын агааржуулалттай цэг байгуулахад 20-30 сая төгрөг шаардлагатай болно шүү.
 
-Таны бас нэг санаачилсан хуул ийн төсөл болох хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл ямар шатандаа байна?
 
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд бараг дундаа ороод явж байна. Бас л их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Бид сайжруулахаар ажиллаж байгаа. Хаврын чуулганаар батлуулаад есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд эхлэх санаатай байна. Хэрэв хууль батлагдчихвал олон мянган хүүхэд харах эзэнтэй болж, олон ээж ажилдаа явж, олон ахмад хуүхэд харах ажлаас чөлөөлөгдөж нуруу нь тэнийнэ. 
 
-Саяхан АН-ын дотоод сонгууль явагдаж дууслаа. Зарим газруудад нэлээд маргаантай байна. Яг үнэндээ танай нам ардчилалтай байж чаддаг уу?
 
-Ардчилалтай нам учраас зөрчилтэй байдаг гэж ойлгож болно. Тэрнээс МАН, МАХН шиг нэг хүний хараанд диктатор системээр явдаг нам биш шүү дээ. Маргалдаж, зөрчилдөж олон санаа уралдуулж байгаад нэг цэгт хүрдэг. Одоо сонгууль дөхөж байгаа болохоор нэгдэж, нягтарч байгаа шүү. 
 
-Та бид хоёр нэлээд улстөрийн сэдвүүд ярилцлаа. Одоо сэдвээ жаахан өөрчилье. Удахгүй монгол түмний уламжлалт сар шинэ болох гэж байна бэлтгэлээ хэр базаасан бэ?
 
-Ээжийнхээ буузыг чимхэж байна. Өнгөрсөн жил хийлгэсэн дээлээ цагаан сараар өмсөнө. Танай сониноор уламжлан нийслэлчүүддээ сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье. 
 
О.Ууганжаргал
Эх сурвалж: "Нийслэл таймс"