Манай орны дан ялангуяа сайхан байгальтай хүн их очдог нутгийн иргэд жуулчдад зарах гээд эсгий улавч, эвэр аяга хийчихсэн сууж байгаа харагддаг. Тэр нь хэр их борлогддог юм бол доо. Жуулчдыг хүлээж авах амралтын газрууд, аятайхан зам харгуй багатайгаас уу манайд гол төлөв үүргэвч мөрлөсөн тэнүүлч хэлбэрийн хүмүүс ирээд байдаг. 
 
Тэд амрах гэж биш адал явдал хайж явдаг болов уу. Дэлгүүрээс юм авахаас илүүтэй байгалиас түүж идээд тэнэвэл өөрсдөд нь дурсамж үлдэнэ. Нөгөө талаас солонгосчууд байна. Солонгос жуулчдыг одоо бүгдээрээ л мэддэг болсон доо. Бараг юу ч авахгүй. Солонгос эзэнтэй буудалд нутгийнхаа хоолыг идэж монголын байгалийг харж, агаараар амьсгалчихаад л арилдаг хүмүүс.
 
Харин зуны гурван сард хамгийн баярхуу хүмүүс бол бид өөрсдөө. Эртнээс нааш цаг дулаарч, дэнж ногоорохоор “малчны сэтгэл тэнийж” ирсэнээс ч болсон байх. Намар л мөнгөний гачлан ярьцгааж байдгаас бус зуны цагт элбэг хангалуун л байцгаахыг бодно. Бас найз нөхөд, хамт олноороо дотоодын жуулчлал их хийдэг боллоо.
 
Тийм болохоор “Харагдаж л байдаг юм даа” гээд өнгөрөлгүй эвэр аяга, эсгий улавчнаас нэг нэгийг авцгаая. Наадамлаж явахдаа “Дэмий хог цуглууллаа” гэж бодолгүй авчихад л болох зүйл. Айл бүр нь эсгий улавч, эвэр аягатай оронд ирсэн хүн буцахдаа авах нь дамжиггүй. 
 
Ах дүүсээ ч тэтгэчихнэ. Одоо фэйсбүүк хуудсаараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй танилцаж, нөхөрлөдөг болсон цаг. Постолсон зураг дээр нь үндэсний хэв маяг шингэсэн зүйлсийн дунд байж байвал өвөрмөц л харагдана. Найзууд нь ирэхийг бодох ч юм билүү.
 
Ж.Энх
Эх сурвалж: