sonin.mn
Хөрс
 
 
Хөвчийн сүглэгэр ой, цэцэгт ногоон тал, түүн дээгүүр дураараа цэнгэх ан амьтан, мал сүрэг, жигүүртэн шувуудыг хараад  нүд дүүрч сэтгэл баясах, цэнгэг агаараар нь цээж дүүртэл амьсгалахын амтыг мэдрээгүй хүн бидний дотор бий гэж үү. Энэ үзэсгэлэнт сайхан байгалийг бүрдүүлэгч хөрсөн бүрхэвчийг дэлхийн диаметртэй жишихэд хайрсны нь дотно талын хальсыг өндөгний нь нийт зузаантай нь харьцуулснаас сая дахин нимгэн байдаг гээд л бод доо. Бидний амьсгалж буй агаар түүний доторхи хүчилтөрөгч гэгч юутай ч зүйрлэшгүй эрдэнийг бий болгогч ногоон ургамал нь энэхүү өчүүхэн нимгэн хальсан дээр л ургадаг юм. 
 
Ингээд бодохоор дэлхийг устгахад тэр л их айхтар устөрөгч, атомын бөмбөгний хэрэггүй, зүгээр л энэ нимгэхэн хальс устаад арилчих  юм бол хоромхон зуурт хорвоо ертөнц орвонгоороо эргэж мал, араатан амьтад бүгд “харын” зудад нэрвэгдэж, талх тариа, гурил будаа, ногоо, үр жимсгүй болж, амьсгалах агаарын дутагдал болоод өлсгөлөнгийн тахалд бүхэлдээ нэрвэгдэнэ. Ногоорох тал, ой мод, алаглах цэцэггүй түймэрт өртсөн мэт хар хөндийг та нүдэндээ нэг төсөөлөөд үз. Аймигтай байгаа биз?   
Тэгэхээр энэ дэлхийн долоон тэрбум хүмүүний амьдрал алт мөнгө болоод алмазан дээр биш, хөрс хэмээн нэрлэгдэх энэ өчүүхэн нимгэн мембран хальсан дээр бүхэлдээ тогтдог ажээ.  Дэлхийд хамгийн зузаанд тооцогддог Оросын хар шороот  хөрсний ялзмагт давхарга нь нэг метр хагасд хүрдэг бол хамгийн нимгэнд орох манай говийн саарал хөрсний зузаан нь  сөөм ч хүрэхгүй нимгэн хальс.
 
Хүний оюун ухаан хөгжлийн дээд түвшинд хүрч компьютер, гар утас, хиймэл эд эрхтэн хүртэл бүтээгээд байгаа мөртлөө, хиймэл хөрс үйлдвэрлэж, түүнээсээ жимс ногоо, талх тариагаа хурааж авч өөрсдийнхөө хэрэгцээг хангах түвшинд хүрч чадаагүй л байна. Албан газар ч юм уу хувийнхаа эзэмшлийн хааш хаашаа зуухан метр буюу агрономын хэллэгээр нэг га газрыг шинээр бүрэн хөрсжүүлье гэвэл танд “Зил-130” машинаар дүүрэн мянган тэвш хар шороог хаа нэгтэйгээс зөөж авчрах шаардлага гарна.  Зуун тэвш байлгүйдээ гэж бодож байгаа бол би энд тэг эндүүрээгүй гэдгээ дахин хэлье. Үүнээс бага хэмжээгээр  авчирч, өөрийгөө хуурч болох боловч юу ч тарьсан алсдаа олигтой үр дүн гарахгүй гэж мэд. Нэг см хөрс байгалийнхаа жамаар бүрэлдэн тогтоход нэг зуун жил шаардагддагийн учир энэ буюу. Гэтэл энэ хэмжээний шороо хийсэж хумхын тоос болоход ердөө хэдхэн хормын хуй салхи л хангалттай.
Дэлхийн газар нутгийн гуравны нэгийг ой мод, үүнтэй мөн тэнцэх хувийг бэлчээр тариалан үлдсэн хэсгийг говь цөл, нүцгэн уулс эзэлдэг. Хэрэв дэлхийн  хүн ам нь өнөөгийн байдлаар 7 тэрбумд хүрсэн, тариалангийн талбайн нийт хэмжээ 1.2 тэрбум га. гээд тооцох юм бол дэлхийн нэг иргэнийг  0.2 га буюу хааш хаашаагаа дөч тавин метрийн харьцаатай нэг айлын томхон хашааны чинээ газраас л хоол тэжээлээр арай ядан хангаж байна гэсэн үг л дээ. 
 
Сүүлийн үед эрдэмтэд зарим төрлийн ургамлыг усан дотор тэр бүү хэл агаарт ч хүртэл ургуулж ихээхэн ургац авч болж байгаа талаар ихээхэн шуугицгаах болсон. Би судлаачийн хувьд энэ туршилтыг дэмждэггүй. Хүн өөрсдийн гаргаж авч буй химийн бордоогоор ургамлын амьдрах орчныг бүрэн хангаж чадах уу? Хэзээ ч үгүй л болов уу. Эхийн уураг сүү үрийнх нь гол тэжээл болдог шиг эх дэлхийн маань хөрсний үржил шимийг юугаар орлож болохсон билээ.
Хөрсийг бидэнд үнэгүйгээр үйлдвэрлэж өгдөг ачтангууд нь тэнд амьдрагч тэнгэрийн од мэт тоо томшгүй олон бичил биетнүүд буюу  бактериуд болой. Ганцхан грамм хөрсөнд дэлхийн хүн амын хагастай тэнцэх хэмжээний  бактери амьдардаг гэвэл та лав үнэмшихгүй дэгээ. Болдогсон бол нүдэндээ хүчтэй микроскопын дуран углачихаад газар руу шагайх юм бол, гишгэхээс ч айдас хүрэм олон өт хорхойнууд хөл тавих газаргүй язганалдаж байгааг та харах болно. 
 
Бактери хэмээх нүдэнд үл үзэгдэх энэ өчүүхэн биетүүдийн онцлог нь, чухамгүй нөхцөл нь бүрдсэн үед гайхалтай хурдан үржих, бүрдээгүй үедээ хэдэн арав, зуун жилээр ч биологчдын хэлээр бол тайван байдалд орших буюу “унтаж” чаддагт байгаа юм. “Хувьсгалын тохироог нь” бүрдүүлээд өгөх юм бол нэг ширхэг бактери ганцхан хоногийн  дотор 16 сая болчихдог гээд бод доо. Эд нар л чухам зуны халуунд нас гүйцсэн шарын сэгийг долоохон хоногийн дотор зооглож дөнгөнө. Чухам эд нар үгүй байсансан бол өнгөрсөн жилүүдийн  зудаар үхсэн малын сэг Монголын хөдөө талыг дүүргэх байсан биз ээ. 
Гуч, дөчин км зузаантай, найрлагандаа цахиур голдуу агуулдаг, дэлхийн маань гадна талын хучаас болох уулын хатуу чулуулганд амьд биетийн төлөөлөл азот гэгч элемент огт байдаггүй. Зөвхөн хөрс хэмээх энэхүү мембран хальсанд л  амьд ургамлын үлдэгдлээс тэрхүү бодис бий болдгоороо онцгой. Хэдий их хэмжээний ургамал хөрсөн дээр бүрэлдэж чадна, түүнээс хэд дахин их үндэсний масс тэнд  хуримтлагдаж, төдий хэмжээний нүүрстөрөгч болоод азот хөрсөнд бий болж ялзмаг хэмээх нэгэн шидэт бодисыг  үүсгэнэ. Ялзмаг гээч энэ бодисын их багаар л хөрсний үржил шимийн түвшин хэмжигддэг болой. 
 
 
 Хөрс бусад амьд биетийн адил бас амьсгална. Яг бидэнтэй адил хүчилтөрөгчийг шингээж аваад нүүрсхүчлийн хий ялгаруулна. Зуны салхигүй тогтуун өдөр салхинд гараад зүлгэн дээр тэрийн хэвтэж дугхийгээд босоод ирэхэд толгой тань хүндэрчихсэн байдаг биз дээ. Манайхан үүнийг “цэвэр агаарт эам цохиуллаа” гэж ойлгодог. Тэгвэл биш, хөрснөөс ялгарч буй нүүрсхүчлийн хийд хордож, бяцхан “угаартсаны” шинж. 
Өнөөдөр Монгол нутгийн маань ихэнх хөрс байгалийн унаган төрхөөрөө байгаа гэж хэлэхэд хэцүү болжээ. Хот суурин газрын ойролцоох газар хүн малын багшрал, хүчит техникт талхлагдаж, өнгөн хэсэг нь салхинд хийсч, үржил шим нь аль хэдий нь арилжээ. Тракторын ардаас анжис чирэн газар шороогоо уриншилж байна хэмээн сэглэв. Дээр нь тавин жил сэлгээгүй тариаланг эрхэлснээс болж тариалангийн талбайн үржил шимтэй жаахан хөрс маань эрчимтэй элсжлээ. Манай тариалан явуулж байгаа талбай чинь нийт нутгийн дөнгөж 0.5%-д хүрдэггүй юм шүү дээ. Монголын шороон шуурганы дээж Солонгост, тэр бүү хэл тив далай алгасан, алсын Америкт хүрч, тэндхийн цахим техникийг будаа болгож байгаа талаар судлаачид ярьж бичиж байна. 
 
Нүүдэлчин Монголчууд бид газар нутаггүй юм шиг нэг дороо багшран шамбралдсанаас нийслэлийн маань хөрс хүн амьдрахын аргагүй болтлоо бохирдсон байна. Жаахан алтны төлөө хангай дэлхий рүүгээ ханцуй шамлан дайрснаас гол мөрний бохирдол дээд цэгтээ хүрчээ. Мөнгө цагаан, нүд улаан гэж ярьдаг биз дээ. Амьдрах орчноо ингэж хайр найргүй устгавал хөгшид бид яахав, үр ач нар маань  хаана оршин тогтнохов?  Бодох асуудал олон байна шүү, хүмүүсээ.
 
 
                                                   Ш.Пүрэвсүрэн 
 
“Миний орчлон ХХ зуун” номноос ишлэв.