sonin.mn
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл­тэй ярилцлаа.
 
-Та сүүлийн үед иргэд­тэй уулзаж, хотын дүүргүүдэд нэлээд ажиллаж байгаа. Иргэдийн амьдрал ахуй ямар байна, эрхэм гишүүдэд ямар санал бодол хэлж байна вэ?
 
 
-Чуулганы завсарлагаа­наар олон нийт, ир­гэд­­тэйгээ уулзаж УИХ-ын чуулганаар хэлэлцэж ба­тал­сан хууль, тогтоомжуудын талаар мэдээлэл өгөх, санал бодлыг нь сон­сож, цаашид боловсруулах баримт бичигт тусгах үүрэг гишүүдэд бий.
 
Энэ хүрээнд хөдөө орон нутаг, нийслэлийн зарим дүүрэгт ажиллалаа. Ард иргэд маань улс орны өр шир, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, долларын ханш, төгрөгийн сулрал зэрэг тулгамдсан асуудлыг голлон ярьж байна. Зээлгүй хүн үгүй болж цалингийн, малчдын, тэтгэврийн, орон сууцны гээд зээлийн торон сүлжээнд орсноо эмзэглэн ярьж байна. Зээлийн хүүг бууруулж өгөхийг иргэд хүсч байна. Энэ мэтчилэн олон асуудал байгааг хэвлэлийн та нар маань сайн мэдэж байгаа.Үүнийг л хүмүүс хэлж хэзээ амьдрал ахуй сайжирч,өөрчлөлт мэдрэгдэх юм бэ гэж асууж байна даа. Гурван сая хүнээ ядуу зүдүү амьдруулж байгаад иргэд их бухимдаж байна.
 
 -Та бүхэн өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа иргэд, сонгогчдоороо дүгнүүлэх гэж байна. Хэр ажил амжуулсан гэж та өөрөө дүгнэх вэ?
 
-УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааг асуулаа гэж ойлгож байна. Бүлэг сөрөг хүчнийхээ үүргийг  биелүүлэхийн төлөө хичээж зүтгэсэн. Бид ард түмэнтэйгээ хамт байж тэднийхээ дуу хоолой болж ажилласаар дөрвөн жилийг үдэж байна. Хүчний харьцаа тэнцвэргүй болохоор тэр бүр тавьсан зорилтууд 100 хувь биелэх боломжгүй байсныг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
 
Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах,шатахууны үнийг буулгах, цалин, тэтгэврийг нэмэх, махны экспортыг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт үзүүлэх, хөгжлийн банк болон өр зээлийн зарцуулалтыг шалгах, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг ялгаварлахгүй өгөх чиглэлээр тууштай ажиллаж үр дүн гарсныг тухай бүрд нь мэдээлж байлаа. Ер нь эдийн засгийн хямралыг  даван туулах талаар бүх улс төрийн хүчин ажиллах шаардлагатай. Манай бүлэг хөтөлбөр боловсруулан эрчимтэй ажиллаж байна.
 
-Энэ парламент сүүлчийн чуулганаа эхлүүлээд удаагүй байна. Та санаж, бодож парламентын танхимд орж ирсэн  ажлуудаасаа хэр амжуулав. Ямар хууль, тогтоолын төсөл санаачилж, аль салбарт голлон анхаарч ажилласан бэ?
 
-Би энэ талаар нэлээд ярьсан даа. Товчхондоо хэвлэлтэй холбоотой болон эрүүл мэнд, хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн чиглэлийн асуудалд голлон анхаарч ажилласан. Хууль тогтоомжуудад туссан хэвлэлтэй холбоотой 10 гаруй заалтыг хэвлэлд ээлтэй болгоход анхаарлаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх заалт орсныг залрууллаа. Сонгуулийн хуульд сониныг бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийнх нь хувьд сурталчилгаанд оролцох боломжийг хязгаарласан байсныг өөрчилсөн.
 
Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын ажлын хэсгийг ахалж батлуулан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Аж ахуйн нэгжийн  орлогын албан татварыг бууруулах тухай хууль, Улаан загалмай, Номын сангийн зэрэг хуулийн төслүүдэд ажилласан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиас эхлээд эмэгтэй гишүүдтэйгээ хамтарч ажилласан олон хууль бий. Одоо Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Энэ бүх хууль тогтоомж УИХ-ын гишүүдийн хамтын хөдөлмөр, тэдний харилцан ойлголцол, дэмжлэгийн үр дүнд бий болдог гэдгийг бас хэлэх ёстой. Мөн эрүүл мэнд, нийгмийн салбарын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, асуудлыг шийдвэрлэх талаар гишүүдтэйгээ хамтарч нэлээд ажил амжууллаа.
 
-Мөн Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл дээр ажилласан. Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд хууль эрх зүйн орчныг бий болгох, эрхийг хамгаалах талаар төрийн дуу хоолой болж ажилласан. Энэ тухайд?
 
-Дээр ерөнхийд нь хэлчихлээ дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гараагүй байгаа ч гэсэн М.Батчимэг гишүүнтэйгээ боловсронгуй болгох чиглэлд сууж ажилласан.Эрүүгийн хуулийн гүтгэхтэй холбоотой заалтыг засч залруулахад гишүүд,ажлын хэсгийн  түвшинд ажиллаж амжилтанд хүрсэн.Тэгэхдээ хувиар үнэлбэл 100 хувь биш л дээ.Сонгуулийн үеэр гүтгэхтэй холбоотой заалт хуучнаараа үйлчилнэ.
 
Өөрөөр хэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тиймээс нэг талаас сонгуулийн үеэр сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллага сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай, нөгөө талаас гүтгэхтэй холбоотой заалтыг иж бүрэн өөрчлөхөд сэтгүүлчид, мэргэжлийн холбоо парламенттай сайн ажиллах хэрэгтэй болж байна. Гэхдээ эхний дэвшил гарсныг голж болохгүй. Цаашид боловсронгуй болгоход эрчимтэй ажиллах шаардлагатай. Ер нь хэвлэлийн салбарын төлөөлөл гэдэг утгаараа энэ асуудалд амбицтай ханддаг гэж зарим хүн ойлгоод байдаг юм. Хэвлэл өөрөө ард түмний өмнөөс ажилладаг, төр ард түмнийг холбодог гүүр учраас хэвлэлтэй холбоотой асуудлыг салбарын бус улс орон, ард түмний асуудал гэж өргөн утгаар нь харах хэрэгтэй юм.
 
-Хэвлэл гэснээс нэрт сэтгүүлч  А.Авирмэд агсан “Д.Сарангэрэл Монголын нэрийг хамгаалав” нэртэй нэвтрүүлэг хийж байсныг ахмад сэтгүүлчид ам дамжин ярьдаг юм билээ. Энэ тухай дурсамжаасаа хуваалцаач. Яагаад ийм нэртэй нэвтрүүлэг хийсэн юм бол?
 
-Манай сэтгүүлчид урт чихтэй шүү. Энэ их эртний явдал. Нэг их сүртэй юм биш ээ. 1990-ээд оны эхээр юм байна. Гадны зочид одоогийнх шиг олноороо ирдэггүй дөнгөж л зочилж эхэлж байсан үе. Туркийн төр, засаг, яамны түвшиний 10 гаруй албаны хүн манайд айлчлахаар ирж Монголын телевиз, радио, сонины хэдэн сэтгүүлч сурвалжлахаар нисэхийн вип зааланд очсон. Онгоц ч буулаа. Гэтэл зочдоо оруулж чаддаггүй. Тэгэхэд онгоц буудалтайгаа хоолойгоор холбогдоогүй, шууд хашааны хаалга онгойлгож оруулдаг байсан. Зочид торон хашааны хаалганы цаана байгаад байдаг.
 
Хаалганы түлхүүр байдаггүй. Зочдыг угтсан манай яамныхан наашаа, цаашаа гүйлдээд арайхийж нэг юм хаалга онгойлоо. Гэтэл зочдод цай, кофе өгөх хүн байдаггүй. Асуудал юунд байсан бэ гэхээр Туркийн зочдыг хүлээж авсан манай яамныхан онгоцны буудлынханд урьдчилж хэлээгүй юм билээ. Тэгээд л “Үнэн” сонины сэтгүүлч эмэгтэй бид хоёр буфетны ард орж цай кофе зөөж үйлчилсэн.Авираа маань радиогоос үйл явдлыг сурвалжлах гэж бас ирсэн байж. Тэгээд л энэ талаар бичил нэвтрүүлэг хийсэн байсан. Би сонсоогүй л дээ. Дараа нь хүмүүс баяр хүргээд байхаар нь мэдсэн. Тэр үед гаднынхны өмнө улс орныхоо нэр хүндийг хэн хүнгүй л боддог байсан даа.
 
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Та бүхэн намын харъяалал харгалзахгүйгээр хамтарч ажилласан. Зорьсон зүйлээ хэрэгжүүлж чадав уу?
 
-УИХ-д эмэгтэйчүүдийн бүлэг гэдэг санаа бодлоо чөлөөтэй солилцдог, бие биенээ сонсдог, бас нэг шийдэлд хүрч чаддаг багтай болсондоо баяртай байдаг. Бидний 11 эмэгтэй намчирхаж,талцалгүй ажиллаж болдгийг энэ хугацаанд харуулж чадлаа. Зорьсон төлөвлөснөө өнгөрч буй дөрвөн жилд шийдвэрлэж чадсан гэж боддог. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль,Тамхины тухай хууль,Хүүхдийн эрх,хүүхдийн хамгааллын тухай хууль гээд олон хуулийг нэрлэж болно.Одоо бид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудыг батлуулахаар зорьж байна. Үлдсэн богино хугацаанд нэг ч гэсэн нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомж гаргахын төлөө бид ажиллаж байна.
 
-Гол нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, жендерийн асуудлыг нэлээд хөнддөг. Цаашид шийдвэр гаргах төвшинд, тэр тусмаа парламентад эмэгтэйчүүдийн оролцоог яаж хангах ёстой вэ?
 
-Бид орчин үед ажиллаж аж төрж байна. Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх учиртай. Тэгж байж тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна. Энэтхэг улс орон нутагт эмэгтэйчүүддээ эрх мэдэл өгсний дүнд нийтийн усны хангамж, боловсролын асуудлаа тодорхой түвшинд ахиулсан байна. ОХУ Батлан хамгаалах яамны дэд сайдаараа эмэгтэй хүн тавьчихлаа. Вьетнам улс парламентаа эмэгтэй хүнээр удирдуулж эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажиллах нь тодорхой болж байна. Энэ бүхэн нь эрэгтэй, эмэгтэй хүний улс төр дэх оролцоог тэгш хангаж бүх салбараа жигд анхаарч улс орноо тогтвортой, тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьж байгаагийн л илрэл.
 
Манайд ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэхүү оролцоо нь зөвхөн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж ойлговол өрөөсгөл юм. Улс орноо бүх салбарт тогтвортой жигд хөгжүүлэхэд улс төр дэх хүйсийн тэгш байдал чухал гэвэл илүү бодитой дүгнэлт болно. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэж нийгмийн салбараар хязгаарлалгүй цэрэг, цагдаа, уул уурхай гээд бүх салбарт эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн оролцоог жигд хангах нь тухайн салбарыг тогтвортой хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Улс төр, нийгмийн амьдралд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн оролцоог жигд хангах нь ардчилал, хүний эрхийн зарчим юм. Улс орны өнөөгийн нөхцөл байдал ч үүнийг шаардаж байна.
 
Улс төрийн намуудын хүсэл эрмэлзэлээс эмэгтэйчүүд улс төрд олноороо орж ирэх эсэх нь ихээхэн хамаарна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн дэмжлэг бас чухал.Тиймээс ч саяхан болсон Үндэсний чуулганд улс орны өнцөг булан бүрээс ирж оролцсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүдээ дэмжихийг улс төрийн нам, дөрөв дэх засаглалд хандаж уриаллаа. Мөн эмэгтэйчүүдийг улс төрд ороход их хэмжээний мөнгө төгрөгийн босго тавьж мохоохгүй байхыг чуулганы төлөөлөгч эмэгтэйчүүд маань хүссэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эрх мэдлийн төлөөх шунал бус, эх орны төлөөх үүрэг хариуцлага юм.
 
-Сонгуулийн хуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг орууллаа. Ийм квот шат шатанд, цаашлаад төрийн албанд байх шаардлагатай эсэх талаар ямар саналтай байдаг вэ?
 
-Ер нь УИХ-д эмэгтэй гишүүд 30 хувь байна гээд хуульчилж байгаа нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр л дээ. Яагаад 30-аас илүү байж болдоггүй юм гэдэг асуулт гарна. Нөгөө талаас энэ квотыг дэвшил гэж харахаас өөр аргагүй. Квот байхгүй бол эмэгтэйчүүд улс төрд өдрийн од мэт ховор байж ч мэднэ.Гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан үе парламентад 1992, 2008 онд тохиолдож байсан.
 
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо дөхүү байсан бол улс орны нөхцөл байдал өнөөдрийнхөөс арай өөр дүр зурагтай байсан байхыг үгүйсгэх аргагүй. 2011 онд батлагдсан Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг нийслэлд 15 хувь, дүүрэгт 20 хувь, суманд 25 хувь, хороонд 30 хувиас доошгүй байхаар заасан.Гэтэл өнөөдөр аймаг,нийслэлийн Засаг дарга эмэгтэй байхгүй л байна. Энэ нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах шаардлага байна гэсэн үг.
 
-МАН-ын Бага хурал энэ долоо хоногт болж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батална гэсэн мэдээлэл байна. Энэ удаагийн мөрийн хөтөлбөр ямар онцлогтой байх бол?
 
-Манай нам УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр дээрээ ид ажиллаж байна. Ард иргэд, олон нийт, эрдэмтэн мэргэд, салбар, салбарын төлөөллийн санаа бодлыг сонсож, хүлээж авсан байгаа. Улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахад чиглэсэн мөрийн хөтөлбөр байх болно.
 
-Мөн МАН, МАХН-ын хамтын ажиллагааны талаар Бага хурлаар шийднэ гэсэн мэдээлэл бий. Хоёр намын хамтын ажиллагааны тухай та байр сууриа илэрхийлж болох уу?
 
-Тийм ээ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн хэлэлцэж батална. МАН, МАХН сонгуульд нэгдэж оролцох хугацаа сонгуулийн хуулиар хязгаарлагдсан гэдгийг та мэдэж байгаа байх. Эвсэх асуудлаар хоёр намаас тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуулийн хугацаанд шийдлээ гаргахаар ажиллаж байгаа. Хоёр нам эвсэж сонгуульд орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ бол хоёр намын олонх гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзэл гэж ойлгож байгаа.
 
М.Ганцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин