sonin.mn
Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж чадвал УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны 11-р сард зохион байгуулах төлөвлөгөөг эрх баригчид  боловсруулсан тухай Sonin.mn 8 сарын 22-нд анхлан мэдээлсэн билээ.
Үүнээс хойш УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг мэдээллийг үгүйсгэж байсан ч удалгүй ийм яриа явж буй нь үнэн болохыг УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржоос эхлээд олон улс төрчид баталсан юм.
Тэгвэл Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2-р хэлэлцүүлэг дууссаны дараа уг санаархлыг бодит болгох хуйвалдаан илт идэвхжиж эхэллээ.
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 9 сарын 11-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийн,Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Ингэхдээ Ард нийтийн санал асуулгын  зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэж тайлбарлаж байв.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар 11 сарын 26-нд Ард Нийтийн санал асуулга ба УИХ-ын ээлжит бус сонгуулийг зэрэг явуулахаар төлөвлөсөн байна. 
 
Энэ санаархлыг ил цагаан он сартай нь зарласан анхны төрийн албан тушаалтан нь Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд бөгөөд тэрээр "Defacto" нэвтрүүлэгт оролцох үеэрээ : " Үндсэн хуулиа өөрчлөгдмөгц тараад сонгуулийн хуулиа өөрчлөхгүй, тэгээд дахиад 76 хүн гарнаа даа, тэр 76 хүн энэ сонгуультай цуг явагдах Ерөнхийлөгчийн засаглалтай улс байх уу? парламентын засаглалтай улс байх уу? гэдэгт хоёр сая ард түмэн хариулна... Угаасаа бүх ард түмний санал асуулга сонгуультайгаа цуг явдаг юм, мөнгөө хэмнээд... 10 сарын 20-нд хийе гэж байгаа юм, 1945 оны ард түмний санал асуулга явуулсан өдөр... Тэгээд шинэ 76 гишүүн гараад ирнэ, сарын дараа." хэмээсэн юм.
 
Өмнө нь мөн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх 2018 оны намар УИХ-ыг тараана гэж мэдэгдэж байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 7-р сарын 16-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулах үеэрээ :  "Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо.
Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж эдгээр алхмуудыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавъяаг байгуулах болно. " гэсэн нь бий.
 
 
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ уг асуултанд : "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал" гэсэн хариулт өгсөн юм.
 
 
УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны сүүлээр гэнэт явуулснаар  УИХ-д шинээр нэр дэвшигчдэд боломж олголгүй одоогийн УИХ-ын гишүүд давуу байдалтай өрсөлдөж, ялах магадлалтай гэж эрх баригчид үзэж буй бололтой.
 
Э.Мягмар