sonin.mn
Ардчиллын 30 жилийн ойд
 
Олон жилийн өмнө Лондонд нэг зоогийн газар би тогооч хийж байлаа. Намайг тэнд ажиллаад бараг гурван жил болж байхад ширвээ сахалтай, шар нөхөр угаагчаар ажилд орж билээ. Эхэндээ бид хоёр мэндийн зөрөөтэй л өнгөрдөг байв. Дотносох шаардлага байсангүй: нэг ээлжинд олон угаагч зэрэг ажилладаг тул шинээр ажилд орсон хүнтэй шууд харилцах хэрэг ч надад байсангүй, үнэндээ. Английн дээд давхаргын баян чинээлэг хүмүүс тэр ресторанд их орж ирнэ; aлдар цуутай одууд ч бас орж ирнэ. Мэдээж, тэд тэнд зөвхөн үйлчлүүлнэ; xарин мань мэтийн Лондонд түр байр түрээслэгчид голцуу ажиллана. Хаа ч гэж харин цалин өндөр—англичууд ч бас ажилладаг байсан юм. За энэ ч яахав, товчхондоо: намайг амраад ирэхэд нэг сахалтай эр манай ажилд орчихсон байсан. Би асууж лавлаагүй; асууж лавлах ёстой ч нэгэн биш байлаа. Сахалтай эр ч асууж лавлуулахаар онцгой нэгэн биш байв: байдаг л нэг, ажилд яггүй ч англи хэл муу эр. Угаасаа ч угаагч хийхэд мундаг хэл хэрэггүй. Тэртэй тэргүй нэг зүгийн хүмүүс олуулаа ажилладаг байсан юм. Харин нэг удаа надаас:
—Монгол уу? гэв.
—Тийм гэтэл уулга алдаж:
—Oo, Монголиа, мой брат...my brother гээд л мөрөн дээр алгадаж баяр хөөр болов. Тэр зүгийнх гэдгийг нь гадарлаж явсан тул харин би тэгтлээ гайхсангүй. Урьд нь ажиллаж байсан словактай нэг улсынх гэж бодсноо, тэр намайг төвд гэж анх бодсон гэхэд нь хэлээд орос эрийн ясархаг гарыг атган анх танилцаж билээ.
—Оросоор ярьдаг уу? гэхээр нь:
—No гэлээ. Уг нь бол Оросод, аавын буянаар, дунд сургуульд сурсан хүн шүү дээ. Олон жил яриагүй болохоор тэгдэг байсан юм уу, хольж хутгаад бүр будилчихдаг байв. Одоо ч адилхан. Заримдаа бүр гацчихна гээч... Cанаа зовмоор... Тэгээд ч Англид англиар шууд харилцах хамаагүй амар байдаг байлаа: Намайг Бристолд ажиллаж байхад Новосибирскээс ирсэн нэг орос охин зөөгч хийдэг байсан юм. Цэнхэр нүдтэй хөөрхөн охин oлны хажууд оросоор ярих дуртай: “Хар даа, хар даа, оросоор ярьж байгааг нь!” гэж ирээд л гайхуулна. “Oh my God, чи оросоор ярьж чаддаг юм уу?” гээд л зарим нь гайхна. Би оросоор ярьж тэднийг хөгжөөнө. Харин нэг удаа орос охин: “Манай оросууд эднийг бөөснөөс нь салгаж, бичиг үсэг заасан. Эд чинь бүр тэмбүүндээ баригдаад сөнөх гэж байсан аймаар зэрлэг хүмүүс байхгүй!” гэж менежер франц хүүхний амыг ангайтал ярьж байдаг байгаа. Хажуугаас нь, ахлах тогооч алжир залуу, францаар, манай улсыг оросын колони байсан болохоор оросоор ярьдаг юм гэснийг орос охин ойлгоогүй ч би ойлгосон. Менежер бүсгүй тэгэхэд гэнэт сэхээрсэн аятай, аан тийм вий бий гэсээр санаа алдаж билээ. Харин би, намайг байгааг мэдчих вий гэж санаа зовоод түргэхэн гал тогооноос гарсан; xэлэх ч үг олдоогүй. Франц хүүхэнд би байдаг л нэг банхар шиг санагдаа биз. Уг нь, намайг экзотик улсаас ирсэн гэж бодоод их шохоорхож, хүн амьтнаас ичихгүй ханд хаяж байсан юм. Би ч ялгаагүй...надаас эгчмэд ч гэлээ гучтай гэмээргүй хүүхний эгдүүтэй хөөрхөн өгзөгийг ганц базчих санаатай халуурч явлаа. Гэвч, бид хоёрын шохоорхол шүүхийн шийдвэр сонссон аятай сарнисан даа; тэр намайг үл ойшоож, бүр дөлөх болов. Надад л тэгж санагдсан байж мэднэ, ямартаа ч би түүнтэй урьдынх шигээ чөлөөтэй харилцаж чадахаа болиод бэлгийн дарамт хийгээд баригдсан аятай гэлбэлздэг болсон билээ... Орос охиноос бол, ойлгомжтой, зүгээр л аль болох хол байхыг хичээх болов. Янз янзаар надаар оролдсон шартай шар, сүүлдээ бүр бага ангийн багш шиг аашилж, намайг англиар ярихаар бүр эгдүүцэж: “Хэзээ танай монголчууд ийм болчихсон юм бэ?” гэж ам асуудаг байгаа!.. 
 
 
Тиймээс л би орос эрд оросоор ярьдаггүй гэсэн юм. Доог тохуу болгоно гэж анхнаасаа л муу санасан хэрэг л дээ. Зүүн европын, манай ахан дүүс гэдэг байсан социалист улс орнуудаас ирсэн хүмүүс бидний тухай санаа зовмоор, муухай төсөөлөлтэй явцгаадаг юм шиг санагдсан болохоор би тэр бүр тэдэнтэй ойртож дотносдоггүй байв. Зөвхөн тэдэнтэй ч биш, ер нь бүгдэнтэй нь л би хамаагүй дотносохоос зайлсхийж;  элдэв маяггүй, эелдэг инээмсэглэлээр зайгаа барьж; аятайхан харилцахыг эрхэмлэж явлаа. Хамаагүй ойртсон хүмүүс л муудалцдаг гэж би бодож явсан юм л даа. Хэрэв орос охин бид хоёр хэт ойртоогүй бол муудалцахгүй л байх байсан. Тэр намайг доромжлоход хувь хүний хувьд биш харин монгол хүн гэдэг утгаараа би дуугай хүлээж авах үүрэгтэй, бүр үйлийн үртэй гэж бодсон боловч хэрэгжүүлэхэд их хэцүү байж билээ. Нэг муу шар охин манай монголчуудыг доромжилсноос болж бид байгаагаасаа илүү муудахгүй шүү дээ гэж бодож байж л арайхийн дуугай өнгөрсөн дөө. Тэгээд ч, xүний газар—монгол хүн болохоороо л!—дорд үзэгдэхийг алийг тэр гэхэв. Тэр бүхэнд бухимдвал бие яаж тэсэх вэ? Тэр байтугай л юмыг хэчнээн дургүй хүрсэн ч би чимээгүй өнгөрөөсөн; бүр монголчуудынхаа өмнөөс нүүр хийх газаргүй ч болж үзсэн билээ...
 
Бид ч гэсэндээ өөрсдөө бас орос охин шиг ярьдаг байсан биз дээ. Одоо ч гэсэн ярьдаг! Тэр бүү хэл, өөрсдийгөө монгол гэхээс ичдэг, монгол хүнтэй таарвал зугтдаг монголчууд ч байдаг. Тэгчихээд бас өөрсдийгөө мундаг гэцгээдэг; гадаадад гараад монголчуудаасаа зугтдгаа, эсвэл утсан хүүхэлдэй явснаа омогшихоороо түр умартчихдаг. Бүр 87 онд оросын нэг дипломат, “оросууд монголчуудыг маанаг гайхлууд, зөөлнөөр хэлэх юм бол дүрсгүйдсэн хүүхдүүд гэж үздэг” хэмээн бичсэн байдаг юм байна лээ. Үүнийг би саяхан сонссон ч, Бристолд байхдаа л “гадныхан биднийг зоопаркийн тахь аятай л санадаг байх” гэж бас хардаж явсан юм. 2003 онд байх аа, нэг англи хүүхэн Монголын тухай ном бичиж хэвлүүлсэн чинь...бүр шагнал авсан ч бил үү? Баян-Өлгийд амьдардаг эхнэр, нөхөр хоёр ганц хүүгээ алдсан тухай тэр номноос уншиж байтал дорой буурай улсын иргэд яг бидэнтэй адил гашууддаг юм байна лээ гэж “нээлт” хийсэн байж билээ. Сэрдхийгээд л явчихсан. Ингэж боддог байх нь л дээ гэж гайхсан. Харин одоо бол тэгтлээ гайхахгүй. Ядуу буурай улсыг гашуудах байтугай, баярлах ч чадваргүй гэж төсөөлдөг хүмүүс манайд ч бий... Xужаа гэж хүмүүн бус хүмүүс ч байдаг мэт сэтгэдэг нь ч зөндөө... 
 
Англид гэхдээ, анх очоод арай л омоглон явжээ. Залуу ч байж. Эх орноосоо гараад л эх орондоо хайр зарладаг хүмүүс шиг би ч бас Англид анх очоод Лондонд байхдаа түүх, соёлоо сонирхож бараг жил шахам номын санд суусан даа. Тэгж яваад Бурханы шашин руу халтирсан: Бурхан гэдэг чинь Будда, сансар гэдэг чинь зовлонгийн далай гэсэн үгс юм байна лээ... Гэхдээ би голцуу монголын байлдан дагуулалтын тухай унших дуртай байв. Манай түүхийг дэлхий дахин судалдгыг мэдэх, нэгд, бахархалтай; хоёрд, бид чинь бусдаас дутуугүй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон юм. Кино шиг үйл явдлууд нүдэнд үзэгдэж, үнэхээр л тийм байж дээ гэж бодох тусам эргэлзээ тайлагдаж, ёстой л жинхэнэ омогшиж явлаа. Бүр нулимсаа барьж чадахгүй бахдал хөөрд автаж, бусадтай хуваалцмаар санагдах удаа ч байлаа. Нэг аргентин залуутай хагас жил шахам хамт ажиллаж, хамтдаа номын санд суухдаа Чингис хааны жинхэнэ шүтэн бишрэгч болгож дөнгөсөн билээ. Харин нэг энэтхэг Таж Махалыг монголчууд барьсан гэдэгт ерөөсөө итгээгүй, итгэхийг ч хүсээгүй. Би ч гэж би, могол гэж монгол гэсэн үг гэж байгаад буруу солгой юм ярьсан байх. Олон шашин соёлтой хүмүүс холилдсон газар Далай лам шиг л ярьж чадахгүй юм бол манай их мэдэгч нийтлэлчид шиг бурах дэмий юм байна лээ; хамаагүй ярьж байгаад итгэл үнэмшлийг нь хөндчихвөл тэрнээс ийсэн юм болж мэднэ. Зохистой зайгаа барихгүй цөмөрчихвөл манайхны муу амладаг нөгөөх “шашны мөргөлдөөн” гээч нь гарах энүүхэнд шүү дээ... Харин Хавертай түүх ярих амар байв: Аргентин, Монгол хоёр Дэлхийн аваргаар тоглох хаа ч билээ. Би ямар англичууд шиг Марадонногийн “алтан гарыг” үзэн ядах биш, тэр ямар Чингис хааныг зүхэх биш... Түүнээс биш бидний дээдэлдэг өвөг дээдсийн маань түүхийг маниусд эзлэгдэж явсан нөхөд цаагуураа яаж ч муулдаг юм билээ. Хэн мэдэх билээ. Гэхдээ, саяхан л бид чинь зөвлөлтийнхөнтэй нийлж байгаад татар-монголын дарангуйллыг зүхэж явсан улс болохоор биднээс илүү мэдэх хүмүүс ч бас хаа байхав дээ. Саяхан ч гэж дээ, одоо ч гэсэн манай телевизийн сувгуудаар оросын түүхэн кинонууд гарч байна: Хэдэн үзлийн муухай татар-монголчууд онгон Оросыг талхалж байна, цаана чинь!
Иймэрхүү бодолтой байсан болохоороо Англид би гадныхантай өвөр түрийндээ ортол дотносож чадаагүй байх. Орос эртэй ч мөн адилхан. Бүгдээс нь л ихэмсэгээр ичингүйрэн дөлж, зайгаа барьдаг байв. Нэг польштой овоо найзалж байгаад Чингис хаанаараа омогшиж зэвүү дургүйг нь зэрэг хүргээд “Танайд машинд байдаг уу?” гэж басамжлуулж явлаа. Гэхдээ, сайхан үерхдэг монголчуудыг алийг тэр гэхэв. Харийнхантай суусан бас явалддаг хүүхнүүдийг ярих юм бол бүр замбараагаа алдах биз. Миний мэдэхийн л, польшоор ус цас, байнга л “курва” гэж хараадаг нэг анд маань польшуудтай нийлж аваад дарвидагсан. Орос сургууль төгссөн нэг хүүхэн ажлын хуурамч визийг 700 паундаар даруулж өгдөг байлаа. 2002 оны үед шүү дээ. Тэгэхэд хүн бүр фотошоп мэддэггүй байж л дээ. Бас, хэл усгүй ч гэлээ сэтгэлийн дуудлагаар оросуудтай дотносочихсон ах нар тэдний гар хөлийнх нь үзүүрт гүйж ажилтай золгодог байсан. Бристолд, голцуу оросууд болон зүүн европынхныг пиццаны газраа ажиллуулдаг бас нэг монгол ахтай би таарсан.
 
Хэрэв сахалтай орос эр тэр ахтай бас таарсан бол пиццаных нь газар шууд ажилд орох байлаа. Монголд цэргийн алба хааснаа хэлээд бүр цалингаа ч нэмүүлэх байсан биз. Надад ч гэсэн сахалтай орос эр сонирхолтой санагдаж байв. Хэрээ мэддэггүй нэрэлхүү зангаасаа болж л би түүнтэй шууд, чөлөөтэй харилцаж чадаагүй юм. Тэгээд ч, зайгаа барьдаггүй хүмүүсийг алийг тэр гэхэв. Ажил бол ажил, харин чөлөөт цагаараа найзан дундаа байх бол бас ондоог төдийлөн ялгаж салгадаггүй хөдөөний хөөсөн мантуунууд хэцүү шүү дээ—Коля ах тийм хөдөөний хөөсөн мантуу байсан юм. Надаас ах хар, шар, цагаан бүх хүнийг би ах гэдэг болохоороо л ах гэж байна л даа. Харин, амьдарч байсан газрынхаа соёлын хэм хэмжээтэй харьцуулаад “хөдөөнийх” гэж бодсон юм. Дөнгөж Англид ирсэн хүмүүс ер нь бүгд л хөдөөнийх байдаг. Учраа олохгүй хэсэгтээ соёлын шооконд орцгоодог шинэ хүмүүсээс, ах дүүс, анд нөхөд биш л бол зайгаа барих өлзийтэй. Хажууд нь байгаад ч нэмэргүй. Хүн өөрийн биеэр заавал туулж гарах ёстой соёлын хил зааг бий. Тэр хил заагийг давж, нэг соёлын хүрээнээс нөгөөд шилжсэн хойно бол хөдөөнийх байна уу, хотынх байна уу, үнэндээ падлийгүй. Дасан зохицох чадвар нь аваад явчихдаг хойно... 
 
Ийм л нэгэн хараахан учраа олоогүй явсан орос эртэй би Лондонд анх танилцсан юм даа. Дүрсгүй монгол дүүтэйгээ яасан ч яадаг юм бэ гэж санасан уу, нүүр өгчихвөл эмзэг сэдвээр тоглоом тохуу хийхээс ч сийхгүй шинжтэй байв. Гэхдээ хөөрхий тэгтлээ давраагүй л дээ. Тэгж даваргах ч нөхцөл боломж байсангүй. Зүгээр л надаас санаа зовох нь бага байсан бололтой. Би ч өөрөө энгийн байх дуртай хүн, уг нь. Өөрсдийгөө дөвүүлгээгүй, давшлаагүй, доошоо дээшээ оруулаагүй, анзааргатай ажил хэрэгч харилцааг их таашаадаг байлаа. Харин хийх ёстойгоо хийхгүй, их ажилтай үед хамжилзахгүй бол асдаг байж билээ. Нэг даварсан монгол залуутай байлдаж байгаад хажуунаасаа зайлуулсан удаатай ний нуугүй хэлэхэд... 
Эхэндээ Коля ах бусадтай хайлсан тугалга шиг харилцдаг байв. Хөлсөө асгартал махийчихаад, залуу хүүхдээс дутахгүй чардайна. Харин миний ахалсан ээлжинд жаахан назгайрна. Би ч ойлгож л байлаа: ах харваас ядарч байсан юм. Дөч гарсан гэж өөрөө хэлсэн болохоос тавь ч гарчихсан ч байсан байж мэднэ. Нүд нь гархилаад, улам тураад л байж билээ. Намайг харахаараа арслан бар болчихдог гэвэл арай л юу юм бэ, гэхдээ л нэг эрээ цээргүй, даврамтгай зан цухас илэрдэгсэн. Уг нь энэ зангаа л больчихсон бол би ахыг ажил гайгүй үед тамхиа татаад салхилж суугаасай гэж боддог байлаа. Тэгээд л би түүнийг аль болох ажил багатай ээлжинд ажиллуулахаар, ихэнхдээ өөрөөсөө зөрүүлж, долоон хоногийн хуваарь хийхийг чармайдаг байв.
 
Үнэндээ Англид надад орос ах илүү шүү дээ. Москвад дунд сургуульд сурж байхдаа мөн ч олон “орос ах нарт” би нударганыхаа амтыг үзүүлсэн дээ. Орос хэлний “Радуга” сурах бичиг шиг даанч байгаагүй. Орос найзтай болж хамт хичээлээ хийгээд л ах дүүгийн ган бат найрамдлаа мандуулна гэж панаалтай бодсон чинь “чукча”, “хуй” гэж дуудуулж, татар-монголын жинхэнэ үр садаа болохоо мэдэрч, ичиж зовж явлаа. Манай ангийнхан надаас анхандаа, халдарт өвчин авчих юм шиг хажигладагсан. Алтан Москваг шатаасан Батын хүүг хажиглахгүй гээд ч яах билээ. Ганхуяг гэдэг нэрээ Ганзориг болгосон шиг нэрээ Батзориг болгох боломж ч над байсангүй. (Намайг Хүрэлсүхийн Батхүү гэдэг л дээ). Ядах нь аа, Сансар гэдэг нэртэй байсан бол тэдэнд чамин сонсогдох байсан биз ээ. Ямар утгыг нь ойлгох юм биш. Тэгээд ч огт орос хэлгүй шууд л дөрөвдүгээр ангийн дундуур шууд орчихсон хүүхэд бусдын доог тохуу болохгүй хаагуур ч явах билээ. Харин ч Москвагийн чинээлэг дүүрэгт амьдардаг томоотой, соёлтой хүүхдүүд байсан юм. “Чукча иди сюда”, “Чукча иди туда”, “Чукча к мне”, “эй Хуй” гээд орос хөөрхөн бацаанууд хэл мэдэхгүй нэг жартгар нүдтэй бандийг өднө. Даанч нөгөөдөх нь аймаар шартай, айлын эрх хүү. Ангийн охид бол инээ дээ, инээ дээ гэнэ. Намайг инээхийг хараад бүгд инээнэ. Багш нар “невник”-ээс нэр дуудах гэж түмэн юм болно: “Хуу-хмх-Хуий-мхм-Хуйй-рэл-сухэ Бат-хуу” гээд л сандарч тэвдэж, манай ангийнхнийг пирхийтэл инээлгэнэ. 
Миний нэр, бас миний эх орон сургуулийн жорлонгийн ханан дээр зурсан боов шиг л тэдэнд санагддаг байсан байх. Тэгж надад санагдах тусам нь би кирил үсгээр босоо бичиж, орос хэлний хичээлд авсан дунд дүнгээрээ бахархдаг болж билээ. Мөн жорлонгийн ханан дээрх “хуйг” арилгахыг хүсэж; оросуудын нүдийг орой дээр нь гартал “Үнэн” сонин метронд уншдаг том хүмүүсээс ичиж үхдэг байлаа. Гэсэн атлаа арабаар ном сонин уншдаг, хачин өвөрмөц хувцас хунар, үс сахалтай зорчигчдоор бахархаж бүр атаархдагсан. Оросуудын нүдэн дээр үндэсний бичигтэй сонин ганцхан удаа уншихын тул би араб болоход ч бэлэн байв! Хятад, япон ханзтай ном яаж ийж байгаад олж аваад цүнхэндээ хийж явдаг байж билээ... Ийм л эсэргүү, шилжилтийн насаа би Горбачевийн өөрчлөн байгуулалтын салхин доор; Высоцский, Цойгийн дуугаар жигүүрлэн Москвад өнгөрөөсөн хүн дээ... 
 
Хэдийгээр Монголоос ирсэн хүн бүр Чойномын “Сүмтэй будрын чулууг” авч ирдэг байсан боловч том хүмүүс оросуудыг ах нар гэж өргөмжилцгөөдөг хэвээрээ байсан үе билээ. Хэчнээн долигонолоо ч оросуудыг ах гэдэг том хүмүүсийг би огт ойлгодоггүй бас хүлээн зөвшөөрөхийг ч хүсээгүй. Шал ондоо зүс царай, хэл устай хүмүүс ах дүүс байж болно гэж үү? Байж болдог юм бол бид яагаад дүү нь байх ёстой юм бэ? Яагаад зүгээр л найзууд байж болдоггүй юм бэ? Муур шиг шар нүдтэй манай ангийн Иван миний ах болно гэж би ерөөсөө төсөөлж чадаагүй. Тэгээд ч дүүгээ хүндэлдэггүй ах нар байж болох уу даа? Тэдний хувьд Монгол гэдэг бол жинхэнэ онигооны, усаа татаагүй заваан жорлон шиг хоцрогдсон орон мэт санагддаг байсан юм. Хэрэв монголчууд байгаагүй бол манай улс Барууныхан шиг хөгжих байсан гэж багш нар ярихад манай ангийнхан бүгд шүүрс алдсныхаа дараа над руу муухай, харин баруун германы банди руу атаархан харцгаадаг байж билээ.
 
 
Дэлхийн II дайны тухай хичээл ороход ч гэсэн манай ангийнхан над руу хардаг шигээ түүн рүү зэвүүцэн харж байгаагүй юм шүү! Баруун Германы хүүхдүүд, Зүүн германы хүүхдүүдээс ч илүү багш нараар хүндлүүлнэ. Капиталист хүүхдүүдийн өмссөн зүүсэн нь шал анги; зажилдаг бохь, зүүдэг электрон цаг нь хүртэл чанартай болохоор арга ч үгүй байх л даа.
 
 
Чухам тэр үеэс л би орос, монголын эвдэршгүй бат найрамдлыг худлаа магтсан хүн бүхнийг ялангуяа хямдхан, бялдууч зохиолчдыг үл тоомсорлох болсон юм. Аргагүй ч байх л даа, эвдэршгүй бат найрамдлыг би өөрийн биеэр шалгаж байсан юм чинь... Анхны хайр маань цэнхэр нүдэн охин байлаа гэж... За энэ ч яах вэ: “Я тебя люблю” гэж би бараг гурван жил орос хэл сурж байж хэлсэн. Харин дөнгөж очоод долоо ч хонолгүй, том ангийн хүүхдийг коридорт тонгорч унагаад дээрээс нь дарж байгаад “Я не чукча, да!, Я не чукча, да!”  гэж баахан хүүхдийн дунд хэлж билээ. Бараг миний анхны оросоор хэлсэн үг: “Я не чукча, да!” байлаа. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Би үнэхээр элэг бүтэн, аз жаргалтай бас хөгжилтэй хүүхэд насаа ЗХУ-ийн сүүлчийн жилүүдэд Москвад өнгөрөөсөн юм шүү. Багын найзуудтайгаа одоо ч холбоотой байдаг.
Коля ах урдахаа, би урдахаа хийгээд л цалингаа авцгаагаад л мөрөөрөө байцгаасан бол бид хоёр ч гэсэн анхнаасаа аз жаргалай байх байсан. Заавал ходий болж байж, эсвэл ах дүүс болж байж аз жаргалтай байдаг ч юм биш. Зочид шаагиад ороод ирэхэд илүү дутуу юмгүй урдахаа хийдэг хүмүүс л нэг баг болдог. Ийм хүмүүс тоглож наадах ч хөгжилтэй. Их ажлын дараа хамтдаа тамхи татаж зогсох бас кайф шүү. Английн дээд зэрэглэлийн ресторануудад чухам ийм л үүрэг хариуцлагаа ухамсарласан харилцаа үнэтэй байдаг байсан. Тэгээд ч ямар бид нэг нэгэндээ цалин өгдөг биш мөрөөрөө ажлаа хийж буй нэгнээ, доош хийж, хавчиж гадуурхах шаардлага байдаггүй. 
Ээлж ахалсан тогоочийн хувьд бүгдэд нь би ижилхэн шаардлага тавьдаг байсан. Өөрөө ч дагаж мөрддөг байлаа. Ганц хоёр удаа “хуй” гэж дуудахад нь би тоогоогүй. Тэр ажлаа л асуудалгүй хийвэл болоо. Түүний хэлсэн үг бол түүний проблем. Ажилдаа түүртээд ууралсан ч байж магадгүй. Тос асгаад ч яах юм бэ! гэж боддог байв. Харин нэг удаа ёстой дургүй хүргэдэг байгаа. Баахан польш, чех, словакуудын дунд сууж байгаад надаас:
—Чи дандаа гудамжинд бие засдаг уу? гэж асуув. Цайны завсарлагаар би бие засах өрөөнд орчихоод амралтын өрөөнд орж суусан юм л даа. Ойлгоогүй дүр эсгэн: 
—Юу гэнэ ээ? гэтэл өнөөх чинь:
—No toilet, no toilet! гээд бах нь ханасан аятай малилзан инээж билээ. Ганцхан би биш бас бусад хүмүүс ч эвгүйцэхийг би мэдэрсэн. Манай Даваа—надтай адил тогооч төвд залуу—түүнд угаасаа ч дургүй байсныг хэлэх үү, түүн рүү тун муухай харж билээ. Бас нэг польш, англи хоёр санаа зовсон аятай энэ одоо юу хэлээд байгаа юм гэж хоорондоо ярилцаж байсан. Харин би цаагуур яваа үйлийн үрийг наашаа дуудаад ч яах билээ гэж бодоод үг хэлээгүй. Юм бүхэн учир жанцантай гэдэг дээ. Тэгэхэд “Юм бүхэн учир жанцантай, Жанцан гэдэг манай ах” гэж ярьдаг байсан санагдана... Тэгээд ч ядарчихсан, ажил ихтэй баярын өдөр байв. Гэхдээ баярын өдөр ажиллаа гээд хэн ч уурладаггүй, нэмэгдэл цалин авдаг болохоор харин ч баярладаг байсан юм.  Миний ээлж бараг дуусаж байсан болохоор би бүр баярлаж байсан. “Жаахан амарчихаад гялс шүршүүрт орчихоод хурууныхаа хээг уншуулчихья. Xарин орой болзох нэг гоё хүүхнийг хаашаа аваачих вэ” гэж бодож байлаа.
Гэтэл ажлын цагаар бас дургүй хүргэдэг байгаа тэнэг дурак чинь... Дутуу угаачихсан хайруулын тавгуудыг дахиж угаа гээд явуултал нэг нь ч байдаггүй. Нэлээн удлаа. Угаалгын өрөө рүү хар хурдаараа давхиад очтол Коля ах дээр хайруулын тавагнууд овоорчихсон байж байна. Гялс наадуулыгаа зайлаад өгчих гэтэл их л дурамжхан хөдөлснөө:
 
-Та нар энээс заваан юманд хоол иддэг биз дээ? гээд муухан малилздаг байгаа-тэнэг дурак! Өөр хүн байсан бол шууд амбаардуулна. Харин би өөрөө нэгийг гялс угааж, усанд зайлаад аваад явж билээ. 
Оросууд, үнэндээ, хоёр нүүртэй шүү дээ. Хүнийг хэт дугаарладаг зантай. Бид агуу, бид том гээд байвал арьс өнгөөр ялгаварладаг болгочихдог юм шиг байгаа юм. Хэчнээн агуу байсан ч бүр ч агуу юм гараад ирэхээр бялдуучлахаас өөр аргагүй болдог тэдний нийтлэг соёлын хөрсөнд нэг эвгүй вирус бий. Жаахан дорой харагдвал их дээрэлхүү, харин ганц шанаа өгчихвөл магадгүй насан туршийн үнэнч найз болж мэднэ. Муу санадаггүй нь сайхан л даа. Гэхдээ, сайн санаад үнэнч байгаа юм уу, муу санаад үнэнч байгаа юм уу. Мэдэхгүй шүү дээ. Магадгүй, чамайг хэн нэг нь шанаадчихвал шанаадсан тэр хэн нэгний үнэнч найз болох ч юм бил үү, хэн мэдлээ. Өөрсдөө бол барууныхныг дуурайх дуртай, харин мань мэтийн улсууд руу бол бөгсөө харуулаад зогсчих санаатай... За бид ч ялгаагүй дээ: Адилхан л—хэрэв бид хэтрүүлчихээгүй л бол гэхээс-шашныг хар тамхи гэж ад үзэж явсан, нэг системийн улсууд... Ах нар, ах нар гээд үхэх гээд байдаг манай монголчууд ах биш улсууд руу бол бөгсөө харуулах нь битгий хэл бүр унгадаг... Жорлонд нь баачихаад усаа татахгүй ч явж мэднэ... Гайхах ч хэрэггүй. 
 
Харин, манай оросын жинхэнэ үнэнч дүү нар огт орос хэлгүй байх нь маш хачирхалтай. Тэдний зарим нь Шереметьевын онгоцны буудал дээр орос авгайд баахан загнуулж байгаад хийморио сэргээчихдэг тун өвөрмөц зан үйлтэй. Бүр Орост олигтой орос хэл сураагүй хүмүүс ч олон. Пушкины ганц шүлгийг ч оросоор уншаад ойлгохгүй Горькийн сургууль төгсөгч эрхэм доктор, зохиолчийг би танина. Оюутны байрны жижүүр авгай нараар толгойгоо эргэтэл тав зургаан жил загнуулаад Монголд ирээд томорсон томчууд ч бий... Тэдний онигоог би ёстой оригоор нь үзсэн дээ. Лениний мавзолейг үзчихээд, дөнгөж сая эцэг нь үхсэн мэт ихэр татан уйлж, зүгээр ч уйлахгүй, “Хүндэт Ленин багш минь би таньдаа үүрд үнэнч” гэж оросоор халтар хултар ярьж, таксин дотор нус нулимстайгаа холилдож явсан нэг цэргийн ах маань одоо том улстөрч болоод байнга л зурагтаар гарч харагддаг. Харин тэгэхэд ирээдүйн эрхэм УИХ-ын гишүүн, элчин сайд, дарга бид хоёрыг таксинаас буухад—орос жолооч намайг сэмээрхэн дуудаад: “Миний хүү, энэ утсаар эмнэлэг рүү залгадаг юм шүү!” гээд цаасан дээр бичсэн түргэн тусламжийн дугаарыг ахын нүдийг хариулж байгаад өгч билээ. Согтуу, солиотой нь мэдэгдэхгүй ахыг маань галзуурсан хүн байна гэж бодож л дээ... 
Коля ах ч гэсэн тийм тэнэг, солиотой монголчуудтай таарсан ч юм бил үү? Хэн мэдлээ. 94 онд намайг Москвад очиход цыгануудаас ч долоон доор монголын гуйлгачид Ярославийн вокзал дээр байж байхыг хараад ичиж үхэх шахсандаг. Аймаар том амьтан Монголоос хүрээд иртэл цэцэг барьсан найзуудын чинь хажууд өвгөнтийн архичид гэр бүлээрээ (бүр жаахан хүүхэдтэй!) зогсож байвал яах уу? Ёстой шооконд орно биз дээ. Тэгж онигоонд орохоо мэдсэн бол онгоцоор л очих байсан юм. Гэхдээ, багын найзууд бол багын найзууд л байдаг: Нэг нэг хувийг нь сэтгэлдээ нандигнан хадгалчихсан хүүхэд насны сайхан дурсамж ямар ч ялгаа, хир буртаг, хил заагийг галт тэрэг аятай анзаарахгүй өнгөрч чаддаг. 
 
 
Харин Коля ах миний багын найз биш байлаа. Тэгээд л намайг “манай солиотой оросын дүү нартайгаа” андуураад байх шиг санагдсан юм. Доошоо орлоо, орлоо гэхэд арай тэр дебилүүдтэй адилхан байхыг би хүсээгүй, үнэндээ. Чухам ийм болохоор л би түүнээс бас зайгаа барьдаг байсан байх. Харин орос эр бусадтай зайгаа барьж чадахгүй асуудалд орчихож билээ.
 
 
*
Нэг өглөөний яриагаар манай ахлах тогооч хоёр гурван хүнийг bye bye болгоно гэж хэлсний дотор орос эрийн нэр тууж явав. Тэрээр ганцхан надтай биш, би бол хэнд ч хэлээгүй, бас өөр тогоочийн өөдөөс цор цорхийсэн ажээ. Мөн, олны нүдэн дээр Давааг “лама, лама, Далай лама, Даваа лама” гэсээр дургүйг нь хүргэжээ. Бас нэг орой шал угаалгүй орхиод явчихсан аж. Тэгээд бусад угаагч нартай муудсан байв. Энэ бүхэн манай ахлагч тогоочийн чихэнд хүрсэн ажээ. Тэр бол жинхэнэ celebrity chef гэж англичууд хэлдэг нэрд гарсан тогооч байсан юм; хэн нэг нь биеэ тоох, том толгой гаргах, журам зөрчих, бусдыг доромжлохыг үнэрч нохой шиг л анддаггүй англи эр байв. Хэнийг ч ажлаас шууд халдаггүй, тогооч нарынхаа саналыг заавал асуудаг зуршилтай хүн байв. Тийм учраас л та нар ажиглаарай гээд бидэнд хэлж буй нь тэр. Бас, орох хүн байвал мэдэж байгаарай гэсэн зарлал ч гэж болно. 
Миний таньдаг монголчууд тэр үед бүгд ажилтай байлаа. Үнэндээ, надад бол орос эр ажиллана уу, байна уу огт падлийгүй байлаа. Хэдийгээр тэр намайг хааяа шорддог ч надад гай болоогүй. Бид хоёрын харилцааг би хянаж чадаж байгаадаа итгэлтэй явсан юм. Бас ямар ч шинэ хүн орох юм билээ. Мэдэхгүй бурханаас, мэддэг чөтгөр дээр гэж бас ярьдаг байх аа. Ялангуяа, манайх шиг үйлчлүүлэгч ихтэй ресторанд угаагчаар удаан ажилладаг хүмүүс ховор болохоор ажлаа мэдээд эхэлсэн, зан зангаа авалцсан хүнийг халах үргэлж харамсалтай байдаг байлаа. Үүнээс гадна би орос эрийн байдлыг сайн ойлгож байсан юм. Би ч гэсэн анх Англид очоод хагас жил гүрийтлээ ажиллаад л ядаргаанд орж, хүн амьтантай таарахаа болиод халагдаж явлаа: “Уучлаарай. Та маргааш ирээд хэрэггүй шүү. Битгий муу юм санаарай. Энэ бол зөвхөн бизнес” гэдэг үгийг эзнээсээ сонсож явсан толгой шүү дээ. 
Ажлаас халах нэгнийг англичууд эхлээд ажиллах цагийг нь багасгадаг нийтлэг жишигтэй. Энэ бас их учиртай. Нэгд, тэр хүнд амрах хугацаа өгнө. Магадгүй хэт ядарсан ч байж болно шүү дээ. Хоёрд, түүнд өөр ажил хайх зав зай бас өгч буй хэрэг. Алдаагаа засах боломж ч гэж үзэж болно. Тэр хугацаанд шинэ хүнээ ч бэлдээд авна. Англичууд, хүнийг үр бүтээлтэй ажиллуулах туршлагыг олон зуун жил тасралтгүй хуримтлуулсан ард түмэн. Учир зүггүй хүний хөдөлмөрийг мөлжөөд байдаг ч хүмүүс биш. Манайхаас илүү хүний хөдөлмөрийг үнэлдэг, үнэлдэг хэмжээгээрээ ажиллуулж чаддаг, хэт улайраад шатаж ажилладаг нэгнийгээ бол өөгшүүлээд байдаггүй, шагнал одон медалд тодорхойлж хоосон хөөргөдөггүй хүмүүс шүү дээ. Энэ занг нь би тэр үеэс л анзаарч ойлгож, ойшоож эхэлж байсан байх. 
Ингээд би, ерөнхий хандлагыг ойлгоод орос эрийг долоон хоногт гурван өдөр амраадаг болов. Гэхдээ, нэмэгдэл цалин өгдөг баярын ганц хоёр өдөр бас ажиллуулсан юм даг. Харин хашир, миний цагийг хаслаа гэж гомдлов. Та жаахан амарчихаа, ажил бага байна. Удахгүй ажил ихдэхээр бид илүү цагаар ч ажиллуулж магадгүй гэж менежер бид хоёр хэлээд байхад тэр ойлгоогүй. Гүрийгээд л зүтгэх гээд байв. Бас арга ч үгүй байх л даа. Анх дөнгөж ирээд мөнгө яаралтай цуглуулах хэрэгцээ түүнд байсан л байх. Өөрөө ч бас шажруун, махруун болохоор хамт ажилладаг нөхөд нь ч хамаг ажлаа түүн рүү гулсуулаад байсан байж болох талтай л даа... Ер нь тэгээд л хаширын уур хүрч, шатсан байх.
 
Хэчнээн сайн ажилладаг ч хэт улайрдаг хүмүүсээс англичууд их эмээдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал тэнд хамгаас чухал. Хэт чармайж, шатаж ажилладаг хүмүүс нэг газраа удаан тогтох нь ч бас ховор. Ажлын хуваарилалтын дагуу хийх ёстойгоо хийхэд л болдог газар. Миний мэдэх олон монголчууд шинэ ажилд оронгуутаа бусдыг чирж баахан маналзуулж байгаад сүүлдээ ачааллаа дийлэхгүй шатдаг байлаа. Нэг бол архи уугаад ажил тасална, эсвэл хэрэг түвэг ч хийнэ. Манай нэг сайн эр цайныхаа цагаар цэцэрлэгт хүрээлэнд архи уучихаад ажлаа хийх гэж ороод тасарч, агсан тавьж, дарга цэрэггүй элдэн хөөж, сүүлд нь  цагдаа нар ороод ирэхэд: “Энд юу хийж яваа юм бэ, зайлцгаа!” хэмээн хөөсөн удаатай. Тэр газрын хамгийн том тогоочийг—нас тавь гарсан, сүрлэг том биетэй эрийг—“Нааш ир юм ярья, юм ярья” гээд хөөгөөд байсан гэнэ лээ. Нөгөөх нь хүүхэд шиг зугтаасан гэж байгаа... Бодохоор л инээд хүрээд байдаг юм. Манайхан нээрээ ална шүү. Тэр өдөр би азаар, амарч таарсан л даа. Маргааш нь ажилдаа очсон чинь эвэртэй туулай үзсэн мэт бүгд маниусыг шагшин гайхцгааж, хаанаас гараад ирсэн харь гаргийнхан бэ гэсэн аятай харцгааж байж билээ. Ёстой нэг шараа болсон доо. Харин ёстой азаар, Бристолд ажлын сураг гарч, би тэндээс ум хумгүй гарч билээ. Хожим сайн эртэй уулзахад, огт архи уудаггүй атлаа, тэр өдөр л жаахан ядраад байхаар нь ажлаа маналзуулах санаатай, ажил нь тарсан бас нэг монголтой хамт нэг шил архи хувааж уугаад орсон гэдэг байгаа. Үгүй тэгээд ажил дээрээсээ эмнэлэгт хүргэгдээгүй нь их юм. Архи уугаагүй атлаа гар хөлөө зүсэх, түлэхээс эхсүүлээд л жижиг сажиг ажлын осол гарахыг алийг тэр гэхэв дээ. Би ч гэсэн зүсдэг машинд гараа авч байсан. Коля ах бас ажил дээрээ халуун шөлөнд түлэгдсэн билээ. Гэхдээ бид хоёр согтуу байгаагүй л дээ.
Үлдсэн амралтынхаа хоногуудыг авч долоо хоног сайхан амарчихаад ажилдаа эргээд ортол орос угаагч халуун шөлөнд түлэгдсэн тухай ажлаар нэг яриа болж байлаа. Халуун шөл угаалгын өрөөнд аваачиж тавьсан тогоочийг ажлаас нь халсан гэцгээв. Даваагийн ээлж дээр болсон болохоор тэр бас донгодуулсан дуулдав. Ажилд орсон анхны өглөө ахлах тогооч намайг дуудаж, маргааш түлэгдсэн орос угаагчийг эмнэлэгт үзүүлээд, ажил дээр аваад ирээрэй, чамайг ажилласан гэж тооцно гээд таксины мөнгө өгөв. Бүгдээрээ л ээлжээр эргэж тойрч байсан юм билээ. Ажлаас халагдсан мароккогийн цагаач залуутай би бас гайгүй харилцаатай байсан болохоор залгаж, маргааш машинтайгаа хүрээд ир гэж хэлэв. “Халуун шөл байгаа шүү!” гэж сэрэмжлүүлээд тэргэнцэр дээр дүүрэн шөлтэй сав орхиод явсан ажээ. Ажил багатай, сийрэгхэн байсан болохоор орос угаагчийг сонссон гэж бодож л дээ. Ямартаа ч түлэгдсэн эрийг эмнэлэгт үзүүлэхэд туслахаа тэр дуртайяа зөвшөөрсөн юм.
 
Ингээд, би нэг өдөр бас цалинтай амардаг юм байна. Зул сарын баярын уур амьсгал ороод дэлгүүр хоршоонууд хямдрал зарлаж, гацуур модоо засчихсан үе байлаа. Ахлах тогоочийн өгсөн утасны дугаараар урд орой нь орос эр рүү залгаж, өглөө гэрт нь очиж авахаар тохирсон байсан юм. Товлосон цагтаа марокко залуу ч машинтайгаа намайг авахаар хүрээд ирлээ. Бид Шепхерд бушид очиж орос эрийг таван давхараас ээлжээр үүрч шатаар буулгав. Тэрээр, манай ажлын словакуудтай хамт нэг орцонд, жижигхэн умгар чийгтэй өрөөнд ганцаараа амьдарч байлаа. 50 литрийн савтай халуун шөлийг ганцаараа өргөж буулгах гэж байгаад хөл дээрээ асгажээ. Зүүн хөл нь боолттой алхаж чадахгүй, хоёр суга таягтай явж байсан. 
 
Марокко залуу бид хоёр Коля ахыг Челсийгийн эмнэлэгт үзүүлж, мэс засалд орох өдрийг нь товлуулж, (бүдүүн гуянаас нь арьс авч хөлийн улын дээд талд болон шагайд тавих), бүх эмчилгээний зардал, эм танг нь бичүүлж аваад ажил руу очив. Замын турш Коля ах бидэнтэй бараг үг дуугараагүй, утсаар хааяа ярьж, талархсан байртай тайван сууж байв. Элдвээр харааж зүхэж, гомдол мэдүүлсэнгүй. Бас илд сэтгэлээр унасан шинжгүй байлаа. Марокко залууг ч муухай харсангүй. Марокко залуу ч байдгаараа л байв. Гэхдээ тэр их гэмшиж байлаа; залгасанд их баярлалаа гэж надад хэлсэн. Түүнийг гэхдээ бас яг ч халаагүй, түр байж бай гэснийг би ярианых нь дундаас ойлгосон юм.
13 цагийн алдад ажил дээр очив. Коля ах манай компанийн удирдлагуудтай уулзаад намайг гадаа тамхилж байхад ганцаараа гарч ирэв. Зургаан сарынх нь хөлсийг бүтнээр нь зул сарын баярын нэмэгдэлтэй бас эдгэртэл нь бүх эмчилгээний зардлыг нь даана гэсэн бичиг надад үзүүлэхэд нэг юм бодогдов. Нэг энэтхэг халтирч унаад түргэн тусламж ирэн иртэл бараг 30 минут шалан дээр хэвтсээр байсныг санасан юм. Тэр огт гэмтэж, бэртээгүй нь хараажийн байхад манай менежер, удирлагууд түргэн тусламж ирэн иртэл түүний эргэн тойронд бөмбөгнөж байсан билээ. Учраа мэддэг хүнтэй арай л ондоо харилцсан юм шиг надад санагдсан юм л даа.
 
 
Түлэгдээд тав хоночихсон түүнийг тэр өглөө үзүүлэхэд: “Тостой шөл шөрмөсийг нь гэмтээсэн байна. Тав хоногийн дараа мэс засалд оруулна” гэсэн билээ. Дуртай хоолоо идэж уугаарай гэснийг Коля ах баяртай хүлээж авах шиг болсон. Бид хоёр манай ресторанд, ахлах тогоочийн тушааснаар, үдийн зоог барьчихаад би түүнийг ганцаараа гэрт нь хүргэж өгөх болов. Марокко залуу ажлынхантайгаа уулзахаас жаахан жийрхсэн болохоор хүлээгээд хэрэггүй гэж би түүнд хэлсэн юм. Тэгээд ч би түүнтэй хамт явснаа ажлынхандаа мэдэгдэхийг бас хүсээгүй.
 
 
Өглөө нартай сайхан байсан ч бид хоёрыг гадаа гарахад бороо хаялсан, зэврүүн, саарал өдөр угтав. Ресторанд намайг ганц хоёр үг хэлэхэд олон үг хэлэлгүй, толгой дохиж, хааяа танилуудтайгаа утсаар ярьж суусан орос эр гадаа гараад сэтгэл нь уймарсан уу, гэв гэнэт:
-Баагий, хоёулаа, водка ууя, чи зардаг дэлгүүрийнх нь хажууд зогсчихоорой гэж хар батгана шиг такси бидний өмнө зогсохтой зэрэгцэн хэлэхэд нь дараа болоё гэж би хэлж чадалгүй, таксинд ороод шууд л гэрийнхээ хаягийг заав. Тэгэхэд би Килбурнд гаднаа жижигхэн цэцэрлэгтэй, гал тогоо, зочдын өрөө нь тустай, хоёр унтлаганы өрөөтэй байранд хоёр гэр бүлийн хосуудтай хамт амьдардаг байлаа. Тэд бүгдээрээ нэг газар орой ажилладаг байсан юм. Тэгээд ч надад Монголоос ирсэн хар чингис байсан болохоор би:
-Манайд монгол архи бий. Манайд очъё гэж орос эрд хэлэв. Тэр ч татгалзсангүй. Утсаар ярьсан ярианаас нь Лондонд таних хүнгүй ганцаараа байгааг нь би мэдсэн билээ. Зургаагийн алдад, харанхуй бүрий болж байхад бид хоёр манайд очив. Зочдын өрөөнд би ганцаараа амьдардаг байлаа. Бид жаал жуул зууш бэлдэж, тухалж аваад чингисээ ч задлав. Зурагт асааж хөл бөмбөг ч үзэв. 
Архи уухаараа бүх хүмүүс нэг нэгнээ сайн ойлгодог учраас нэг л мэдсэн бид хоёр нэг нэгнийхээ бодолд орчихсон сууж билээ. Нэг архи маань хоёр, гурав ч болсон байх—ойлгомжтой. Би түүнд Монгол маш өвөрмөц өөрийн соёлтой ард түмэн, даанч коммунистууд хайр найргүй устгаж, олон хүнийг хүйс тэмтэрсэн. Олон зуун сүм хийдтэй, жинхэнэ Азийн орон байсан юм. Хятадын Шаолин шиг сүмүүд зөндөө байсан. Манай өвөө социализмын үед нууцаар таван жил ууланд даянч хийсэн (би худлаа хэлсэн юм), каратэ мэддэг байсан, намайг багаас маань нууцаар бэлдсэн, орос, англи, түвд, франц хэл заасан (бас худлаа) гээд л ангайтал нь үнэмшилтэй ярьж билээ. Яагаад ч юм бэ, надад монголчууд бол оросын дүү биш харин жинхэнэ дорнын орон байсан юм гэж түүнд батлах хүсэл төрсөн юм. Гэхдээ би ганцаараа яриад байгаагүй, Коля ах өөрөө л Монголын тухай ярьж: агаарын нисэх хүчинд цэргийн алба хааснаа, сөнөөгч онгоцны нисгэгч байснаа, сүмийн туурин дээр нэг удаа хоносноо, бас нэг удаа хээр хөдөө салаа цэрэгтэй гурван машин төөрч яваад гав ганцаараа амьдардаг нэг эмгэнтэй таарч бүгд гайхцгааснаа ярьсан юм... Тэгээд бас надад баахан түүх ярьсан. Харин би монголчууд евроазийн их гүрнийг байгуулсан, үргэлжлэл нь Хятад, Орос хоёр гэж мэдэмхийрсэн билээ. 
 
Нэг мэдсэн манай хосууд ирчихсэн, бид хоёрт шинэ жилийнхээ, бэлдсэн, буузнаас жигнэж өгөв. Би архи дарс уугаад, амгалан тайван байдлыг нь алдагдуулаад байдаггүй болохоор тэд маань түвэгшээгээгүй юм. Тэгээд ч тэд дандаа шөнийн хоёр гурав гэж унтацгаадаг байсан. Ингээд хөөрхөн бэсрэг найр болсон доо. Коля ах ч баяртай байв. Би угаасаа л орос соёлоос соосогдсон бацаан болохоор орос дуу аажуухан аялж өгсөн санагдаж байна.
Манай хоёр хосын нэг хосынх нь нөхөр маш мундаг орос хэлтэй залуу байж таарав. Коля ах илүү дутуу зангүй архи уудаг нэгэн байв. Төрөө тэр хоёрын яриа хачин нийлсэн билээ. Сүүлдээ тэр хоёр л ярьсан. Би ч яах вэ, ярьдгаа ярьчихсан болохоор яриаг нь дэмнэсэн маягтай хэсэг суув. Кирил үсгийн талаар ярьцгаахад нь харин монголын өвөрмөц соёл, шашныг коммунистууд устгачихсан болохоор кирилээр бичдэг болсон. Түүнээс биш Чингис хааны үеэс л өөрийн бичигтэй байсан. Чингисийн нууцыг хадгалдаг хүмүүс социализмын үед ч босоо бичгээр бичдэг байсан. Одоо удахгүй эргээд албан ёсны бичиг болгоно гэж жаахан давсалж хэлсэн санагдаж байна. Төрөө дуугай л байсан.
Тэгээд л би бараг дуугай болсон байх. Яагаад гэвэл чингис, смирновын ард гарсан Коля ахын яриа эрээ цээргүй, задгай болчихсоныг би анзаараад өөрийгөө ч гэсэн тэгж, эрээ цээргүй яриад эхэллээ гэж сохор ухаанаар сэжиглэсэн юм. Дуу чимээгээ багасгах ч шаардлага байлаа. Гэхдээ, Төрөө нэг удаа, манай улс удахгүй Япон шиг хурдан хөгжөөд англи хэлийг албан ёсны хэлээ болгоно гэхэд нь миний дургүй хүрч том дуугарах шахсан. Бодвол өвөө нь Цэдэнбалын үед сайд байхдаа монголыг орхиод орос хэлтэй болвол бид хөгжинө гэдэг байсан биз. Гэхдээ би юм хэлээгүй л дээ. Жижиг үндэстэн хэлээ хадгалах хэцүү; би ч гэсэн хэлээ мэддэггүй гэж Коля ах түүнд хэлэхэд буйдан дээр нуруугаа харуулан хэвтэж байхдаа жаахан гайхаад өнгөрснөө л санадаг юм. 
Түүнээс хойш Коля ахын ярьсан яриа л сэтгэлд үлдэж. Хэдийгээр би согтуу байсан ч өвөр түрүүндээ орсон ах дүүс гэдэг шиг өвөрт орсон ахын яриа бас л анх сонсоход эвгүй байсан шүү... Гэхдээ гэртээ авчирчихаад юу яриад байгаа юм гэлтэй биш. Тэгээд ч согтуу хүний яриа... Нэг удаа, Коля ах:
—Бид Монголд дээд зэргийн хангамжтай байлаа. Харин хүүхэн л олддоггүй байлаа. Манай анги дээр бусад ангиуд шиг монгол хүүхнүүд масло, талхнаас явах гээд эргэлдээд байдаггүй. Хэрэв ойртвол шууд л бууддаг байсан. Зарим нь хүүхэн хайж малчин айлууд хэсэхэд хөдөөний малчид эхэндээ их зочломтгой хүлээж авдаг байв. Бид ч хоосон очихгүй, водка өвөртлөөд очно... Өвөл маш хүйтэн, харин зун шатааж алчих шахдаг байсан эзэнгүй талд бид л эзэн явлаа шүү дээ! гэж хэлэхэд нь би шүдээ зуун хэвтэж байв. 
Тэгээд л Коля ах, Төрөөтэй шувт хүүхэн шуухан ярьж, бас орос цэргүүдийг нэлээн муулах шиг болсон. Түүний хэлснээр бол нэг орос цэрэг хамт алба хааж байсан рот цэргээ буудаад алчихсан гэнэ; бас малын бэлчээрт ямаа цохидог доожоогүй гарууд ч байжээ. Хөгшин, настай эмгэн хүчиндсэн арчаагүй орос цэргийг шууд л буудсан гэж үнэн худал нь мэдэхгүй юм Коля ах хамгийн сүүлд ярьсныг би бүдэг бадаг санадаг юм. Би нойронд дийлдсэн үү, архинд тасарсан уу—тас компанийн эзэн болоход ард хоёр орос дүнгэнэсээр хоцорч билээ. 
 
Тэр шөнө, мансуурсан тархинд зүүд зэргэлээ ч гэмээр, согтуугийн солиорол ч гэмээр есөн шидийн юм үзэгдсээр хар дарж зүүдлэв: Улаанмалгайтыг аав ээж нь эмээдээ хонины махаар хийсэн халуун шөл аваачиж амсуул гээд хөдөө явуулах юм. Эмээ нь тал дээр бөртийх ганц гэрт амьдарч есөн цагаан ямаа хариулдаг аж. Улаанмалгайт салхи бороонд цохиулан яваад л байх юм, яваад л байх юм, их ядарч зүдрэх юм, гэхдээ яваад л байх юм. Эргэн тойронд нь монгол учир тэр айсангүй. Монгол нуур, монгол мод, монгол чулуу, монгол говь, монгол салхи хүртэл тааралдана. Гэтэл эцэж цуцахын даваан дээр эмээгийндээ ойртоход айдас нь хүрч очмооргүй болох ажээ. Урьд нь эмээгийндээ дөхөх тусам монгол үнэр улам хүчтэй ханхалдаг байлаа. Харин энэ удаа тэгсэнгүй. Эмээгийнхээ гэрийн барааг хараад эмээсээр ойрттол хов хов хуцдаг нохой гав гав хуцан, бор морь төмөр морь болчихсон, эсгий гэрээс бензин ханхална.
—Эмээ, эмээ гэж Улаанмалгайт гэрийн гаднаас дуудах аж:
—Иди сюда гэж эмээ нь хариулах юм. Улаанмалгайт гайхан:
—Эмээ, эмээ нохой хорь! гэж дахиж дуудтал:
—Миний охин битгий ай. Нохойгоо ‘акадчихаад’ ороод ир, эмээ нь өвчтэй байна гэж хэлэв. Эмээгийнхээ дууг таниад гав гав хуцдаг нохойг ‘акадчихаад’ гэрт оров. Гэрт ортол эмээ нь толгойгоо эрээн алчуураар ороогоод орон дээрээ хэвтэж байх юм.
—Эмээ би танд халуун шөл авчирлаа гэхэд:
—Ээ, чи спирт авчрахгүй яасан юм гэх ажээ. Улаанмалгайт гайхаад сайн ажтал эмээгийнх нь арьс шар, гар том, хөл шивэртэй, нүд цэнхэр, хамар шонхор болчихсон байх ажээ.
—Эмээ та яагаад оросоор ярьдаг болчихсон юм бэ? гэсэн чинь:
—Дарга сур гэсэн гэж эмээ нь хариулах аж.
—Эмээ таны арьс яагаад шар болчихсон юм бэ? гэхэд:
—Чамайг хүлээж гэртээ хэвтсээр шар болчихсон гэв.
—Эмээ таны нүд яагаад цэнхэр болчихсон юм бэ? гэхэд:
—Тооноор тэнгэр ширтсээр байгаад цэнхэр болчихсон гэлээ.
—Эмээ таны хамар яагаад шонхор болчихсон юм бэ? гэхэд:
—Чиний үнэрийг үнэртэх гээд шонхор болчихсон юм аа гэж эмээ нь хариулахад Улаанмалгайт төмөр орны доогуур байгаа 45 размерийн бакалыг хараад:
—Эмээ энэ хэний гутал вэ? гэтэл:
—Эмээ нь цагаан ямаагаа орос ишиг гаргахаар ишгийг нь хийдэг гутал гэв.
—Цагаан ямаа яагаад орос ишиг гаргадаг юм бэ?
—Эмээг нь орлож тусалдаг юм аа... 
—Аанн гээд Улаанмалгайт эмээдээ шөл уулгах гэтэл уусангүй, духыг нь барьж үзтэл халуурч байх ажээ.
—Эмээ та халуурч байгаа юм байна шүү дээ, одоо би яах вэ? 
—Миний охин хувцсаа тайлаад эмээгийнхээ өвөрт ороод хүйтэн биеэрээ халууныг маань аваад өг...
—За гэж хэлээд Улаанмалгайт чармай нүцгэлээд өвөрт нь шургажээ. Эмээгийнхээ өвөрт шургатал нэг салаа орос цэрэг, танктай хамт цуварсаар гарч ирэн түүнийг дайран орос болгочихов.
—Эмээ би одоо яана аа? Хэнд хэлнэ ээ? Аавдаа хэлэх үү? Ахдаа ховлох уу? Сумын даргад дуулгах уу? Цэдэнбал даргад мэдэгдэх үү? гэтэл эмээ нь харин:
—Энэ олон шар цэргийг чинь алийг нь гэж таних юм бэ? Хэнд ч битгий хэл! Найрамдал дуруужбад сэв суулгана. Согтуу орос цэрэг танкаараа гэр дайрна шүү! гэж айлгах ажээ. Тэгээд яг над шиг Радуга сурах бичгээр орос хэл сурч, бороо орохоор “Оросын маамуу ирээрэй” гэж дуулдаг байсан Улаанмалгайтад яагаад ч юм орос болсон нь гэнэт сайхан санагджээ... 
Гэнэт, ёроолгүй ангал руу цөмрөөд унаж буй мэт айдаст автан би хүчлэн сэрэхэд үүр дөнгөж цайж байсан. Ширээн дээр аяга таваг, архи, пийв, ундааны хоосон шал, сав их хотын өндөр өндөр барилгууд шиг ярайн харагдаж байв. Коля ах миний бэлдэж өгсөн гудсан дээр унтахыг хараад зүүдэлснээ сэхээрч, ширээн дээр байсан савтай уснаас балгаж, эргээд хэвттэл харин элдэв зүүд зүүдэлсэнгүй нам унтсан байж билээ... 
Маргааш өглөө нь, би амарч байсан болохоор Коля ахтай хамт аажуу тайван босож, манай хосуудын бэлдсэн англи маягийн өглөөний хоолыг идэнгээ нэг хүйтэн пиво уутал дотор онгойж сайхан болоход—давраад нэг зуу тулгаад таттал бүр хөлс чийхараад шар тайлагддаг байгаа. Тэгээд мар мархийн суухдаа өвөрмөц соёлтой болох гэж худлаа баахан бурснаа санаад өөрөөсөө ичиж ”хүчиндэгч, хүчиндүүлэгч хоёрт соёл ямар хамаатай юм бэ!” гэж бодсон доо... 
 
Төгсгөл
 
2007 онд бичсэн үгүүллэгээ энэ намар хайж олоод, жаахан засаж, дэлгэрүүлсэн маань энэ. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч тэр үед төрсөн бодол, сэтгэгдлээ харин өөрчилсөнгүй. Цаг ч хурдан юм аа. Монгол цэргийн алба хаасан орос хүнтэй, жинхэнэ хөрөнгөтөн улсад таарсан маань бас л их сонин тохиолдол байж шүү. Тэгэхэд бол тийм сонин санагдаагүй. Харин одоо их сонин санагдаж байна. 
Англид арваад жил болсныхоо дараа би эх орондоо эргэж ирээд сурсан мэргэжлээрээ нэгэн яаманд нэлээн хэдэн жил ажиллаа. Одоо ажилгүй явна. Амиа хорлох гэж буй аятай тав зургаан зуухан мянган төгрөгний төлөө би хийж бүтээх эрч хүчтэй насаа золиослохыг хүсээгүй юм. Мэддэг чаддаг бүхэн маань нэг ажлаа мэдэхгүй даргын нэг удаагийн хурлын илтгэл л болохыг харсаар байх тэсвэр надад дутсан. Би ямар даргатай унтаад байртай болох юм биш! Тэгснээс таксинд явж байвал арай дээр... Хажуугаар нь бас бичихгүй бол бачимдаад эхэлсэн юм л даа. Үнэнийг хэлэхэд, бас хүн амьтантай ч таараагүй. Тэгээд ч, хамгийн их цалин авдаг дарга боллоо гэхэд 800, за үсрээд, нэг сая 500 мянган төгрөг шүү дээ. Хэрэв бусдын хөдөлмөрийг мөлжиж, улсын мөнгө хусахаас ичихгүй бол дарга болоход алзахгүй—түүнээс биш өөрөө бизнесгүй л бол—дарга болох ямар ч шаардлагагүй юм билээ. Монголд хийж бүтээх гэж дарга болдоггүй юм байна лээ...
Хэрэггүй буцаж ирлээ дээ гэж бодогдох ч үе тохиох юм. Хэрэв дахиж Англид очвол орос эр шиг угаагчаас л ахиад эхлэх байх... Ямартаа ч, энд ажилгүй явснаас дахиад гадагшаа гардаг ч юм бил үү? Тэгж ярих юм бол, харин одоо их мөнгө жоорлож магадгүй шүү. Коля ах чинь бараг одоо энэ миний насан дээр анх Англид очиж байсан байх. Мань хашир нэлээн мөнгө цуглуулсан байж таарна. Эхний жилдээ бол тэр үнэхээр башийсан. Хагас жилийн хугацаанд тухайн үед Монголд гурван өрөө байр авах мөнгийг ганцаараа хийчихсэн юм шүү дээ. Манай ажлаас гараад л сар ч хүрэлгүй өөр ажилд орсон. Тэгэхээр бараг зургаан сарын туршид л хоёр ажлын хөлс нь долоон хоногт ойролцоогоор 400 паунд болсон байх. (Манай нэг сайдын сарын цалин!) Тэгээд бас чамлахааргүй нөхөн төлбөр авсан. Нөхөн төлбөрөө авчихаад намайг ресторанд нэг удаа дайлсан юм л даа. Чингисийн хариуд дайлсан ч юм биш—харин манай компанитай шүүхээр заргалдаж 9,000 паунд түүнд авч өгсөн хуулийн фирмийг зургаан сарын өмнө зааж өгсөн болохоор маань баярлуулсан нь тэр. Түүнээс хойш бид хоёр уулзаагүй. 
Харин энэ өнгөрсөн намрын налгар өдөр би түүнийг санамсаргүй санаж дурсдаг байгаа: Дэнжийн мянгын зах дээр явж байгаад тэнгэрээс хүрхрээ түрээд ороод ирэх шиг хүнгэсэн дуу сонсоод дээшээ хартал үлгэрийн цэнхэр шувууд шиг оросын дөрвөн сөнөөгч онгоц Улаанбаатарын тэнгэрт сүр хүчийг үзүүлэн хойд зүг рүү нисэж байлаа. Хоромхон зуур нисээд өнгөрсөн онгоцнуудын хойноос би намагт шигдсэн аятай их удаан харж зогсоход Лондонд түлэгддэг орос эр надад бодогдсон юм. Дараа нь, нугасны муухай дэгдээхэй үзэсгэлэнтэй сайхан хун болчихоод хуучин навсгар саравчин дээгүүрээ эргэлдэн нисээд одоход хэдэн халтар галуу миний ах, миний ах гэцгээн нэг нэгнээсээ өрсөн шагшин гааглаж байгаа мэт хүүхэлдэйн киноны зураглал яагаад ч юм бэ, сэтгэлд бас буухад би өөрийн эрхгүй гутарч билээ. 
Хэрэв би орос хэлийг сурсан шиг сурсан бол Оросод нисэхийн сургуульд сурах ч байсан юм бил үү? Хэн мэдлээ. Надад тийм боломж байсан юм шүү дээ. Манай орос хэл, уран зохиолын багш бүр намайг гуйж, шахаж шаардаж: “Чи хичээгээд орос хэл сураач! Чамд хэрэг болно шүү дээ! Ийм сайхан боломжийг битгий алд!” гээд байхад л би Чингис хааны удам орос хэлтэй хэлгүй болно гэж оодорч явсныг яана... Хэрэв гучин жилийн дараа ийм барзгар байхыг мэдсэн бол арай л чих зөөлөнтэй байх байсан даа, би... Ахх, если бы я знал, что все будет так...
 
Х.Эрдэмбилэг
 
2007.6
2019.11.5