sonin.mn

УИХ-д хамгийн олон суудалтай эрх баригч МАН дотор улс төр жинхэнэ буцалж байна. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж тэхий дундуураа хуваагдчихаад байгаа УИХ дахь бүлэг, намын даргын дотоод сонгууль, 11-р сарын 15-нд болох Их хурлынхаа бэлтгэл ажил гээд олон галтай сэдвээр шийдэл гаргахаар төлөвлөжээ.


Хавь ойрд хуралдаагүй болохоор ширүүн хурал болох нь дамжиггүй. Нөгөө талаас эрх баригч нам гэдэг учраас талцал хуваагдалдаа цэг тавьж, төрийн ажлыг саадгүй явуулах улс төрийн суурь нөхцөлийг бий болгох учиртай.


УИХ дахь МАН-ын бүлэг эргэн нэгдэж, УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга гэсэн гурван албан тушаалд нэр дэвшигчээ энэ удаад тодруулахаар байна. Д.Амарбаясгалан өргөдлөө өгч чөлөөлөгдсөн, Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон гэх мэт үйл явдлууд ар араасаа өрнөсөн. Орон гарсан суудалд хэнийг нэр дэвшүүлэхээс УИХ дахь бүлэг нь эргэж нэгдэх нь шалтгаална. Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөнийг Цэц их суудлын хуралдаанаараа тогтоосон учраас Засгийн газартай холбоотой асуудал МАН-ын Удирдах зөвлөлөөр хөндөгдөхгүй.


Харин ирэх 11-р сарын 15-нд товлосон МАН-ын Их хурлаар Д.Амарбаясгаланг даргаар батламжлахгүй, сонгууль шинээр явуулна гэж тус намын генсек Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрбээр “МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа.


Бага хурлыг даргаласан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны ггишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана” гэжээ. Бага хурлаас хойш Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдчихсан. Тийм учраас Их хурал дээрээ МАН-ын даргад нэр дэвших боломжгүй болжээ.


Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ.


2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ. 



Эх сурвалж: "Өнөөдөр" сонин