Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ нэрт сэтгүүлч Үржингийн Хүрэлбаатарыг  “Ган зам” сонины өнөөдрийн дугаарын зочноор урилаа. Түүний зохиосон “Эрх саран”, “Сар шиг холын нутаг”, “Нарны хаан хүүхдүүд”, “Ангир ижий” зэрэг олон сайхан дууг манай уншигчид андахгүй болов уу.
 
-Тавтай сайхан зусч байн уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье. Уран бүтээлийн “зуслан” хэр байна вэ гэж танаас асуувал зүйтэй болов уу?
 
Сайхаан. Тавлаг сайхан зусч байна уу. Хаа сайгүй гандуу дуулдана. Олны хүсэл оройгүй юм хойно хур бороо хайрлах байх аа, тэнгэр хангай минь. Уран бүтээлийн хувьд зуншлага сайхан байна. Хэдхэн хоногийн өмнө номын маань нээлт болж хөл хөнгөн байв даа.
 
-Би хувьдаа таныг завгүй байхын “одонд” төрсөн хүн гэж боддог. Харин та өөрөө завгүй байна гэдэг ойлголтыг юу гэж тодорхойлох вэ?
 
-Завгүй байх шиг жаргал үгүй Яагаад гэвэл, би хэн нэгэнд, ядаж өөртөө, томоор яривал нийгэмд хэрэгтэй байна гэсэн үг. Тиймээс завгүй байна гэдгийг би өөрийгөө таньсан ухаарал, өрөөлийг хүндэлсэн учирлал, амьдралд хандсан өөдрөг хандлага гэж ойлгодог. Завгүй гээд өөрийгөө ядраахгүй, завтай гээд өрөөлийг ядраахгүй байх нь хувь хүний соёл юм даа.
 
 -Ингэж асуудгийн учир та олон ТББ, холбоодод харьяалагдаж, ихэвчлэн тухайн сонгуульт ажлынхаа тэргүүлэгч нь байдаг ?
 
-Намайг хорь, гучин сонгуульт ажилтай байсан гэхээр хүмүүс гайхаад байдаг. Үнэндээ, энэ нь тоо болохоос биш багцлах юм бол утга зохиол, сэтгүүл зүй, эрдэм судлалын гэх хэдхэн цэг дээр л төвлөрдөг юм. Бүр багасгаад бодвол оюуны хөдөлмөрийн нэгэн цэгийн үйлчилгээ гэсэн үг. Төрийн бус байгууллага, холбоодын эрх зүй, дүрэм журмын үндсэн зарчмыг танин мэдсэн мэдлэг, мөн олон жил дээрх хэдэн салбарт дагнан ажилласан туршлага маань аливаа асуудлыг шийдэх шийдлийг олох боломжийг надад түлхүү олгодог байсан байж мэдэх юм. Тэр нь л чухамдаа тухайн төрийн бус байгууллагад хэрэг болдог байсан байх, голдуу л тэргүүлэгчээр сонгочихдог. Одоо бол надад тийм их ачаалал алга. Ер нь, хүн олон зүйлийг нэг дор сэтгэж чаддаг шигээ олон ажлыг зэрэгцүүлэн амжуулдаг чадварыг эзэмших хэрэгтэй. Тэгэхийн тулд хийж буй зүйлдээ итгэлтэй байх нь чухал. Хийж үл чадах зүйлээ хүлээн зовшоорч чадах нь бас л эзэмшвэл зохих чадварын нэг гэж боддог.
 
-Аливаа хүний гэр бүлийн хүмүүжил цаашдын ажил амьдралд нь ихээхэн жинтэй нөлөөлдөг талтай.Та бага насныхаа дурсамжийг бидэнтэй хуваалцана уу?
 
- "Миний бага нас Монголын бага нас" гэж нэг дуу зохиож байснаа саналаа. Бага нас бол багасгасан том нас юм. Хүн багадаа ямар хүмүүжлээр өсч өндийнө. тийм л том хүн болдог гэж би боддог. Орчин үед "Хамгийн сайн боловсролыг хамгийн сайн хүмүүжил олгодог" гэж үзэх болсон нь гайхах зүйл биш. Энэ бол Монголчуудын аль эртнээс боловсролыг хэмжиж ирсэн үнэлэмж юм шүү дээ.
 "Миний гэр бүл миний аз жаргал" гэсэн миний нэг дуу бий. Гэр бүлийн аз жаргалын тухай тодорхойлолт маань энэ дуу гэж хэлж болох байх. Дэлхийн гэр бүлийн өдрөөр энэ дуу сүлд дуу мэт эгшиглэж байгаа сонсогддог. Үнэхээр гэр бүл бүхэн аз жаргалтай байвал Монгол маань аз жаргалтай байна. Улс бүхэн аз жаргалтай бол дэлхий аз жаргалд умбана. Миний бага нас аяллын бага нас байсан. Нэг сургуульд гурван жил болсон түүх надад бараг байхгүй. Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод дунд сургуульд сурч төгссөн. Тэгэхээр над шиг олон дунд сургуулийн найзуудтай хүн ховор байх. Харамсалтай нь, нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ хамт байсан нэг ч найз байхгүй.
 
-Ихэнх хүн нас тогтоод ирэхээр хүсэл сонирхлынх нь хүрээ арай хумигдаж, нэг чиглэлд төвлөрөх нь бий. Харин таны идэвх зүтгэл эсрэгээрээ юм шиг санагдах юм?
 
-Бараг тийм байх. Тааруухан хүний л явдал болов уу. Насаараа зүтгэчихээд орхичихож чадахгүй байна гэдэг хүсэлдээ хүрээгүй гэсэн үг. Эргээд харахаар л хийсэн зүйлээ чамлаад урагшаа харахаар улам алсраад байх юм. Амьдрал иймдээ ч амттай байдаг байж магадгүй. Хүн ер нь өөрийгөө нээгээд ханадаггүй цааш шунасаар дуусдаг "тэнэгдүү" амьтан байх. 
 
-Хийж бүтээснээ шүүмжлүүлж байж улам чанартай бүтээл гаргадаг гэсэн нэг ойлголт бий л дээ. Гэхдээ өөрсдөө юу ч хийгээгүй байж хийж бүтээх гээд зүтгэж, оролдож яваа нэгнээ шүүмжилж, дарж мохоох үзэл бидний амьдарч буй нийгэмд арай л хэрээс хэтрээд байх шиг. Олон салбарт хүч үзсэн хүний хувьд та бас энэ зовлонг бишгүй дайрч гарсан болов уу?
 
-Бусдыг үгүйсгэх үзэл Монголчуудын дунд оюун санааны хорт хавдар болтлоо тархаж байна. Ажаад байхад Монголын төлөө цохилох зүрх болгоныг сийчэж байна. Монголын төлөө зүтгэсэн бүхэн буруутаж, бор зүрхээрээ бодит ажил хийж бүтээсэн бүхэн дээлээ нөмрөхөд хүрч байна. Тэгээд хэн Монголын төлөө зүтгэх юм. "Төрийн төлөө оготно боож үхэв" гэх ёж үг манжийн үеийнх шигээ л үйлчилж байгаа юм биш үү. Энд л хамаг учир байна. Би түүнийг харийн гүрний холын бодлого гэж хардаг. Монголчуудыг нэгтгэхгүй байх нь Монголчуудад л лав ашиггүй. Сортойтой бүхнийг нь сонгож сошиалын гол баатар болгон нүүрийг нь бузартуулж, нүдийг нь будантуулж, сэтгэлийг нь булингартуулаад байгаа нь яав ч Монгол хүний төрөлх зан чанар биш. Монгол хүний амьдралын мөн чанар уг нь газар мэт уужуу тэнгэр мэт тэнэгэр юмсан. Тэр төрөлх мөн чанар руугаа эргэх цаг ирж байх шиг байна. Олон түмний ой санамж гэдэг гайхалтай зүйл. Ирж яваа цаг Монголын минь цаг байгаасай.
Нэг хэсэг өөрийгөө танихгүй болтлоо гүтгүүлж, доромжлуулж байсан үе надад ч тохиолдож байсан. Хэцүү юм билээ. Хамгийн ойроос эхлэлтэй гүтгэлэг, холын хаялгатай доромжлол нэг л эхэлчихвэл үерийн ус шиг сад тавина. Хэчнээн гэм буруугүй байлаа ч, түүнийг нь хууль хяналтын байгууллага нотоллоо ч нэгэнт буруу эргэсэн салхины үзүүр олон жилийн турш хаврын хавсрага шиг жиндүү гандуу байдаг нь хорлонтой.
 
-Нийт массаараа дайрсан давшилсан энэ их шуурганд хэчнээн чадварлаг залуус өвдөг сөхөрч байгааг төсөөлөхөд бэрх. Уран бүтээлчийн хувьд ийм шуурганаас хэрхэн өөрийгөө бүрэн бүтэн авч гарах талаар юу хэлэх вэ?
 
-Нийтээр давалгаалах гүтгэлгийн их шуургыг өдөөн турхирч, зохион байгуулан цунами болгодог бүхэл бүтэн сүлжээ нэгэнт буй болсон нь үнэн. Үүнийг эрх баригчид, эрх ашгийн бүлэглэл, улс төрчид урлаг болтол нь хийдэг болчихож. Энэ бол бодит аюул. Үүнийг хуулиар, эсвэл хувьсгалаар л шийдэх байх. Харамсалтай нь, сайхан Монгол залуус, авъяас билигтэн, чадварлаг хүмүүс гадагш дайжих нь дайжиж байгаа хэд нь тээрэмдүүлж, эсвэл ус балгасан мэд дуугүй, тэнцэлгүй байхад хүрч байна. Оюун санааны энэ түрэмгийлэлд Монголчууд хэдий болтол тэсэх бол. Юманд хязгаар бий дээ.
 
 Оюун санааны энэ түрэмгийлэлд Монголчууд хэдий болтол тэсэх бол?
 
Уран бүтээлч хүн бурангуйн энэ цунамид хамгийн түрүүнд өртөгдөх магадлалтай. Тэд өртөмтгийн дээр өрөвч, өөнтөгч хүмүүс. Гэхдээ тэд л уран бүтээлээрээ нийгмийн оюун санааны хир буртагийг цэвэрлэнэ. Тэр л чухам "юу болоод өнгөрөв" гэдгийг түүхэнд үлдээнэ. Тиймээс тэднийг басаж болохгүй. Уран бүтээлч хүн өөрийгөө бүтэн авч гаръя гэвэл нэг бол юу ч битгий туурви, эсвэл юунд ч үл дийлдэх үнэнийг дуул.
 
-Өнөөгийн нийгмийн тухайд таны байр суурь ямар байдаг вэ?
 
Зөв тал руугаа явж байна. Гэхдээ зөв юмыг буруу тийш эргүүлэх нь харин ч амархан юм даг уу. Улс төрд ч, улс оронд ч, уран бүтээлд ч Монголд лидер алга. Тиймээс засагт хэн гарна түүний салхи түмэн олныг тохуурхах нь энүүхэнд болж. Ардчилал гэгч анх бидний сонсч алгаа ташиж байснаас арай өөр зүйл байсан юм байна. Монголд нутагших ардчиллын өвөрмөц байдлыг одоо ч бид олж чадаагүй явж байна. Тэр ардчилал гэгч нь барууны зөөврийн бараа бус дорнын зөөлөн хатуугийн тэнцвэр байсан юм байна. Улс төрийг ардчилж, эдийн засгийг үл ардчилж, тэр хоёрын тэнцвэрийн дундаас үндэсний уламжлал, шинэчлэлийн зохист харьцааг тодолж, дэлхийн жишгийг нутгийн сорт болтол тарималжуулан идээшүүлж гэмээ нь ардчилал хөгжил дэвшил болж хувирна.
 
-Таны Монголын сэтгүүлзүйд оруулсан хувь нэмэр асар их. Олон сэтгүүлч таны гараар орж, энэ мэргэжлийн үнэ цэнийг, амжилттай ажиллахын учир шалтгааныг ойлгосон  тухайгаа ярьж байхыг сонссон. Та ер нь сэтгүүлч болох хүнийг хэрхэн таньдаг вэ?
 
-Сэтгүүл зүй бол өөрийн араншинтай салбар. Тэр араншин үнэндээ үнэний түймэр гэсэн үг. "Би үнэний дуу хоолой" гэж нэг дууг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сүлд дуу болгон зохиосон. Нэлээд хэдэн жил өнгөрлөө. Ер дуулахгүй юм. Үнэний дуу хоолой болж чадахгүй, үнэн бусын хаалтын гэрээтэн болчихоод ичээд байдаг юм болов уу гэж сүүлийн үед бодох боллоо. Олон жил энэ салбарт амиа өгөхөөс наагуур явсан үе үеийнхэн дунд миний хамт олон, шавь нар минь байгаа. Тэд өөрсдөө сэтгүүл зүйн бүтээгдэхүүн. Тэднийг залуу, хөгшин гэлтгүй хайрлах хэрэггэй. Би ингэж л нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагад хорин жил тасралтгүй ажиллаж амьдарч явсан. Хэдхэн хоногийн өмнө "Ерөнхий эрхлэгчийн зурвас" номын хоёр дахь хэвлэлийн нээлт болж "Улаанбаатар" сониныхон цугласан. Тэд сая өөрийн тань асуултад буй зүйлсийг ам уралдуулан ярьж байсан. Би дотроо баярлаж л суусан. Тэд Монголын сэтгүүл зүйд "Улаанбаатар" сонины дэг сургууль гэж байсан. Энэ сониноор дамжаагүй тэр үеийн сэтгүүлчид бараг байхгүй гэхчилэн ярьж байна билээ.
Сэтгүүлч хүнийг хэрхэн таньдаг тухай асууж байна. Маш хэцүү. Учир нь, тэд содон сод хүмүүс, тэмцэгчид, эх орончид, авъяас билигтнүүд байдаг юм. Бас маш амархан. Учир нь тэд ямагт нээлтэй хүмүүс байдаг. Миний бодлоор сэтгүүлч хүнийг таних гурван чухал чанар байх шиг санагддаг. Энэ нь үлэмжийн авъяас, өмөөрөх сэтгэл, өөрөөсөө үл урвах чанар юм. Сэтгүүлч хүнийг уран бүтээлч биш гүйцэтгэгчид гэх буюу сэтгүүл зүйд авъяас чухал бус гэдэгтэй би санал нийлдэггүй юм. Шантаршгүй махруун хөдөлмөр маш хэрэгтэй. Гэхдээ тэр нь авъяасын талын тал л юм. Авъяасгүй хүнээс сэтгүүл зүйн шинэ содон бүтээл горьдоод нэмэргүй. Бас нэг таних зүйл нь тухайн хүний өмөөрөх сэтгэл юм. Өмөөрөх сэтгэлгээний өрөм нь хүн чанар. Хүн чанаргүй хүнд сэтгүүлчийн ирт сэлэм бариулах нь нийгэмд гэм тарих аюултай. Өөр нэг таних зүйл бол өөртөө үнэнч байх чадвар юм. Өөрөөсөө урвасан хүн өрөөлөөс урвана. Урваач шарваачид хэзээ ч үнэний дуу хоолой болж чадахгүй.
 
-Хүмүүс аливаа зүйлээс сүүдэртэй талыг нь түрүүлж хардаг гэмд нийгмээрээ автчихаад байх шиг. Үүний зөв горьдролд нь яаж оруулах вэ?
 
-Сүүдрийг гэрэл л буй болгодог. Тэгэхээр сүүдэртэй талыг нөгөө талаас нь харахыг эрмэлзэх хэрэгтэй. Тэнд гэрэл сүүмэлзэж байх вий. Аливаа зүйлийг харлуулдаг, заримдаа зохион байгуулалтай гэмээр гаж буруу зүйл тогтолцоо болон хувирахад манай зарим сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн акулууд өөрсдөө гар хөл нь болж байгаад харамсдаг. Гэхдээ тэдний ихэнх нь мэргэжлийн сэтгүүлчид биш оронцгууд, улс төр бизнесийн зорилгоор байгуулагдсан, зохион байгуулалтгай орж ирсэн бүлэглэлийнхэн байдаг юм шүү. Тэднээс санхүүгийн хараат бус болох цаг ирэх байлгүй. Сэтгүүлчдийг мэргэжлийн болгож байж, сэтгүүл зүйг мэргэжлийн бус гаж сонирхолоос цэвэрлэж байж зөв гольдролд орно.
 
-Ардчилал гарснаас хойш хүн бүр хүссэнээ хийх эрх чөлөө нь нээлттэй болсон. Гэхдээ ялангуяа уран бүтээл, соён гэгээрүүлэх чиглэлд тодорхой хэмжээний цензур байхгүй бол энэ бүхний цаана Монгол үндэсний өв соёл, язгуур, эх хэл  мөхөх эрсдэл рүү орох талтай болов уу. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Эрх чөлөө бол Монгол хүний төрөлх зан чанар юм. Тэдэнд эрх чөлөөний тухай лекц уншаад хэрэггүй. Харин тэднийг терөлх чанараараа байх нийгэм, соёл, оюуны орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Хэн нэгний дураар авирлах нь хэн нэгний эрх чөлөөнд халдахыг ардчилал гэдэггүй. Энд л бидний төөрөгдөл оршиж байна. Би ардчиллыг дэмждэг хүн. Гэхдээ ардчиллыг гажуудуулж байгаа бусармаг явдлыг тэвчдэггүй. Түүний нэг нь нийгмийн оюун санааны тусгаар тогтнол юм. Уран бүтээл нэрээр, соён гэгээрүүлэх нэрээр Монголын үндэсний өв соёл, Монгол хэлэнд харгис хэрцгий хандаж, харийн соёлын өмне өвдөг сөхрөхийг би тэвчихгүй. Үнэхээр эрсдэлтэй, хяналтгүй, хайхрамжгүй байдал газар авч байна уу гэвэл түүн шиг үнэн юм алга. Тиймээс төрийн зүгээс тодорхой хэмжээний эрэг хашлага болсон бодлого хэрэгтэй гэж боддог. Үүнийг хуучин нийгмийн үзэл суртлын цензуртэй андуурав.
 
-Нэр хүнд, албан тушаал, хөрөнгө мөнгө гээд хүнийг эвдэх, үгүй хийх шалтгаан олон бий л дээ. Энэ бүгдэд ноён нуруугаа алдахгүй явахын тулд хүн юуг эрхэмлэх ёстой вэ. Ер нь, ноён нуруугаа алдахгүй хүнийг хэрхэн таньж болох вэ?
 
-Хэн байгаад хэн болсноо л мартаж болохгүй. Харанхуйд хар шил зүүх хэрэггүй. Байгаагаараа л байхыг эрхэмлэх нь өөрийгөө буй байдлаар нь хадгалах сонгомол арга. Гэхдээ энэ нь дороо дэвхэрч догонцохыг хэлж буй хэрэг огт биш. Ноён нуруу гэдэг нь тэгш сэтгэл юм.
Хүнийг шалгах аргыг сая асуулаа. Хэн нэгнийг шалгая гэвэл нэр хүнд, албан тушаап, хөрөнгө мөнгө гурвыг хангалттай өгөөд үз. Өнгө өнгийн солонго татна даа. Амьдрал бол манан дундах гэрэлт гэр мэт. Манан арилдаг л зүйл шүү дээ.
 
-Ер нь хүн байхын утга учир, үнэ цэнэ, хүнийг үнэлэх үнэлэмж юун дээр оршдог гэж та боддог вэ?
 
Туулж ирсэн мөр, туулах зам хоёроос ичихгүй амьдрах л үнэ цэнэтэй амьдрал. Хүн байхын утга учир нь зомгол шиг хөвж биш зорилготой амьдрах явдал юм. Тэр зорилгодоо хүрсэн эсэх нь бас тийм ч гол зүйл биш, харин амьдралаа сонирхолтой, үнэ цэнэтэй, үнэлэмжтэй болгож хорвоог туулсанд л сэтгэлийн гоо сайхан оршино. Үнэндээ, өнөөдөр баян тарган, алдар хүндтэй байх тийм ч гайхалтай зүйл биш. Маргааш юу болохыг хэн мэдлээ.
 
-Танд төмөр замтай холбоотой ямар түүх байдаг вэ. Хувь хүнийхээ аль эсвэл уран бүтээлийнхээ тухайд ч юмуу. Хамгийн сонин содныг нь манай уншигчидтай хуваалцвал?
 
-Би долоо, наймдугаар ангидаа Зүүнхараагийн дунд сургуульд сурч байлаа. Аав маань төмөр замын депод ажиллана. Тэнд л төмөр замын амьдралыг зах зухаас нь биетээр мэдэрч гадарлах болсон юм. Зүүнхараа хот бол Монголын төмөр замын шуугиант зангилаа, түүхт газрын нэг. Ер нь, миний нагац ах сахал хэмээх С.Сэрээтэр Намын төв хороонд төмөр зам, авто тээвэр хариуцсан хэлтсийн орлогч эрхлэгч байсан. Ээжийн эгчийн нөхөр Сэд ах маань темөр замын ахмад ажилтан, ээжийн том ах Авиржигаагийн хүргэн Намбар ах машинч байсан гээд бодоход бидний амьдрал яалт ч үгүй төмөр замтай холбогддог юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд "Хүрэн морь"-ны Ч.Лхамсүрэн гуай "Ганзам" гэдэг дуу зохиож, "Ганзам" гэх шинэ үгийг Монгол хэл, утга зохиолд оруулж ирсэн тул Монголын яруу найрагчид "Ган зам" сонин, түүний уншигчдад ямагт талархалтай ханддаг юм шүү.
 
-Сонин сайхан ярилцлага өгсөн таньд ч бид уншигчид төмөр замчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
 
Баярлалаа
 
Б.Дэлгэрхишиг