sonin.mn
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё тун сонирхолтой мэт болж өндөрлөсөн. Сонирхолтой мэт гэхийн учир юу вэ гэвэл аваргууд гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон. Бас зарим озеки “замаас гарч” явсан. Үлдсэн нь муу барилдсан гээд нэг үгээр хэлэхэд “толгой муутай” барилдаан болсон юм л даа. Оньсого гэдэг ардын аман зохиолын нэг хэлбэр байдаг. Түүний дотоод агуулга нь жинхэнэ өрсөлдөөн, тэмцэл гэж болно. Энэ утга санаагаар үзвэл Аки башё яг тийм оньсого шиг үргэлжилсээр байлаа.
 
 
Хэн түрүүлэхийг тэмцээний төгсгөлийн өдрийн хамгийн сүүлчийн барилдаан шийдэж өгсөн шүү дээ. Хэцүүхэн оньсого л ийм байдаг даа гэмээр. Их аварга Хакүхо тэмцээний эхний өдөр хурууны гэмтлээс болж, аварга Какирюү башё дундаа ороогүй байхад зүүн өвдөгний шалтгааны улмаас цааш барилдах боломжоо алдсан. Тэгээд аваргагүй барилдаан шимтэй зүйлийн охийг нь авчихсан юм шиг болсон.
 
 
Тэгэхдээ л үзэлцсэн л дээ сүмочид. Хэн нэг нь “баавгайлаад” байсангүй. Бүгд л өгөө аваатай явсаар тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө гурван унаатай бөхчүүд тэргүүлж эхэлсэн. Тэд хэн байв гэвэл секиваке Такикейшёо, Митакэүми, зүүний наймаас босч барилдсан Окиноүми нар байсан. Гурвуулаа толгойдоо эзэн хааны цом тээж тэмцээний сүүлчийн цаг мөч хүртэл өрсөлдөв. Тэр өдөр Такикейшёо, Окинаүми нар оноолт таарсан. Хэн давсан нь Митакэүмигийн барилдааг хүлээх болсон. Тэгээд Такикейшёо, Митакэүми нар давж нэмэлт барилдаан хийгээд Митакэүмигийн ялалтаар өндөрлөсөн юм. Тэр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хоёр дахь түрүүгээ ёстой л мэрийсний хүчинд авсан даа. Аки башёгийн нэг сонин гэвэл энэ зиндаандаа жижигчүүл гэгдэх Энхо, Ишиура гэсэн хоёр залуу бий. Бусадтай нь харьцуулахад тэмээний дэргэд байх ямаа шиг л харагддаг. Гэтэл тэд ур чадвар харуулж барилдсаар тавин хувиа хийж чадлаа. Ишиура нь Тамавашигаар, Энхо нь Точиазанаар найм дахь даваагаа авсан л даа. Хөөрхөн барилдах юм даа гэж сүмо сонирхогчид тэднийг магтахдаа бас өхөөрдөнгүй байх юм билээ. Энэ удаагийн тэмцээнд дээд зиндаанаа барилдсан монгол сүмочдоос тавин хувиа хийсэн бөх байсангүй ээ.
 
Л.Цэрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин