sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын аварга, “Лондон 2012” олимп болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт, Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн 3 удаагийн аварга АНУ-ын тамирчин Гари Рассельтай WBC-гийн аваргын төлөө 2020 оны нэгдүгээр сард багтаж тулалдах гэрээ байгууллаа.
 
Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээж байсан юм. АНУ-ын тамирчин Гари Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор ийнхүү гэрээ байгуулжээ.
 
Ташрамд сонирхуулахад, 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт “King Tug” нэрээр мэргэжлийн боксыг сонгосон. 2015 оноос эхлэн мэргэжлийн боксын ертөнцөд цахиур хагалж эхэлсэн түүхтэй. Мэргэжлийн боксын ринг дэх анхны өрсөлдөгч нь АНУ-ын 30 настай Габриэл Брэкстон байв. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа эхлүүлсэн. Түүний дараагийн тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг нам цохив.
Ийнхүү дараалсан 10 тулаанд ялалт байгуулсан Төгсөө мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклин "Barclays Center"-т хийсэн юм.
 
 
Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн аварга болох байв. Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг жингийн аварга АНУ-ын Гэри Рассельтай тулалдах болсныг WBC албан ёсоор зарласан. Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаандаа К.Маррейротой 12 раунд хүч үзэн илт илүүрхэн яллаа. Харин тэр энэ удаа өөрийн тоглолтын ур чадвараа бүрэн харуулалгүйгээр ийнхүү эзэнгүй байсан IBO холбооны Дэлхийн аваргын бүсний эзэн болж шилдгийн шилдэг гэдгээ харуулж монгол түмнээ баярлуулсан билээ.
 
 
 
Мексикийн Канкунд болсон Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосноор тулалдах гэрээ хүчин төгөлдөр болж ийнхүү өчигдөр /2019.11.11/ гарын үсэг зуржээ. Гари Рассель мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, WBC-гийн дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан байна. 
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг