sonin.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Засгийн Газарт шаардлага хүргүүлжээ.


Уг шаардлагад: "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ажил олгогчдын байгууллага, нийгмийн түншлэгч бусад талуудтай харилцан ойлголцол, зөвшилцлийн үндсэн дээр хамтын гэрээ, хэлэлцээр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо, зөвлөлийн хэлбэрээр үндэсний болон, салбар, орон нутгийн түвшинд хэрэгжиж байгаа билээ.


Үүний нэг жишээ нь Монгол Улсын Засгийн газар, ажилтны болон ажил олгогчийн төлөөлллийн байгууллагын хамтран байгуулсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр юм.


Гэтэл Засгийн газар энэхүү хэлэлцээрийн гуравдугаар бүлгийн 3, 4 дүгээр бүлгийн 11 дэх заалт болон Нийгмийн Даатгалын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.9.1 дэх заалтыг тус тус зөрчин Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөхгүйгээр дангаар УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлж эхлээд байгаа нь нийгмийн түншлэлийн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. МҮЭ-ийн холбоо тэтгэврийн шинэчлэл хийх, нийгмийн даатгалын хуулиудыг боловсронгуй болгохын төлөө байна. Гагцхүү шинэчлэл өөрчлөлт нь иргэд хөдөлмөрчдийн язгуур эрх ашигт нийцсэн, тэдний нийгмийн баталгааг найдвартай хангахуйц, тогтвортой хөгжлийн төлөө байх ёстой. МҮЭ-ийн холбоо тэтгэврийн олон давхаргат тогтолцоог, улсын төсвөөс санхүүжүүлэх суурь тэтгэврийг нэвтрүүлэхийг дэмжинэ. Харин тэтгэвэр авагч иргэдээ насаар нь, шимтгэл төлсөн хугацаагаар нь, тэтгэвэр тогтоолгосон огноогоор нь, нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхсан, нийгмийн хамгаалал нэн хэрэгцээтэй эмзэг хэсгээ орхигдуулсан баталгаат тэтгэврийг дэмжих боломжгүй.


Суурь тэтгэвэр нь нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах бие даасан арга хэрэгсэл болохоос нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн нэмэгдэл биш. Тиймээс "баталгаат" тэтгэврийг суурь тэтгэвэр болгон өөрчилж, үзэл баримтлалыг олон улсын жишигт нийцүүлэн бие даасан хууль болгохыг шаардаж байна.


Монгол Улс 1995 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд тэтгэврийн эв санааны нэгдлийн тогтолцоог бий болгож хөгжүүлж ирсэн. Энэ хугацаанд эв санааны нэгдэл, хамтын эрсдэлийн зарчмыг үгүйсгэх, өөрчлөх оролдлогууд удаа дараа хийгдэж, үр ашиггүй нь бодит амьдрал дээр нотлогдсоор байхад тэтгэврийн даатгалын шимтгэлээс сайн дурын хуримтлал үүсгэхээр хуулийн төсөлд тусгасан нь хариуцлагагүй үйлдэл мөн. Тэтгэврийн тогтолцооны бэхжилт, тогтвортой хөгжлийг хангахын оронд өмнөх гажуудал, бүтэлгүйтсэн оролдлогуудаа дахин давтан оруулж байгааг даатгуулагчдын эрх ашгийг ноцтой хендеж байгаа хэрэг гэж үзэж байна. Тухайлбал, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхийн, хедөлмөрийн хүнд нөхцөлд ажиллагчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 5 жилийн дундажаар тооцож байсныг 10 жилийн дунджаар болгож өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тухай хуулийн өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтыг баталгаат тэтгэвэр болгон өөрчлөхдөө тэтгэвэр олгох шаардлагыг нэмэгдүүлсэн, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажиллагчдыг 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гарах нөхцөлийг хассан зэрэг нь даатгуулагчдын нийгмийн хамгааллыг дордуулсан, өмнөх хүрсэн түвшинээс ухарсан бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй, эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж байна.


Нийгмийн хамгааллын тогтолцооны гадна хэн ч үлдэх ёсгүй. Гэтэл Засгийн газрын шинээр өргөн барьсан хуулийн төсөлд хамралтыг ялангуяа албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулахад чиглэсэн нэг ч заалт тусгагдагдаагүй, харин хөнгөлөлт, чөлөөлөлт нэрийн дор хамрагдахгүй үлдэх боломж олгож байгаа нь харамсалтай.


Монгол Улсын 3 хүн тутмын 1 нь, хедөлмөр эрхэлж байгаа 5 хүн тутмын 1 нь ядуу, нийт ажиллагчдын 41,1 хувь нь албан бус хөдөлмөр эрхлэгч байгаа нөхцөлд тэдэнд чиглэсэн тусгай зохицуулалт хийгээгүй мөртлөө албан журмын даатгалд хамрагдах ажилд ажиллаж байгаа оюутан залуус, ахмад настныг тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа ойлгомжгүй төөрөгдүүлсэн нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Иймд МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байгааг хойшлуулж энгийн горимоор хэлэлцүүлэхээр хууль санааачлагч Засгийн газарт буцаахыг шаардаж байна." гэсэн байна.