Дэлхий дэлэгнэх цагаар дэнж хотойтол нааддаг Монгол түмний их баяр цэнгэл наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Монголчууд эрийн гурван наадмаас бөхдөө илүү дуртай. Бөхөө үзээд л баярлачихдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо “Хийморь” амралтын газар дэнж нь алаг цэцэгсээр дүүрсэн дэвссэн мэт ногоон зүлгэнд эр бяр тэгширсэн бөхчүүд  эд хаваа гайхуулна. Энд “Дорнын хүчтэн”, “Таван богдын бүргэд” дэвжээнийхэн улсын начин Ш.Зоригтын удирдлага дор бөхчүүд бэлтгэлд гарчээ. Биднийг очиход Улсын начин Ш.Зоригт уриалгахан хүлээж авсан юм. Түүнийг “Амьдралын тойрог” буландаа зочноор урилаа.
 
17-ХОН НАСТАЙ ХҮҮ ОЛИМПИЙН ТАМИРЧИДТАЙ ХАМТ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙЖЭЭ
 
Сэлэнгэ аймгийн Мандал сум, тухайн үеийн Зүүнхараа хотод 1971 онд Шагдарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Энэ бол “Өмсдөг” дархан мэхээрээ  алдаршиж, олны хайрыг татсан улсын начин Ш.Зоригт юм. Монгол бөхийн уран хурц мэхнүүдийн сор нь “өмсөх” мэх билээ. Залуудаа эр хар бөхчүүдийн нэг явсан, өдгөө ч эгээ л залуугийнх шигээ гялалзаж олон зуун шавьдаа мэддэг чаддаг нарийн ухаанаа зааж өгсөөр байгаа билээ.
 
Тэрээр зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд юм. Хөдөөний хүүхдүүд хөлд орохоосоо л барилдаад эхэлдгийг юу эс андахав. Барилдах хорхойтой тэрээр 14 настайгаасаа эхлэн бөхийн дугуйланд элсэн орсон байна. Түүний ээжийн хоёр дүү нь аймгийн арслан Жамъяансүрэн, цэргийн начин Отгонбаатар гэж хоёр бөх байсан. Орчин үед хурдан удмын морины угшилыг нь хардагтай адил бөх ч мөн адил удам дагадаг гэлээ.
 
Өөрийнх нь сурдаг найман жилд бөхийн дугуйлан байдаггүй байсан бөгөөд Зүүнхараагийн хоёрдугаар 10 жилийн сургуулийн бөхийн дугуйланд өөр сургуулийн зургадугаар ангийн хүүхэд барилдах гэсэн асар их хүсэл зоригоороо элсэн орсон нь өдгөө түүнийг бөхийн спортод нэг насаараа зүтгэж, олон сайхан бөхчүүдийг дасгалжуулсан гавьяатай хүн болгох эхлэлийг тавьжээ.
 
Монгол  Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын аав аймгийн арслан Жаргалтулга түүний анхны багш байжээ. Тэгээд жилийн дараа Жаргалтулга нь шилжээд сумын заан, боксын мастер Х.Алтанхуяг гэж багш иржээ. Долдугаар ангидаа анх удаа аймгийн тэмцээнд авч явж байлаа. Тухайн үед сумаасаа ч гарч үзээгүй хүүхэд аймгийн аваргад өсвөрийн үндэсний бөхийн тэмцээнд орж 32 бөх барилдахад талаас дээгүүр амжилттай ирж байлаа. Түүнээс хойш найм, ес, арав дугаар ангидаа улсын идэрчүүдийн аваргаар гурван жил дараалан шалгарч дараа нь Монголдоо ноёрхлоо тогтоож, дээш тив, дэлхийн дугуй дэвжээнд бөмбөрцгийн шандас төгөлдөр эрстэй ана мана, ач тач үзэж тарж , үзүүр түрүү булаалдаж эхэлсэн бөлгөө.
Найм, есдүгээр ангидаа Юура багшийн удирдлага дор самбо бөхөөр аймагт түрүүлж, улсын аваргад орж мөнгөн медаль, дараа жил нь сурагчдын VII спартикатад улсын аварга, улсын шигшээ аваргын бэлтгэл Сөүлийн олимпод оролцох тамирчидтай хамт бэлтгэлд гарч, 17-хон настай хэрнээ хэрсүү, хатуужилтай хүү олимпийн тамирчдыг дагаж тамирчин болох замналаа эхлүүлж байжээ. Сурагчдын VII спартикатад улсын аварга болоход самбо жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Г.Хүрэлбаатар багш багшийн дээд сургуулийг эчнээгээр төгсөөд тухайн үеийн улсын шигшээгийн нэг номерийн тамирчин байсан. Азаар дадлагаа Сэлэнгэ аймагт хийсэн учраас шигшээгийн тамирчны бэлтгэлээр бэлтгэгдсэн тамирчин болох замнал нь эхэлжээ.
 
“Ш.ЗОРИГТ ӨМСӨЖ ШИДЧИХЭЭД ИНЭЭВХИЙЛЭН ГҮЙЖ НАЧИН ЦОЛОО ХҮРТСЭН”
 
Тэрээр сурлага сайтай хүүхэд байсан. Арван жилээ төгсөөд одоогийн Батлан хамгаалахын их сургууль, тухайн үеийн цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн оржээ. Тухайн үед тэдний ангийн 32 хүүхдээс гуравхан хүүхэд дээд сургуульд орсны нэг нь Ш.Зоригт байжээ. Хоёр жил казармд байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд үндэсний бөх, самбо жүдо, залуучуудын аварга шалгаруулах, насанд хүрэгчдийн гээд гурван зэрэглэлийн дөрвөн тэмцээнд 10 гаруй удаа түрүүлжээ.
Заримдаа чөлөөгүй оргож ирж армийн аваргын тэмцээндээ оролцдог байжээ. Хоёр жил суралцсаны дараа багш нь сургуулиа орхиод “Алдар” спорт хороонд тамирчин бол хэмээн хүсэлт тавьжээ. Өөрөө ч барилдах их сонирхолтой болохоор хувь заяаныхаа сонголтыг хийж тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийдэж, сургуулиа хаяжээ. “Тухайн үед дээд сургуулиа хаядаг ямар тэнэг хүн бэ хэмээн олон хүн шүүмжилж байсан ч гэлээ гэхдээ өнөөгийн энэ өндөрлөгөөс харахад би алдаагүй” хэмээв.
 
Ингээд 1991 оноос самбо, жүдо бөхийн тамирчнаар “Алдар” спорт хороонд ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд залуучуудын самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл, Олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл, жүдогийн Олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл, улсын аваргаас аль аль төрлөөр нь медалийн тавцангаас буудаггүй тамирчин байжээ.
 
Нутгийн иргэдийн дунд хүч бяртай, бядтай, сэтгэлийн цар хүрээ өргөнтэй, боловсролтой нь олон. Зүйрлэж хэлбэл монгол бөхийн ой ухаан бүрэн шингэсэн санамж сайтай бөхийн нэг бол Ш.Зоригт  гэлцэх нь алс тэртээгээс сонсогдмой.1993 оноос хойш үндэсний бөхөөр барилдаад 1993 онд Амар баясгалант хийдийг аравнайлсан бага даншиг наадмаар тав давж аймгийн начин цол, 1994 онд Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд гурав түрүүлж тав үзүүрлэж, заал, танхимын барилдаануудад амжилттай сайн барилдаж байжээ.
 
2001 оны улсын наадмын тавын давааны тунааны тухай бөхын хорхойтнууд одоо ч ярилцсаар, шагшин гайхсаар яваа билээ. Тэр жил их олон цолтон төрсөн. Начны давааны төгсгөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Ш.Зоригт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат цэргийн заан Ш.Уламбаяр нар тунан үлджээ. Хоёр бөх харилцан тодорхой мэх хийлгүй бие биенээ хүлээсэн байдалтай нэлээдгүй уджээ.
 
Ш.Уламбаярыг золгох нь дээ хэмээн анхаарал нь сарних тэр агшинд Ш.Зоригт өрсөн унаган багын өмсөх мэхээрээ яг л жаахан хүүхэд орхих мэт өмсөж шидчихээд инээвхийлэн гүйж буй начны агшин топ 10 барилдааны жагсаалтад одоо ч байсаар буй. Ш.Зоригт аймаг, цэргийн, бөхийн өргөөний барилдаанд түрүүлэхдээ өмсөх мэхээрээ дагнан түрүүлж байжээ.
БӨХЧҮҮДИЙН ЗҮРХЭНД ШАР УС ХУРУУЛЖ, БӨХИЙН АРАНГА ГЭГДЭЖ ЯВСАН НАЧИН
 
Та начин цол авснаас хойш их эрт зодог тайлсан даа гэж асуухад “Улсын начин болсны дараа миний дархан мэх өмсдөг мэх. Баруун гараараа сэмж авч өмсдөг. Баруун гарын бугуй, хоёр хөлийн өвдөг мултраад гэмтлийн улмаас барилдаж чадаагүй. Тэгээд ч тухайн үед миний өөрийн буруу ч байсан 30 насандаа би улсын цол авч байсан. 30 настай өөрийгөө харих нас боллоо гэж бодож байсан. Харин одоо бодох нь ээ 30-35 нас ид оргил нас байсан гэдгийг мэдэлгүй буруу тооцоолоод, дээрээс нь спортын гэмтэл 2-3 жил өнжөөсөн юм” гэлээ. Тэгээд 2010 оноос хойш “Алдар” спорт хорооны дарга Балжинням үндэсний бөхийн дасгалжуулагч хийх үү хэмээн санал тавьснаар өдгөө олон аавын хүүг дасгалжуулсаар байгаа билээ.
Тэрээр “1993 онд А.Сүхбатыг улсын начин болохоос нь өмнө долоо хоногийн өмнө тамирчдын баяраар Ш.Зоригт давхар ачаад, тонгорч шидэж байжээ. Үүнээс долоо хоногийн дараа улсын наадамд зургаа давж өсөх идэр начин цол авч билээ. 1994 онд Гантогтох заан болоход хэдхэн сарын өмнө хөл авахад нь хойш нь тахимдаж хутгаад хаяж байсан. Би үеийнхнээсээ Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар хоёрыг хаяж байгаагүй. Энэ хоёр их бяртай байсан. Тухайн үедээ бярдаж барилддаг бөхчүүдийн тоонд ордог байсан.
Одгэрэл зааныг ч бас өмсөж байлаа. Миний хамгийн оргил барилдаан улсын цол авсан 2011 оны улсын наадам. Давчихаад надад хоёр юм бодогдсон. Нэгдүгээрт, за ингээд улсын цол авлаа хэмээн баярлаж байсан, харин нөгөөх нь манай “Алдар” спорт хорооны багш Ганбаатар гэж арслан байсан. Тэр хүн намайг тавын даваанд амлаж аваад начин болгоно гэж ярьж байсан яриа байсан. Тэгээд амлаж аваагүйд нь Ганбаатар багшдаа гомдож байсан. Үндэсний бөхийн 10-аад хүнийг дийлдэггүй. Харин бусадтай нь ана мана үздэг байлаа хэмээлээ. Тухайлбал зургаан залуу заан А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, Ц.Цэрэнупунцаг, Б.Гантогтох, Б.Ганбат гээд цуутай зургаан залуу заан байсан. Эдний дээр байсан Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг энэ хэдийг дийлдэггүй.
 
Өмсөө мэх нь толгой дээгүүрээ гаргаж ирж байгаад хаядагтаа гайхамшиг нь байдаг. Тиймээс монголчууд өмсөх мэхийг гоёд тооцдог” хэмээн өөрийн дархан мэхээ ярихаараа л нүд нь сэргээд эгэлгүй атлаа энгийн хариулах тэрээр идэр залуудаа сайн гэгдэх бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж, бөхийн аранга гэгдэж явсан түүхтэй нэгэн бөлгөө.
 
БӨХ ХҮН ШАТАР ТОГЛОЖ БАЙГААТАЙ АДИЛ УХААН ЗАРДАГ
 
Бөх хүн шатар тоглож байгаатай тэнцүү ухаан зардаг. Дан ганц бяраар биш ухаанаар барилддаг. Яаж барилдах вэ гэдгээ бодож, дүгнэлт хийдэг хүүхэд байжээ. Бүр тамирчин байхдаа үеийнхэндээ барилдааны учрыг ойлгож хичээхийг зааж, сургадаг байсан аж. 2010 оноос хойш “Алдар” спорт хороонд залуучуудын Үндэсний бөхийн сургалт явуулснаас хойш 500 гаруй хүүхэд иржээ. Түүнээс одоо улсын цолонд хүрэх 10-аад залуу байгаа аж.
Одоогоор гурав нь хүрчихсэн байгаа юм байна. Тухайлбал улсын начин Э.Даш, улсын харцага Д.Анар, улсын начин Б.Серик нар юм. Өмнө жилийн наадмын сэргээшийн асуудлаас болоод маргаантай байгаа Н.Мустафа гээд үндсэндээ дөрвөн шавь нь улсын цолд хүрчээ. Үүний араас 10-аад хүн байгаа. Энэ хүмүүс бүх л амь амьдралаа бөхөд зориулж байгаа. Төрийн наадам жилдээ ганц удаа болдог учраас бөх болгон түрүүлж, цолоо ахиулах, урамтай сайхан барилдах гэж бэлтгэлээ хийдэг. Улсын наадамд барилдана гэдэг бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх, яаж хөдөлмөрлөснөө ард түмэндээ харуулах асар том хариуцлага.
 
Тийм учраас бөх болгон хичээдэг. Наадмын бэлтгэл хийгээд бөхчүүдийн өнгө ямар байгааг асууж тодрууллаа.  Тэрээр бөхийн нэр цохож хэлэхээс цэрвэж байсан ч, хэд хэдэн бөх нь шинээр улсын цолд ойртож, харин цолтой бөхчүүд нь аварга болох болов уу хэмээн таамаглаж буйгаа нуугаагүй юм.
 
Морь шинждэг шиг орж ирж байгаа хүүхдүүдийг хараад л мэдчихдэг. Хэдийгээр улсын цолонд хүрэхээр амжилттай бөх байсан ч бэлтгэлээ хийхгүй, дургүй ламд хүчээр сахил хүртээнэ гэдэг шиг байвал бас хэцүү хэмээн онцолж байсан юм. Хүүхэд байхаасаа бөхөд сэтгэл зүрхээ зориулан, их тэвчээр, амьдрал, хувь заяагаа золиослон байж зөвхөн бэлтгэлдээ, бөхөд бүх зүйлээ зориулж чадаж байж амжилтад хүрдэг. Түүний шавь нар багшдаа ихэд хүндэтгэлтэйгээс гадна шавь нар нь ч ахас дээдсээ хүндэлнэ. Мөн хүлээцтэйгээр ханддаг нь үндэсний бөх их ёс суртахуун, хүмүүжлийг давхар зааж сургасан байгаа нь харагдаж байгаа юм.
Мөн “Багадаа спортоор хичээллэж байсан хүн ухаанаараа ч тэр, бие бялдраараа ч тэр жирийн хүнээс илүү байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэж. Тиймээс шавь нартаа “Та нар бүгд Оюунболд аварга шиг аварга болохгүй. Гэхдээ та нар аль ч салбарт ажилласан бусад хүнээс тоо бодсон ч арай илүү байдаг. Бөх хүн гэдэг бөх л байдаг байхгүй юу. Хүчтэй шидүүлээд, хаягдсан ч зүв зүгээр л босоод ирдэг. Жирийн хүн тэгж шидүүлбэл бэртэнэ шүү дээ. Бөх хүний гарал бух гэдэг амьтнаас үүсэлтэй. Бух гэдэг модоор нүдээд байхад л яадаг ч гүй шүү дээ. Түүнтэй л адил” хэмээн гүндүүгүй зангаараа инээвхийлэн ярьсан юм.
 
“УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН НЬ Ш.ЗОРИГТ БАГШТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ”
 
Багшийнхаа талаар Монгол Улсын харцага Д.Анар “2011 онд Ш.Зоригт багштай танилцаж багш шавийн барилдлагаа барилдаж байлаа. Улсын харцага цолд хүрсэн маань ч гэсэн яалт ч үгүй Ш.Зоригт багштай маань салшгүй холбоотой гэж боддог. Уран ухаантай багшаас гадна шавь нартаа бөх хүн ямар байх ёстой талаар ихийг зааж сургадаг. Ш.Зоригт багшийн давуу тал өөрөө их спортын хүн. Самбо, жүдогийн шигшээ багт олон жил бэлтгэл сургуулилт хийж байсан хүн үндэсний бөх рүү урваж барилдахад яах ёстой гээд олон зүйлийг зааж сургасан. Багшдаа их талархаж явдаг аа илэрхийлье. Мөн энэ жилийн наадам цар тахлаас шалтгаалан үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Сонин л байна байх гэж бодож байна. ” гэсэн юм.
Улсын начин Б.Серик “2008 оноос хойш Ш.Зоригт багштайгаа танилцаад “Алдар” спорт хороонд улсын харцага Д.Анар найзтайгаа хамт үндэсний бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй жил хамт бэлтгэл хийж улсын цол авахад том хувь нэмэр оруулсан хамгийн хүндтэй хүмүүсийн минь нэг. Спорт гэдэг хүнд том хүмүүжлийг олгодог.Тэр тусмаа эр хүнд илүүтэй тэвчээр хатуужлыг олгодог. Энэ бүх зүйлийг багшаасаа сурсан даа. Багшийнхаа өмсдөг дархан мэхийг сураагүй ч гэлээ миний давуу талуудыг олж харж, яаж барилдахыг зааж өгч байсан. Барилдаан болгон дээр өөрийнхөө давуу талыг ашиглаад өрсөлдөгчөөсөө хурд, хүчээрээ үргэлж өрсөж байхыг захьдаг” гэлээ.
 
ӨӨРСДӨӨР НЬ ХЯНУУЛАХ НЬ ҮНДЭСНИЙ БӨХИЙГ ДОПИНГООС ЦЭВЭРЛЭНЭ
 
Тэрээр “Допингийн шинжилгээг шударга байлгах үүднээс авах нь зөв үү гэвэл мэдээж зөв. Гэхдээ улсын наадамд шөвгийн 16-д үлдсэн 16-хан бөхөөс допингийн шинжилгээ аваад, бусдаас нь авдаггүй. Энэ нь бүх аймаг, сумын наадамд барилдаж байгаа, улсын наадамд тав давж чадахгүй бөхчүүд допингийн бодис хэрэглэх магадлал өндөр байгаа юм. Зааланд барилдаж байгаа бөхчүүд бие биенээ харддаг.
 
Энэ допингоос монгол бөхийг цэвэрлэх ганц л арга байгаа. Энэ нь өөрсдөөр нь өөрсдийг нь хянуулах. Чи хэрэглээд байгаа юм шиг надад санагдвал би шинжилгээнийх нь төлбөрийг нь өгөөд, шээсийг нь шинжлүүлнэ. Түүнээс допингтой гэж гарвал гаргасан зардлаа би чамаас авна. Чи эрхээ хасуулна. Харин илрээгүй, гэмгүй хүнийг хардчихсан бол би өөрөө хохироод үлдэнэ. Иймд бие биенээ хянаж чадвал цэвэрлэж чадна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
 
Тэрээр 1993 онд эхнэртэйгээ гэр бүл болсон бөгөөд 1994 онд том охин нь төржээ. Харин удаах хүү нь 2003 онд мэндэлсэн байна. Эхнэр Г.Налжирмаа нь 13 дугаар сургуулийн сургалтын менежер. Охин З.Номин-Эрдэнэ нь АШУҮИС-ийг төгсөж өдгөө нөхөр хүүхэдтэйгээ амьдарч байгаа аж. Хүү З.Төгөлдөр нь Японы Коосэны сургуульд суралцаж байгаа аж. Ш.Зоригт начин олон л газрын наадамд зодоглосон. Олон ч давсан, олон ч түрүүлсэн. Харин цөөхөн унасан байх. Олон ч наадмын зүлэг ногоон дэвжээг чимэн барилдсан Ш.Зоригт начны амьдралын тойрог ийм бөлгөө.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин