Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос Б.Ганзоригийн начин цолыг хураах шийдвэр гаргасан нь бөхийн цол хураасан анхны тохиолдол болж байна.
 
Тус хорооноос ийнхүү өнгөрсөн жилийн наадмын допингийн эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэж Б.Ганзоригийн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргажээ.
 
Допингийн эсрэг үндэсний төвөөс 2016 оны аравдугаар сарын 26-нд өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харъяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн юм.
 
Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авах эрх бүхий байгуулага нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо байдаг. Тус хороо зөрчил гаргасан бөхчүүдэд ямар хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг шийдвэрлэдэг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд Шадар сайдын хүрээнд хуралдаж уг шийдвэрийг танилцуулжээ.
 
Шадар сайд У.Хүрэлсүх допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэдэгтэй санал нийлжээ. Өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Б.Баатарцол тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг, Б.Ганзориг улсын арслан Д.Ганбатыг тус тус давж, улсын начин цол хүртсэн юм.
 
Монгол Улс 1999 оноос эхлэн допингийн эсрэг санаачлагад нэгдэж, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 16 бөхийн шинжилгээний дүнд допингийн зөрчил илэрч, хар жагсаалтад бүртгүүлжээ. Энэ бөхчүүдээс зарим нь барилдах эрхээ 1-2 жилийн хугацаатай хасуулсан шийтгэл хүртэж байсан, харин зарим нь огт хариуцлага хүлээлгээгүй байдаг.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг