Эх түүхээ түүхэн үнэнд нь яг таг ойртуулж, шинэчилж, элдэв гажуудлаас нь чөлөөлж дуусгахын төлөө эх оронч, түүхийн шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэгч судлаач бүхэн л санаа тавьж байдаг. Ийм ажил, зүтгэл 200 гаруй улс орон нэг бүрд л хийгдсээр, хэрэгжсээр иржээ. Жинхнээсээ тусгаар тогтносон, бусдаас хараат биш улс оронд энэ ажил, ийм оролдлого төр засгийн нь ивээл, дэмжлэгэнд тулгуурлан явагддаг. Ор нэр төдий тусгаар тогтносон, бусдаас хараат орнуудад энэ талын ажил, эзэн орны зүгээс нь хориглогдсон байдаг. Үндэсний нь ухамсар, уламжлал сэргэх, ард иргэдийн нь эх оронч сэтгэл, түүхийн ухамсар сэргэх, хүчтэй болохоос өнөөдөр ч гэсэн неоколоничлогчид айж, цэрвэж буй нь ажиглагдсаар байгаа юм.
Хүн төрөлхтөний түүхэн дэх нэн эртний угсаатнуудын нэг нь монголчууд. Тэд өөрсдийгөө ч элдэвээр нэрлэж байж, мөн хөршүүд нь ч элдэв нэр, хаяг, хоч хэрэглэж иржээ.
Тэр олон нэр, хоч мэтэд төөрөлдөх хэрэггүй юм. Унаган газар нутаг, өвгөдийн булш, бунхан, уламжлалт өвөрмөц соёл, эх хэл, эрхэлж ирсэн аж ахуй гэх мэт нь олон мянган жилийн туршид танигдахаар, гэрчлэхээр бэлээхэн байж л байгаа шүү дээ. Гэхдээ нүүдэлчид болохынхоо хувьд, он тооллын бичиг мэтийг байнга хөтөлж ирээгүйн учир, эрт цагийн бичгийн дурсгал үрэгдэж устсаар байсны улмаас гэх мэтийн тун олон шалтгаанаар эх түүхийн маань эртний хэсэг нь урт урт харанхуй үетэй, цагаан толботой хэвээрээ байгаа билээ. Эртний эд, юмсын гарваль, нас, элдэв холбогдлыг нь судалж тогтоох чадвартай шинжлэх ухааны олон салбар үүсч хөгжсөн нь аль ч улс орны түүхийг тодруулахад тусалж байна. Монголчууд эндээ л мөнхөд байсан болохоор баримт болох эд юмс хангалттай их бий. Энд археологичид л чухал үүрэгтэй. Тэднийг дэмжих, шаардлагатай бүхнийг нь гаргаж өгөх, бусад орны судлаачидтай хамтрах, олсон нээсэн бүхнийг нь шинжлэх ажлыг цаг алдалгүй хийх явдал л чухал байна. "Айлаас эрэхээр авдраа уудал" гэх үг энд яг л таарна. Хятад сурвалжид хүртэл үнэнээс худал нь их, санаатай хийгдсэн гуйвуулга, гүтгэлэг ч цөөнгүй. Хятад ханз, хэлээр тэмдэглэгдсэн олон нэрний монгол дуудлагыг таних, тогтоох ч боломжгүй. Энэнийг хэлзүйчид, түүхчид одоо ойлгоод олон нэрний араас хөөцөлдөхөө больсон нь зөв юм. Үг, нэр, элдэв дуудлага, хэллэг биш археологийн биет олдворууд л одоо үгээ хэлэх ёстой. 5 мянга шахам жилийн өмнө эртний Египетэд барьж байгуулсан пирамидтай адил шахам хэмжээний оршуулгын байгууламж Хүннүгийн үеийнх гэх нэр, хаягтайгаар Монголд олдсоор байна. 5 давхар барилгын өндөртэй пирамидтай тэнцэх хэмжээний гүнд, орон зайнд элдэв үнэт чимэглэлтэй модон авсанд, маш олон тооны эдлэл дагалдуулан оршуулсан булшийг газрын гүн рүү шатлан ухсаар олж, нээж үзээд байна. Тэнд байсан бүхнийг судалж, шинжилж дуусахаар тун олон янзын мэдлэг, мэдээлэл буй болно.
Ухаж гарсан шороо, ашигласан чулууны хэмжээ, эзлэхүүн нь нэг доор овоолох аваас том пирамидын дайтай болохоор байна. Ийм оршуулгыг төв төр бүхий хүчирхэг улс гүрэн л хийдэг билээ. Монголын түүхийг 30 ботиор бичих ажил эхлээд бүр дуусаж буй бололтой. 100 гаруй судлаач нийт уртаар нь хувааж авсан гэгдэх юм.
Энэнийг дам сонсоод л олон эргэлзээ намайг эзэмдлээ. Энэ зууны энэ онуудад тийм олон, бэлэн, чадварлаг, судалдгаа судлаад, нягталдгаа нягтлаад хэдийнээ амжчихсан хүмүүс, түүхчид байгаа гэж үү? Энэ арай бүх нас, биенийхэн оролцдог субботник биш байгаа? Нарийн судалгаа, эргэцүүлэл, хэлэлцүүлэг, санал шүүмж шаардах, олон дахин эргэж нягтлах, экспертүүдийн үнэлгээ шаардах, судлаачдын гал тогоонд хэдэн сар, жилээр олон талын идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхийг шаардах онц чухал ажлыг субботник зарлаад хийчихэж болох уу? Судлаачид бичээд л, редакторууд хянаад л онцын их ээдрээтэй, адармаатай, алдаа, гуйвуулга ихтэй, нүүдэлчдийн гэх олон өвөрмөц онцлогтой, халиа цалигаа ихтэй эх түүхийг маань түүхэн үнэнд нь нэн ихээр ойртуулаад бичихэд хэрэгтэй “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй нөхцөл, хүн хүч” өнөөдөр байгаа гэж үү? Урд өмнөхөө үндсэндээ давтсан нэгэн хувилбар, олон ботийг бичсэн нэр, чанар муутай өмнөх туршлага сургамж үлдээсэн л баймаар, учир шалтгаан нь ч ухаарагдсан баймаар даа! Улс, үндэстнийхээ эх түүхийг, бүрэн бүтэн түүхийг, бүр 30 ботиор бид анх удаа л бичих гэж байгаа шүү дээ! Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын гэсэн гурван шугамын дагуух урт түүх, түүхэн үнэн, урд өмнөх элдэв алдаа, гуйвуулгаас чөлөөлөгдсөн түүх, шинэчлэгдэж чанаржсан түүх, урд хожид ер байгаагүй олон боть түүх, XXI зууны өндөрлөгөөс үзэх, үнэлэх аваас зөв, зүйтэйд тооцогдох түүх бичигдсэн байх шаардлагатай билээ. Оюун ухаант хүн анх үүсэж гарсан өлгий нутаг ч байж мэдэх Төв Азийн өндөрлөгт нэн эрт үед бүрэлдэж төлөвшсөн угсаатан болох нүүдэлчдийн урт түүхийг бүрэн бүтнээр бичих гэсэн анхны энэ шийдвэр, оролдлогыг магтахгүй, дэмжихгүй байж болохгүй л дээ.
Гэхдээ энд гол асуудал нь чанар, түүхэн үнэнд ойртож чадсан хэмжээ, бодитой баримт, материал, зөв зүйтэй дүгнэлт, гаргалгаа, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр түвшин, үнэлгээ юм. Өмнө дурдсан чанар, үнэлгээг бүтээхэд заавал шаардагдах технологи энд мөрдөгдсөн, сахигдсан байх учиртай.
Онол-аргазүйн семинар, эрдэм шинжилгээний хурал, Монголын түүхийн үндсэн бүрдэл хэсгүүдээрх илтгэл, тэдгээрийн хэлэлцүүлэг, экспертүүдийн санал, шүүмж, үнэлгээ, монголч эрдэмтдийн оролцоо нэн чухал билээ. Эрдэм шинжилгээний хурал тус бүрээс зөвлөмж боловсруулж, нийтэлж олны хүртээл болгох нь чухалд тооцогддог. Энэчлэн олон талын ажлыг судлах, шинжлэх технологийн дагуу гүйцэтгэх учиртай. Хийсвэр жишээ татъя. Монголын түүх 3600 орчим жилийн уртаар өгүүлэгдэнэ гэвээс 100 гаруй судлаачийн нэг бүрд нь 36 жилийн л үйл явдал оногдоно. Он тооллын бичиг 3600 жилийн туршид хөтлөгдсөөр ирсэн бол судлаач бүр 60 орчим жилийн хүрээнд сэтгэх, бясалгах аргаар мөнхүү 36 жилийн түүхийг биччихэж чадна. Гэтэл он тооллын тасралтгүй хөтлөгдсөн бичиг байхгүй болохоор уг 36 жилийн хэрэг, явдлыг өмнөх ба хойдохтой нь холбон, уядуулан бичих нь нэн хэцүү... Түүхийн сэдэвтэй уран зохиол бичиж буй бол огт өөр хэрэг л дээ. Юуг ч ямраар ч чөлөөтэй өгүүлж, дүрүүдийг бүтээж, тэднийгээ 40-өөд жилд "амьдруулчихаж" болно л доо. Харин түүх бол баримтанд, түүхэн үйл явдалд, мөнхүү цаг үеийн нөхцөл, тохироо, онцлогтой л уягдаж бичигдэх учиртай. Монголч эрдэмтдийн сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцах, Өвөр Монголын түүхчидтэй санал солилцох, Монголын эзэнт гүрний бүрэлдхүүнд байсан улс орнуудын түүхчдийн бүтээлийг судлах, тооцох нь мөн чухал юм. Олон улсын харилцаа, дипломат албыг түүх талаас нь судалдаг хүмүүс, түүхийн философичид, эрхзүйчидтэй санал солилцох нь бас л нэг хийх ёстой ажил мөн болно. Орос-Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийн нэгэн ботийг анх бичихдээ төлөвлөснөөсөө урт хугацаа аргагүйн эрхээр зарцуулсан билээ. Тэр үеийн жишиг, туршлагыг ч анхаарах нь зөв байх.
Түүхээ шинэчлэх, түүхэн үнэнд нь аль болохоор ойртуулж бичих гэсэн хоёрдахь оролдлого (XXI зуунд) энэ болж байна. Эхний оролдлогын үр дүн, өгөөж, амжилт нь хэнд ч гологдохор болсон нь үнэн билээ. Энэ удаагийнх хэр зэрэг байх бол оо? 4 боть түүхээс 30 боть түүх хэр их ялгаатай байх бол оо?
Түүх бичлэгт маань салхи оруулах гэсэн нэгэн оролдлогыг 1992 онд бидний хэдэн нөхөд хийж, төсөл боловсруулж , гүйцэтгэх ажлыг зохион байгуулж, үр дүнд нь 2 боть ном бүтээж тус бүрийг нь 1000 хувь хэвлүүлсэн юм. Тэр бол анхны, нөхцөл нь бүрдээгүй үеийн, үр дүн муутай оролдлого байв. Гэхдээ тэр 2 ботийг хүмүүс ихэд сонирхож уншдаг, 1995 оноос хойшхи үеийн аспирантууд “Монголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил (МЭӨ III - МЭ XX зуун)" гэсэн 2 боть номыг ашигласан гэж диссертаци болгондоо л дурдсан байдаг байж билээ. Хамтын бүтээлд оролцогсдын ихэнх нь нилээд болгоомжилсон, хаяагаа манасан, өмнөхөө л баримжаалсан, давтсан байр суурьтай байв. 1-р ботийг бичихэд 7 хүн, 2-р ботийг бичихэд 9 хүн оролцсон ба бүрэлдэхүүнд нь манай ахмад түүхчид (Л.Бат-Очир, Ч.Далай, Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ч.Дашдаваа), ахмад философичид, эрхзүйчид байсан юм. Төслийн ажил 2 жил үргэлжилж, 1994 онд 2 боть ном хэвлэлд шилжсэнээр дуусгавар болж байв.
Түүхээ шинэчлэхэд шаардагдах шинэ онол-аргазүй, мөн урьд өмнөх алдаа, гажуудлыг залруулах чадавхтай судлаачдаа эхэлж бэлдэхийн чухлыг тэр үеийн практик тод харуулсан юм.
Мөнхүү 2 боть номыг бэлтгэх явцад тодорсон нэг зүйл бол манай түүхчдэд эх түүхээ “нэн эртнээс XX зууныг дуустал” түүхэн үнэнд нь ойртуулан бичих баримт, материал, мэдлэг, мэдээлэл тун их дутагдалтай юм байна гэсэн дүгнэлт байлаа. Зохих түвшний боловсрол, чадавхтай түүхчдийг бэлтгэх, олон хэлэн дээрх баримт, материалыг цуглуулах, боловсруулах, археологчдын олсон бүхнийг шинээр, сайтар шинжилж өгөх мэдээллийг нь маргаангүйгээр тодруулах ажлыг ултай, суурьтай хийхгүйгээр чанарын өөрчлөлт, дэвшил гарахгүй юм байна гэдгийг бид олж харсан юм. Энэ удаагийн оролцогчид тус тус оноогдсон сэдвээрээ урьд өмнө нь судалгаа хийж, ном, өгүүллүүд бичиж, хэвлүүлж, хэлэлцүүлж, экспертүүдийн үнэлгээг сонсож байсан байж болно. Гэхдээ эх түүхээ түүхэн үнэнд ойртуулж, өмнөх алдаа, дутагдлыг залруулж, шинэчилж бичнэ гэдэг бол заавалчгүй урьдчилсан бэлтгэл, шинэ шинэ баримт, шинэ шинэ өнцөг, шинэ шинэ хандлага, шинэ шинэ аргачлал, ургуулан сэтгэх өндөр чадавх, түүхийн философийн оновчтой, зөв байр суурь шаарддаг ажил юм шүү.
Судлаач профессор Д.Чулуунжав
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл3
Чингис гэдэг өөрөө гэгээрлийн дээд тэнгэрийн бөөгийн шашны тэнгэр үзэлийн өндөр цол хэргэм хулгайчууд одоо бие бие дээ өгдөг болсон байна лээ. Их монгол улс Тэмүжинээс хойш илүү их өргөн тэлсэн боловч хубилай гэж нохой гал голомтоо самарч Мөнх хааны дараа улс ороныг сүйрүүлсэн. Чингис гэдгээ нэгэ жанжинтай зүйрлээд байдаг болсон байна лээ багасгаж доромжилж байгаа хэлбэр юм. Чингис гэдэг Мөнх хөх тэнгэрийн ухаанд гэгээрсэн дээд удамтай хүнийг хэлнэ үүнийг их дээд сургуулиар авах боломжгүй боловсрол юм.
Мөнх хааны зарлигтай хүн засахаас нааш энэ улс орон хулгайчуудын талцал тэмцэл болно учираа олохгүй шүү. Хулгайчууд бие биеэ нүдээд хэмлэлдээд дуусна Монголын нууц товчоо эхлэхдээ яаж эхэлж байна унш хөрсөт дэлхий хөрвөж орондоо орох завдалгүй тэмцэлдэж байв гэж байгаа аан тэр чинь яг одоо болоод байгаа талцал тэмцэл юм үүнийг Хаан хүн шийдэж хага дардаг учиртай. Хэрэв зөв хүн олж чадахгүй бол талцал тэмцэл дахиад үргэжилнэ. Тэгэхээр хааны зарлигтай хүнийг дага өөр арга байхгүй. Хаан хатан хүн гэдэг 1000 жилээр зөгнөж ирээдүйг харах нүдтэй байж улс орон түмэн олныг залах чадвартай заяагдмал байдаг аа түүнээс биш маргаашаа төсөөлөхгүй сохор байдаггүй.
Ямар ч баримт байхгүй бол ямар элэнцэгиын түүх байдаг юм. Баримт, нотолгоо олцгооё