sonin.mn
Хүн төрөлхтөн нум сумаа агсан ан гөрөө агнаж, хүнс хоолоо залгуулахаас гадна дайн байлдаанд хэрэглэж цаашлаад эрийн гурван наадмын нэгэн төрөл цэц мэргэнээ сорьдог наадам цэнгэл болгон авч үлджээ. Манжийн үед зөвхөн ноёдууд л харвадаг байсан гэдэг. Монголчууд эрэгтэй хүүхэддээ эмээл хазаараа өвлүүлж үлдээхээс гадна нум сумыг хоймроо залж дээдэлдэг байжээ. Бид энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо Буриад сурын холбооны дэд тэргүүн, Үндэсний их баяр наадмын салбар хорооны гишүүн, буриад сурын улсын мэргэн, спортын мастер Б.Амарсайханыг урьсан юм.
 
Түүний аав Бумуу гуай их хэлмэгдүүлэлтийн үед 11 настайдаа өрх толгойлж байсан болон буриадын олон ёс заншил бүдгэрч, хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн учраас нум сумаа хийдэг хүн нь ховордсон хэмээн нийтлэлийн баатар маань ярианыхаа эхэнд хуучиллаа.
 
Тэрээр 1960 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрж, бусдын адил хурга, ишигтэй наадаж өссөн байна. VIII ангиа төгсөөд төмөр замын техникумд суралцахаар хотод ирсэн ч бүтсэнгүй. Ингээд сургуульд сурна гэж нутгаасаа гарсан хүү нутаг буцахыг хүссэнгүй гурилын үйлдвэрт ажиллахын зэрэгцээ морцын курст суусан байна. 1978 онд цэргийн албанд татагдаж бага дарга нар бэлтгэх курст сурч Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядад заставын Эвлэлийн үүрийн даргаар хоёр жил ажиллажээ. Цэргээс халагдаад холбооны салбарт монтёр хийж айлуудын шугамын радиог амь оруулдаг байсан аж. Б.Амарсайхан биеийн тамирын багш, аргазүйч мэргэжилтэй. Хожуу 40 гарсан хойноо буриад сураар харваж сурсан байна. Анх сагс, волейболоор хичээллэдэг байсан бөгөөд хүмүүс харваж үзэхийг хэлдэг байж. Гэвч яваандаа харваж үзэхэд давгүй онож эхэлсэн тул улам дурлах болжээ. Мөн өв уламжлалыг нэвт шингээсэн нь сайхан санагдсан гэж байв. Б.Амарсайхан гуай гурван охин, гурван хүүтэй ч аав шигээ шимтэж харвадаггүй ч бэлтгэл хийхэд нь сум тавьдаг гэж байлаа. Түүний гэргийг Б.Ишиллхам гэдэг. Хөдөө аж ахуйн их сургуулийг малын их эмчээр төгссөн. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумандаа ерөнхий эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
 
 
Б.Амарсайхан гуай 1998 онд сумынхаа ИТХ-ын даргын албыг хашиж байхдаа орлогч даргатайгаа хамт сумынхаа наадмын сурын харвааны тэмцээнд анх удаа оролцож II байр эзэлсэн бол дараа жил нь түрүүлж сумын мэргэн, 2007 онд улсын наадамд 64 сумнаас 54 онож буриад сурын улсын мэргэн, урианхай, үндэсний сур, мөсөн сурын харваагаар спортын мастер цол хүртжээ. Тэрээр 2006 онд Улаанбаатарт шилжин ирж суурьшсан байна. Тэр үед буриад сурын харвааг жил өнжиж харвадаг байсан бөгөөд баяр наадмын үеэр зөвхөн халх сурын харвааны дүрмээр явна гэж хуульчилсан байдаг. Тиймээс 2007 онд Буриад сурын холбоог байгуулж улсын мэргэн, спортын мастер, дэд мастер, олон улсын мастер цолыг олгуулахаас гадна хүмүүсийнхээ амжилтыг үнэлүүлдэг болсон байна. Мөн буриад, урианхай сурыг наадмын хөтөлбөрөөс хасахыг нь болиулсан гавьяатан ажээ.  Түүнийг улсад түрүүлдэг жил буриад сурын харваанд 40 мянга, харин халх сурын шагналд 400 мянган төгрөгөөр шагнажээ. Б.Амарсайхан мэргэн тухайн үед баяр наадмын салбар хорооны гишүүнээр ажиллаж байсан болохоор Монгол Улсын иргэн арьс өнгө, яс үндэс, угсаа гарал, үзэл бодлоос үл хамааран ижил тэгш эрхтэй байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаар урианхай, буриад сурын харвааг наадмын хөтөлбөрөөс хасуулаагүй байна.
 
Бэлтгэл нь ханасан тамирчин өөртэйгөө өрсөлддөг
 
Тэрээр Монголын үндэсний наадмаар гурван төрлийн харваагаа төр, засгаас адил тэгш дэмжих ёстой гэж үздэг нэгэн аж. Бай шагналдаа гол нь биш. Шинэ залуу харваачдынхаа хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Буриад сурын харваа үндэсний өв соёлуудын нэг. Одоо харваачдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын наадамд харвах шалгуур тавьж байгаа ажээ. Мөн Үндэсний сурын холбооны тэргүүлэгчээр хоёр жил ажиллахдаа буриад сурын харвааны шагналыг өндөр болгохоор багагүй ажилласан. Буриад сурын холбоог байгуулснаасаа хойш буриад сураа хөгжүүлэхийн тулд Үндэсний сурын холбооны тэргүүлэгчээсээ татгалзсан байна. Сурын харвааны нэг онцлог нь найман настай балчираас 80 настай өтгөс харвах боломжтой.
 
Амжилт үзүүлэхэд их олон жилийн хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Тухайн харваач нумаа харвахдаа цаг уураа мэдэрнэ, мөн хэн толгой сийрэг, арга текникээ зөв сурсан нь сайн харвана. Б.Амарсайхан гуай буриад сурын улсын мэргэн болсноо “Улсад түрүүлнэ гэдэг олон мэргэчүүлээс аль азтай, одтой, бэлтгэл ханаж, анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө хянаж чадсан аавын хүү л түрүүлнэ. Тиймээс энэ амжилтдаа баярлаж явдаг. Амжилт үзүүлэхэд нум сум эзэнтэйгээ тохирсон байх хэрэгтэй. Ямар ч спортод бэлтгэл сургуулилт хамгийн чухал байдаг. Мөн дээрээс нь сэтгэл зүй чухал нөлөөтэй. Бэлтгэл нь ханасан тамирчин бусадтай биш өөртэйгөө өрсөлддөг” гэж байлаа. Үүнээс гадна сурын харваанд байгалийн хүчин зүйл их нөлөөтэй, салхи, бороог тооцоолж анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Тиймээс шавь нартаа эдгээрийг илүүтэй хэлж зөвлөдөг. Шавь нараас нь спортын мастер, мастер олон төрсөн. Өмнө нь насанд хүрсэн хүмүүст хэрхэн харвах талаар сургадаг байсан бол өнгөрсөн жилээс үр хойчдоо өв уламжлалаа зааж сургах нь бидний нийгмийн хариуцлага учраас арван жилийн хүүхдүүдэд зааж байна. Өнгөрсөн жилийн улсын наадмаар бяцхан шавь О.Алтаншагай нь V байр эзлэхэд их урам авсан гэдэг. Нэг үеэ бодвол залуучууд их  сонирхож байна. Мэдээ мэдээлэл авах нь ч хурдтай болж байна. Намайг анх харваж байхад удам залгаж цөөн хүн харвадаг. Нум сумаа ч дамжуулж хэрэглэдэг байлаа. Одоо бүх юм чөлөөтэй сайхан болжээ гэсэн юм.
 
Буриад сурын харваанд эрэгтэй харваачид нумаа харвахдаа малгайгаа газар тавиад дээр нь сумаа тавьдаг бол эмэгтэйчүүд нь малгайтайгаа харвадаг онцлогтой аж. Мөн буриад сурд уухайг барлах гэх бөгөөд сум онох болгонд зураахай дээрээ эгнэж суугаад “Гоёхондоо, сайхандаа” хэмээн уухайлж тухайн харваачдаа урам хайрладаг. Олуулаа барлах их сайхан найрлаж байгаа юм шиг. Харвах зай, арга техникийн хувьд ч ялгаатай зүйлүүд бий. Үндэсний сурын харваанд сур гэж нэрлэх хасааг 75 метр, эмэгтэй 65 метрээс харвадаг бол урианхай сур чих гэж нэрлэх сураар хийсэн бөөрөнхийлж хийсэн байг 40 метрээс харвадаг. Харин буриад сурын харваа нь “hур” гэж бас бүлэн гэж нэрлэх бөс даавуу, булигараар хийсэн байтай, дундаа ластитай байг 45, 30 метрээс харвах гээд ялгаатай зүйл их бий. Харваа бүр өөрийн өвөрмөц онцлог, дэг жаягтай байдгаараа дахин давтагдашгүй өв соёл юм. Харваад онох болгонд нь барласнаар тухайн хүн гэртээ хариад байж байхад ч гэсэн чихэнд сонсогддог. “Тэльдаа бараа гү, бараа гү, бар бар аа”, “Гоё даа бар аа гү, бар аа, Хүйхэрэй мэргэн” гэж барлаж, уухайлдаг. Одоо барладаг хүн цөөхөн болж байгаа талаар сэтгэл зовниж явдагаа Б.Амарсайхан гуай ярьж байлаа.
 
Мөн тэрээр сураар хичээллэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Тухайлбал, тухайн харваач нумаа татахдаа биеэ цэх байлгаж, өвдгөө чангална. Бидний дунд бөгтөр хүн байдаггүй. Цаашлаад ёс заншлаа сурахаас гадна ахмадуудаа хүндэлдэг, хүмүүжлийн хувьд бас нөлөөтэй. Улсын дархан мэргэн, Хөдөлмөрийн баатар А.Цэвээн гуай 86 настайдаа бидэнтэй харваж байсан. 90 настайдаа өөд болсон. Ямар ч нүдний шилгүй ном уншдаг байсан. Сурын харваа нь үүгээрээ л давуу талтай юм уу хэмээн бодлоо хуваалцсан.
 
Бөхчүүд зодог, шуудгаа өөрсдөө оёдог шиг харваачид нум сумаа өөрсдөө хийдэг гэсэн. Нум хийхийн тулд эхлээд хулс, хус модоор их биеийг нь хийнэ. Элгэн талыг нь  ихэвчлэн янгир, үхрийн эврээр хийж байна. Эврээ хэвэнд оруулахын тулд халааж модныхоо элгэн талд нь наадаг. Ар талд нь үхрийн шөрмөсийг зүйж нааж  хийнэ. Эвэр нумыг хийхэд хугацаа их шаардана. Нум хийж буй хүнээс их ур чадвар шаарддаг. Хамгийн гол зүйл нь цавуу байдаг. Мөн сумны ард байдаг өдийг бүргэд болон тас шувууны өдөөр хийхэд сумны тэнцвэрийг хадгалж өгдөг. Өдийг өмнө нь дөрвөн талд нь наадаг байсан бол одоо гурван талд нь нааж байна. Б.Амарсайхан гуай нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нум сумны үйлдвэр байгуулан хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн иргэнийг байнгын ажлын байртай болгосон байна.
 
Зурхай буюу зураахай
 
Б.Амарсайхан гуай халх, урианхай, буриад сурын харвааны онцлогийг ийн тайлбарласан юм. Урианхай сурыг 800 жилийн түүхтэй гэдэг. Миний мэдэхийн буриад сур 200 гаруй жилийн түүхтэй, дээр үеийн байг задалж үзэхэд ямааны ноолуур, бодын хөөврийг савхи, сарьсан дотор боогоод хийсэн байдаг юм билээ. Гэхдээ цуваа харваа гэж болдоггүй байсан. Харин халх сурын харвааны нум нь эвэр элэгтэй, шөрмөсөн аралтай нум байх бөгөөд буриад нумнаас хэлбэрийн хувьд ялгаатай. Сум нь эвэр булцуутай, дөрвөн өдтэй байдаг. Бай нь хана, хасаа сур гэсэн хоёр төрөлтэй. Харвааны талбайн эргэн тойронд аюулгүйн шугам татаж хязгаарлах бөгөөд зурхайн голоос харвааны шугам хүртэл эгц шугамтай байдаг. Шугамуудыг улаан, цагаан өнгийн материалаар татдаг. Халх харвааны талбайг зурхай гэдэг. Зурхайн урт дөрвөн метр, гурван метрийн өргөнтэй нягтруулан тэгшилсэн талбай байна. Түүний ар талын шугаман дээр сур өрж, түүнээс дотогш гурван метрийн зайд өвөр шугам татна. Цуваа харваа нь мэргэ, шил, ноён, баатар, хөндий, шувтарга үе гэж нэрлэдэг.
 
Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц ирмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухна. Энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4 метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг. Буриад суранд эрэгтэйчүүд нь малгайгаа авч газар тавихдаа дээр нь сумаа тавьсны дараа харвадаг бол эмэгтэйчүүд нь малгайтайгаа харвадгаараа онцлог.
 
Урианхай нарын дунд одоо ч түгээмэл байгаа үндэсний спортын нэгэн төрөл бол сурын харваа. Дээр үед майдар эргэх (хаврын тэргүүн сарын шинийн 15) өдөр саранпай харван сурын ууган харвааг эхэлдэг байжээ. Саранпай гэдэг нь үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд бүтэн үхрийн ширийг тэлж татсан байг хэлнэ. Саранпайг 100 нумны газраас хүн бүр таван сум харван түрүүлэгсдэд бай шагнал олгодог байжээ. Урианхай хүн сур харвуулах нь тэр жилдээ сайн сайхан явахын үүд хаалгыг нээн хэмээн үзэх агаад аливаа баярт үйл явдал эсвэл золгүй явдал тохиолдвол заавал сур харвуулдаг заншилтай. Урианхайчууд сур харваанд оролцох хүний тоог хязгаарлахгүй, бүх харвах хүнийг хоёр тал болгон хуваана. Харин сур харвахаар ирсэн хүн гурван сум, хоёр чих авчирах ёстой.
 
Урианхай хүн сурыг чих гэнэ. Тэр нь морины цулбуур, чөдрийг бөөрөнхийлөн зангидаж хийсэн сур юм. Хоёр тал өөрийн багийн сайн харвадаг нэр хүндтэй, настай хүнээ ахлагчаар тавина. Сурын талбайг засахдаа хоёр талаас тус бүр нэг хүн гарч цэвэрлэсэн газрынхаа голд чихээ нэг эгнээ цувуулан тавьж, сайтар доош суулган дарах бөгөөд үүнийгээ “халз дарах” гэнэ. Өрсөн чихнээс хоёр тийш дөрөв, дөрвөн метрийн зайтай, чихтэйгээ зэрэгцээ 10-15 см өндөр шороо (зурхай) татах бөгөөд үүнийгээ өтвөг гэдэг. Урианхай суранд эмэгтэйчүүдийг харвуулдаггүй. Ер нь айлууд хоймроо нум сумаа залах нь хар, цагаан хэл ам, муу юмнаас хамгаалдаг гэдэг утгаар нь хөвгүүддээ өвлүүлдэг байсан юм билээ. Түүхэнд сайн харвадаг, баатарлаг эмэгтэйчүүд байсан. Гэхдээ хүүхнүүд маань эрчүүдээс дутахгүй онож байна хэмээн тайлбарласан нь сонирхолтой байлаа.
 
Буриадууд үүд хөндлөн харваж цээр гаргадаг
 
 
 
Монгол Улсад анх удаа “Цагаан сарын нэрэмжит” сурын харвааг 2018, 2019 онд зохион байгуулсан. Энэ сарын 15-нд гурав дахь удаа сурын харвааг зохион байгуулахаар төлөвлөсөн ч коронавирус гарч хойшлогдоод энэ жил боломжгүй болчихлоо. Гадаа харваж болох ч хүйтэнд тохь муутай байдаг болохоор Цагаан сарын нэрэмжит харвааг зааланд 30 метрээс харвадаг. Төрийн бус байгууллагууд цалин хөлсгүй, сэтгэлээрээ төрийн ажлыг хийж байна гэсэн юм.
 
 
 
Монголчууд нум сумаа билэгшээж дээдэлж ирсэн ард түмэн. Тухайлбал, буриадууд хүүхэд хөгшид өвдөж зовох, мал олноороо үхэж, хоргодоход үүд хөндлөн харваж цээр гаргаж харвадаг домтой. Харин урианхайчууд цагаан сарын дараа урилга харваа хийхдээ домын гурван сумыг тавьдаг байна. Ингээд гэрийнхээ тооноор эхний сумыг тавихдаа Эрээн нумын эвшээлтээр, элдэв муу бүхэн зайлаг гэдэг бол хоёр дахь сумаа харвахдаа Алаг нумны эвшээлтээр аливаа муу бүхэн арилаг, гурав дахийг гай тотгор гарз бүхэн гадаад далайн чанадад хаягдаг гэж хэлэн цээр гаргаж харвадаг байсан нь түүх болон үлдэх вий хэмээн санаа зовж явдагаа ч нийтлэлийн баатар маань нуугаагүй юм.
 
 
А.ДОРЖХАНД, Р.ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин