sonin.mn
ТЭД БИДНИЙ ТУХАЙ
 
Алтайн нурууны нүүдэлчин казах айлыг өвлөөр зорьж, бүргэдээр ан хийх уламжлалтай танилцсан Маринель де Жесус гэх бүсгүй аяллын тэмдэглэлээ “Atlas obscura” сайтад нийтэлжээ. Тэрбээр аяллынхаа үеэр Монгол Улсын үндэстний цөөнх казах малчин эмэгтэйчүүдийн тухай баримтат кино хийсэн байна. “Казахын нүүдэлчдийн талаар судалгаа хийх явцдаа энэ сэдэвтэй холбоотой нийтлэл, баримтат нэвтрүүлгүүдэд зөвхөн эрчүүдийн тухай өгүүлдэг болохыг ажигласан. Өөрөөр хэлбэл, казахуудын тухай нийтлэл эмэгтэй хүний үзэл бодол, дуу хоолойноос ангид байдаг. Гэтэл зарим казах эмэгтэй бүргэдээр ан хийж, эрчүүдтэй адил өдөр тутмын амьдралд оролцдог. Бүргэд шувуугаар ан хийх соёл 6000 гаруй жилийн түүхтэй. Казахууд ан амьтны үсийг гэмтээхгүй агнахын тулд бүргэдээр ан хийдэг” гэж Маринель де Жесус бичжээ. Тэрбээр аяллынхаа үеэр алдартай анчин болохыг мөрөөддөг 10 настай Д.Аймолдир охинтой уулзсан байна.
 
 
 
Аймолдир дөрвөн настайдаа бүргэдтэй харилцаж эхэлжээ. Түүний аав Даянбек туршлагатай анчин бөгөөд охиноо долоон настайгаас анд дагуулан явсан байна. Анчид бүргэдээ тэжээж, арчилж өөртөө дасгасны дараа анд авч гардаг. Мөн сайн анчин болохын тулд моринд гаргууд байх шаардлагатай. Бүргэдийг өвлийн улиралд сургадаг. Долоон килограмм жинтэй бүргэдийг бяцхан охин гар дээрээ суулгаж явах амаргүй. Айшолпаны тухай баримтат киног гарах хүртэл эмэгтэй анчдыг бүргэдийн баярт оролцуулдаггүй байжээ. Харин одоо арваад бүсгүй энэ баярт оролцож байна. Эрчүүд ч Аймолдир тэргүүтэй залуу үеийнхэндээ урам зориг өгч, нааштай хандах болжээ. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болсон бүргэдийн баярт 60 гаруй анчин өрсөлдөхөд Аймолдир тэргүүн байр эзэлсэн юм.
 
 
Сагсай сум бол аварга том бүргэд, ан амьтан, нүүдэлчин хүмүүст төгс тохирох орчин. Энэ жижиг сууринд баруун Монголын хамгийн олон бүргэдчин анчид амьдардаг бөгөөд Монголын бүргэдийн уламжлалын халуун цэг гэж нэрлэж болно.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин