сонин mn
ЛОНДОН. /BBC/. АНУ болон Европын Холбооны /ЕХ/ орнуудад коронавирусний вакцинд хамрагдсан иргэд орон нутгийн цагаар өнөө өглөөний 04 цагаас эхлэн Их Британид ирснийхээ дараа тусгаарлагдах шаардлагагүй болжээ.
Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, энэхүү шийдвэр нь гэр бүл, найз нөхдийг хилийн чанадад амьдардаг хайртай дотны хүмүүстэйгээ эргэн уулзах боломжийг бүрдүүлэх ажээ.
Агаарын тээврийн компаниудын удирдлагууд энэ шийдвэрийг сайшаан хүлээн авсан боловч Их Британийн аялал жуулчлалын ногоон жагсаалтад илүү олон орныг нэмж оруулахыг уриалсаар байна.
 
 
 
Аялагчдын хувьд вакцинд хамрагдсанаа нотлох бичиг баримт болон нисэх онгоцонд суухаасаа өмнө өгсөн “PCR” шинжилгээний хариуныхаа аль алийг биедээ авч явах шаардлагатай бөгөөд ирснийхээ дараах хоёр дахь өдрөө “PCR” шинжилгээ өгөх ёстой юм.
 
 
 
Түүнчлэн 18-аас доош насны хүүхдүүд тусгаарлагдах шаардлагагүй ч наснаас нь хамааран заримд нь шинжилгээ өгөх шаардлага тавина.  
Долоодугаар сарын 19-нөөс эхлэн Их Британид вакцинд хамрагдсан хүмүүс ногоон жагсаалтад орсон орнуудаас ирэхдээ тусгаарлагдах шаардлагагүй болсон хэдий ч бусад бүх аялагч 10 хоног тусгаарлагдах шаардлагатай хэвээр байгаа юм.
Харин Франц улсаас ирэх аялагчид хатуу журмыг үргэлжлүүлэн мөрдөж, вакцины бүрэн тунд хамрагдсан эсэхээсээ үл хамааран тусгаарлалтад орох ажээ. Тээврийн сайд Грант Шеппс холбогдох шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр дахин нягтална хэмээн мэдэгджээ.
Мөн Засгийн газрын шийдвэрийн хүрээнд олон улсын аяллын хөлөг онгоцнууд 16 сарын дараа буюу өнөөдрөөс эхлэн Англиас хөдлөх боломжтой болж байна.
Г.Шеппст Их Британийн агаарын тээврийн компаниудаас илгээсэн захидалд, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй шийдвэрийг “нааштай алхам” хэмээн тодорхойлсон ч “олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтууд” үргэлжилсээр байгаагийн улмаас Их Британийн агаарын тээврийн салбар сэргэх шатандаа ороогүй байгаад санаа зовниж байна хэмээн бичжээ.
Ийнхүү тэд Их Британийн хүн амын вакцинд хамрагдсан үзүүлэлтийг харгалзан ногоон жагсаалтыг өргөтгөхийг уриалжээ. Мөн Их Британийн агаарын тээврийн салбар Европын бусад орныхоос хол хоцорч буйг анхааруулжээ. Тодруулбал, Их Британид аяллын тийзийн захиалгыг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 16 хувьтай нь тэнцэж байгаа бол Германд 60 хувь, Францад 48 хувьд хүрээд байгаа ажээ.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг