Юуны өмнө Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндчилгээг намайг Батлан хамгаалахын сайд байх үед ажиллаж байсан, одоо ч ажилласаар буй хамтран зүтгэгчид, салбарын нийт бие бүрэлдэхүүн, цэргийн алба хаагчид, ахмад дайчид та бүхэндээ хүргэе. Өдгөөгөөс 13 жилийн өмнө буюу 2008 оны намар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдож эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлж байгаа офицер, ахлагч, албан хаагчдынхаа дунд алхан орсон минь эргээд дурсахад саяхан мэт санагдана.
Монгол Улс 1996 оноос эхлэн Батлан хамгаалахын сайдаар энгийн хүн томилогдож, цэрэг, иргэний харилцаа, иргэний хяналтыг хэрэгжүүлэх ардчилсан зарчимтай болсон. Энэ зарчмаар сайдаар томилогдсон миний бие ирээд буцдаг гийчин шиг байхгүйг анхнаасаа хичээж, салбарынхантайгаа гар нийлэн өөрчлөлт шинэчлэлийн үйлсэд хүчин зүтгэсэн юм. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдэн батлагдаж, Үндэсний аюулгүй байдлын тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх эхлэлийг тавилцсандаа сэтгэл нэн хангалуун байдаг. Юуны өмнө бид эрх зүйн шинэчлэл хийх хүрээнд “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, Тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” зэрэг хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулж Монгол Улсын Их хурлаар батлуулсан.
Тэр үед улс орны эдийн засгийн чадамж тааруу, манай салбарын төсөв ч ядмаг байлаа. Гэсэн хэдий ч тарчигхан төсөвтөө захирагдалгүй дэлхийн энтэй харж, томоор сэтгэхийг би салбарынхандаа уриалж, өөрөө үлгэрлэж ажиллахыг хичээж байв. Энэ нь ч үр дүнгээ өгч Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгсэл хоцрогдсон, хөрөнгө мөнгөний гачигдлаас болж ойрын жилүүдэд дорвитой бүтээн босголт, шинэчлэл хийгдээгүй салбар маань хэдхэн жилийн дотор дүр төрхөө шинэчлэн өөрчилсөн юм.
Энэ нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний гар нийлсэн хамтач ажиллагаа байсан төдийгүй халуун дэмжлэг, идэвх зүтгэлийн үр дүнд харьцангуй богино хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэснээ өнөө нэхэн санахад сайхан байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлж, салбарын гадаад харилцаагаа идэвхжүүлж, 20 гаруй оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж, хоёр хөршөөр тогтохгүй АНУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Энэтхэг, Япон зэрэг оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Зэвсэг, техник хэрэгслийн шинэчлэлээс гадна бүтээн байгуулалтууд шил шилээ даран хийгдэж, барилга инженерийн батальонууд байгуулж улс орныхоо томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ханцуй шамлан зүтгэцгээсэн.
“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч эхэлсэн нь монгол хүн бүрийн бахархал гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Үүнийг батлах захын жишээ дурдъя. 2011 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойгоор дэлхийд хамгийн хүчирхэг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй таван орны Батлан хамгаалахын сайд нар, цэргийн дээд албан тушаалтнууд манай улсад айлчлан хүндэтгэл үзүүлснийг санаж байна. Хэдэн мянган монгол цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд хүн төрөлхтний нэрийн өмнөөс аюулыг сөрж, энхийг сахиулж, энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч дэлхийн топ орнуудын тоонд манай улс зүй ёсоор багтах болсон. Урьд нь манай улсаас салаа цэрэг бусдын далбаан дор энхийг сахиулахаар явдаг байсан бол энэ байдал өөрчлөгдөж, бүхэл бүтэн батальон, цэргийн эмнэлэг дангаараа үүрэг гүйцэтгэдэг болж билээ. Цэргийн бааз хамгаалдаг байсан бол нисэх онгоцны буудал хамгаалах зэргээр гүйцэтгэх үүрэг өргөжиж, хариуцлага ч нэмэгдсэн юм. Үүний ачаар манай цэрэг дайчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын түвшин дээшилж, Зэвсэгт хүчний чадавх бэхжихээс гадна цэргийн алба хаагчдын нийгмийн хангамжийн асуудал, цаашлаад улс орны эдийн засагт ч ихээхэн ахиц дэвшил авчирсныг энд онцлон дурдууштай. Бид “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор батлуулснаар Зэвсэгт хүчний хөгжлийн сан байгуулах хууль эрх зүйн үндэс бүрдсэн юм. Ингээд “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, тушаалаар баталгаажуулсан нь цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэхэд чиглэсэн чухал ажил болсон юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд мэргэжлийн ур чадвараа олон улсын хэмжээнд батлан харуулж, Иракийн дайны дараах сэргээн босгох хүмүүнлэгийн ажиллагаа болон Сьерра-Леон, Косово, Чад, Афганистан зэрэг улсад үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн жилээс жилд нэмэгдсэн. Зөвхөн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг илгээж эхэлснээс хойш Монгол Улс жилдээ 50 тэрбум төгрөг олж Зэвсэгт хүчнийхээ хөгжилд зарцуулдаг болсон.
Үүнээс гадна уг ажиллагаанд оролцсон цэрэг дайчдын хувьд гэртээ ирэхдээ унах унаа, орон байртай болох гэх мэт нийгмийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэх боломж, гарц нээгдсэн. Энэ орлогын дийлэнхийг Өмнөд Суданд 50 хэмийн халуунд үүрэг гүйцэтгэж байгаа манай энхийг сахиулагч дайчин цэргүүд олж байгаа нь ч хөдөлшгүй үнэн юм.
2016 онд гэхэд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 40 тэрбум төгрөгөөр төсөвлөж байсан нь энэ ажлын үр дүн гэж үзүүштэй. 2006 оноос тогтмол явагдсан “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулийг Зүүн хойд азийн бүс нутагт хүлээн зөвшөөрүүлж, ОХУ-тай хамтарсан “Дархан” сургалт, дадлагыг 2010 онд тус улсын нутаг дэвсгэрт, 2011 онд “Сэлэнгэ” нэртэйгээр эх орондоо амжилтай зохион байгуулсан. Монгол, Оросын Засгийн газар хоорондын “Цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн хүрээнд ихээхэн өндөр үнийн дүнтэй зэвсэг техник, сэлбэг хэрэгсэл, “МИ24В” нисдэг тэрэг, “Э-72А” танк, “БТР 80М” хуягт тээвэрлэгч, эдгээр зэвсэглэл, техникийн сургалтын танхим, тренежёр, засварын болон шатахууны хөдөлгөөнт цогцолборууд, авто, хуягт танкийн техникийн сэлбэгийг хүлээн авсан. Салбарын цэрэг офицеруудынхаа ахуй амьдрал, нийгмийн хангамжийг сайжруулахын тулд бид багагүй ажил хийсэн. Тэднийхээ төлөө уйгагүй хөөцөлдөж, зүтгэсний эцэст тэтгэвэр нь цалингийн 60 хувиар тогтоогддог байсныг 80 хувь болгон өсгөв. Мөн 36 сарын тэтгэмжийг элдэв шалтгаан зааж хасдаг байдлыг арилгаснаар цэргийнхний тэтгэвэр сард 800.000-1.500.000 төгрөгөөр тогтоогдож, дээрх саруудын тэтгэмжид алба хаагчид 40 гаруй сая төгрөгийг авдаг болсон. Өмнө нь тэтгэвэр тогтоолгосон цэргийн ахмадуудын тэтгэвэр 200.000-400.000 төгрөгөөр нэмэгдсэн юм.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны 40 сая юанийн буцалтгүй тусламжаар энхийг сахиулагчдадаа нөхөн сэргээх эмчилгээ хийх зориулалтаар Цэргийн амралт “Багабаян”-г түшиглэн “Энхийн төлөө” цогцолбор төвийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Цэргийн төв эмнэлгийн шинэ байрын барилгын ажлыг эхлүүлсэн нь өдгөө хүн ард маань очдог эрүүл мэндийн нэгэн чухал төв болжээ. Идэр залуу наснаасаа Батлан хамгаалах салбарын төлөө нойр хоолоо хасан, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан хамгийн өндөр настай хошууч генерал Т.Алтангэрэл, Ч.Содномдаржаа, С.Санжмятав, Г.Дугарсүрэн, Д.Бямбаа нарт Хандгайтын сайхан байгальд хувийн байшин барьж, эдлэн газрын хамт өгч ахмад үеийнхээ магнайг тэнийлгэх шиг болсон доо. “Цэргийн албан хаагч хөтөлбөр”-ийн зорилтыг хангах ажлын хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн 1000 оюутны дотуур байр, гал зуух, хичээлийн танхимын цогцолбор, Энхийг сахиулагчдын 50 айлын орон сууц, мөн албан тушаалын 126 айлын 2, 50 айлын 1, 48 айлын 1 орон сууцны барилгууд төлөвлөгдсөн хугацаанд бидний үед ашиглалтад орсон. Түүнчлэн 300 айлын орон сууцны ажлын гол ноён нуруу нь босож ашиглалтад орсноос гадна нийтдээ мянга шахам цэргийн алба хаагчийн орон сууцны орчин нөхцөл дээшилсэн.
Яамны албан хаагчдын зуслан барих ажлыг 2011 онд эхлүүлснээр 3 төрөл, зуны тохилог 45 байшин, ариун цэврийн өрөө, гүний худгаас цэвэр усны шугамтай, бохирыг газар доор ёмкост суулгаж шийдвэрлэсэн, эргэн тойрон хамгаалагдсан “Хандгайт хотхон”-ыг ашиглалтад авч 2012 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Салбарынхаа гадаад харилцааг тултал нь хөгжүүлэх хүсэл эрмэлзэл маань жил бүр гадаадын цэргийн сургуулиудад алба хаагчдыг зуу зуугаар нь урт, богино хугацааны сургалтад хамруулж байсантай яв цав нийцэж байлаа.
Дотооддоо ч цэргийн боловсролын бодлогыг орхигдуулсангүй. Өсвөр наснаас нь эхлэн залуусаа цэргийн хэрэгт бэлтгэж ирсэн өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээж ҮБХИС-ийн харьяанд “Тэмүжин Өрлөг” сургуулийг байгуулсан нь одоо нэгэн аравны нүүр үзжээ. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэд эх орноо батлан хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан байдаг. Бодит байдал дээр олон шалтаг, шалтгаанаар мянга мянган залуус цэргийн амьдрал, эх оронч сэтгэлгээнээс хол хөндий байсаар ирснийг бид өөрчлөх гэж оролдсон юм.
Хувь хүний бодлоор ч тэр манай улс шиг хүн ам цөөнтэй оронд цэргийн насны залуусыг цэргийн хэрэгт хамруулах зайлшгүй шаардлагатай, ер нь Батлан хамгаалахыг иргэний болгох бус, харин иргэн бүр батлан хамгаалах үүрэгтэн байх ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогсдог байв. Энэ ч үүднээс Батлан хамгаалах салбарт иргэний хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн.
Батлан хамгаалахын сайдын дэргэд эрдэмтэд, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус иргэний зөвлөл ажиллуулж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Б.Чимид, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УИХ ын ахмад гишүүн Л.Мөнхөө нарын оюуны сор болсон олон шилдэг эрхмүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хувиар цэргийн гэрээт алба хаагчдын тоог нийт бие бүрэлдэхүүний 30 хувьд хүргэх, хугацаат цэргийн албанд хамрагдаагүй үлдсэн оюутан залуусыг сайн дурын үндсэн дээр богино хугацааны цэргийн сургалтад хамруулах, цэргийн алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн юм. Эдгээр ажлыг үр дүнд хүргэхийн тулд иргэд, хүүхэд залуусын дунд соёл урлагаар дамжуулан цэрэг-эх оронч үзлийг сурталчлах ажил нэлээд хийсний нэг нь тухайн үед олны хүртээл болж, олон улсын кино наадмаас шагнал хүртсэн “Дошгин хар сүлдний нууц”, “Тусгай салаа" киног нэрлэж болно. Мөн улс орны Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах ажлыг аймаг, цэргийн анги бүрд хэрэгжүүлж, олон нийтэд цэргийн ёслолын жагсаал, үзүүлэх тоглолт, урлаг соёлын үйлчилгээг хүргэж байв. Бүрэн хэмжээний цэргийн ёслолын жагсаал 1986 оноос хойш 23 жил тасалдсаныг энэ л жилүүдэд сэргээн, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй бусад байгууллагын төлөөллийг хамруулах, яруу алдар, сүр жавхаагаа гайхуулах “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулсан юм. Одоо эргээд харахад манай Зэвсэгт хүчин багахан төсөвтөө захирагдан “Бид хэнтэйгээ байлдах юм, ер нь манай улсад Зэвсэгт хүчин байх хэрэгтэй юу” гэх улс эх орны тусгаар тогтнолын эсрэг гэмээр байр суурийг үе үе санаатай, санаандгүй байдлаар илэрхийлдэг улс төрчдийн дарамтад нам жимхэн байсан дүр төрхөө арилгаж, дэлхий дахинд нэр хүндтэй, ардаа орлоготой, бүтээн байгуулагч хүчин болон хувирч өөрчлөгдөхийн эхлэлийг тэр жилүүдэд тавьж чадсан юм.
Хуучин цагт эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад барилгын цэрэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг байсныг сэргээж Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад шинээр барилга, инженерийн батальоныг байгуулснаар олон бодитой ажил хийгдсэн. Тухайлбал, ОХУ-ын нутгаар дамжин очдог Асгатын мөнгөний ордын замыг эх нутгаараа шууд тавих ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хийсэн гээд нэрлэвэл олон бүтээн байгуулалт бий. Дээр дурдсан өөрчлөлт, шинэчлэл дагуулсан бүх ажил манай салбарын боловсон хүчний хангамж ямар ч салбартай харьцуулшгүй өндөр, олон залуус дотоод, гадаадад бэлтгэгдэж, орчин цагийн Зэвсэгт хүчний эрдэмд шамдаж чадсаны суурь хөрсөн дээр амжилттай хэрэгжсэн гэж би боддог. Монгол төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлүүлэх нөр их ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ улс орны өнцөг булан бүрд цэргийн ангиудад очиж, эх орныхоо төлөө тангараг өргөсөн бор цэргүүд, албан хаагчидтайгаа дурсгалын зураг татуулж, хилийн чанад дахь дэлхийн халуун цэгт агсамж өмсөж, энхийг сахиулагчидтайгаа өнгөрөөсөн хором бүр миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлджээ. Монгол цэргийн яруу алдар мөнхөд бадраг!
Монгол Улсын Батлан Хамгаалахын Сайд Асан Лувсанвандангийн Болд
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
Батлан хамгаалах салбараа бэхжүүлэх гэж Хойд Солонгост онгоцны хөдөлгүүр зарсан бололтой юм байна.
БХ с ихээхэн хөрөнгө завшиж хулгайлсан этгээд ингэж ярихдаа ичээч
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ хүний эрхтэн наймаалагчийг бариад хориод энэ сайтыг нь устгаад өгөөч
Хүүкийн бөгсийг долоож шанд нь элчин сайдын албан тушаалаар шагнуулсан урвасан муу хулгай шүү дээ энэ луухаан болд.
Тиймээ,Та ингэж бардам хэлэх эрхтэй хүн. Европын Холбоотой хийх харилцааг эн тэнцүү шинэ түвшинд гаргана гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.
Монгол Улсын Батлан хамгаалах салбарт оруулсан таны хувь нэмэр маш их билээ. Танд амжилт хүсье
Ёстой шаана биз. Харин ч энэ салбараас их мөнгө хувьдаа завшсан даа.
Өөрийнхөө улсыг батлан хамгаалж чадахгүй монгол цэрэг дэлхийг хамгаална гэж ямар ац нь байхав дээ. Үлгэрийн далай
Zarim humuus mongol uls yagaad enhiig sahiulah u/a-d oroltsoh gj ingej hicheedgiig oilgodoggui bololtoi. Delhiin tsergiin hamtrald orno gdg bol eh ornoo hamgaalj bga neg shine helber yum shuu dee. Haraal ntr helmeergui baina. Zugeer sain yum hum unsh
Neg generalyg shorond oruulaad solongosyn darga naryg tsaacaar avhuulad armiin oron suuc barih mongiig hulgailaad ooriigee magtaad za tegeed evropd suuh sanaatai dald orooch
хэллэг баыдаг даа, хувийн амбицаараа төр улсаа их л үймүүлж хутгах шиг болсон доо
L.Bold bol aabiinhaa haana ni hyrehgyi lud yum aa!!!aab gedeg hyn neereen agyy hymyys baijee!tednii amidarch baisan chag, ye ch agyy dyyliant chag ye baijee!!!Bold bol ardchilsan nereer jaahan zai abaad odoo sain muutai holildood yu ch bolood yabaa yum be?oilgohgyi gar bolj dee!!!harin aabiig chini ynen setgeleesee biserch yyljaj yabsan hynii hybid bid ta nariig bainga aabaar chini notloh gej orolddog gebch chi!tiim bis zolig yum aa!!
Батлан хамгаалах салбарыг өөд нь татсан сайд нарын нэг байсан шүү.