sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн.


Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон! Бас нэг ажиглалт байна.


Орк гэгддэг үй олон массыг хэлэх гээгүй. Тэд бол зүгээр л зурагдсан пянз. “Хар тамхичин”, “алиалагч”, “нацист хог шаар” гээд харааж л байвал барав. Хараалаараа хооллож ундлаад боллоо. Харин толгой сэхээтнүүд, дарга сайд явагсад, УИХ-ын зарим гишүүн ба гишүүн аснууд, Зөвлөлтөд дээд сургууль төгсөгчид, нам-комсомолын дээд боловсролтонгууд, цэргийн ахмадууд, ахмад хилчид гээд таних мэдэх, сураг сонссдог үлэмж олон нөхөд энэ дайныг эхлэнгүүт Путины ба Кремлийн талд ялна гээд бооцоо тавьчихсан, Украин нь бууж өгнө гээд шар махтайгаа хатталаа хүлээгээд байдаг, цөхөрч өгдөггүй, нэг өчүүхэн маш жижиг амжилт (Оросын армийн) олж харангуутаа сэвээд л, огшоод л, подкастад орж яриад л... үнэнтэй эвлэрэхгүй мөн их тарчилж харагдах юм. Заримыг нь харваас гуниж гутраад бөөн айдастай явж ч байх шиг. Ингэж зовох хэрэг байна уу? Дахин асууя. Ингэж зовох хэрэг байна уу, Та нар?

 

Олон юм ярилгүйгээр Баабар абугайн лут гоё хөрвүүлгээс дор бүхлээр нь татаад аваад ирлээ. Жиргээнд оруулснаас нь. Ингэж буулгаж тайлбарлажээ:

 

Зеленский Путинд нээлттэй захидал бичжээ. Албан ёсоор бол энэ нь хэлэлцээгээ үргэлжлүүлэх санал юм. Үнэндээ энэ бол тэдний гарын үсэг зурахаа мартсан улс төрийн дурсгал юм. Захидал нь гайхамшигтай. Шинэ зүйл агуулсан учраас тэр биш ээ. Украины Ерөнхийлөгч анх удаа Путины аймшигт өрсөлдөгчийн зүгээс биш, харин аль хэдийнэ ялагдаж байгаа мөртлөө үүнийгээ ухаарахгүй байгаа хүнд хандан бичжээ.

 

“Путин засгийн эрхэнд байх 26 жилийнхээ талыг Украинтай дайн хийж өнгөрөөлөө. Амьдралынхаа талыг засгийн эрхэнд өнгөрөөв. Бүтэн эриний хагас болчихлоо” гэж Зеленский эхлээд бидэнд сануулж байна. Тэгээд гол нь юу вэ? Киев хөл дээрээ зогссоор байна.


Украин оршин тогтносон хэвээрээ. Оросын арми 4 жилийн турш нэг газраа дэвхэцсээр. Дронууд мянга мянган км саадгүй нисэн Оросын нисэх онгоцны буудлуудад хүрч байна. Эдийн засгаа инфляцаас болж боомилж байна. Хятад улс “бага түнш”-ээс ахлах хянагч болж хувирлаа.


Эцэст нь Зеленский хамгийн эмзэг цэг рүү нь хатгалаа. Нас! Аливаа дарангуйлагчийн хувьд энэ бол хориотой сэдэв юм. Ялангуяа хэдэн арван жилийн турш өөрийгөө мөнхийн, орлуулашгүй, бараг үхэшгүй мөнхийн захирагч гэж ард түмэндээ үнэмшүүлсэн хүний ​​хувьд. Гэхдээ цаг хугацаа бол шоронд хорьж, хордуулж, гадаадын агент гэж зарлаж болохгүй цорын ганц дайсан юм. Зеленский үүгээр юу сануулах гэв? Маш энгийн зүйл. Путин өөрийгөө урт удаан тоглоом тоглож байна гэж бодсоор байгаа. Тэр өөрийгөө олон жил хүлээж чадна гэж итгэж буй. Украин ядарч, Европ хуваагдана, Америк сатаарч, түүх өөрөө түүнд аяндаа ялалт авчрах болно гэж найдсаар. Харин Зеленский захидалдаа үүний эсрэг нөгөө талыг нь харуулжээ.

 

“Владимир Владимирович, энэ бол бид цаг хугацааны эсрэг тоглож байгаа юм биш. Энэ бол цаг хугацаа Таны эсрэг тоглож байна”. Дайн үргэлжилж буй жил бүр цаг хугацаа Украиныг илүү туршлагатай, зэвсгийг нь илүү нарийвчлалтай болгож, харин Оросыг улам ядуу, сул дорой, улам хамааралтай болгосоор байна.

 

Тиймээс Зеленский захидалдаа хэлэлцээ хийх санал тавьсан нь цөхөрсөндөө биш юм. Энэ бол Киевт цаг зогссон гэж итгэдэг хүний ​​дохио зангаа юм. Энэ бол Кремльд цаг тогшиж байгааг сануулж. Чухам энэ л Путиныг Украины дроноос илүү айлгах зүйл! Товч бөгөөд нэн оновчтой орчуулга байна. Бас хөөрхөн тайлбар дагалдуулжээ. Путины дайны байж байгаа царай энэ л дээ. “Русский Мир” гэж агуу юм байдаг, түүндээ өөрсдөө үнэнч, бусад нь ч үнэнч гэж ягштал итгэж байтал дөнгөж сая Армен улсад юу болов доо? Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэтэл нь “Русский Мир”-ийг армянчууд яллаа шүү дээ.

 

Цэргийн урлаг судладаг, улс төр-цэргийн түүх сонирхдогийн хувьд дүгнэхэд гурван ялагдал Путин хүлээж байна:

 

  1. Хуучин Зөвлөлтийн БНУ-уудын сонгуулиудад “Русский Мир” нь шувтан ялагдаж байна. Ялагдах тоолондоо араас нь гонгинох нь бүр ч инээдтэй. Тэнэг харагдаж байна.
  2. Асар их үнэ өртгөөр босгож тэжээж тэтгэсэн геополитикийн холбоотон дэглэмүүд нь дараалан ялагдаж байна. Сири, Венесуэл, бас Африкт, одоо Иран, дараа нь Куба, цаашаа...
  3. Өөрсдөө Украины фронт дээр үхэл хохирол гэдгийг амсаад зогсохгүй Орос орон бүхэлдээ фронт орчмын улс болж амар заяа үзэхгүй ялагдаж байна.

 

Аббас Галлямов гэж Путины туслах байсан эмигрант нөхөр харьцуулан ярьсан нь маш ноцтой. “Иран бол Оросын ирээдүйн модель” гэчихлээ. Юу гэсэн үг вэ? Ёгт үг лав биш ээ! Путиндээ юу зөвлөх нь энэ вэ?

 

Би олон давтан өчдөг. Юу гээч. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч огт биш. Дайныг үзэн ядагч. Путин тэргүүтэй өнөөгийн Оросын эрх баригчид, генералитет нь тусгаар тогтносон Украины эсрэг түрэмгий дайн өдөөсөн, тэр дайндаа бүдрээд унасан, одоо Орос эх орноо мина булсан асар том талбай болгож хувиргаж байгааг шүүмжлэгч. Путин, путинчууд Оросын ард түмний хайр хүлээх хувь тавилангүй гэдэгт эргэлзээ алга, харин Оросыг сүйрүүлсэн дайсны тоонд нь манай путинчууд орчих вий гэхээс би хувьдaa нэн ихээр түгшиж явдаг.



Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)